УЛС ТӨР

Д.Уламбаяр: Иргэдийн хайгаад байгаа итгэл үнэмшил Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд алга

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн өдөр. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бид төрийн тэргүүнээ зургаа жилээр нэг удаа сонгох тогтолцоотой болчхоод буй. Ирэх зургаан жилд төр барьж, улсыг удирдан чиглүүлэх ёстой Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчид, тэдний сонгуулийн сурталчилгаа хэрхэн өрнөсөн талаар "Улс төр менежментийн академ” -ийн захирал, улс төр судлаач Д.Уламбаяртай ярилцлаа.

 -НЭР ДЭВШИГЧДЭД МОНГОЛОО ГЭСЭН СЭТГЭЛ БАЙГАА Ч ИТГЭЛ ҮНЭМШИЛ, ҮЗЭЛ САНАА АЛГА-

-Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр. Улс төр судлаач хүний хувьд өнгөрсөн сонгуулийн сурталчилгааны өдрүүдийг хэрхэн дүгнэв?

-МАН-ын нэр дэвшигчийн хувьд бүх зүйлээ бараг жилийн өмнөөс бэлтгэчихсэн. Гишүүнчлэлийнхээ сүлжээгээр бүх зүйлээ бэлэн болгож, хэн, хэдэн хүн миний төлөө саналаа өгөх вэ гэдгийг бараг тооцоолсон байсан юм болов уу гэж би харж байна. Яагаад гэхээр сурталчилгааны хугацаанд зүгээр бэлгэ тэмдгийн чанартай, харагдаад л яваад байлаа. Түүнээс биш улайран, тэмцэлдэж, бүх хүчээ шавхаад сурталчилгаа хийгээд байсан зүйл харагдсангүй.

АН-ын нэр дэвшигчийн хувьд нэр дэвших нь сонгуулийн өмнөхөн шахуу тодорхой болсон учраас тэдний хувьд бэлгэлгүй байлаа. Орон нутгийн гишүүд дэмжигчдийнхээ сүлжээг хөдөлгөөнд оруулах гэх мэт ажилдаа ач холбогдол өгөөд түүнийгээ хийсээр байж сурталчилгааны хугацаа нь дуусчхав уу даа. Хоёр хуваагдлаа эвлэрүүлэх ажил, орон нутагт байгаа гишүүд дэмжигчидтэйгээ ойлголцох, татан оролцуулах гээд асар их ажилд анхаарал төвлөрүүллээ. Түүнээс биш ард иргэд рүү хандсан, зохион байгуулалттай, төлөвлөгөөтэй ажиллаж чадсангүй гэсэн бодол төрлөө.

ХҮНамын хувьд ч тэр нэр дэвшигч нь мөн л хугацаа тулж шийдэгдсэн. Тийм учраас тэр хүнийг хэн бэ, өмнө нь юу хийж байсан бэ гэх  мэт  нийгэмд гол дүрийн баатар болгох компанит ажлаа өрнүүлж чадсангүй. Зөвхөн хувь хүнд өөрт нь байгаа өгөгдөлд тулгуурлаад, хальт танилцуулах хэлбэртэй сурталчилгаа болох шиг боллоо.

-Та гурван нэр дэвшигчдээс нийтлэг зүйлүүд ажиглав уу?

-Тэдэнд Монголоо гэсэн сэтгэл байгаа боловч, итгэл үнэмшил, үзэл санаа, философи огт алга.Тэд маань яг ямар ажил хийдэг албан тушаал дээр очих гэж байгаагаа сайн төсөөлж чадаагүй мэт санагдсан. Ажил хийх гэж хүсэж, тэмүүлж байгаа нь сайн хэрэг боловч Ерөнхийлөгчийн биш Ерөнхий сайдын ажлыг булаацалдаж хийх гээд бодоод байх шиг. Монгол Улс 2.1 сая орчим сонгуулийн насны хүнтэй. 500 мянган орчим нь намуудын хатуу гишүүнчлэлтэй хүмүүс. Тэр хүмүүс намаасаа нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийг сонгох бодолтой байгаа. Үлдсэн 1 сая гаруй сонгогчид сонголтоо хийхэд хүндрэлтэй байна. Судалгааны байгууллагуудын дүнг харахад маш их эргэлзэж байна. Хэнийг сонгох вэ гэдгээ өнөөдрийг хүртэл шийдэж чадаагүй хүмүүс ч асар их байх шиг байна.

Юутай холбоотой вэ гэхээр ард түмэн бидний ажил үйлс, амьдрал ахуйг цэцэглэн хөгжөөх, баталгаатай байлгах үзэл санаа, итгэл үнэмшил хайгаад байна. Нэр дэвшигчид бүгдээрээ л тийм зүйл хиймээр байна, ингэмээр байна гэж байгаа боловч Ерөнхийлөгчийн ажил гэхээс илүү Засгийн газар болон УИХ-тай холбоотой асуудал голдуу амлаад байна. Тмийм зүйл асар их ярьсан. Харин ард иргэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн яриад байгаа энэ ажлуудыг нь хийж чадахгүй, хууль эрхзүйн орчин байхгүй гэдгийг мэдэж байна.

Ард түмэн айлын аав, хийморь сүлд, үзэл санаа, ноён нуруу, түшиг тулгуур хайгаад байна. Үзэл санааны чиглүүлэгч хайгаад байна. Түүнийх нь шаардлагад нийцэж чадахгүй, итгэл үнэмшил түгээж чадахгүй байгаа учраас хүмүүс голоод, нэр дэвшигчдийг шүүмжлээд байгаа юм.

-Тэгэхээр нэр дэвшигчид Ерөнхийлөгч гэдэг хүн юу хийх ёстой, ямар хүн байх ёстой талаар ойлголтгүй байна гэх гээд байна уу?

-Өөрсдөө ойлгохын дээдээр ойлгож байгаа байх. Гагцхүү өмнөх 30 жилийн сонгуулийн хайрцагнаас гарч чадахгүй байна. Нэр дэвшиж байгаа юм чинь заавал нэг юм амлахгүй бол  болохгүй, хүмүүс мөрийн хөтөлбөр уншина уу байна уу хамаагүй юм амлах ёстой гэсэн хайрцганд орчихоод гарч чадахгүй байна.

Нэр дэвшигчид бүгд боловсролтой, хууль тогтоох байгууллагад ажиллаж байсан туршлагатай хүмүүс. Тэд Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хэмжээ, ажлаа хийх чадамжийн хэмжээ ямар байх вэ гэдгийг бүгдээрээ мэднэ. Мэдэж байгаа хэрнээ яагаад өөрийнхөө хийж чадахгүй зүйлсийг яриад яваад байгаа юм бэ гэдэг л сонин.

-СОНГОГЧИД ХЭРСҮҮЖИЖ, ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ЮУ ХҮЛЭЭХЭЭ ТОДОРХОЙЛСОН БАЙНА-

-Гэтэл сонгогчид боловсроод, тэднийг хийх ёстой үүргээсээ давсан амлалт өгөөд байгааг мэдээд байна. Тийм үү?

-Сонгогчид өөрчлөгдсөн байна. Иргэдийн Ерөнхийлөгчийн сонгуульд хандах хандлага нь УИХ-ын сонгуульд хандах хандлагаас тэс өөр байна. Нэр дэвшигчдээс ийм тийм ажил хий гэж шаардахаас илүү нийгэмд байгаа олон мухардлын гарцыг олох уу, манай улс ирээдүйд цэцэглэн хөгжих юм уу, хүчирхэгжих үү, ирээдүйн үр хүүхдүүдийн амьдрал баталгаатай байх уу, түүнд хөтөлж чадах уу гэдгийг асуугаад байна. Гэтэл гурван нэр дэвшигчийн аль нь ч үүнд хангалттай хариулт өгч чадахгүй байна.

Мөнгөтэй, мөнгөгүй, том нам, жижиг намаас дэвшиж байна уу гэдэг нь нэг их сонин биш. Хүмүүс нэг үеэ бодвол шал өөр болсон. Ямар ажил дээр очиж байгаа хүн юу хийж чадах вэ. Тэр хүнд ямар эрх мэдэл байгаа вэ, юу шаардаж болох вэ гэдгийг нэлээд сайн ухаарч, сонгогчид хэрсүүжсэн байна. Боловсрол нь дээшилсэн. Мөнгө төгрөг хардаг хэсэг байгаа л даа. Гэхдээ маш бага. Өөрийнх нь итгэл үнэмшил, хүсэл тэмүүллийг илэрхийлж чадах нэр дэвшигчийг мөнгө өгсөн ч тоохооргүй байдал анзаарагдаж байна. Энэ маш том дэвшил л дээ.

-Ерөнхийлөгчийн сонгууль мэтгэлцээнгүй болох гэж байна. Ийм байж таарах уу?

-Хүмүүсийн хүлээлт байсан юм. Сүүлчийн мэтгэлцээн сонсоод хэнийг сонгохоо шийднэ гэсэн. Мэтгэлцээнээр хэн нь хэн бэ гэдгийг харах байсан. Бүх хүн хүлээж байв. Харамсалтай нь МҮОНРТ зохион байгуулж чадсангүй. Уг нь бол орчин үед зүүм, мийтинг гээд ямар л бол ямар хэлбэрээр мэтгэлцээн хийх бололцоо байсан. Гэтэл боломжийг бүрэн дүрэн ашиглаж чадсангүй. Ашиглах хүсэл ч байсангүй.

Харж байхад залуучууд клубхаус дээр мэтгэлцээн зохион байгуулж байна. Тэнд нь 10, 20 мянган хүн төвлөрчхөөд, юу ярихыг нь хүсээд, хараад хүлээгээд байна билээ. Харамсалтай нь хүлээлтэд нь тэнцэх шийдлийг гаргаж чадсангүй. Үүнд сонгогчид гомдолтой байгаа болов уу. Уг нь асуудалгүй зүйлийг юу байх вэ дээ. Дунд сургуулийн багш онлайнаар хичээл заагаад болж байна шүү дээ. Ийм том тогтолцоо, төр ажиллаж байж чадахгүй байна гэдэг бол хүсэлгүй байгаагийн шинж болов уу гэж бодож байна.

-Мэтгэлцээн болсон бол иргэдийн сонголтод нөлөөлөх байсан болов уу?

-100 хувь өөрчлөгдөнө гэж юу байх вэ. Гэхдээ мэтгэлцээн харж байж сонголтоо хийнэ гэж хүлээж байсан  ийт сонгогчдын 30 орчим хувь хариу авч чадаагүй. Мэтгэлцээн сайн зохион байгуулж чадсан бол сонгогчдын 30 орчим хувьд нөлөөлж чадах байсан болов уу.

-Сонгогчид сошиал дагаж намирдаг, өөрийн гэсэн “толгойгүй” байдал энэ сонгуулиар бага байх шиг?

-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажлаар нэгнийхээ “бөгсийг ухсан”, харлуулах гэсэн оролдлого хийгээгүй нь сайшаатай. Улс төрийн намууд соёлжиж байгаагийн нэг хэлбэр л дээ. Ер нь олон нийтийн сэтгэлзүйг харахад сошиал харж дагаж намирч, хэн нэгнийг дагаж савладаг байдал харьцангуй тогтвортой болчихсон байна. Магадгүй, дараа дараагийн сонгуульд илүү ухаалаг, буйр суурьтай, гарц гаргалгаа эрэлхийлсэн нам, нэр дэвшигч илүү амжилтад хүрэхээр шинжтэй байна.

Магадгүй энэ сонгууль  мөнгөний хүчин зүйл нөлөөлөх хамгийн сүүлчийн сонгууль байх гэж бодож байна. Сонгогчид сошиал, нээлттэй олон мэдээллийн сувгууд ажиллаж байгаагийн хүчинд нүд нь нээгдэж, юунд итгэх вэ гэдгээ хянаж, мэддэг болчихлоо.

-Бидний өвөг дээдэс, аав ээж “Төрийн минь сүлд өршөөг” гэж цай сүүнийхээ дээжийг өргөөд төрийн сонгуулиа өгнө гээд хүндэтгэлтэй ханддаг байж. Гэтэл өнөөдөр байдал өөрөөр эргэж, сонгууль гэдэг бол зүгээр л байдаг улс төрийн үзэгдэл гэж хүлээж авдаг болсон байна. Магадгүй энэ нь төрд итгэх итгэл, түүнийг дагаж сонгуулийн ирцэд нөлөөлөх хүчин зүйл болсныг үгүйсгэхгүй?

-Наадах чинь сэтгэл эмзэглүүлмээр зүйл. Монгол төр тугтай, сүлдтэй. Төрийн дуулал гээд бэлгэ тэмдгийн чанартай зүйлдээ асар их ач холбогдол өгдөг. 2200 жилийн туршид хийморьлог, тэнгэрлэг оршихуйдаа итгэл үнэмшлээ даатгаж, түүнийхээ төлөө залбирч, цай сүүнийхээ дээжийг өргөж ирсэн ард түмэн. Тухайлбал Чингис хааны тамга дээр байдаг үг. "Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын далай хааны зарлиг ил болгон иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай" гэж.

Өөрийнхөө хяналтыг тогтоож чадсан төрд нэг хүч байсан байж таарах гээд байна. Хүн бусын, хүний оюун ухаанд багтахгүй хүч. Тэр хүч нь магадгүй мөнх тэнгэрийн хүчин байж. Үүнийгээ тамгандаа сийлж байж. Энэ бол баримт. Үүнийг үгүйсгээд байх боломгүй. Үнэхээр бид хүчирхэгжье, сэргэн мандъя гэвэл өвөг дээдсийнхээ хүчтэй, чансаатай байж дэлхийг засаглаж байсан тэр үеийнхээ аргачлал, технологиос суралцах хэрэгтэй цаг болжээ.

Ард түмний хүсэн хүлээгээд байгаа зүйл  бас энэ. Тэр итгэл үнэмшлийг тээж, хурааж байгаа хүн нь өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч болчхоод байна. Гэтэл нөгөө хүн нь хар ажилчин шиг тийм юм хийнэ, ийм юм хийнэ гээд байгаа нь ард түмний хүлээлт, нэр дэвшигчдийн амлалт хоёрын хооронд зөрүү гаргаад байна. Тийм учраас иргэд сэтгэл дундуур, нэг л зүйл хайгаад, нэг л зүйл хүсэн хүлээгээд байна. Тэр нь агуу их монгол төрийн сүр хүч, сүлд хийморь байх. Гэвч харамсалтай нь энэ бүхнийг аль ч нэр дэвшигч илэрхийлж чадахгүй байна.

-Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны үеэр тэмцье гэхээс биш хайрлана гэж ярихгүй байна гэж та шүүмжилсэн байсан?

-Монголын ард түмэн Ерөнхийлөгчийг айлын аав гэж хардаг. Айлын аав үр хүүхдүүдтэйгээ тэмцдэг юм уу. Тэмцээд эхэлвэл юу болох вэ. Эв эвдэрнэ. Ёс заншил, уламжлал, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал аль нь ч байхгүй болно. Тэгэхээр Ерөнхийлөгч төрийн  тэргүүний хувьд магадгүй бүгдийг нь энэрч хайрладаг, бүгдийнх нь асуудлыг боддог, сэтгэлдээ багтааж чаддаг, дэмжлэг үзүүлэх юмсан гэсэн хүсэл тэмүүлэлтэй байх ёстой.

Гудамжинд өлсөж, тэмцэж байгаа жагсагчдыг эцэг хүн шиг нь хайрлах ёстой. Ингэхгүйгээр өөрийг нь дэмжээгүй бусдыгаа дарж авч байж санаа нь амрах юм шиг байдалтай байж болохгүй. Цаашид төрийн тэргүүн болох гэж байгаа хүмүүс ард түмнээ хэнийг нь ч үлдээхгүй хайрлаж, зовниж, нойргүй хонож чаддаг байх ёстой юм шиг санагддаг. Өөрийнхөө үр хүүхдээс илүү бусдын үр хүүхдийг хайрладаг болсны дараа л  удирдах албан тушаал хаших хэрэгтэй.

Модун Шанью аавынхаа өмнөөс барьцаанд очиж байсан хүн. Монголын өвөг дээдсүүд үр хүүхдээ энх тайвны барьцаа болгож явж байсан байдаг. Монгол төрийн зүтгэлтнүүд ийм л сэтгэлзүйтэй бэлтгэгддэг байх ёстой. Гэтэл зөвхөн өөрийнхөө, тойрон хүрээлэл, намынхан, хамаатан садныхаа төлөө ажиллаад байгаа учраас ард түмэн нь сэтгэл дундуур, хүсэл тэмүүлэл нь оргилж өгөхгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-06-09 09:38

Иргэдийн ч гэх шиг. Намайг бас биднийг хамаатуулаад ярьдаг хэн бэ чи. Сонгох, сонгогдох эрхэнд нөлөөлж бусдыг турхирсан агуулгатай юм ярьснаараа үндсэн хууль, сонгуулийн хууль гээд хэд хэдэн хууль зөрчин донгодож байна шүү өөрийгөө их юманд бодсон хүн гуай.

Zochin
Zochin
2021-06-09 10:23

Sonin gar be hudlaa medemhiirsen

иргэн
иргэн
2021-06-09 14:00

Харваас оюунлаг хүн биш байна. Суд�##�гаагүй хоосон ч�##�чигчдын л нэг.

Зочин
Зочин
2021-06-09 18:42

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ ####иваа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Та нэгэнт тайван орж ирж уулзаж чадахгүйгээс хойш бид энд сарын 80к төлөх нь тийм ч зөв биш байх аа. Дүүгийнхээ асуудлыг шийдээд өгчихвөл мар ч болтугай буцв####. Дүү нь ухаантай бнуу?

Зочин
Зочин
2021-06-09 19:11

saihan l helj zuv shuu AAV shig baih heregtei

Холбоотой мэдээ

Back to top button