ДЭЛХИЙ

REUTERS агентлаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ингэж таамаглажээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр явагдаж байгаа билээ. Үүний талаар “Reuters” агентлагийн бичсэн нийтлэлийг орчуулан хүргэе.

Монголчууд лхагва гарагт зургаа дахь Ерөнхийлөгчөө сонгохоор санал хураах цэгүүд рүү очно. Тус улсын төрийг барьж буй МАН өөрсдийн эрх мэдлээ илүү бататгахад маш ойрхон ирлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд  ялалт байгуулсан хүн зөвхөн нэг удаа зургаан жил бүрэн эрх эдэлдэг өөрчлөлт оруулснаас хойш болж буй анхны санал хураалт одоо явагдана. Энэ жилийн эхээр Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорсон нэр дэвшигч У.Хүрэлсүх ялах магадлал их байгаа. Тэрбээр Монгол Улсын төрийг барьж буй МАН-аас нэр дэвшсэн. Харин Ардчилсан намаас С.Эрдэнэ, ХҮН-ээс Д.Энхбат нар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа.

Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга энэ жилийн сонгуульд нэр дэвшиж чадаагүй ч тэрбээр зарим сонгогчдын дунд нэр хүнд өндөртэй байдаг. Түүний талаар 67 настай сонгогч Х.Цэцэгмаа “Х.Баттулга ард түмнийхээ төлөө их зүйл хийсэн. Тэр юм хийдэг хүн” гэжээ. “Нээлттэй нийгэм форум”-ын судлаач Д.Энхцэцэг “Х.Баттулга МАН-тай хийсэн тохиролцоонууд нь Монголын ардчилалд хөнөөлтэй байсан” гэж дүгнэсэн байна.

Коронавирусийн халдварын улмаас нийслэл Улаанбаатарт Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өргөн цар хүрээтэй явагдаагүй. Өдөрт бүртгэгдэх халдварын тоо өнгөрсөн долоо хоногт хамгийн их хэмжээндээ хүрч, мягмар гарагийн байдлаар (2021.06.08) нас баралтын тоо 325 болсон.

Сонгуулийн сурталчилгааны талаар 22 настай сонгогч Г.Ганбаяр “Коронавирусийн улмаас сурталчилгаа маш бага явсан. Би сонголтоо тухайн үедээ л хийх байх” гэжээ. Гэхдээ томоохон цуглаан болоогүй гэвэл өрөөсгөл ойлголт. Өнгөрсөн бямба гарагт (2021.06.05) У.Хүрэлсүхийн мянга гаруй дэмжигчид цугларч түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Үүнээс хэдэн цагийн дараа ХҮН-ээс нэр дэвшигч Д.Энхбат коронавирусийн халдвар авсан гэдэг нь мэдэгдсэн тул сонгуулийн сурталчилгаа онлайн хэлбэрт шилжсэн байна.

Монгол сонгогч нар ихэнхдээ сөрөг хүчний намын нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгодог. Сонгуульд ялсан нэр дэвшигч намын гишүүнчлэлээсээ өөрийн биеэр татгалзах ёстой. Гэсэн хэдий ч Ерөнхийлөгч нар намын асуудлаар хууль тогтоомжид хориг тавих тохиолдол их гардаг. Монгол Улсын улс төрийн холимог тогтолцоо УИХ-д хууль батлах, засгийн газар томилох эрх өгдөг. Мөн Ерөнхийлөгчид хууль тогтоомжид хориг тавих эрх олгогддог юм.

Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ “Reuters” агентлагт хэлэхдээ МАН ялалт байгуулвал Монгол Улс нэг намын удирдлага дор ороход улам ойртоно гэжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ “Хэрвээ төр барьж буй намын гишүүн биш л бол өөрийн хүссэнээрээ бизнес эрхлэх, яаж амьдарч, ямар боловсрол эзэмшихээ сонгох боломж алга” гэсэн байна.

Сант Марал сангийн захирал, улс төрийн шинжээч Л.Сумати “Хоёр нам хоёулаа зөв. Хоёр тал хоёулаа л ардчиллыг үгүйсгэж байгаа” хэмээжээ. Тэрбээр МАН-ыг ялалт байгуулна гэж бодож буйгаа нэмж хэлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

5 Сэтгэгдэл

  1. Хэн нь ч ялахааргүй дүр зураг гарцийм байнлээ . Энхбат-37.8% Хүрэлсүх-36.8% . Эрдэнэ-13.3% Цагаан хуудас-13.7% ингэж л прогнозлож байгаам байна лээ гадаадын ажиглагчид

  2. Одоо энэ 2016 оноос хойш баригдаагүй гацсан барилга байшингийн сэг бүгд АН-нх. АН сонгуульд ялсан бол тэр байшин бүгд төсөв тэндэр нэрээр босох байсан. Адилхан идэж хувьдаа ашиглаж байгаа биз дээ. Ардчилагчид.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button