Нийгмийн

Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадам зохион байгуулагдана

Монголын Урлагийн Зөвлөл нь соёлын олон төрлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг 2016 онд санаачлан 6 дахь жилдээ зохион байгуулж байна.  Өнгөрсөн хугацаанд “Уламжлал ба орчин үе”, “Ул мөр”, “Хил Хязгаар үгүй”, “Нүүдэл суудал”, “Зэрэглээ” сэдвийн хүрээнд Аргентин, Австрали, Голланд, Чех, Израиль, Филиппин, Солонгос, Герман, АНУ, Монгол зэрэг 15 улсын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн гаргаж, хүн төрөлхтөнд тулгамдаж буй асуудлыг техник технологийн дэвшилт дээр тулгуурлан видео, фото, инстоляци, дуу, хөгжимтэй найруулан бүтээсэн нийлмэл буюу медиа урлагаар дамжуулан олон нийтэд танилцуулсан билээ. 

МУЗ нь Гёте-Институттэй хамтран, Соёлын Яамны дэмжлэгтэйгээр “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн 6-р наадмыг 2021 оны 6-р сарын 24-30-ны хооронд “XXI” сэдвийн дор зохион байгуулж, урлаг, технологи, шинжлэх ухааны зааг, хязгаар, ялгааг даван шинэчлэл хийж буй олон улсын уран бүтээлчдийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх гэж байна. 

Дэлхий нийтийн соёлд 21 нас нь хүний төлөвшилт бүрэн явагдаж гүйцээд залуу нас, гэрлэх үе эхэлдэг нас гэж үздэг. 21 зуун ч гэсэн хүн төрөлхтний хувьд “хүүхэд” хандлагыг өөрчилж амьдралын хэв маяг, үндсэн хэмнэлийн зүй тогтлыг өөрчлөх, анхаарах дохиог өгч эхэллээ. 21 гэсэн тоо Европ, Ази тивийг, өнгөрсөн ба өнөө үеийг, хүний хөгжил, түүх соёл, сэтгэлгээний онцлогоор нь нэгтгэж байна. Мөн энэ тооны ард дэлхийг тэр даяар нь цар тахлаар нөмөрсөн давлагаа ч багтах боллоо.

Энгийн мэт байсан зүйлс хориг болж, даяаршсан дэлхийд улс орнуудын хил хязгаар улам тодорч, танил мэт зүйлс нэгэн зэрэг үл танигдах боллоо. Үүний дүрслэлийг энэ жилийн ‘XXI’ сэдвийн дор  зохион байгуулагдах “Улаанбаатар” медиа урлагийн наадамд дэлгэн үзүүлэх бүтээлүүдээс харах болно.

Наадмын хөтөлбөрт Монгол, Герман уран бүтээлчдийн хамтарсан “Дүр үгүй” 360’ дэлгэцийн медиа бүтээл, “21 бүүвэй”, “Хүн хүрд” нэртэй өрөг саунд хосолсон медиа бүтээл, “Лус” нэртэй видео медиа бүтээл зэрэг 4 шинэ бүтээлийг, мөн Монголын паблик медиа арт хөтөлбөрийн уран бүтээлчдийн “Хосолмол соёл” видео бүтээлээс танилцуулагдах ба Монголын Ди Жей нарын өнөөгийн хэмнэлийг олон нийтэд хүргэх юм. Мөн уран бүтээлчид, оюутан сурагч болон олон нийтийн медиа урлагийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Урлагтай яриа” цуврал уулзалт ярилцлагыг  зохион байгуулна. Энэ жилийн наадмаар бид 20 гаруй уран бүтээлчдийн уран бүтээлээс танилцуулж, 6 байршлаар үзэгч та бүхнийг аялуулах болно.

Наадмын дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/UBIMAF фейсбүүк хуудаснаас авна уу. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button