НИЙГЭМ

Б.Бат-Эрдэнэ: Арбидол эмийг 6,000 төгрөгөөр зарсан тохиолдол олдохгүй байна

Коронавируст халдварын эмчилгээнд хэрэглэж буй Арбидол хэмээх эм эмийн сангуудад 37,000-40,000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Ихэнх иргэд гэрээр тусгаарлагдан, эмчлүүлж буй тул энэ эмийг өөрсдөө худалдан авах шаардлагатай болоод буй.

Тэгвэл эрэлт ингэж нэмэгдсэнээр эмийн сангуудад 6,000 төгрөгөөр зарагддаг байсан Арбидол эмийн үнэ 40,000 болж өслөө гэсэн мэдээлэл нийгэмд түглээ. Энэ талаар өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хэлсэн юм.

Уг асуудлаар ШӨХТГ ямар хяналт, шалгалт явуулж буй талаар, тус агентлагийн дарга Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.

-Арбидол эмийг тойрсон үнийн хөөрөгдлийн асуудал анхаарал татаж эхэллээ. Энэ чиглэлд танай байгууллагаас хяналт, шалгалт хийж байна уу?

-Уг нь эмийн үнэд шалгалт хийх нь чиг үүргээрээ манайд харьяалагдахгүй. ЭМЯ-ны харьяа, Эм эмнэлгийн хэрэгсэл, хяналт зохицуулалтын газар гэж байдаг. Эм ханган нийлүүлэгч компани, эмийн сангуудын тусгай зөвшөөрлийг өгдөг газар. Энэ агентлагт хамаарах юм. Хэдийгээр манай үндсэн чиг үүргийн ажил биш ч хэрэглэгчдээс ирж буй гомдлын дагуу тус агентлагтай хамтран хяналт, шалгалтын үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Эм ханган нийлүүлэгч компани, эмийн сангуудаар явж байна. Нэг ажлын хэсэг гаргасан, өнөөдөр нэгийг нэмж байгуулсан.

-Засгийн газар “Ар үр”, “Мөнхийн тун” гэсэн хоёр компаниас Арбидол эмийг захиалж, төлбөр хийсэн байсан. Энэ асуудлыг хэрхэн авч үзэж байна вэ?

-Тийм, ЭМЯ Арбидол эмийн нөөц бэлтгэхийн тулд 700 сая төгрөгийг тус хоёр компани руу шилжүүлсэн мэдээлэл гарсан. Түүний дагуу тухайн хоёр компани дээр өнөөдрөөс хяналт, шалгалт эхлүүлж байна.

-АДИЛ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ӨӨР ЭМҮҮД БАЙХАД ЗААВАЛ АРБИДОЛ ГЭЖ ЗААСАН НЬ ӨРСӨЛДӨӨНД НӨЛӨӨЛЖ БАЙНА-

-Хяналт, шалгалтын явцад шинээр ямар мэдээллүүд ил болж байна?

-Арбидолыг дэлхийн олон улс хэрэглэдэггүй юм байна. Хоёр хөрш тодорхой хэмжээнд хэрэглэж байгаа. Мөн Монгол Улсад албан ёсоор бүртгэгдээгүй эм юм байна. Ковидын эсрэг гэдэг утгаар манай бүртгэгдээгүй эмүүд шууд лицензээр орж ирж байгаа юм билээ. Энэ асуудлыг мөн хөндөж байна.

Эрүүл мэндийн сайдын тушаал бүхий Ковидын эсрэг эмчилгээний удирдамж гэж гарсан. Түүнд арбидол гэдэг эмний нэрийг тусгайлан зааж өгсөн байгаа. Энэ нь яг адил үйлчилгээтэй ч өөр нэртэй эм борлуулдаг бусад ААН-үүдийн өрсөлдөөнд нөлөөлж байна гэдэг өнцөг гарсан. Энэ асуудлаар мөн шалгалт хийж эхэлсэн.  

-Үнийн хөөрөгдөл бий болсон нь нотлогдож байна уу. Яг 6,000 орчим төгрөгөөр борлуулж байсан тохиолдолтой таарсан уу?

-Таараагүй байна. Эмийн санчид бол 6,000 төгрөгөөр зарагдаж байсан тохиолдол байхгүй гэцгээж байна. Дээрээс нь энд нэг капсулын үнэ яригдаж байна уу, бүтэн хайрцгийн, эсвэл нэг таблетокны үнэ яригдаж байна уу гэдэг нь эргэлзээ дагуулж буй. Хүн эмээ ямар хэмжээгээр авснаас шалтгаалж өөр үнэ хэлэгддэг. Хэрэв үнэхээр үнэ өссөн бол нийлүүлэгч компани өндөр үнээр өгөв үү, эсвэл эмийн сангууд дээр өсөлт бий болов уу гэдгийг тодруулна.

-Хяналт, шалгалтын дүн хэзээ гарах бол?

-Өнөө оройдоо гарчих байх. Үнэхээр хэд дахин өндөр үнээр нийлүүлсэн нь үнэн байвал тухайн эм ханган нийлүүлэгч компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг холбогдох байгууллагад тавина.

-Ер нь ганц Арбидол гэхгүй ковидын эмчилгээн дэх эмүүдийн эрэлт нэмэгдэж байна. Энэ асуудал дээр цаашид хэрхэн ажиллах вэ?

-Эм, эмнэлгийн хэрэгслийн салбарт хяналт, шалгалт хийх нь манай үндсэн чиг үүргийн ажил биш. Нийгэм биднийг барилгын материал, гэр ахуйн барааны үнэ хянасангүй гэж шүүмжилдэг. Бид УОК, Засгийн газрын тогтоолоор зөвхөн стратегийн хүнсний бүтээгдэхүүний үнэ дээр л хяналт тавьж байгаа. Тэр тусмаа хатуу хөл хорионы үед. Хатуу хөл хорионы үед иргэдийн сонголт хийх боломж хязгаарлагдмал болчихдог тул үнэ дээр хяналт тавих хэрэгтэй. Харин хөл хорио тавигдмагц асуудлыг зах зээлийн зарчмаараа өрнөж байна гэдэг өнцгөөс хардаг.

Тэгэхээр нэр дурдсан ЭМЯ-ны харьяа агентлаг цаашид өөрсдийнхөө хяналт, шалгалтыг хийгээд явах байх. Өнөөдрийн хувьд бид хамтарч ажиллаж байна. Торгоно, тусгай зөвшөөрлийг нь цуцална гэсэн ч энэ нь манай чиг үүрэг биш тул хуульд харшлах юм.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Х
Х
2021-06-16 12:11

Эмийн сангийн сүлжээ нь
Эрүүл мэндийг жинлүүр
Эрүүл мэндийн байгууллага нь
Эрх мэдэлтний хэмжүүр болсон
Өрөвдөлтэй нийгэмд амьдрагч
Өвчиндөө баригдсан МОНГОЛЧУУД бид...

зочин
зочин
2021-06-16 12:32

20 ширхэгтэйг ХУД-ийн 115 дугаар сургуулийн баруун т�##�ын Монос эмийн сангаас 38000 төгрөгөөр авсан 6000 төгрөгөөр хаана ч байхгүй. Эмийн сангууд өвчтөнүүдийг мөлжхөө болимоор юм.

Уншигч
Уншигч
2021-06-16 17:51

Зөвшөөрөгдөөгүй эмийг оруулж ирсэн, дамлан зарсан, эмчилгээний за�##�танд нэр зааж оруулсан гээд их ноцтой гэмт хэргийн т�##�аар ярьж байна шүү, зохион байгуул�##�ттай их ашиг унагааж ард иргэдийн эрүүл мэндээр тоглож байна шүү

Холбоотой мэдээ

Back to top button