ВИДЕО КОНТЕНТНийгмийнЯрилцлага

Э.Даваажамц: Ундаа, амттан барьсан хүүхдүүд тосон гүйж ирээд, халуун дотноор тэвэрч байна

Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц 33 өдөр гүйсээр Улаанбаатар хотод ирлээ. Үүнтэй холбогдуулан түүнтэй зургаадугаар сарын 17-нд хийсэн ярилцлагаа сэргээн нийтлэв.

Эх орны баруун хязгаараас Сүхбаатарын талбайг чиглэн гүйж яваа эр сэтгэл… 1500 км замыг зөвхөн гүйж туулахаар Ховд хотоос зургадугаар сарын 2-ны өдөр гарсан энэ эрхмийг Э.Даваажамц гэдэг. Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч тэрбээр долдугаар сарын 10-нд Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын дараа Сүхбаатарын талбайд орж ирэхээр төлөвлөж буй юм. Бид түүнтэй ус нутгаасаа гарсанаас хойшхи 15 дахь өдөр буюу зургадугаар сарын 16-нд ярилцлаа.

Түүнтэй Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн эмч Б.Золбоо, эхнэр М.Мөнхзаяа, хадам ах н.Одгэрэл нар хамт яваа юм.


-Та сайн явж байна уу. Өнөөдрийн байдлаар хэдэн км зам туулаад байна вэ?

-619 км замыг ардаа орхижээ. Одоо Баянхонгор аймгийн нутагт явна. Өнөө оройны гүйлтээр Бууцагаан сумын ойролцоо очиж хононо.

-Ус нутгаасаа гараад 15 хонож байна. Хэр ядарч байна вэ?

-Хоол унд сайтай яваа болохоор ядрахгүй, сайхан л явна. Хол замд хөл холгож, өвдсөн юм алга. Гар, хөл өвдсөн тохиолдолд орой нь бариулаад, тосолж байгаа. Бусдаар бол ямар нэгэн зовуургүй хэвийн л явж байна.

-Өдөр болгон даралт үзэж, биеийг тань хянаж байгаа байх. Эрүүл мэндэд тань ямар нэгэн өөрчлөлт гарсан уу?

-Говь-Алтай аймгийн нутаг руу ороод даралт бага зэрэг ихэссэн. Өндөрлөг газар болохоор тэгсэн байх. Одоо бол хэвийн болсон.

-Гүйлт таны төлөвлөгөөний дагуу явж байгаа юу. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан төлөвлөгөөндөө хүрээгүй өдөр бий юу?

-Яг төлөвлөгөөний дагуу өдөрт 43-45 км зам туулж байгаа. Өглөө 05:30 цагт босож, өглөөнийхөө цайг уучхаад 06:00 цагаас гүйж эхэлдэг. Өгсүүр зам ихтэй бол 03:30 цаг тасралтгүй гүйнэ. Харин саад багатай, уруу газар ихтэй бол 03:00 цаг гүйж байгаа. Тэгээд хэсэг амарч байгаад оройны хоолоо идчихээд 16:30 цагаас ахиад гүйнэ. Мөн ижил 03:00 юм уу 03:30 цаг гүйдэг.

Ер нь Өвөрхангай аймаг хүртэл энэ эрчээрээ өдөрт 43-45 км зам туулна. Долдугаар сарын эхээр Өвөрхангай аймагт очих байх. Энэ үеэр бороо хур их орно. Тиймээс өдөрт туулах замаа багасгаж, 35 км болгоно.

-Байнга хээр хонож байгаа юу?

-Тийм ээ. Манай багийнхан зэрэгцээд намайг дагаад явж байдаг юм. Буудаллаж, амрах газар руу дөхөөд ирэхээр түрүүлж очоод майхнаа барьж, хоолоо бэлддэг. 10 хоногийнхоо хүнсийг бэлтгээд гарсан. Дайран өнгөрч байгаа аймгуудаасаа ахиад 10 хоногийн хүнсээ бэлтгэнэ. Ер нь боол буудалласан газар болгонд нутгийн иргэд хүрч ирээд хамт зураг даруулж байна.

-Аймаг хоорондын постуудаар нэвтрэхэд ямар нэгэн хүндрэл гарч байна уу?

-Ямар ч аймгийн пост дээр саатаагүй. Говь-Алтай аймгийн Жанжин штабынхан биднийг цагдаагийн машинтай хамгаалалтад авч, аймгаасаа гаргаж өгсөн. Бусад аймгууд ч гэсэн саатуулахгүй байх. Учир нь бид вакциныхаа тунд бүрэн хамрагдсан, ямар нэгэн асуудал байхгүй. Мөн аймгуудад хонохгүй, шууд явж байгаа.

-Машин зам дагаад гүйж байгаа байх. Замд таарсан хүмүүс хэрхэн хүлээж авч, ямар асуулт тавьж байна вэ?

-Тийм ээ. Машин зам дагуу гүйж яваа. Орон нутгийн тээвэрчид болон хөдөөг зорьж яваа иргэдтэй их таарч байна. Зарим нэг нь зогсоод хамт зураг даруулна. Ихэвчлэн машин дотроосоо бичлэг хийгээд, зураг дарж, “амжилт хүсье” гэж хэлцгээж байна.

Говь-Алтайн аймгийн нутагт гүйж явахад нэг гуанзнаас настай эгч гарч ирээд “Эгч нь хар шөл гялс буцалгая. Чамайг сурагласаар байгаад тосож авч уулзлаа. Аяга хар шөл идчихээд яв” гэж хэлсэн. Энэ мэт хүмүүс сэтгэл дэвсэн хүлээж авч байна. Мөн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын пост дээр ажиллаж байгаа ажилчид бүгд алга ташиж, амжилт хүсэж байсан. Тэд араас минь “баяр хүргэе, мундаг байна шүү “гэж бас хэлсэн.

Мөн Ховд аймгийн Дарви, Зэрэг сумын нутагт гүйж явахад зам дагуу их олон хүүхдүүд таарсан. Зарим нь аав ээжтэйгээ, зарим нь ганцаараа ундаа барьчихсан, жижиг торонд ааруул, боорцог, чихэр хийчихсэн намайг тосон гүйж ирсэн. Тэгээд амжилт хүсэцгээж, халуун дотно үгээрээ тэвэрч байсан.

-Цэргийн хувцастай хол зам туулахад хэр хүндрэлтэй байна?

-Хүндрэлтэй зүйл алга аа. Цэргийн хувцсыг арван хэдэн жил өмсөж байгаа болохоор хувцасандаа дасчихсан. Ер нь бол хол замд гүйхэд цаг агаарын нөхцөл л хүндрэлтэй юм байна. Аймгийнхаа нутгаар нийт 6 хоног явсан. Маш халуун өдрүүд байсан. Харин Говь-Алтай аймгийн нутаг руу ороод ирсэн чинь дандаа шуургатай байсан. Одоо ч гэсэн Баянхонгорт салхи, шуургатай л байна. Зарим өдөр нь бороо орж байсан. Гэхдээ бороо орно гэж тооцоолж байсан болохоор цаг алдалгүй, гүйсэн.

-Төрийн далбаанаас гадна биедээ юу авч яваа вэ?

-Цүнхтэй яваа. Цүнхэндээ уух, ус ундаа хийж явдаг. Мөн монгол мөнгөн тэмдэг авч яваа. Орчин цагийн цаасан мөнгөн тэмдэгт л дээ.

-Ховдоос гараад 15 хонож байна. Энэ хугацаанд хэдэн кг жин хассан байна?

-Анх 80 кг жинтэй Ховд аймгаас гарсан. Одоогийн байдлаар 2 кг хассан байна. Өмнө нь бэлтгэл хийгээд 10 орчим кг хассан болохоор энэ жин нь тогтчихож байгаа бололтой. Эсвэл эхнэрийнхээ гарын хоолыг идэж байгаа болохоор ядрахгүй, турахгүй байж ч мэднэ.

-Нээрэн та гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач. Амьдрал холбоод хэдэн жил болж байна вэ?

-Эхнэрийг маань М.Мөнхзаяа гэдэг. Хүнсний технологич мэргэжилтэй. Бид арван жилийн сурагч байхдаа танилцаж, үерхсэн. Үерхэж, найзалж байгаад хотод оюутан болж ирээд хамтдаа амьдарсан. Бид 2-10-насны гурван хүүхэдтэй.

-Хүүхдүүдтэйгээ утсаар ярьж байгаа байх. Хэн харж байгаа вэ?

-Ээж маань харж байгаа. Хүүхдүүдтэйгээ байнга холбоо барьж амжихгүй байгаа. Сүлжээгүй газраар 2-3 хоног ч явах тохиолдол гарч байгаа учраас сүлжээтэй газар хонож байгаа үедээ бол байнга ярина.

Эр нөхрөө хол замд ганцаар гүйж явааг хараад цээжинд нь сугсалзах зүрх ямархан чимээтэй цохилж, юу бодоо бол. Энэ л асуулт намайг зогсоо зайгүй ээрч байсан тул ярилцлагаа хэсэг завсарлаж, хол замын хань түшиг болох гэргийдээ гар утсаа түр өгөөч хэмээн хэлж орхив. Тэрбээр гуйлтыг дуртайяа зөвшөөрч, М.Мөнхзаяа ярьж эхэллээ.

“Анхнаасаа итгэж байсан. Одоо ч тэр Сүхбаатарын талбай дээр миний хань гүйгээд очиж гэдэгт нь итгэж байна. Тиймдээ ч амт, шимтэй хоол хийж өгч, дархлааг нь дэмжиж байгаа. Мөн хажуу талаас нь “миний хань чадна шүү” гэж хэлж, зоригжуулдаг. Өгсүүр өөд гүйхэд нь л жаахан айдаг. Хоёр сараас хойш бэлтгэл хийж байгаа болохоор хүүхдүүд маань утсаар ярих бүрдээ “Аав гүйчихсэн үү. Аав одоо юу хийж байна. Аав ядарсан уу” гэж асуудаг” гэсэн юм.

Хөдөө суурингаас хот руу хөдөлсөн Э.Даваажамц сэтгэлийн ямархан жин тээж явааг ярилцлагын энэ хэсэгт онцлох болно.

-Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас өдөр болгон холбогдож байгаа юу?

-Тийм ээ. Өдөр болгон холбогдож байгаа. Гэхдээ би гүйж ирээд хоолоо идчихээд унтчихдаг болохоор надтай холбогддоггүй. Хамт яваа эмчтэй холбогдоод биеийн байдал асууж, мэдээлэл авдаг.

-Ингэхэд холын зайд гүйх нь таны санаачилга байв уу. Эсвэл ангиас тань өгсөн үүрэг даалгавар уу?

-Би армид 14 дэх жилдээ ажиллаж байна. Тиймдээ ч армид ажиллаж байгаагаараа бахархаж, омогшиж явдаг. Омогшил, бахархлаа дотроо хадгалаад яваад байхыг бодсонгүй. Тэгээд л Зэвсэгт хүчний 100 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Ховд аймгийн 90 жилийн ойг тохиолдуулаад өөрийнхөө омогшлыг ил гаргая гэж бодсон. Мөн тэсвэр тэвчээрээрээ залуучуудад үлгэр дуурайлал болъё гэж бодсон.

-Чухам яг хэзээ төлөвлөж, бэлтгэлээ хангасан?

-Гүйх тухай өнгөрсөн жилийн долдугаар сараас бодож эхэлсэн. Тэгээд хоёрдугаар сар хүртэл маш удаан бодож төлөвлөсний үндсэн дээр бэлтгэлдээ гарсан. Бэлтгэл хийж эхлэхээс өмнө ангийн захирагчдаа танилцуулсан. “Бэлтгэлээ хийж бай, цаг нь болохоор болох байх” гэсэн. Гурван сар гаруй бэлтгэл хийхэд биеийн байдал хэвийн байсан тул ангийн захирагчдаа хэлж, зөвшөөрөл авсан. Мөн Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний Жанжин штабаас бас зөвшөөрөл авч, тушаал гаргуулсан.

-Таны гүйх цаг болж байна. Ярилцлагаа энд хүрээд өндөрлөе. Ер нь бол төлөвлөсөн хугацаанаасаа өмнө Нийслэлд ирэхээр харагдаж байна. Хотод ирээд хэд хоноод буцах вэ?

-Хугацаанаасаа өмнө орох боломжтой. Гэхдээ бид яг төлөвлөсөн хугацаандаа очих тул Өвөрхангай аймгаас цааш өдөрт туулах замаа багасгана. Долдугаар сарын 10-нд хотод оччихоод наадам өнгөрөөгөөд л буцна.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-06-17 08:35

Сайхан санаа байна. Харин х�##�двар хамга�##�лын дэглэмийг сайтар сахихыг хүсье.

Зочин
Зочин
2021-06-17 12:55

Зөв сайхансүйлдэл. Харин хотод ирээд холдвар авчваа, дэглэм сайн сахиарай

Зочин
Зочин
2021-06-17 14:24

Цэрэг эрс тангарагтай үнэнч байдаг чаднаа амжилт эрүүл энхийг хүсэе.

Эх орны хүү
Эх орны хүү
2021-06-17 20:14

Эх орныхоо хүүгээр бахархаж байна. Ойрд уншаагүй эерэг сайхан мэдээ байна. Сурв�##�жлагчид нь амжилт хүсье!

Ж. Мядагбадам
2021-06-18 00:16

Мундаг байна шүү НАЙЗ
Амжилт хүсье

Сэлэнгэ
Сэлэнгэ
2021-06-18 09:31

Замын хүн бүртэй уулзах дэмий байх шүү!амжилт хүсье!

Зочин
Зочин
2021-06-18 18:00

бие хаа гайгүй бол цаашаа донод орчууд тээ

Тулга
Тулга
2021-06-19 08:16

Гүйхэд сэтгэл санаа өөдрөг.бие чангараад сайхан байдаг шүү амжилт хүсье өөрөө гүйж байгаа юм шиг санагдлаа

Норов
Норов
2021-06-19 09:34

Та бол орчин үеийн үлгэр дуйрайл�##� болсон баатар амжилт.

зочин
зочин
2021-06-27 12:37

эрчүүдээ ийм л байх хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button