УЛС ТӨР

Шинээр байгуулах хоёр яамны сайдыг парламентаас томилохын тулд МАН юу хийх вэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлаа авах үеэрээ ирэх намар Эдийн засгийн хөгжил, Цахим хөгжлийн яамдыг шинээр байгуулж, түүнийг дагуулж төсөвт тодотгол хийнэ гэдгээ зарласан юм.

ЯАМД БАЙГУУЛАХ БЭЛТГЭЛ:

Өнөөгийн Үндэсний хөгжлийн газрыг яам болгон томруулж, Сангийн яамны зарим чиг үүргийг салгах замаар Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулах чигтэй буй. Харин Цахим бодлогын яамыг байгуулах бэлтгэл бүр шинэ парламент бүрдэхээс эхэлж, холбогдох байнгын хороог хүртэл байгуулсан билээ.

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж өчигдөр чуулган дээр шинээр хоёр яам байгуулах бэлтгэлийг хангаж буй гэдгээ онцлов. Уг асуудлыг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх чигтэй байна.

Тэгвэл уг яамдыг хэн хэн удирдах вэ. Юуны өмнө Цахим хөгжлийн яам бол МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн тархинаас гарсан санаа. Тиймдээ ч хотын захиргааны Яармаг дахь байрыг инноваци, цахим хөгжил чиглэлд ашиглахаар нүүлгэх ажлыг царцаагаад буй. Тэгэхээр уг яамыг удирдах хүн Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нартай зэрэгцээ шугаманд ажиллах нэгэн байх хүлээлттэй.

Н.УЧРАЛ БА Б.ЧОЙЖИЛСҮРЭН:

Эл шалгуурт хамгийн их дөхөж очих хүн бол УИХ-ын гишүүн Н.Учрал. Гэвч цахим шилжилт чиглэлд сүүлийн жилүүдэд эрчимтэй ажилласан. Харьцангуй туршлагатай, ажил хэрэгч. Эрүүл мэндийн байдал нь намраас ачаалал даахуйц болно гэх тооцоотой буй.

Харин Эдийн засгийн хөгжлийн яамыг М.Энхболдтой эвсэх замаар Б.Чойжилсүрэнд өгнө гэх таамаг бий. Сүүлийн үед Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн нар хот дээр нэгдэж, Л.Оюун-Эрдэнэтэй харилцаагаа сэргээсэн гэх мэдээлэл бий.

МАН шинэ байгуулах хоёр яамандаа ихээхэн ач холбогдол өгч, Н.Энхбаярт бүр ойртуулах ч хүсэлгүй суугаа. Басхүү парламент дээр ажлаа ч хамгаалж чаддаггүй, дан дээлтэй үлхгэр сайд томилохыг огт хүсэхгүй нь тодорхой. Учир нь, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг нэгтгэж байгаа ирээдүйн гол зорилтууд эл яамыг түшиглэж хөгжих юм.

ГЭВЧ:

Үндсэн хуулиараа парламентаас дөрвөөс илүү сайд Засгийн газарт багтаж ажиллахгүй байхаар шинэчлэн зохицуулсан. Тиймээс л сүр хүч муутайхан сайд нартай Л.Оюун-Эрдэнийн танхим бүрдсэн билээ. Түүнд УИХ-ын гишүүн сайд нар илүү түшиг болж, Х.Нямбаатар, Б.Жавхлан, Л.Энх-Амгалан нар голлох ачааг үүрч яваа нь нууц биш. Парламентаас бүрдэх эл тоо ингээд бүрдсэн.

МАН сонгуулийн дараа шуудхан ҮХНӨ-ийг дахин хийх бэлтгэлийг эхэлж, яаравчлан батлах хувилбар яамдын томилгоотой давхцаж буй. МАН-ын залуу үеийнхний санаанд нийцэгдэн боловсруулах уг хувилбарт хэд хэдэн чухал агуулга багтаахыг зорьж буй нь нэг парламентаас сонгох сайд нарын тоог нэмэх явдал юм.

Гэвч энэ хурдан хийчих өөрчлөлт биш. Тэгэхээр МАН-ын яамдаа нэмэх зорилго парламентаас сайд томилох бодлоготой нь зөрчилдөж буй юм. Үүнийг цаг хугацааны богино хайчинд оруулж, шийдэх гарцыг мэдээж залуус нь бодоод эхэлчихсэн. Намраас биш зунаас улс төрийн халуун үйл явдал энэ мэтээр ил, далд өрнөхөөр хүлээгдэж байна.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

5 Сэтгэгдэл

  1. Уул нь Үндсэн Хуулинд 2028он хүртэл өөрчлөлт оруулж болохгүй шд тэгээд бүүр ҮХгүй болж байгаа юмуу

  2. Уул нь Үндсэн Хуулинд 2028он хүртэл өөрчлөлт оруулж болохгүй шд тэгээд бүүр ҮХгүй болж байгаа юмуу

  3. Цахим хөгжлийн яам байгуулаад сайдаар нь Чойжилсүрэнг тавих юм бол байгуулаад ч хэрэггүй дээ. Цахим хөгжил байтугай компьютер ашиглаж, хэрэглэж мэдэхгүй, УАЗ машины наймаачныг тэгэж давруулах хэрэггүй ш дээ. Хэрэв иймэрхүү тэнэг юм хийгээд байв#### МАН 2024 онд ёстой л үсгүй хусуулна даа.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button