НийгмийнСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

СУРВАЛЖИЛГА: Эрээнээс Монгол руу ачаа ачих том тэрэгний хөлс өмнөх оныхоос ГУРАВ дахин нэмэгджээ

 -“Улаанбаатараас Замын-Үүд рүү том тэрэг явах зөвшөөрөл олгох хахууль нь дийлдэхээ байлаа”

“Онлайнаар захьсан бараа ирэхгүй удлаа. Хятадын хил дээр л гацчих шиг боллоо. Ачааны хөлс нэмэгдэж байна гэж тоймгүй. Захиалсан ачаа хэзээ ирэх бол” гэж аргаа баран, дэмий л санаа алдаж суугаа хүн олон. Асууж сураглахаар “Одоо дөхөж байгаа байх” гэхээс өөр тоймтой хариу өгөх хүн ховор. Дэмий л хүлээхээс өөр хийж чадах зүйл бараа захиалсан иргэнд хуруу дарам.

Тэгвэл ачаа эргэлт яагаад саарч, ачааны хөлс өмнөхөөсөө хамаагүй их нэмэгдэв. Асуудлын гол шалтгаан юунд байна вэ. Ингэж асуухаар уншигчид “Цар тахал, хөл хорио нөлөөлж байгаа” гэж хариулах нь лав. Тийм ээ, цар тахал үүнд нөлөөлөхийн дээдээр нөлөөлж байгаа. Бодит байдал ямар байна вэ. Бид энэ удаа Замын-Үүд Эрээний хил дээр ачаа яагаад гацаж, удаж байна вэ, ачааны хөлс өдрөөс өдөрт нэмэгдэж буйн цаад шалтгаан, хил хооронд ачаа тээвэрлэж буй жолооч нарт тулгарч буй гол асуудлуудыг хөндлөө.

Коронавирусийн халдварын улмаас Монгол Улс Хятадаас зөвхөн том тэргээр ачаа тээвэрлэж байгаа. Өмнө Эрээнээс жижиг тэргээр ч мөн зөөдөг байсныг уншигчид сайн мэднэ. “УАЗ-469”, “Istana”-гаар урдаас ачаа зөөдөг 700 гаруй жолоочийн ажил нам зогсож, цар тахал хэзээ намжин, өмнөх гольдролдоо орохыг хүлээж сууна. Нэг хүний ард нэг айлын амьдрал бий. Замын-үүд сумын иргэдийн дийлэнх нь Монгол, Хятадын хилээс хамааралтай ажил хийж, амжиргаагаа залгуулдаг. Тэр бүхний тухай бичвэл нэлээд урт сурвалжилга болох нь гарцаагүй. Тиймээс бид энэ удаа зөвхөн ачаа тээвэр, том тэрэгтэй жолооч нарыг онцолсноо тодотгоё.

Монгол Улс БНХАУ-аас зөвхөн ТИР-ээр ачаа тээвэрлэж, хятад руу орохыг зөвшөөрч байгаа. Тэгэхээр бага даацын, дан голтой том тэргүүд урд хөршөөс ачаа зөөх боломжгүй. Ийм машинтай 400-гаад жолоочийн ажил мөн зогссон юм.

Улаанбаатараас ТИР машинаа унан, БНХАУ-аас ачаа тээвэрлэхээр очсон жолооч нарыг Замын-Үүд сумын наадах “Шаргын-Овоо” өртөөнд тусгаарладаг. Тэндээс өөр жолооч дугаарлан зогсоож, чөлөөт бүс, БНХАУ хил рүү орсных нь дараа өөр, өөр жолооч унаж явсаар ачаа ачих газарт нь аваачдаг.

Ачаа хил дээр гацаж буй гол шалтгаануудын нэг нь том тэрэгний очер. Дунджаар өдөрт 2000-аад машин Замын-Үүдийн хил дээр дугаарлаж байхад Эрээн рүү 50-60-аадыг нь л оруулдаг. Урагшаа хэр цөөхөн машин орохын хэрээр Эрээнд ачаа удан, гацаж буй нь ойлгомжтой.

Г.ТӨРБОЛД: 20 ГАРУЙ ХОНОГ ДУГААРЛАЖ БАЙЖ ЭРЭЭН РҮҮ ОРДОГ

Бид эхлээд Замын-Үүдээс Эрээний хил рүү том тэрэгтэй жолооч ороход ямар хүндрэл, бэрхшээл тулгарч буйг онцолъё. Бидний эхний ярилцсан жолоочийг Г.Төрболд гэдэг. Булган аймгийн харьяат тэрбээр БНХАУ, Монголын хооронд ачаа зөөхийн тулд өнгөрсөн жил 120 сая төгрөгөөр ТИР машин худалдан авчээ.

Та ЗамынҮүдэд очоод хэд хонож байна вэ. Машиных нь очер дөхөж байна уу?

-Би энд ирээд 20 гаруй хонож байна. Жолооч нарыг “Шаргын-Овоо”-ны тусгаарлалтын байранд тусгаарладаг болохоос өмнө ирсэн юм. Тиймээс Замын-Үүд сумын төвд, таньдаг айлдаа байна. Машины очер одоо л дөхөж байгаа. Маргааш юм уу нөгөөдөр Эрээн рүү орчих болов уу. Одоо жолооч нар “Шаргын-Овоо”-нд тусгаарлагдаж үлдээд, машинаа өөр хүнээр бариулаад Эрээн рүү оруулж байгаа. “Шаргын овоо”-ноос Замын-Үүд рүү, тэндээс чөлөөт бүсийн хашаа руу, дараа нь “нойл цэг” рүү, тэндээс өөр нэг монгол жолооч аваад ачаа ачих талбайд аваачдаг. Машин маань хоёр, гурван жолоочийн гар дамжиж байж Хятад руу ордог.  

ӨДӨРТ ЭРЭЭН РҮҮ 50-60-ХАН МАШИН ОРУУЛДАГ

Машиныг нь Эрээн рүү оруулаад, буцаан гаргаж ирж буй жолоочид хэдэн төгрөгний хөлс өгдөг вэ?

-Чөлөөт бүсийн хашаанаас “нойл цэг” рүү аваачдаг жолоочид 65.000 төгрөг өгдөг. БНХАУ-д байрлуулсан 70 монгол жолооч нар “нойл цэг”-ээс бараа ачих талбай руу машинуудыг зөөдөг. Машин маань ийм олон жолоочийн гар дамжиж явсаар буцаж ирдэг. Халдвар хамгааллын дэглэм сайтар баримтлах учиртай ийм эгзэгтэй, сэрэмж алдаж болохгүй цаг үед халдвар авчих вий, машинаар дамжаад халдах вий гэж санаа зоволгүй яах вэ.

Одоо ЗамынҮүдэд хэчнээн том тэрэг дугаарлан зогсож байгаа бол, ойролцоогоор?

-Өнөөдөр би найзынхаа нэг машиныг дугаарлуулж тавьчихаад ирлээ. Лав 2000-аад том тэрэг дугаарлаж байна. Эрээн рүү хэзээ орох юм бүү мэд. Жолооч нар дэмий л очероо хүлээж байна, яг над шиг. Өдөрт Эрээн рүү 50-60 машин л оруулж байгаа. Тэгэхээр очер яаж урагшаагаа ахих вэ. Өдөрт ядаж 200-300 машин БНХАУ руу оруулбал юухан байх вэ дээ. Бид энд ингэж сар шахам хүлээхгүй, Эрээнд бараа тэгж гацаж, удахгүй. Ачааны хөлс ч буурна.

АЧААНЫ ХӨЛС ӨНГӨРСӨН ЖИЛИЙНХЭЭС 3.5 ДАХИН НЭМЭГДСЭН

Эрээн рүү машинаа оруулчихсан байхад ачаа элбэг байна уу. Одоо хэдэн төгрөгөөр ачаа ачиж байгаа вэ?

-БНХАУ руу орчихсон байхад ачаа олдохгүйн зовлон үгүй, хөлс өндөртэй. Улаанбаатараас Замын-Үүд рүү ачаа ачих зөвшөөрөл авах чанга, Замын-Үүд Эрээний хооронд ийм их очертой, машин ховор байгаа учраас тэр. Одоо бид нэг явалтандаа 10 сая төгрөгийн хөлс авч байгаа.

Тэгэхээр өнгөрсөн жилийнхээс гурав дахин нэмэгдсэн гэсэн үг үү?

-Тийм ээ. Өнгөрсөн жил ТИР гурван саяар ачдаг байсан. Эрээнд ачаа хэчнээн элбэг ч асуудал бас бий. Эрээн рүү машинаа оруулахаасаа өмнө ачих ачаагаа олно, ерөнхийд нь тохирно. Өвөр Монгол иргэдтэй холбоо барина, нөгөөдүүл чинь дундаас нь “чавчих” гэж оролдоно. Би хөлсөө бүтэн авахыг бодно. Жолооч нар “Шаргын-Овоо” дээр тусгаарлагдаад үлдэнэ, машинаа бариад Эрээн рүү орохгүй. Хүний юмыг хүн хайрлахгүй. Сэв суулгана, жин тонн хэтрүүлж хамаагүй ачих энүүхэнд.

Монгол руу хэр удаж орж ирдэг вэ?

-Ачаагаа л аччихвал 2-3 хоноод Монголд ороод ирж байгаа. Уул уурхайн машинуудтай давхацчихвал уддаг. Тэгэхгүй бол аргатай. Жин тонн хэтэрчихвэл Замын-Үүдэд илүүдсэнг нь буулгадаг. Тэгээд л Улаанбаатарт ирдэг. Жолооч нь өөрөө байхгүй юм чинь гээд машинд ёстой яхийтал нь ачдаг, Өвөр монголчууд. Жин тонн нь байнга илүү гардаг.

ТӨРӨЛ БҮР АЧДАГ МАШИНУУДЫГ ТҮР ХУГАЦААНД УЛААНБААТАРААС ЗАМЫНҮҮД РҮҮ ЯВУУЛАХГҮЙ БАЙНА

Энэ сарын 20-ноос хойш Улаанбаатараас Замын-Үүд, Эрээн рүү зөвхөн хүнс, шатахууны машиныг л явуулж байгаа. Одоо төрөл бүрийн ачаа ачих машинууд Улаанбаатараас энд ирэх боломжгүй. Энэ сарын 30 хүртэл хориглосон гэнэ лээ.

Одоо машин урагшаа ороод, Монгол руу буцаж ирнэ, жин тонн хэтэрсэн ачаагаа буулгаад Улаанбаатар очтол ойролцоогоор 28, 29 болно. Тэгээд Улаанбаатарт очингуутаа Замын-Үүд рүү явах хүсэлт гаргана. Хариу гарах гэж бөөн юм болдог. Хариу нь гарах гэсээр байтал хязгаарлалтын хугацаа дуусчих байх.

Улаанбаатараас Замын-Үүд рүү явах зөвшөөрөл авах ёстой адармаатай, ядаргаатай. “Таны өмнө тэдэн хүн байна, болоогүй байна” гээд хүлээлгээд байдаг юм. Үнэхээр үнэн юм уу, гар хараад байдаг юм уу, бүү мэд. Хэдэн төгрөг өгчихөөр зөвшөөрлийг нь шууд гаргаад өгчихдөг гэх яриа бий. Үнэн байх аа даа. Манайхан л болсон хойно хэдэн төгрөг салгахаа мэдэлгүй дээ.

-VII сарын 1-нд хөл хорио тогтоох шуум гарсан. Тэгвэл та ЗамынҮүдэд буцаад ирж амжих уу?

-Өө, тэгвэл амжихгүй юм байна. Улаанбаатарт хөл хорионд орох юм байна л даа. Энэ сарын 30 хүртэл зөвхөн хүнс, шатахууны тээврийг зөвшөөрч байгаа. Хүнс, шатахуун мань мэтэд олдохгүй. Дандаа компаниуд ачдаг юм. Тэгээд зөвшөөрөл хүсээд, хариуг нь хүлээдэг. Нөгөөдүүл нь гар хараад хэвтчихдэг.

Машинаа Эрээн рүү оруулахын тулд юу болдог, ямар нөхцөлд байгаа талаар тэрбээр ийн ярьлаа. Г.Төрболд шиг олон зуун жолооч “Шаргын-Овоо”-нд тусгаарлагдаж үлдээд, машинаа Эрээн рүү ороод буцаж гарт иртэл хүлээдэг. Машин нь 25 хоноод Замын-Үүдийн хилээр орж ирлээ гэхэд тусгаарлалтын байранд төдий хугацаанд хүлээнэ гэсэн үг. Гэрээсээ хол, хүний нутагт тэгээд тусгаарлалтын байранд ийм олон хононо гэдэг амаргүй нь ойлгомжтой. Тэгвэл “Шаргын-Овоо”-нд жолооч нарыг хэрхэн тусгаарлаж байна вэ. Тэнд нөхцөл байдал ямар байна вэ. Халдвар хамгааллын дэглэм ягштал баримталж байна уу. Энэ талаар жолооч М.Сүхбаттай ярилцлаа.

М.СҮХБАТ: МАШИН МААНЬ ЭРЭЭН РҮҮ ОРООД БУЦАЖ ИРТЭЛ ТУСГААРЛАЛТЫН БАЙРАНД ХҮЛЭЭДЭГ

Та ЗамынҮүдэд очиж, тусгаарлагдаад хэд хонож байна вэ?

-15 хонож байна. Би Увс аймгаас ачаа ачихаар ирсэн юм. Энд тээвэрт яваад гурван сар болж байна. Ихэнх жолооч нар Замын-Үүдэд машинаа хүлээлгэж өгчихөөд, хүнд захиад хот руу буцчихдаг. Хотод гэртээ байж байгаад машин нь Замын-Үүдийн хилээр буцаж гарч ирэхийг дөхүүлээд ирдэг юм. Би ч бас тэгдэг бол сайхан л байна. Манай гэр Увсад байдаг болохоор тэгэх боломжгүй. Уг нь Замын-Үүдэд манай нэг ахынх бий. Даанч хотоос том тэрэгтэй ирсэн жолооч нарыг Замын-Үүд рүү оруулахгүй, энд тусгаарлаж байгаа. “Шаргын-Овоо” дээрээс өөр хүн миний машиныг аваад явдаг, чөлөөт бүс рүү оруулдаг.

САРД ГАНЦХАН УДАА ЯВЖ АМЖВАЛ ИХ ЮМ

Машин нь Эрээн рүү орох дөхөж байгаа юу?

-Энд тусгаарлагдсан учраас машин дээрээ очих, Эрүүн рүү жолоодоод орох боломжгүй. “Одоо хэд дээр явна, орох болж байна уу” гээд хүнээс л асуудаг юм. Манай машины очер болоогүй байна гэнэ лээ. Одоо дахиад тав лав хонох байх. Тэгээд гарч иртлээ бас 3-4 хононо. Машин урагшаа 20 гаруй хоног дугаарлаж байж ордог. Сард ганцхан удаа ачаа ачиж амжвал их юм болж байна. VII, VIII сард ачаалал улам ихэснэ. Хоёр сард ганц явж амжвал дээдийн заяа болох байх. Хүний нутагт, тусгаарлалтын байранд 20 гаруй хонох ямар олиг байх вэ. Ядарна, сэтгэл санаагаар унана. Тэглээ гээд болилтой нь биш. Халдвартай, хаа сайгүй эдийн засаг хямарсан өнөө цагт өөр ажил олдохгүй.

ЖОЛООЧДЫГ ТУСГААРЛАХ БАЙРАНД ХАЛДВАР ТАРХАХ ЭРСДЭЛ ИХ

Тусгаарлах байрны орчин нөхцөл ямар байна вэ. Халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлуулж чадаж байна уу?

-Яг тэр тал нь хэцүү, хэцүү. Тусгаарлах байрны нэг хоногийн хөлс нь 20.000 төгрөг. Хоол гэх мэт бусад зардал нь тусдаа. Улсаас юу гэж даах вэ. Жолооч нар өөрсдөө төлдөг. Энд ер нь эвгүй. Манайхан л болсон хойно их назгай. Жолооч нар өрөө, өрөө хэсэж явна, хөзөр тоглоно. Халдвар хамгааллын дэглэм их алдагддаг.

Нэг өрөөнд хэдэн жолоочийг тусгаарладаг вэ?

-Дөрвөн жолоочийг нэг өрөөнд тусгаарладаг. Халдвар хамгааллын дэглэм баримтлах, шаардлага тавих тал дээр их муу. Осолдохгүй тусгаарлагдахдаа түргэвчилсэн шинжилгээ өгдөг. Халдвар нэг алдагдвал нийтийн ийм байранд ёстой баларна. Азаар жолоочоос халдвар илэрлээ гэж сонсогдохгүй байна.

Жолоочдын тусгаарлаж буй нөхцөл байдал нэг иймэрхүү. Хятадад ачаа бараа гацаж буй гол шалтгаануудын нэг нь яах аргагүй машины хомсдол. Ачаа ачих зорилгоор Улаанбаатараас Замын-Үүд рүү явах зөвшөөрөл авна гэдэг тун ч хүндрэлтэй, хүнд сурталтай байгаа нь үүнд ихээхэн нөлөөлж буйг М.Сүхбат, Г.Төрболд нар учирлаж, толгой сэгсэрч байлаа. Ачаагаа буулгачихаад буцаад Замын-Үүд явах зөвшөөрөл авах яагаад жолооч нарын “шүдний өвчин” болов. Энэ талаар бид жолооч Д.Эрдэнэбаттай ярилцаж, зарим зүйлийг тодруулсан юм.

Д.ЭРДЭНЭБАТ: ЗАМЫН-ҮҮД РҮҮ ЯВАХ ЗӨВШӨӨРӨЛ ГАРАХЫГ ДОЛОО ХОНОГ ХҮЛЭЭСЭН

Та Улаанбаатарт ачаагаа буулгачихаад зөвшөөрлөө гарахыг хэд хоног хүлээдэг вэ?

-Анхандаа маргааш нь л шууд гарчихдаг байсан юм. Тэгж байгаад хоёр, гурав хонодог болсон. Сүүлд би зөвшөөрөл хүсэхэд тав хоногийн дараа гарсан. Эрээн, Замын-Үүдийн ачааны эргэлт ямар байгаа билээ. Эрээнд ачаа шиг элбэг юм алга. Жолооч бид үргэлж л яарч явдаг. Улаанбаатар руу ачаагаа ачаад ирж явахад л “Хэзээ ирэх вэ. За, тэдэн тонн ачаа бэлэн болсон. Гялж буцаж ирээд тэднээс өмнө ачаарай. Ачааны эзэн нь уурлаад, яаруулаад байна” гэдэг. Тэгээд л яарч, тэвхцэж явсаар байтал таардаг юм.

Замын-Үүдийн хил дээр 20 гаруй хоног дугаарлана, цаашаа өөр, өөр жолоочийн гар дамжсаар Хятад руу орно. Тэгээд буцаж гарч ирнэ. Илүүдсэн ачаагаа Замын-Үүдэд буулгаж, шилжүүлж ачна. Тэгээд Улаанбаатарт ирнэ. Эндээс зөвшөөрөл хүсээд, хариу нь нь гарахыг хүлээнэ. Ёстой нэг заваарсан юм болдог. Иймэрхүү л байдалтай Эрээнээс Улаанбаатар руу ачаа тээвэрлэж байна, жолооч бид.

ЗӨВШӨӨРЛӨӨ ХҮЛЭЭГЭЭД МАШИНДАА ТАВ ХОНОСОН

Зөвшөөрлийнх нь хариу гарах хугацаанд Улаанбаатарт хаана байдаг вэ?

-Манайх Замын-Үүдэд байдаг. Улаанбаатарт нэлээд хэдэн хамаатан садан маань бий. Хоёр ч төрсөн дүү минь амьдардаг. Улаанбаатарт ачаа ачаад байнга очдог болохоор тэд нарындаа үргэлж хонох хэцүү. Халдвартай байгаа өнөө цагт бүр ч хэцүү. Хонох гэж очоод халдвар тараачихвал ёстой баллана. Сүүлд зөвшөөрлийн хариу долоо хоног хүлээлгэсэн гэж түрүүн би хэлсэн. Тэгэхэд тав хоногт нь машиндаа хоносон.

Одоо энэ зөвшөөрөл авна гэдэг туйлын хэцүү, хүнд сурталтай болсон. Жолооч нар хэдэн төгрөг атгуулчихаар шууд гаргаад өгчихдөг гэх юм билээ. Би тэгж хахууль өгч үзээгүй. Тэд ажлаа л хийж байгаа, надад гаргаж өгөх ёстой гээд л зүтгэчихдэ. Тэгдгээс болоод уддаг ч байж магадгүй. Цөхрөнгөө бараад асуухаар “Таны өмнө тэдэн хүн байна. Болоогүй байна” гээд халгаадаггүй. Хэдэн ааштай хүүхэн лавлах утсаа авдаг юм. “Тэвчээргүй” гэж тас загнаад утсаа салгачихдаг.

Одоо би удахгүй ачаа ачаад Улаанбаатарт очно. Дахиад Замын-Үүд рүү ирэх хүсэлт гаргачихаад өмнөх шигээ долоо хоног хүлээвэл хэцүү л байна. Хэн ч тэгэхийг хүсэхгүй. Цөхөрсөн жолооч нар хахууль өгдөг сурагтай. Цаанаасаа ч албаар жолооч нарыг цөхрүүлж, мөнгө салгахыг боддог юм шиг байна лээ.

Монголд ер нь гар хардаггүй, хүнд сурталгүй юм алга. Шударга байдаг бол хэн ч хахууль өгөхийг, гарыг нь хүндрүүлэхийг хүсэхгүй. Ер нь зөвшөөрөл олгох “хахууль” дийлдэхээ байлаа. Төр засаг Замын-Үүдийн хилийг хаалгачихгүй гэж их хичээж байна. Харамсалтай нь, сайны хажуугаар саар зүйл их байна аа.

Улаанбаатараас ЗамынҮүд рүү явах зөвшөөрөл олгох ажлыг аль байгууллага хариуцдаг вэ?

-Замын-Үүдээс Улаанбаатар хот руу ирэхийг Замын-Үүдийн Онцгой комисс, Улаанбаатараас буцаж очихыг Замын-Үүдийн цагдаагийн байгууллага хариуцдаг. Жолооч нар Замын-Үүд рүү явах хүсэлтээ тийшээ гаргаж, зөвшөөрөл хүсдэг.

ӨДӨРТ 30 МАШИНД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОНО ГЭДЭГ МӨРТЛӨӨ ЗАМЫН-ҮҮД РҮҮ ХЭДЭН ЗУУГААР НЬ ЯВУУЛДАГ

Монголд хийж буй PCR шинжилгээг Хятадын тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул  ГХЯ-наас ноот бичиг хүргүүлсэн“

Улаанбаатараас ЗамынҮүд рүү өдөрт 30 машин явуулах журам баталсан гэсэн. Одоо хэвээрээ юү?

-Уг нь тэгж ярьдаг, биднээс шаарддаг л юм. Өдөрт 30 машин л явуулна гэдэг мөртлөө 100, 100 машинд зөвшөөрөл олгочихсон байдаг. Замын-Үүдэд нэг өдөрт очсон машинй тоог би мэдэлгүй яах вэ. 30 байтугай 100-гаар л тоологдоно. Тэгэхээр 30 нь хүсэлт гаргаад, журмынх нь дагуу гарлаа гэж бодоход бусад нь хууль бусаар, юм атгуулаад явсан болж таарч байгаа байхгүй юу. Тэгэхээр Монголд ер нь шударга зүйл байна уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

10 Сэтгэгдэл

  1. Omno ni 7500-8000 yunaar baraa achdag bsan bol odoo 35000-40000 baraa achij bn. Ereenii gaaliin hashaa duuren baraa bn, 6.21-6.24 hoorond nemj yamarch baraa avahgui gesen shiidver ereen talaas gargasan. Mongolchuudiin achaa ereeneer duuren bn. Olhiogui tor zasagtai bolohoor, irged ni hurtel tuildaj yaduurah yum daa

  2. Егүүр маш зөв сэдэв хөнджээ.Анх өөрөө явдгийг бодвол ачаа тээвэрлэлтийн үнэ яг 5 дахин өссөн нь үнэн.Хэдэн хармааны, хахуулийн , ,дарга нарын машин монополь эрхтэй гэж яригддаг юм аа.Зовлон болоход нохой зочлов гэгчээр цар тах####ыг д####имдуулж ашиг хонжоо хардаг нөхдийг цэгцлэх цаг нь болсон доо.Анхаар#### тавьдаг байгууллага байна уу.Аж ахуй нэгжээ үнэ нэмлээ гээд торгоод сүйд болоод байдаг байгууллагууд тийш нь анхаарлаа хандуулаач ээ

  3. Харамс####тай нь бүгд хорио цээрийг дэглэмээ мөрддөггүйд байна.хорио цээрийг зүгээр ажил зохиосон болж харагдах гэж зарладаг.энгийн иргэд ажил амьдр####аа хохироож мөрддөг.гэтэл эрх мэдэлтнүүд үл тоодог.одоо төр ажлаа шударга хүмүүсийн ажил амьдр####ыг дэмжих бодлого барьж хийгээч.Шоугаа зогсоо.

  4. 1-машины ханш Эрээн-УБ хооронд 43000 юань 1 тир. Хятадын т####ын хил дээрхи Бүдүү Орлены хашаанд түгжигдээд барааг Монгол машинд хятад худ####даачид өгч явуулж байгаа.Жолоочидод зөвхөн Зам-үүд-УБ хүрэх тээвэрийн хөлс өгч байгаа.Хоёр т####ын хил,га####ь,хорио,мэргэжлийн хян####тын зард####ууд бүртгэлээс гадуур 2 т####даа хувааж аваад Монголын худ####дан авагч нарт ямарч НӨАТ-н баримт өгөхгүй байгаагаас Монгол улс хөгжиж чадахгүй бүртгэлгүй хар бизнес хийхэд/бүртгэлээс гадуур/тулган хүлээлгэгдэж байна.Монголд ер нь төр засаг байна уу?? Энэ Мафийн бүтэцээс с####ах цаг болсон.!!!Бүдүүн бол эрээний атоман хүн дугуйчин хийж баяжсан Монголд Мөнгөн гүүр ББСБ ажллуулдаг байсхн этгээд шүү.Монголчууд 1 ш хужаад дарлуулах гэж !!!Энэ хулгайчаас с####ьяа???

  5. Ийм учраас л энэ МАН чинь ховор зөвшөөрөл болгонд том том авилг#### авдаг, төрөөс төрсөн олон Тэрбумтануудтай нам юм шүү дээ. Саяхан л тэд 300 сая орчим төг-н үнэтэй 200ш. шинэ загварын Ланд300 автомашиныг 2 цагийн дотор захи####ж, дуусгаж байхав дээ.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button