НИЙГЭМ

Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээх тухай тогтоолын төсөл өргөн барилаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.06.23) өргөн барилаа.

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах Засгийн газрын саналыг зөвшилцөн, дэмжиж шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Дипломат албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу дээрх шийдвэр, АНУ-ын зөвшөөрлийг үндэслэн тус улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. 

Одоогийн байдлаар 30,000 орчим монгол иргэн АНУ-д оршин суугаагаас 10 мянга орчим нь суралцаж байна.Монгол иргэд АНУ-ын зүүн эргийн Вашингтон хот орчим (6,000), төвийн бүсийн Чикаго хот орчим (8,000), баруун эргийн Лос Анжелес (2,000), Сан Франциско (4,000), Сиатль (1,500) хотод тус тус төвлөрөн оршин суурьшдаг.

Баруун, зүүн эргийн хотуудад амьдарч буй Монгол иргэдэд консулын үйлчилгээ хүрч байгаа боловч АНУ-ын төвийн бүсэд, тодруулбал Чикаго хот орчим оршин суугаа иргэдэд консулын үйлчилгээг ойртуулах шаардлага үүсжээ. 

АНУ дахь Монгол иргэд Чикаго хотноо төвлөрөн суурьших болсон шалтгаан нь ажлын байрны олдоц сайн, амьжиргааны түвшин харьцангуй бага, байрны түрээс хямд байдгийн зэрэгцээ Иллинойс мужийн нийгмийн халамжийн ээлтэй бодлого (шинээр төрсөн хүүхдийг даатгалд хамруулж, 16 нас хүртэл нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг гэх мэт)-той холбоотой болно. 

Мөн сүүлийн жилүүдэд монгол иргэд ачаа тээвэр, гоо сайхан барилгын чиглэлээр 50 орчим компани эрхэлж, гурван монгол сургууль, Чикаго хот дахь Монгол иргэдийн холбоо, Монгол төв зэрэг иргэдийн үүсгэл, санаачилгын 20 гаруй байгууллага үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байгаа аж. 

ЭСЯ-наас Чикаго хотод консулын үйлчилгээ үзүүлэх үед Индиана, Висконсин, Мичиган, Мизури, Миннесота ээрэг залгаа мужид оршин суугаа монгол иргэд олноор үйлчлүүлнэ гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Тогтоолын төсөл батлагдсанаар АНУ-ын худалдаа, эдийн засаг, банк санхүү, аялал жуулчлалын томоохон төв, 8,000 орчим Монгол иргэд оршин суудаг Чикаго хотод Консулын газар нээн ажиллуулах нь хоёр орны худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх болон төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулах, иргэдийн эрх, ашиг сонирхлыг цаг алдалгүй хамгаалах чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button