Нийгмийн

Урлагт хайртай ч эдийн засагч болж, өдгөө барилга барьж буй “Цэцгэн эрхи”-ийн О.Ананд

Ээж ээ таны цаст цагаан
Гантиг өлмийд тань цэцгэн эрх өргөе гэж
Цэцэг түүлээ
Таны сайхан сэтгэлээ олдог байсан номин талаас
Сайн мууг ялгалгүй сэрүүцдэг
Үүлэн сүүдэр дороос
Эзгүйд минь миний дууг сонсдог
Эрх танхай цэнхэр горхины хөвөөнөөс
Цэцэг түүлээ
Цэцэг түүхдээ би уйлж түүлээ
Унасан харууслын нулимс
Оньсон цэцэг бүрийг олж түүлээ
Тандаа цэцгэн эрх өргөе гэхэд
Нэгэн зуны байтугай
Нэгэн зууны цэцэгс ч үл хүрэлцэнэ... Тэртээ 2008 онд О.Ананд хүү 11-н насандаа нэрт найрагч Б.Лхагвасүрэн гуайн шүлгийг уншсан нь дүрсжиж, олны анхааралд өртөөд байв. Насандаа баймгүй хэвлүүхэн, басхүү хэрсүү өссөн тэрбээр айлын том хүү.

Ижий аавыгаа ажилдаа явсан хойгуур дөрвөн дүүгээ асрахаас эхлүүлээд, үүрэг хариуцлага ихтэй өсчээ. Багаас хөдөлгөөнтэй, басхүү спортод дуртай тэрбээр туйлын сониуч нэгэн. Тиймдээ ч сонирхож шохоорхсон бүхнээ туршиж, өөрийгөө сорьсоор явсан нь түүнийг шүлэг унших, цаашлаад урлагтай учруулсан гэхэд буруудахгүй. Тэрбээр энэ тухайгаа дурсахдаа:

“Тухайн үед “Kiss ФМ”-ийн захирал н.Өнөрөө ах “Бас л завгүй-1” тоглолтод надаар шүлэг уншуулъя хэмээн санал тавьж байлаа. Анхныхаа тайзанд гараад унших шүлгээ мартаж, нэг хэсэг цочролын байдалтай дуугүй зогссон. Микрофон барьсан гар, өвдөг гээд бүхий л бие маань сандарсандаа дагжин чичирч байсныг одоо ч тод санадаг.

Духны хөлс урсаж, бүр дусалж байлаа. Гэтэл тайз дүүрэн үзэгчид надад урам өгч, алга ташихад эрхгүй зориг орсон. Тэгээд л амьсгаагаа гүнзгий авч байгаад шүлгээ дахин эхлүүлж, уншиж дуусгасан. Анхны тайз надад маш их урам өгсөн” хэмээн хэлэхэд түүний хоолой үл ялиг чичирч байсан юм.

Бидний яриа түүний хүүхэд нас, ижий аавын тухай үргэлжлэв. О.Анандын аав насаараа замын цагдаад ажилласан бол ээж нь телевизийн зураглаач мэргэжилтэй аж. Хэдий урлагаас хол гэр бүлд өссөн ч, түүний урлагтай холбогдсон нь түүх нь хувь төөрөг гэлтэй. Сургуулийнхаа бүхий л арга хэмжээнд оролцдог идэвхтэй хүү тэрбээр “Уран жиргээ”, “Хүрэл тулга” наадмуудад чин сэтгэлээсээ дурлан оролцдог байжээ.

Магад түүнийг дунд ангид байхаас л шүлгийн авьяас нь тодорсон аж. Ийнхүү шүлгийн авьяасаа хөгжүүлэхээр “Шаанс” агентлагт Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Чаминчулуун, гавьяат жүжигчин У.Батбаатар нарын удирдлага дор суралцаж, шүлэг яруу найрагт эрхгүй татагдсан байна.

“ЦЭЦГЭН ЭРХИТЭЙ УЧИРСАН ТҮҮХ”

2008 оны намар. О.Ананд хүү гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18-р дунд сургуулийн долдугаар ангид суралцдаг байв. Ангийнх нь хүүхдүүд цөм дүрэмт хувцсаа өмсөн, үс зүсээ засацгаана. Харин ангид нь СУИС-д суралцдаг өөрөөс нь нэлээн эгчмэд оюутан охин ангийн багшийн дүрд бэлтгэнэ. О.Ананд хүү өнөөдрийн гол дүр. Дүрдээ хэрхэн орж, шүлгээ унших вэ гэсээр багагүй сандралтай ч, дотроо догдлон сууна.

Ангийнхаа хүүхдүүд, танихгүй оюутан, найруулагчид, олон камерын өмнө тэрбээр шүлэг унших ёстой. Эхний оролдлого. Бага зэрэг сандарсан ч оролдого талаар болсонгүй. Гэвч шүлэг амьгүй, нэг л сүнсгүй болоод байв. Энэ үед найруулагч түүнд шидэт үгсийг шивнэсэн нь, О.Анандад хүч өгөх шиг болжээ. Тэрбээр энэ тухай:

“Шүлгээ уншихдаа би сэтгэл хөдлөлгүй, нэг л хоосон уншаад байсан. Тэр үед найруулагч минь надад ээжийгээ бодоод, нүдэндээ төсөөлөөд унш хэмээгээд бид хэсэг ярилцсан. Жүжигчний дөргүй намайг эхний 2-3 оролдлогоор л шүлгийг амжилттай уншуулсан учир би тэр хүнд баярлаж бас талархаж явдаг. Ингээд найруулагчийн хэлснээр шүлгээ дотроо төсөөлж, ээжийгээ бодоод уншсан. Өөрийн эрхгүй л нүднээс нулимс дуслаад шүлэгтээ бүрэн орсон байлаа.

Шүлгийн агуулга гүн гүнзгий. Унших бүрийд дотор гуниг төрдөг. Тиймээс би энэ шүлгийг олон унших дургүй. Уншсаар байвал эрүүл саруул ижий минь өвдчих юм шиг санагдаад сэтгэлд хөндүүр сэвтэй байдаг тул одоо ч эмээдэг” хэмээн санаа алдлаа. Тиймээс ч шүлгийн тухай цаашид асуусангүй. Харин энэ удаа дүрсжүүлсэн шүлгээ анх үзээд төрсөн сэтгэгдлийг асуулаа. Дууны өнгө үл ялиг цаашаа орж, шүлсээ залгина.

Ингээд тэрбээр “Бага зэрэг ичсэн гэх юм уу. Хэдийгээр бусад хүмүүс, ангийнхан гоё гэж байсан ч, хүн өөрийгөө хараад алдаа дутагдлаа олж хардаг юм билээ. Надад тухайн үед маш дутуу л санагдаж байсан. Ингээд дараа, дараагийн удаа илүү сайжирна” гэх урам зориг орж байлаа. Ямартай ч их сайхан дурсамж үлдсэн” гэлээ.

УРЛАГТАЙ УЧИРСАН Ч...

Магад шүлэг уншиж, хэд хэдэн хошиг шог, кино уран бүтээлүүдэд дүр бүтээн танигдаад байсан ч тэрбээр жүжигчин болсонгүй. Монгол Энэтхэгийн хамтарсан сургуулийг төгсөж СУИС-д шалгалт өгсөн ч, оролдлого нь бүтэлгүйтжээ. Энэ нь ур биш аз дутсан явдал байлаа. Түүний өвөөгийн аав нь олон төрлийн хөгжмийн зэмсэг эзэмшсэн чадварлаг хүн байсан аж. Иймд О.Ананд ч мөн урлагийн ажлаа хэзээ ч орхихгүй гэсэн юм. Мэдээж бидний яриа “Яагаад” гэдэг асуулт руу эрхгүй орсон юм. Багаасаа урлагийн тогоонд орж, зовлон жаргалыг гадарлаж өссөн түүнийг тэс өөр мэргэжил, тэр дундаа Олон улсын эдийн засагч мэргэжлээр сурч төгссөнд олны гайхаш төрсөн нь нууц биш.  Тэрбээр энэ тухайгаа

“Би 2009 онд Голомт банкинд мэргэжлээрээ ажиллаж байсан. Гэвч уран бүтээлийн ажлын шалтгаанаар хөндийрсөн. Жүжигчин, урлагийн салбар миний хобби. Аз жаргал тайвшрал авчирдаг зүйлсийн нэг. Гэвч манай улсад дан ганц урлагаар явах зах зээл хязгаарлагдмал. Дээр нь мэргэжил бүрт л сайхан, саар зүйлс бий. Тиймээс би салбар бүрт л өөрийгөө шингээж, сорихыг эрмэлздэг” гэв.

Тэрбээр асуусан асуулт бүрт нухацтай, тайвнаар хариулж байлаа. Түүний ярианаас О.Ананд хөдөлмөрийн үнэ цэнийг хүүхэд байхаасаа мэдэрч, зохицож амьдарсан нь илт байв. Ингээд бидний дунд түүний анхны цалингийн тухай яриа өрнөв. Дээр дурдсанчлан, “Бас л завгүй-1” тоглолтын үеэр тэрбээр шүлэг уншаад авсан цалингаа ярьлаа.

“Тайзнаа гараад маш их догдлолтой байлаа. Ингээд надад ажлын хөлс гэж 100.000 төгрөг өгч байсан. Тухайн үед маш их мөнгө шүү дээ. Баярлаад л цалингаа ээждээ өгсөн. Ээж минь намайг тоглолтод орохыг мэдээд үнэтэй хувцас захиалгаар хийлгэж байсан. Тиймээс анхны цалингаа ээждээ өгөх мэдрэмж хамгийн сайхан байлаа.

Ер нь намайг урлагт, өдий зэрэгтээ яваад эцэг эхийн минь оролцоо, өсгөж хүмүүжүүлсэн ач тус их. Тэдэндээ төлж барамгүй их өртэй” хэмээв. Энэ үед түүний сэтгэл хөдлөл өндөр, дууны өнгөөс баяртай байгаа нь мэдрэгдэв.

-ЖҮЖИГЧИН, НАЙРУУЛАГЧ, ЗУРГИЙН ДАРГА-

Цэцгэн эрхитэй учирснаас хойш яруу найрагчдийн нэрт бүтээлийг тэдний зөвшөөрлөөр уншиж, дүрсжүүлэхээс гадна кино уран бүтээлд дүр бүтээж эхлэв. Дунд ангид суралцдаг тэрбээр хичээлийнхээ хажуугаар урлагийн ажлаа амжуулна. Маш завгүй ажиллаж байсан ч, өөрөө дуртай учир мэдээж кайфтай. Х Түц продакшны бүтээл “Айлын том” уран бүтээл,

2018 онд МҮОНТ-ийн бүтээл “Эрт нахиалсан сарнай” олон ангит киноны Сонорын дүр гээд том жижиг олон дүрүүдэд тоглов. Зөвхөн жүжигчин гэлтгүй тэрбээр “Хуйвалдаан” киноны маркетинг менежер, сүүлд “Нөхөрт гарсны маргааш” теле контентод зургийн даргаар  ажилласан байна. Тэрбээр энэ тухайгаа “Кино уран бүтээлд жүжигчнээр тоглох, эсвэл арын албанд ажиллах гээд аль аль нь л маш сонирхолтой. Аль алинд нь л дуртай” гэв.

-БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ-

Амьдралаа тэр чигээр сорилт болгосон О.Ананд өдгөө Ховд аймгийн хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож явна. Тэрбээр хуурай ахынхаа хамт “Шүр гарден” гэх 138 айлын жишиг орон сууцыг барих төслийн ерөнхий менежерээр ажиллаж байгаа аж. Тэрбээр энэ тухайгаа дурсахдаа:

"Би энэ ажлыг эхлүүлээд гурван сар болж байна. Ховд аймагт ирээд хоёр сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ удаа барилгын төслийн менежерээр ажиллаж байна. Төсөөлснөөс ажил бүтэмжтэй байгаа. Барилгын салбар ч мөн надад маш их таалагдаж байгаа” гэв. Тэрбээр хотод ажиллах хэд хэдэн барилгын ажил байгаагаа ч хэлсэн юм.

Ховд аймгийн бүтээн байгуулалтаа ирэх жил хүлээлгэн өгөх бөгөөд дараа дараагийн төлөвлөсөн ажлаа хийхээр зорьжээ. Түүний багахан чөлөө заваар зорьж ярилцсан нь энэ байв. Ярианы төгсгөлд бидний яриа түүний хувийн амьдрал руу өнгийгөөд амжив. Тэрбээр найз бүсгүйтэйгээ амьдарч буй бөгөөд хайр дурлалын асуудалд хүлээцтэй байж, сэтгэл хөдлөлөөр хандахгүйг хичээдэг гэв. О.Ананд залууст хөдөлмөрч байхын үнэ цэнийг ойлгох, цаашлаад эцэг эхийнхээ олсон мөнгөөр бэлэнчилж амьдрах бус өөрөө бүтээж, хөдөлмөрлөөсэй хэмээн хүсэж явдгаа хэллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бод
Бод

Мэдээж 21 -р зуунд хэн урлагаар амьдрах юм...

Зочин
Зочин

Стой танил хүү маань ийм том болчихсон байна шдээ.

Холбоотой мэдээ

Back to top button