СУДАЛГАА: “Pfizer”, “AstraZeneca”-г холих нь сайн хамгаалалт өгдөг

Их Британи эрдэмтэд “Pfizer/BioNTech”, “Oxford/AstraZeneca”-ийн вакциныг хольж тарин туршиж үзжээ. Судалгааны үр дүн тэдгээр вакциныг холих нь коронавирусийн эсрэг сайн хамгаалалт өгдөг хэмээн гарсан байна. “Com-Cov” нэртэй тэрхүү судалгаанд “Pfizer”, “AstraZeneca”-ийн аль нэгнээс хоёр тун, эсвэл хоёуланг нь холивол үр дүнд ямар өөрчлөлт гарахыг шалгасан аж.

“Com-Cov” судалгаанд 50 болон түүнээс дээш насны 850 хүн сайн дураараа оролцож сонгосон вакцины хоёр тунг дөрвөн долоо хоногийн зайтай хийлгэсэн байна. Оролцогч дундаас “AstraZeneca”-ийн дараа “Pfizer”-г хийх нь “Pfizer”-ийн дараа “AstraZeneca” тарихаас эсрэг бие болон Т эсийн хариу урвалыг илүү хүчтэй өдөөжээ. Мөн тэдгээр вакциныг холих нь “AstraZeneca”-ийн хоёр тунг хийснээс хүчтэй эсрэг биеийн хариу урвал үзүүлсэн байна. Хоёр “Pfizer”-ийн тун тарих нь хамгийн өндөр эсрэг биеийн хариу урвалыг өдөөсөн бол “AstraZeneca”-ийн дараа “Pfizer” хийх нь Т эсийн хариу урвалыг хамгийн хүчтэй өдөөжээ.
Мөн Их Британид коронавирусийн аль вакциныг гурав дахь тун болгон ашиглавал хамгийн үр дүнтэй байхыг туршиж эхэлсэн. Кэмбриж дэх Адденбрукын эмнэлэгт 180 хүн сайн дураараа оролцож долоон вакцин тариулах аж. Тэрхүү “CoV-Boost” нэртэй судалгаа нь гурав дахь тунг хийснээр хоёр тун тарьснаас илүү үр дүнтэй байх эсэхийг үзэх юм. Судалгаагаар “Oxford/AstraZeneca”, “Pfizer/BioNTech”, “Moderna”, “Novavax”, “Valneva”, “Janssen”, “Curevac” вакцинуудыг хоёр дахь тунг хийснээс 10-аас 12 долоо хоногийн зайтай тарих аж.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.