НийгмийнСурвалжилга, Нийтлэл

ХӨНДӨХ СЭДЭВ: Хөдөлмөрлөх чин хүсэлтэй ч ажлын талбараас гадуурхагдсаар буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэд

Надад нэг найз бий. Тэр сонсдоггүй. Гэхдээ бид ойлголцдог. Өөр нэг найз минь алхаж чаддаггүй. Тэгсэн ч бид хамт дэлгүүр орно, зугаална. Мөн бас нэг найз минь харж чаддаггүй. Гэхдээ хэлж байгаа үгнээс минь намайг хэн болохыг таньдаг. Бид үнэхээр сайн ойлголцдог...

Хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил хийж чадахгүй, ойлголцоход хүндрэлтэй хэмээдэг. Энэ хэвшмэл ойлголтоос болоод тэдгээр тусгай хэрэгцээт хүмүүсийг ажилд авдаггүй. Авсан ч дарамтлах, чимээгүйгээр хүчирхийлэх тохиолдлууд цөөнгүй. Иймд бид энэ удаа хөгжлийн бэрхшээлтэй гурван иргэний дуу хоолойг та бүхэндээ хүргэх болно. Тэд хөдөлмөр эрхлэхэд гардаг хүндрэл, мөн шийдлийн тухай ярих юм.


Манай улсын нийт иргэдийн 3.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй. Өөрөөр хэлбэл ойролцоогоор 30 хүн тутмын нэг нь тусгай хэрэгцээтэй байна гэсэн үг. 

Эдгээр иргэдэд зориулсан арга хэмжээнүүдийг төрөөс 2018 оноос хойш эрчимтэй авч хэрэгжүүлж эхэлсэн. Гэсэн ч дутагдалтай зүйлс одоо ч байсаар буйг үгүйсгэх аргагүй. “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар”-ын дарга Э.Тамир нэгэн ярилцлагадаа “Өвчин эмгэгийн шалгуур болгон хувь хүний амьдралын бэрхшээл, өөрийн ажил хөдөлмөр эрхлэх хүсэл эрмэлзэл, чадал чадварыг үл хамааран хөдөлмөрийн чадвар алдалтын байдлаар нь үнэлэн тогтоодог. Энэ нь өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин доогуур байхын нэг үндэс болж байна” хэмээсэн байдаг.

Манай улс хөгжлийн бэрхшээлийг тогтоох ЗХУ-ын үеийн аргачлалыг ашигладаг. Үүнд хөдөлмөрийн чадвараа 50-69 хувь хүртэл алдсан тохиолдолд хэсэгчлэн буюу хагас, 70-аас дээш хувь хүртэл алдсан тохиолдолд бүрэн алдсанд тооцно гэж заасан байдаг.

Бидний зүгээс 184 хөгжлийн бэрхшээлтэй, ажил эрхэлдэг иргэдийн дунд ажил эрхлэхэд нь гардаг асуудлуудын талаар судалгаа явуулсан юм. Тус судалгааны дүнг танилцуулъя.

Б.НЯМ-ОЧИР: МАНАЙ АЖЛЫН БАЙР ГАДНАА ИХ ӨНДӨР ШАТТАЙ, БИ ХЭДИЙ ӨГЛӨӨ ЭРТ ИРДЭГ Ч, ДАРГААСАА ҮРГЭЛЖ ХОЖИМДОЖ ОЧДОГ БАЙЛАА

This image has an empty alt attribute; its file name is coverr-11-1-1024x683.jpg

/Хөдөлгөөний бэрхшээлтэй иргэн/

Намайг Бямбадоржын Ням-Очир гэдэг. 34 настай. Анх оюутан байхдаа хүзүү нугасны гэмтэл аваад тэргэнцэрт суудаг болсон. Гэмтэл аваад 10 жил болж байна. Одоо “Түгээмэл хөгжил” ТББ-д дэд бүтцийн хүртээмжийн чиглэлээр ажилладаг. Энэ байгууллагад орохын өмнө замын зургийн компанид зургийн инженерийн туслах хийдэг байсан. Энэ миний эзэмшсэн мэргэжил л дээ. Би энэ мэргэжилдээ ч дуртай. Даанч үүгээрээ ажиллая гэхэд орчны байдал үнэхээр хүртээмжгүй, шантраахуйц байсан.

ХАМГИЙН ХҮНД ДУРСАМЖ

Манай ажлын байр гаднаа их өндөр шаттай, би хэдий өглөө эрт ирдэг ч даргаасаа үргэлж хожимдож очдог байлаа. Яагаад гэхээр гадаа нь очлоо ч гэсэн тэр өндөр шатыг хүний тусламжгүй давж чадахгүй шүү дээ. Туслах хүн хүлээж гудамжинд сууж байх хооронд минь дарга аль хэдийн ирчихнэ. Ажилдаа орохоос гадна өөр олон асуудал гарна. Манай ариун цэврийн өрөөний хаалга нарийхан болохоор би тэргэнцэртэйгээ багтдаггүй байсан. Хүн хэдэн цаг сууж ажиллаж байгаа юм чинь мэдээж ариун цэврийн өрөө орох шаардлагатай болж таарна. Үүнээс болоод шингэн зүйл тэр үед маш бага уудаг байлаа. Шатны асуудлаас болж би үдийн цайндаа ч гарч чаддаггүй байсан. Өдөр болгон гэрээсээ хоол хийж авч ирэх боломж байхгүй. Тэгээд л зарим өдөр хоол идэхгүй гүрийгээд суучихна. Халагдах өргөдлөө өгөхөөс өөр арга надад байгаагүй. Харин одоо хийж байгаа ажил маань хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандсан үйл ажиллагаа явуулдаг болохоор бүх зүйл харьцангуй ижил тэгш байдаг.

АЖИЛ ОЛДДОГГҮЙ ХАМГИЙН ГОЛ ШАЛТГААН

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ажил олгогч байгууллага хооронд үл ойлголцол их гардаг.

  • Тэднийг авч ажиллуулж байгаа компаниуд тэднийг хэрхэн, ямар нөхцөлд ажиллуулах вэ?
  • Ажлын байрны тохируулгыг нь хэрхэн хийх вэ?
  • Бусад хөдөлмөр эрхэлдэг хүмүүстэй адилтган үзэх нь зөв үү гэдэг асуудлууд дээр ойлголт муугаас энэ байдал үүсдэг.

Бидэнд ажиллах таатай орчин бүрдээгүйгээс шантрах, биеийн байдал доройтох, дарамтанд орох, өөрийн хэрэгцээ шаардлагыг бүрэн илэрхийлж ойлгуулж чадахгүй байх явдлууд гардаг. Тэгэхээр дээр хэлсэнчлэн ажиллах таатай орчныг бүрдүүлэх гэдэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажил эрхлэлтэд хамгийн чухал асуудал мөн. Байгууллагууд хувийн зохицуулалтдаа анхаарах хэрэгтэй юм болов уу даа.

ШИЙДЭЛ

Ерөөсөө л тухайн байгууллагын хамт олон эхлээд хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар мэдлэг ойлголт бага хэмжээгээр ч болов авсан байх хэрэгтэй. Тэд ямар хэрэгцээ шаардлагатай вэ, хэрхэн харилцах гэх мэтчилэн зүйл дээр төсөөлөлтэй болно гэсэн үг. Мэдээж тусгайлан харьцах шаардлагагүй л дээ. Гэхдээ юун дээр анхаарах ёстой юм бэ гэдгийг мэдээд авчихвал сайн. Бас ч гэж хэдэн жилийн өмнөхөө бодвол иргэд олон нийтийн дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт хандлага харьцангуй эерэг болоод байгаа гэж миний хувьд харж байна.

Одоогоос 4, 5 жилийн өмнө гэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг очиход тэр болгон ажилд авдаггүй байсан. Хэдий 25 ажилтны дунд нэг хөгжлийн бэрхшээлтэй хүн байх ёстой гэсэн хууль байдаг ч байгууллагууд тэр болгон хөгжлийн бэрхшээлтэй хүнийг авч ажиллуулдаггүй, торгуулиа төлөөд явах сонирхолтой байдаг. Одоо бол харьцангуй байдал өөр болсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд авах сонирхол харьцангуй ихэссэн байна шүү дээ. Яаж гэдгийг нь л мэдчихвэл болох нь тэр.


Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 111.2-д “Аж ахуйн нэгж, байгуулага энэ хуулийн 111.1-д заасан хэмжээнд /25 ажилчин тутамд нэг/ хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүн ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд сар бүр төлбөр төлнө” хэмээн заасан. 

Энэ талаар хөдөлмөр, нийгмийн хамгааллын институтаас хамгийн сүүлд буюу 2019 онд хийсэн судалгаанаас үзвэл:

Тухайн үед 25 ба түүнээс дээш ажилчидтай нийт 2061 аж ахуй нэгж байгууллага байсан. Тэгвэл дээрх хуулийн заалтын дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажиллах боломжтой орон тоо 19544 байжээ. Гэтэл тус онд ердөө 4921 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажил эрхэлж байсан.

Б.БАТТӨР: ЭЗЭМШСЭН МЭРГЭЖЛЭЭРЭЭ СУРГУУЛЬД ОЧООД БАГШЛАХ ГЭХЭЭР БҮХ СУРАХ БИЧИГ ЗӨВХӨН ЭНГИЙН БАГШ НАРТ Л ЗОРИУЛСАН БАЙДАГ.

/Харааны бэрхшээлтэй иргэн/

Намайг Батхүүгийн Баттөр гэдэг. Би нэг нас хүрээгүй байхдаа бүрэн хараагаа алдсан. 2012 онд хотод орж ирээд одоо есөн жил болж байна. Хотод ирээд харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай 116-р сургуульд орсон. Төгссөнийхөө дараа СУИС-д хөгжмийн багшаар суралцаж, энэ жил их сургуулиа амжилттай дүүргэсэн. 

АЖИЛ ОЛОХОД ГАРДАГ БЭРХШЭЭЛ

Төгсөөд сар арай болоогүй байна. Ер нь энэ жилдээ багтаж ажилд орох зорилготой байгаа. Одоогоор хоёр газарт анкетаа өгсөн. Тэдний нэг нь хараахан хариу өгөөгүй байна. Харин нөгөө нь “25 хүн тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллах ёстой гэх хуулийн заалттай. Бид заалтаа биелүүлээд нэг хүн авчихсан учраас таныг авах боломжгүй” гэсэн хариуг өгсөн.

Бүх газар тэгдэг эсэхийг мэдэхгүй ч зарим байгууллага зөвхөн хуулийн шаардлагыг биелүүлэх гэж л хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авдаг юм шиг байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст Монголд ажиллаж амьдрахад үнэхээр хүндрэлтэй байгаа. Ажилд авлаа гэж бодоход л дийлэнх байгууллагад бидэнд зориулсан ямар ч орчин байдаггүй. 

ЭМЗЭГЛЭДЭГ ЗҮЙЛ

Тусгай хэрэгцээтэй гэхээр заавал тусгай сургууль, цэцэрлэгт очиж ажиллах ёстой гэх хандлагатай байнга тулгарч ирсэн. Би бол хувьдаа үүний эсрэг байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүн яагаад жирийн хүмүүстэй хамт ажиллаж болохгүй гэж? Гэхдээ хамт ажиллах орчин манайд алга.

Би эзэмшсэн мэргэжлээрээ ерөнхий боловсролын сургуульд очоод ажиллая гэхээр наад зах нь энэ асуудал гарч ирдэг. Сургуулийн бүх сурах бичиг энгийн багш нарт л зориулсан байдаг. Тэнд ажилд орлоо ч ажиллах боломж байдаггүй. Энэ ялгаварлалт биш гэж үү?

ШИЙДЭЛ

Бидэнд бусад ажилчидтай хамт ямар нэг ялгаа мэдрэлгүй ажиллах боломжийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Ер нь байгууллагууд хандлагынхаа тал дээр анхаарах хэрэгтэй юм болов уу даа. Хүмүүсийн биднийг харах өнцөг янз бүр бий. Зөвөөр хүлээж авах нэгэн байхад “За харахгүй юм байж гэртээ л байж байхгүй, яах гэж гадуур явж байдаг юм” гэх хүмүүс ч байдаг. Сүүлийн үед гэхдээ эерэг хандлага нь арай илүү мэдрэгддэг болсон. Одоо эрчимтэй ажил хайж байна. Болж өгвөл энэ жилдээ багтаад ажилд орох зорилготой байгаа. /инээв/

Х.НАСАНЖАРГАЛ: АЖЛЫН БАЙРАН ДЭЭР СОНСГОЛЫН, ХАРИЛЦААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ҮҮНИЙГ НЬ ДАЛИМДУУЛЖ МАШ ИХ ДАРАМТАЛДАГ

/Сонсголын бэрхшээлтэй иргэн/

Намайг Хүрэлсамбуугийн Насанжаргал гэдэг. Би 43 настай. Төрөлхийн сонсголын бэрхшээлтэй. Өмнө нь шүдний эмнэлэгт ариутгагч, туслахаар таван жил ажиллаж байсан. Цар тахлаас болж орлого буурсан болохоор байгууллага маань цомхтгол хийхэд халагдаад одоо ажилгүй байгаа. Хэдий ажил хайж байгаа ч олдохгүй л байна. Хуулийн хүрээнд үүргээ биелүүлэх гээд байгууллагууд гурав дөрвөн хөгжлийн бэрхшээлтэй хүн авдаг. Ингэхдээ хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүсийг байгууллагууд авах тун дургүй байдаг. Харин над шиг сонсголын бэрхшээлтэй иргэдэд ажил олдох нь уул нь арай илүү л дээ.

2019 оны судалгаагаар байгууллагуудын 83 хувь нь “сар бүр төлбөр төлөхөд хүндрэлтэй байдаг тул цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах сонирхолтой байна” гэж хариулжээ. Харин үлдсэн 17 хувь нь “цаашид хуулиа даган сар бүрийн төлбөрөө төлнө” хэмээсэн байна.

АЖИЛЛАХАД ТУЛГАРЧ БАЙСАН ХҮНДРЭЛ

Миний хувьд хамт ажиллагсадтайгаа дандаа бичгээр харилцдаг байсан. Зарим мэдэхгүй үгнүүд юм уу хэт их текст байхад утгыг нь ойлгохгүй. Мөн байнга бичгээр харилцана гэдэг нь өөрөө төвөгтэй.

Ажлын байран дээр сонсголын, харилцааны бэрхшээлтэй биднийг маш их дарамталдаг. Хэлж чадахгүй байгаагаар маань далимдуулаад буруутгах, “чамаас болоод ийм юм болчихлоо” гэх гүтгэлгүүд их гардаг. Надад ч ийм явдал их тохиолдсон. 

ШИЙДЭЛ

Ажилд авч буй байгууллагууд дохионы анхан шатны хэлтэй байх хэрэгтэй байна. Одоо Монгол Улс дийлэнхээрээ Англи хэлний суурь мэдлэгтэй болчихсон шүү дээ. Түүнтэй адил дохионы хэлний анхан шатны мэдлэгтэй болчихвол сайн. Уул нь төр үүнийг бодлогоор шийдэж өгөх ёстой. Харааны бэрхшээлтэй хүмүүсийг маш сайн дэмждэг. Үйлдвэрээр хүртэл дэмжсэн байдаг. Сонсголын бэрхшээлтэй иргэдийг болохоор биеийн хөдөлгөөнд саадгүй учраас бараг асуудалгүй гэж боддог. Бодит байдал дээр энэ нь худлаа шүү дээ.

ТЭМДЭГЛЭЛ: Түүнтэй уулзахаар очиход тэрбээр товлосон цагтаа, хэлсэн газартаа биднийг хүлээгээд байж байлаа. Гэхдээ ярилцлага маань үндсэн цагаасаа дор хаяж хагас цагийн дараа эхэлсэн. Учир нь дээр дурдсан шиг бичгээр ойлголцоход харилцааны тал дээр нэлээн хүндрэл гарсан юм. Эцэст нь цахим хэлмэрчийн тусламжтайгаар бид яриагаа амжилттай дуусгалаа. Гэхдээ үүн шиг өдөр тутамдаа хэлмэрчээр бусадтай харилцах боломж түүнд тэр бүр байдаггүй гэнэ. 

Биднийг ойлголцоход “Диф клуб”-ийн /Монгол дахь сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан холбоо/ үүсгэн байгуулагч Буянхишигийн Юүмжирдулам тусалсан юм.

Тэрбээр “Манай улсад мэргэжлийн хэлмэрчдийн хүртээмж маш бага байдаг. Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбооноос цар тахалтай холбогдуулан цахим хэлмэрчийн үнэ төлбөргүй үйлчилгээг гаргасан. Гэхдээ энэ нь таван минутаас удаан үргэлжилдэггүй, мөн заавал бүртгүүлж байж үйлчлүүлдэг учир сонсголын бэрхшээлтэй иргэдийн өдөр тутмын харилцаанд хангалттай тусална гэхэд асуудалтай. Одоогоор хуулинд сонсголын бэрхшээлтэй иргэдэд хандсан “дохионы хэл бол сонсголгүй хүмүүсийн эх хэл юм” гэсэн ганцхан л заалт байдаг. Эдгээр хүмүүст төрөөс илүү анхаарал хандуулаасай гэж хүсэж байна” гэлээ.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Анхаарах
Анхаарах
2021-07-05 15:11

Одоогоор сонсголын бэрхшээлтэй иргэдэд хандсан хуулийн “дохионы хэл бол сонсголгүй хүмүүсийн эх хэл юм” гэсэн ганцхан л за�##�т байдаг. Үүнийг төр анхаарах цаг нь болсон” гэлээ.

Ажилтан
Ажилтан
2021-07-05 15:13

Ажил олгогчид нэр зүшх төдийд л ганц нэг хүн авдаг байх

Шан
Шан
2021-07-05 18:19

Өндөр гэгдэх цол, гавъяа шагн�##�ын ард ийм л юм илрэх вий дээ.

Зөвлөмж
Зөвлөмж
2021-07-06 06:43

Ерөөсөө л тухайн байгууллагын хамт олон эхлээд хөгжлийн бэрхшээлтэй хүнийхээ т�##�аар мэдлэг ойлголт бага хэмжээгээр ч болов авсан байх хэрэгтэй

Н
Н
2021-07-06 12:45

яам хүртэл байгуулж зарлага их гаргаж байгаа юм чинь сайхан цаг удахгуй байлгүй дээ.

Иргэн
Иргэн
2021-12-08 16:44

Хөндөх ёстой зөв сэдэв байна.

Холбоотой мэдээ

Back to top button