Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж хүсэгчид биш, баялаг бүтээгчид”

Хөгжлийн бэрхшээлтэй гэхээр л ажил хийх боломжгүй, хүндрэлтэй байдаг гэх ойлголт нийт иргэдийн болоод хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дунд түгээмэл байдаг. Тэгвэл энэ үзлийг эвдэх нэгнийг танилцуулъя.

Өмнө нь бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил эрхлэлтийн асуудлыг хөндсөн бол энэ удаад эгэл хэрнээ онцгой нэгэн хүний өдөр хэрхэн өнгөрдөг тухай аяллаа.

-АНХНЫ УУЛЗАЛТ-

Зуны дулаахан “цас” бударсан өдөр бид гол баатартайгаа уулзахаар гарсан юм. Энэ тэндгүй модны хөвөн эгээ л цас орж буй мэт дээрээс хаялаад нэг л тайван. Гэтэл энэ байдлыг эвдэх мэт цочирдом зүйл аялалын эхэнд биднийг угтлаа. “Судасны бүдүүрэлтэй болохоор эмч нар хагалгаа хийлгэхийг зөвлөсөн” хэмээн утасны цаанаас ярьж байсан ярилцлагын зочин маань өндөр шатан дээрээс туулай шиг дэгдээд л буугаад ирэх нь тэр. Танилц түүнийг Юүндэнгийн Бат-Эрдэнэ гэдэг.

Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй болоод 24 жил болж байгаа. Анх хөгжлийн бэрхшээл гэх нэр томьёог ч мэддэггүй байсан тэрбээр нэг л өглөө хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Гэсэн ч амьдрал урьдын л адил өнгөрсөөр. Өвөл, хавар, намар, зун. Таван жилийн дараа тэрбээр төмөр замд цахилгааны инженерээр ажиллах болсон. Удалгүй хагалгаанд орж, халамж тогтоолгожээ. Хураагуур судасны өргөсөлттэй ч одоо бидний адил явж, хөдөлмөрлөж байна.

Түүний өглөө 06:00 цагаас эхэлдэг. Босож өглөөний цайгаа уучихаад хувийн хүлэмжиндээ очиж ажиллана. Өдөр нь ТББ-д цахилгааны инженер, засварчин хийнэ. Дараа нь бялдаржуулах төвдөө очиж багшилна. Тэрбээр энэ төвийг өөрөө байгуулсан. Зурагт харагдаж байгаа энэ төхөөрөмжүүдийг бүгдийг нь найзуудынхаа хамтаар өөрийн гараар хийжээ.

Харин орой нь “Бөмбөгөр” худалдааны төв рүү явж хүнсний лангуунд сууна. Энэ лангууг тэрбээр эхнэрийн хамт ажилуулдаг. Мөн сонирхлоороо арьсан эдлэл дээр зураг зурж зардаг аж. Энэ олон ажлыг яаж амжуулдаг юм бэ? хэмээн асуухад “Хийх хүнд учир нь олдоно оо” гэсээр инээмсэглэнэ. Ийн ярилцаад бид арьсан эдлэлээр хийсэн түүний бүтээлүүдийг үзэхээр гэр рүү нь хөдөллөө.

-Яагаад арьсан эдлэл дээр зурах болсон бэ?

-Би багадаа зурагт их дуртай хүүхэд байлаа. Тэр үед хошин шогийн сэтгүүл гэж байдаг байсан. Дээр нь гарсан юмнуудыг их дуурайлгаж зурдаг байлаа даа. Энэ чадвар маань нөлөөлсөн байх.

-Ямар нэг сургалт эсвэл дугуйланд хамрагдаж байсан уу?

-2012 онд ХБИ-д үйлдвэрчдийн хорооны шугамаар арьсан эдлэлийн сургалт хийхэд сууж байсан. Тэнд түлхүүрний оосор, түрийвч хийхийг сурсан. Харин арьсан дээр зурахыг энэ чиглэлээр дагнан бизнес эрхэлдэг найз маань зааж өгч байлаа. Арьсан дээр нэг хэв даруулахад 10 мянган төгрөг болдог. Миний хувьд тэгж хэв даруулаад өөрөө өнгө өгч зурдаг. Өртөг нь дажгүй, бас хэрэгцээтэй юм гэж бодоод гар урлалын чиглэлээр хороондоо ТББ байгуулж байсан. Тэгээд таван хөгжлийн бэрхшээлтэй иргэн авч ажиллуулаад ахицтай явж байсан ч тэд шантраад больчихсон.

-Таны бүтээлүүдэд ямар нэг онцлог бий юу?

-Арьсан бүтээл ил байхаар халтайгаад бохирддог. Тэгэхээр би ер нь яагаад жаазтай хийж болохгүй гэж? гэж бодоод дан жаазтай урлаж эхэлсэн. Үүгээрээ бусдынхаас онцлогтой.

-АРХИНААС БОЛЖ ГУРВАН Ч УДАА ХАРВАХ ДӨХСӨН. ҮҮНЭЭС ХОЙШ АРХИЙГ ЖИГШЭЭД НАЙМАН ЖИЛ БОЛЖ БАЙНА-

Хүлэмж рүү нь явах замдаа бид багахан яриа өрнүүлэв. Ю. Бат-Эрдэнэ одоогийн эхнэртэйгээ танилцаад хоёр жил болж байгаа, тэд хараахан хүүхэдтэй болоогүй гэнэ. Харин гэрлэхээсээ өмнө тэрбээр хүүтэй байсан, одоо гурван ачтай хэмээн хуучиллаа.

“Хүний амьдралд янз янзын л юм тохиолдоно” гээд гол баатар маань хоолойгоо засан “Хөгжлийн бэрхшээлтэй болоод анх би ч бас бусдын адил өөрийгөө юм хийж чадахгүй гэж боддог байсан. Ахад нь бор дарсанд толгойгоо мэдүүлж явсан үе бий. Юу ч хийхгүй, групийн мөнгөөрөө архи авч уугаад л. Тэрнээсээ болж гурван ч удаа харвах дөхсөн дөө. Тэгээд л “Ингэж амьдарч болохгүй юм байна” гэх бодол төрсөн. Үүнээс хойш архийг жигшээд найман жил болж байна. Хэрвээ уугаад сууж байсан бол энд ингээд ярилцлага өгөөд явж чадахгүй л байсан даа” хэмээлээ. Одоо бол тэрбээр аль болох цагаа үр бүтээлтэй өнгөрөөхийг хичээдэг гэнэ. Мөн өөр шигээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд урам зориг өгч, чадахаараа дэмждэг гэдгээ дурдлаа.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэхээр л ажил хийж чадахгүй, асуудалтай гэх хандлага байдаг. Үгүй шүү дээ. Бид хүсвэл юуг ч хийж чадна” гэж тэрбээр хэлэв.

Ю.Бат-Эрдэнэ гурван жилийн өмнө нийслэлийн хөрөнгө оруулалттайгаар партизаны сангийн аж ахуйд ногоо тарих сургалтад суужээ. Тэндээс анхны мэдэгдэхүүнтэй болоод өөрөө хүлэмжтэй болохоор шийдсэн гэнэ. Одоо амьжиргаагаа дэмжих зорилгоор хүнсний нарийн ногоо тариалдаг.

Би хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд биш эрүүл хүний нүдээр харж амьдардаг.

Тэнд суунгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил эрхлэлтийн талаар түүнтэй хэсэг ярилцлаа.

 -Таны бодлоор ХБИ-д ажил эрхлэх ямар боломж байна вэ?

-Одоо интернэт сайн хөгжсөн. Гэрээрээ ажиллах боломж ч их байна. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зарим нь зөвхөн халамжийн мөнгөнд найдаж амьдардаг. Ийм байж болохгүй. Бэрхшээл гэдэг зүйл дээрээ өөрсдийгөө чөдөрлөчихөөд байна шүү дээ. Таягтай бол таягтай, тэргэнцэртэй бол тэргэнцэртэйгээ өөрийн чадах зүйлээ хийх хэрэгтэй. Хоёр гаргүй хүн ч машин барьж явж болоод байна. Миний хувьд би хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд биш энгийн хүний нүдээр л харж амьдардаг.

-Тэднийг ийм байхад юу нөлөөлж байгаа гэж бодож байна?

-Мэдээж амьдарч буй орчин, хүмүүсийн хандлага хамгийн их нөлөөлдөг. Үүнээс гадна ХБИ-ийн холбоод гэхээр одоо нэг хэсэг нь залуучууд, нөгөө хэсэг нь настай хүмүүс болж хуваагдаад байна. Ахмадууд нь залуу үедээ анхаарал тавьж, зөвлөгөө дэмжлэг үзүүлэх хэрэгтэй шүү дээ. Гэтэл миний харж байгаагаар ХБИ-ийг дэмжих төслүүдийг ихэнхдээ хуучин гишүүд нь танилын шугамаараа өгч аваад дуусаж байгаа харагддаг. Залуучууд төсөл бичээд өгөхөд тэр нь сонгогдож чаддаггүй. Би ТББ-ууд чиглэл чиглэлээрээ хамтраад тэдгээр хүмүүсээ хөгжүүлэх үйл ажиллагаа явуулаасай гэж хүсэж явдаг юм. Эцсийн эцэст бид чинь халамж хүсэгч биш, баялаг бүтээгчид шүү дээ.

-ЦААШДАА ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ТӨРЛӨӨР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ТАМИРЧИД БЭЛТГЭХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЙГАА-

Бид Ю.Бат-Эрдэнэ гуайн даруухан бялдаржуулах төвөөр зочиллоо. Энэ байраа найзуудтайгаа нийлэн төхөөрөмжөө өөрсдийн гараар хийж тохижуулсан аж. Тэрбээр багшилж эхлэхээсээ өмнө өөрөө Фитнесээр найман жил хичээллэжээ.

“Эмч нар хүнд юм өргөж, удаан зогсож болохгүй гэдэг юм. Гэхдээ миний хувьд одоо дасгалаа хийхгүй л бол ядраад байдаг болсон. Дасгалаас эрч хүч авдаг гэх үү дээ. Одоо энгийн хүмүүсийн хийдэг фитнессийн дасгалуудыг түүртэлгүй хийдэг. Би одоо 53 настай ч биологийн нас маань 21. Анх “20-ийн гол” (20 хилийн төмөр) өргөж дийлдэггүй байсан гэхэд хамаагүй өөрчлөгдсөн байгаа биз” хэмээн ярих тэрбээр нээрээ л наснаасаа залуухан харагдана.

Ю.Бат-Эрдэнэ гуай “HR” бялдаржуулах төвд багш, дасгалжуулагчаар сурсан. Ковид-19-ийн халдвараас болоод ирэхгүй байгаагаас түүний клубд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ч хэд хэд явдаг гэнэ. “Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй болохоор тэдэнтэй яаж харьцаж, юу зөвлөвөл дээр вэ гэдгийг мэддэг” хэмээн гол баатар маань ярив. Тэрбээр цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй тамирчид бэлдэх төлөвлөгөөтэй байгаагаа ч дурдлаа. Хүндийн өргөлтийн төрлөөр хоёр тамирчингаа аль хэдийн сонгочихсон гэнэ.

Уулзалтынхаа төгсгөлд түүнээс ижилхэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандаж юу гэж хэлмээр байна вэ? гэж асуулаа.

Тэрбээр “Өөрсдийгөө битгий гол. Бэрхшээлийг давж чадвал цаана нь асар том боломж бидэнд бий. Үргэлж өөрийгөө хөгжүүлж, суралцах хэрэгтэй. Бас түүнийгээ бусаддаа хуваалцаж байгаарай. Надад ч дахиад сурахыг, хийж үзэхийг хүссэн зүйл маш их бий” хэмээн хариулсан юм.

                                                            О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button