Нийгмийн

Бритни Спирс: Намайг шийтгэснийхээ төлөө тэд шоронд байх ёстой

Бритни Спирс аавыгаа өөрийн асран хамгаалагч байлгахаас түдгэлзүүлэх хүсэлт гаргасан ч шүүхээс татгалзсан хариулт өгчээ.

Түүний эцэг Жейми Спирсийг асран хамгаалагчийн үүргээс нь чөлөөлөх хүсэлтийг Бритнигийн өмгөөлөгч өнгөрсөн арван нэгдүгээр сард шүүхэд хүргүүлж байсан юм. Тухайн үед өмгөөлөгчийн зүгээс дуучин бүсгүйг “ааваасаа айж байна” хэмээн мэдэгдсэн. Гэсэн ч шүүгч Бренда Пенни татгалзсан хариу өгч, Жейми Спирсийг охиных нь хөрөнгийн хамтран эзэмшигч болон асран хамгаалагч хэвээр үлдээсэн юм. 

Жейми охиныхоо санхүү болон хувийн амьдралын 11 жилийн турш удирдсаар ирсэн. Харин 2019 онд тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар хувийн амьдралыг нь удирдах эрхийг Жоди Монтгомерид өгчээ. 

Тус онд Жейми Спирс нь зээ нарынхаа нэгийг хүчирхийлсэн хэрэгт холбогдож байв. Тухайн үед Бритни Спирсийн хуучин нөхөр Кевин Федерлайн хүү Шоных нь биед зүй бусаар халдсан гэж түүний эсрэг гомдол гаргаж байжээ. Гэсэн ч дүүргийн прокуророос хангалттай нотлох баримтгүй гэх үндэслэлээр Жеймид эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй, яллахгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Хоёр долоо хоногийн өмнө Бритни Спирсийн гаргасан хүсэлтийг дахин хэлэлцэх шүүх хурал болсон. Тус хурлын үеэр жүжигчин бүсгүй аавынхаа хөрөнгө болон хувийн амьдралыг нь 13 жилийн турш удирдаж ирсэн асран хамгаалагчийн эрхийг болиулахыг хүсэж буйгаа мэдэгдээд “Би зүгээр л амьдралаа буцааж авмаар байна” хэмээн хэлжээ. 

Мэдүүлэгтээ тэрбээр аав нь түүнийг ахин хүүхэдтэй болохыг хүсэж байгааг мэдсээр байж жирэмслэлтээс хамгаалахыг тулгадаг байсан. Мөн түүний хийхийг хүсээгүй ажлуудыг хүчээр хийлгэж, найзтайгаа уулзахыг нь хориглодог, хэвлэлд яриа өгөхгүй байхыг байнга сануулдаг байсан гэжээ. 

“Хэрэв би ажил хийж чадаж байгаа бол бусдын асрамжид байх шаардлагагүй. Энэ тал дээр хуулинд  өөрчлөлт оруулах хэрэгтэй” хэмээн тэрбээр ярьсан.

Энэ талаар хуулийн мэргэжилтэн “Guardian” сонинд өгсөн ярилцлагадаа Бритни дахиад 6-12 сар аавынхаа асран хамгаалалтан дор байна. Үүнийг цуцлахын тулд шүүхээс мөрдлөг явуулах шаардлагатай хэмээсэн байна. 

Спирсийн гэр бүлтэй ойр харилцаатай байдаг зарим хүмүүс Жейми Спирсийг охиноо хувийн ашиг сонирхолдоо ашиглаж байна гэх байр суурьтай байгаа аж. 

Саяхан Жэймигийн өмгөөлөгч Эндрю Уэллет үйлчлүүлэгч нь Бритнигийн эзэмшилд байдаг харшийг 59688 доллараар худалдаж авахаар шийдсэн гэж мэдэгджээ. Энэ нь Жэйми болон Бритнигийн аль алиных нь хувьд ашигтай наймаа гэж тэрбээр ярьсан байна. Тэгвэл шинжээчид уг үл хөдлөх хөрөнгө үүнээс хэд дахин илүү үнэ хүрнэ гэж дүгнэсэн аж.

“Хэрэгт холбогдсон ааваас минь эхлээд миний мэргэжлийн багийн хүмүүс ч намайг шийтгэснийхээ төлөө шоронд байх ёстой. Би та нарт энэ тухай хэлж байгаа шалтгаан нь одоо Жоди хүртэл миний амьдралыг надаас илүү удирдаж байгаа мэт санагдаж байна” гэж дуучин эмэгтэй олон нийтэд мэдэгдсэн байна.

Энэ явдлын дараа түүний аав Жейми Спирсийн өмгөөлөгч шүүхэд үйлчлүүлэгчийнх нь нэр хүндэд халдсан тус мэдэгдлийг шалгах хүсэлтийг хүргүүлжээ. Үүнд аав нь Бритнид хүчээр хөдөлмөр эрхлүүлсэн, буруу эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн, мөн хувийн эрхэнд нь халдсан гэх гүтгэлгүүдийг шалгахыг хүссэн байна. Жеймигийн өмгөөлөгч хэлэхдээ “Монтогему Бритнигийн өдөр бүрийн эмчилгээ болон хувийн хэрэгцээг хангаж ирсэн. Эцгийнх нь зүгээс охиныхоо хүнтэй танилцах, ахин хүүхэдтэй болох хүсэлд огт хориг тавиагүй” гэжээ. 

Дээрх хэргийг хэлэлцэх дараагийн шүүх хурал энэ сарын 14-ний өдөр болно. 

​​​​​​​​​​​О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button