Нийгмийн

Английн шигшээ багийн довтлогч Харри Кейн: Ийм фанатууд бидэнд хэрэггүй

Ялалт зөвхөн Англичуудынх байх албагүй

Үйл явдлыг эргэн сануулахад, “Евро-2020” хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний финалд Английн шигшээ баг Италийн шигшээд ялагдал хүлээсний дараа интернет сүлжээгээр багийн тоглогчдыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэгдэл маш их гараад байгаа нь “сенсаци” тарьж байгаа юм.

Англи, Италийн шигшээ багуудын финалын шатны тоглолтын үндсэн цаг 1:1-ээр өндөрлөсөн. Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд Люк Шоу тоглолтын 2 дахь минутад нэг гоол оруулсан, харин Италийн багаас Леонардо Бонуччи 67 дахь минутад мөн нэг гоол оруулсан билээ. Тоглолтын нэмэлт цагт багуудын хэн нь ч гоол оруулаагүй. Харин, торгуулийн цохилтоор Италийн шигшээ баг 3:2-оор Английн шигшээг хожсон юм.

Англичууд Италичуудад хожигдсоны дараагаар “Арсенал” (Arsenal Football Club) багийн зүүн жигүүрийн хамгаалагч  21 настай Букайо Сака (Bukayo Saka), “Манчестер Юнайтед” (Manchester United Football Club) багийн довтлогч 24 настай Маркус Рашфорд (Marcus Rashford) болон хагас хамгаалагч (21 настай) Жедон Санчо (Jadon Sancho) нарыг олон нийтийн сүлжээгээр Английн шигшээ багийн хөгжөөн дэмжигчид торгуулийн цохиолтод гоол алдсан хэмээн “таагүй сэтгэгдэл”-үүдийг баруун солгойгүй нийтэлсэн.

Энэ талаар Английн шигшээ багийн довтлогч Харри Кейн хэлэхдээ, “Зуны турш гайхалтай тоглолт хийсэн гурван залуу яг шийдвэрлэх мөчид бөмбөг хийх урам зоригийг хүлээн авсан. Харин тэд арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзэлтэй бусармаг сэтгэгдлүүд хүлээн авах ёсгүй. Хэрэв та олон нийтийн сүлжээгээр хэн нэгнийг гутаан доромжилж байгаа бол та Английн багийн шүтэн бишрэгч биш гэсэн үг, ийм фэнүүд бидэнд огт хэрэггүй”, – хэмээн үзэл бодлоо илэрхийллээ. Учир нь, фанатууд, хөгжөөн дэмжигчид олон нийтийн сүлжээгээр тэднийг арьс өнгөөр нь ялгаварлан гадуурхаж, элдэв үгсээр доромжилсон.

Үүнтэй холбоотойгоор, Лондон хотын цагдаа нар Букайо Сака, Маркус Рашфорд, Жэдон Санчо нартай холбоотой нийгмийн сүлжээн дэх арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах гэмт хэргийг мөрдөн шалгахаа мэдэгдлээ.

Хөлбөмбөгчдийг доромжилсонд Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон хүртэл өөрийн үзэл бодлоо илэрхийлэн, гадуурхагчдыг буруутгалаа. Ингээд Борис Жонсон “Английн шигшээ багийг баатрууд хэмээн магтан сайшаах ёстой болохоос олон нийтийн сүлжээгээр арьс өнгөөр ​​доромжлон гутаах ёсгүй. Эдгээр аймшигтай доромжлолыг илгээсэн хүмүүс өөрсдөөсөө ичих хэрэгтэй” хэмээн “жиргэсэн”.

Английн шигшээ багийн зүгээс ч албан ёсны мэдэгдэл хийв. “Энэ зуны турш багийнхаа төлөө бүх хүчээ зориулсан манай зарим тоглогчид өнөөдрийн тоглолтын дараа интернэтээр ялгаварлан гадуурхагдах болсон нь бидний жигшлийг төрүүлж байна. Бид тоглогчдынхоо талд зогсох болно” хэмээв.

Хөлбөмбөгийн холбооноос ч мэдэгдэл хийж, олон нийтийн сүлжээн дэх бусармаг сэтгэгдлүүдэд “цочирдож” байгаагаа илэрхийлэв. Тиймээс нийгмийн сүлжээнд зориулсан хууль тогтоомжийг чангатгах саналыг эрх баригчдад хүргүүллээ.

“Бид гэм буруутай бүх хүмүүст хамгийн хатуу шийтгэл оноохыг уриалж байна. Сэтгэл зүйн хувьд дайралтад өртөөд буй тоглогчдыг дэмжихийн тулд чадах бүхнээ хийх болно. Бид хүнийг арьс өнгөөр нь ялгаварлан гадуурхах үзлийг спортоос ангид байлгахын тулд чадах бүхнээ хийх болно. Тиймдээ ч бид ийм зүй бус үйлдлүүд хүний ​​амь насанд аюултай үр дагаварт хүргэхгүйн төлөө Засгийн газрыг нэн даруй шийдвэр гаргаж, зохих хууль тогтоомжийг батлахыг уриалж байна” гэж Хөлбөмбөгийн Холбооноос уриалга гаргалаа.  

“Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд өөрсдийн сүлжээнд энэ мэт бүдүүлэг, ёс зүйгүй, увиагүй, харгис хүчирхийллээс ангид байхын тулд дэмжлэг үзүүлэх үүднээс хариуцлагын арга хэмжээг улам өндөржүүлж, “халдан довтлогчид”-ыг сүлжээндээ нэвтрэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаас гадна тэдэнд тохирох “ял” ногдуулах нотлох баримтуудыг цуглуулах ёстой” гэв.

Уг тоглолтыг Их Британийн угсаа залгамжлах хоёр дахь хунтайж Уильям үзэж сонирхсон бөгөөд Европын Хөлбөмбөгийн Аварга Шалгаруулах Тэмцээний финалд Английн шигшээ баг нь Италийн багт ийнхүү ялагдсан нь “туйлын гомдмоор” үйл явдал хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн.

“Зүрх шимширмээр. Италийн шигшээ багт гайхалтай ялалт байгуулсанд нь баяр хүргэе! Английн шигшээ, та бүхэн урт замыг туулж өнгөрүүлсэн. Харамсалтай нь өнөөдөр бидний өдөр биш байлаа. Та нар толгойгоо өндөрт өргөж, өөрөөрөө бахархах эрхтэй. Бүх зүйл өмнө чинь хүлээж байгааг би мэдэж байна”, – хэмээн Английн Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Кембрижийн гүн ийнхүү ням гарагт өөрийн “Твиттер”-тээ жиргэсэн. Хунтайж Лондоны “Уэмбли” Цэнгэлдэх хүрээлэнд болсон уг тоглолтыг том хүү 7 настай ханхүү Жоржийн хамт өөрийн биеэр үзэж сонирхсон.

“Английн тоглогчид руу дайрсан арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал миний сэтгэл зүрхийг өвтгөлөө. Тоглогчид руу чиглэсэн энэ жигшүүрт зан авирыг тэсвэрлэхэд үнэхээр бэрх, хүлээн зөвшөөршгүй зүйл. Үүнийг одоо зогсоох ёстой, холбогдох бүх хүмүүст хариуцлага хүлээлгэх ёстой” хэмээн хунтайж өөрийн “Твиттер” хуудсандаа жиргэсэн юм.

“Манчестер Юнайтед” (Manchester United Football Club) олон нийтийн өмнө өөрийн багийн довтлогч Маркус Рашфордыг дэмжиж: “Зөвхөн нэг цохилтоор тухайн тоглогчийг ямар хүн, ямар тоглогч гэдгийг тодорхойлохгүй, Маркус минь. Үүнийг санаж яваарай. Бид чамайг гэртээ угтан авахаа тэсэн ядан хүлээж байна” гэлээ.

21 настай залуухан хамгаалагч Сакагийн хувьд асар их дарамтанд өртөөд байгаа юм. Тэрбээр торгуулийн цохилт гүйцэтгэснийхээ дараа гоол алдсандаа нулимс унаган уйлахад нь багийн бүх гишүүд түүнийг аргадан тайвшруулж харагдсан. Тиймээс олон нийтийн сүлжээгээр дамжуулан түүнийг дэмжиж байгаагаа бас илэрхийлсэн.

“Арсенал” багийнхан: “Сака бол манай клубт 7 жил бидэнтэй хамт байна. Тэр энэ удаагийн тэмцээнд Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд орж тоглосонд бид үнэхээр бахархаж байгаа. Финалын тоглолтоор түүнээс бид удирдагчид байдаг шинж чанарыг харсан. Бид түүнийг үргэлж өндрөөр үнэлдэг” гэсэн байна.

Харамсалтай нь эцсийн шүглийн дараа манай залуу хөлбөмбөгчин рүү арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхсан олон сэтгэгдлүүдээс болж “бахархах мэдрэмж” маань “хорсол” болон хувирсан. Дахин хэлэхэд бид хар арьст тоглогчдыг дайрч давшилсан, арьс өнгөөр ​​ялгаварлах үзлийг буруушааж байна. Үүнийг зогсоох ёстой! Эрх баригчид, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд манай тоглогчдын эсрэг чиглэсэн өдөр тутмын иймэрхүү “хүчирхийлэл”-ийг зогсоох арга хэмжээ авах ёстой. Букайод өгөх бидний захиас бол: “Зовхи өөдөө бай! Бид чамаар бахархаж байгаа. “Арсенал”-д гэртээ эргэн ирэхийг чинь тэсэн ядан хүлээж байна” гэжээ.

О.АНАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button