Нийгмийн

“Аадар борооны улмаас гол мөрнүүд үерлэж, усны түвшин 60 см хүртэл нэмэгдсэн”

Уржигдар оройн 22:00 цагаас хойш орсон аадар борооны улмаас Хөвсгөл, Архангай аймгуудын сумдад үер буусан тухай бид мэдээлсэн. Үерийн улмаас гол мөрөн савнаасаа хальж, ойр орчмын айлын гэр усанд автсан бөгөөд засмал зам руу давж урссанаас олон тээврийн хэрэгсэл үерт боогдсон билээ. Улмаас аймгууд үерт эвдэрсэн замыг түр хугацаанд хааж, засварын ажлыг эхлүүлэн эхнээсээ хэвийн байдалд шилжсээр байна.

Гэвч баяр наадмын амралтын өдрүүдэд бороо хур ихтэй, голын үерийн түвшин өндөр байхыг мэргэжлийн байгууллагууд сануулсаар буй. Тухайлбал, наадмын эхний хоёр өдөрт улсын хэмжээнд усны ослын есөн дуудлага бүртгэгдэж, 11 иргэн амь насаа алдаж, хоёр иргэний амь насыг авран хамгаалсан бөгөөд гурван иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж буйг Онцгой байдлыг ерөнхий газраас мэдээлсэн. Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэргээс шалтгаалж байгааг онцолсон юм.

-ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШИН ТУХАЙН САРЫН ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС 10-60 СМ АХИУ БАЙНА-

Гол усны осол их байгаа учир бид аймгуудын гол усны түвшин, нөхцөл байдал ямар байгаа тухай мэргэжилтнүүдээс тодрууллаа. ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын сурталчилгаа, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Ш.Анхтуяа:

"Ширүүн борооны улмаас баяр амралтын өдрүүдэд гол усны түвшин нэмэгдэж байна. Аймгуудын хувьд аадар борооны улмаас үерлэсэн гол, эвдэрсэн замуудын мэдээллийг оруулж, эхнээсээ сэрэмжлүүлээд байна.

Долдугаар сарын гол мөрний дундаж урсацын мэдээнээс харахад Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд болон Хэнтий нуруунаас эх авах Туул, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон Балж, Хурх Алтайн нуруунаас усжих Ховд, Буянт, Турган, Сагсай, Булган зэрэг голуудын усны түвшин тухайн сарын олон жилийн дунджаас 10-60 см ахиу байх бол Хангайн  нуруунаас эхтэй Завхан, Байдраг, Богд, Чигэстэй, Онги, Цагаантуруут зэрэг голуудын хувьд усны түвшин олон жилийн дунджаас 10-40 см бага байх төлөвтэй байна.

Бусад ай савын голуудын хувьд олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байгаа хэдий ч тухайн хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэх, түр зуурын аадар борооны улмаас хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ. Иймд хуурай  сайр, гуу жалга болон гол мөрөн даган нутаглаж буй малчид, хөдөлмөрчдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна” гэв.

-АЙМГУУДААС ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН СУМДАД ХАМГИЙН ИХ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ, ХҮЧТЭЙ БОРОО ОРСОН-

Харин Ус цаг уур, орчны шинжилгээний газраас тодруулахад:

"Өнгөрсөн хоногт төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-80.0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орсноос хамгийн их нь Хөвсгөлийн Шинэ-Идэрд 80.0 мм, Архангайн Батцэнгэлд 68.0 мм, Хөвсгөлийн Хатгал, Сүхбаатар Онгонд 57.0-59.0 мм, Хөвсгөлийн Мөрөн, Бүрэнтогтох, Архангайн Цэцэрлэг, Өлзийт, Жаргалантад 41.0-48.0 мм, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Төмөрбулаг, Галт, Архангайн Хайрхан, Дорнодын Гурванзагалд 30.0-39.0 мм, бусад нутгаар 0.0-28.0 мм бороо орсон байна.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +13...+19 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар +19...+25 градус, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар +29...+36 градус, бусад нутгаар +25...+30 градус байв. Өнгөрсөн шөнө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +4...+10 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +17...+24 градус, бусад нутгаар +10...+18 градус хоносон” гэв.

Иймд:

  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Болгоомжил
Болгоомжил
2021-07-14 08:15

Аймаар юм бэ

Холбоотой мэдээ

Back to top button