НийгмийнСурвалжилга, Нийтлэл

Музейд нойрсогч шанаган хуур минь хэзээ “сэрэх” бол...

Музейд мөнхөд нойрсогч олон эд өлгийтэй харьцаж, эрт дээр цагийн ахуйг төсөөлөх дуртай юм аа, би. Наадмын урт амралт цар тахалын хөл хориотой үе, би аймгийнхаа музейг үзэж явахдаа нэгэн хуур дээр харц минь тогтож, анзааран харвал шанаган хуур байх нь тэр. Урьд өмнө музейгээ үзэж байхад, байдаг л хуур гэж харц гүйлгээд өнгөрдөг байж л дээ, учир мэдэхгүй хүүхэд байсан болохоор аргагүй ч биз. Ёстой л, гайхах, олзорхохын аль аль нь болж, сайтар гэгч нь үзэж сонжив.  Тэгээд ч, шанаган хуур хаа л бол хаана байж л байдаг зүйл бишийг уншигч та юу эс андах вэ. Энэ шанаган хуур толгой чавхдасгүй, ширэн цартай, хүн харахад байдаг л нэг үндэсний хөгжим мэт.

Миний сонирхлыг ихэд татсан зүйл бол уг шанаган хуурын уртын хэмжээ, углуургагүй ганцхан их биенээс бүрдэх бүрдэл юм.

Би морин хуур тоглодог болохоор, энэ хуур арай урт ч юм уу даа гэж бодтол, углуургагүй байхыг хараад уулга алдав. Энэ шанаган хуурыг Батмөнх гэдэг хүн хадгалж байсан бөгөөд Насанбатын Баттогтохоос Говьсүмбэр аймгийн төв музей 2009 оны 11-р сарын 19-ний өдөр худалдаж авсныг музейн тайлбарлагч хэлж байна.

Ер нь, шанаган хуур нь монголчуудын өнө эртнээс эдүгээ хүртэл уламжлан ирсэн хөгжим. XIX-XX зууны заагт халхын төв хэсгээр голлон тархсан гэдэг юм. Шанаган хуур нь морин хууртай бүтэц хэмжээний хувьд адил төстэй. Гэхдээ шанаган цартайгаараа том ялгаатай.

Шанаган хуурын талаар судалж үзвэл, 1930-аад оны хуурын урт 128 см байсан байна. Одоо үеийн шанаган хуурын урт 123 см. Манай аймгийн музей дэх шанаган хуурын урт 127 см тул 1930-аад оны хуур болж таарах нь.

Энэхүү шанаган хуурын цар нь цэнхэр өнгөн дээр өлзий хээг урлан чимэглэж, иш царын ар хэсгийг улбар шар өнгөөр буджээ. Өлзий хээ нь зуун зууны туршид айл гэрийн авдар, үүд хаалга, хашаа зэрэгт оруулсан байдгийн учир нь тухайн айл, цаашлаад улс гүрэнд өвчин зовлонгүй, дайн дажингүй, хулгай дээрэмгүй байхыг бэлгэддэг аж. Өлзий хээг сайн ажиглавал дотроо “Хас” хээг багтаасан байдаг нь хулгай, хар, цагаан хэл амыг домнодог гэх үзлээс улбаатай юм. Гол хэсэгт байрлах ромбо дүрс нь гаднаас ирэх аливаа муу энергийг дотогш нь оруулдаггүй, гадагш буцаадаг увдистай тэмдэгт бол өлзий хээний уялга буюу эхлэл төгсгөлгүй үргэлжилсэн зураас нь урт удаан наслах, хэзээд төгсгөлгүй сайны дээд өлзий учралыг ерөөн бэлгэддэг.

Өдгөө шанаган хуураар хаа мэр сэр тоглох нь үзэгдэж, дуулддаг ч хэрэглээний өргөн эргэлтэнд ороогүй л байна. Архангай аймгийн Дэмчиггарав хэмээх урлаач монгол соёл уламжлалыг хадгалан шанаган хуур хөгжмийг урлан түгээж байгаа нь юутай сайхан. Аливаа хөгжмийн тухайд хэлэх, бодох зүйл багагүй байдаг аа.

Тухайн хөгжим эрт цагт нийтийн өргөн хэрэглээнд байж уу, эсвэл хэн нэгэн сонин хачинд дурлагчийн саваагүй сонирхол төдий зүйл байж уу гэдгийг бас бодолцох л хэрэгтэй юм шиг санагддаг. Ийм зүйлд ганц л шалгуур байдаг.

Ард олных нь хууч яриа, үлгэр домогт үлдсэн эсэх гэдэг шалгуур л хамгийн бодитой юм. Уламжлан ирсэн үлгэр домог, хууч яриа бол тухайн ахуйн тусгал, харин бодитой тусгал уу, хийсвэр тусгал гэдэг нь жич асуудал юм л даа.

Ингээд та бүхэнд шанаган хуурын нэгэн хотгойд домгийг өгүүлье.

Хотгойд нарыг Хойт-Гойд улс гэдэг байж. Учир нь тэд ажил үйлд гойд сайн улс юмсанж. Хойт-гойд нар хонио их хашдаг байжээ. Тэгээд нэг удаа Өндөр гэгээн Занабазарын үед ямар хүнээр хил хязгаараа мануулах вэ гэсэн санал гарсанд Хойт-гойд нарын дунд сайн албатууд их бий, тэд аливаа ажилд гойд сайн юм гээд тэднийг Ховдын Мянгад сумаас аваачин Чивчин барга, Хөлөнбуйр, Шилийн гол зүг рүү хэсэг хэсгээр нь хил мануулахаар явуулдаг байв гэнэ. Ингээд нэгэн удаа хотгойдын нэгэн албат олон хүний хоол хутгадаг байсан том шанагаар толгой дээр нь зээ бад (дээр нь морь, доод талд нь лууны толгой давхар сийлсэн сийлбэрийг хэлдэг) сийлэн том хуур хөгжим хийжээ. Тэрхүү хотгойд ястны урладаг хуур хөгжим нь ерийн хуурыг бодвол ур хийцийн хувьд ялгаатай, хийцээр том, дуу нь баргилдуу, өвөрмөц нэгэн хуур болсон гэдэг. Түүнээс хойш хотгойд нар ихэвчлэн шанаган хуур хөгжим урлах болсон домогтой юмсанжээ. Бас, ийм нэгэн домог ч бий.

Ахуй, өгүүлэмжийн хувьд дээр өгүүлсэн домгоос их эртийн шинжтэй. Урьд цагт нэг сайхан дуулдаг Нонжгой нэртэй бүсгүй байсан юмсанжээ. Тэднийх нэг нуурын ойролцоо амьдран суудаг байв гэнэ. Тэдний ойролцоох нууранд үргэлж найман хун шувуу хос хосоороо хөвдөг байжээ. Тэр бүсгүй өглөө бүр нууранд очиж нүүр гараа угаадаг байсан аж. Гэтэл бүсгүй бие нь муудан доройтож гэнэ. Тэгээд нэг өглөө нууранд очих замдаа ойчиж, тэндээ нас нөгчсөн юмсанж. Харин бүсгүйн нас барсан газар нөгөө найман хунгийн нэг нь эргэлдэж байгаад нисэн оджээ. Ингээд нөгөө хун хүүхний нас барсан газар гурван жил дараалан эргэлдэж байхыг хүүхний сэтгэлт залуу нь харсан юмсанж. Харин нэг өдөр бүсгүйн нас нөгчсөн яг тэр газар нөгөө хун шувуу үхсэн байсанд залуу гайхан бодлогошрон суужээ. Түүнээс хойш залуу Нонжгой бүсгүйнхээ сайхан дуулдгийг нь мөнхжүүлэхийн тулд айргийнхаа хутгуурыг аван чавхдас татан хун толгойтой хуур хөгжим бүтээсэн гэдэг. Харин хожим нь тэр гашуудсан хун шувууг дурсан хунгийн толгойтой хуур хийсэн гэдэг.

Энэ бүгдээс үзэхэд, шанаган хуур бол монголчуудын дунд өргөн дэлгэрсэн, түгээмэл хэрэглээний хөгжим байж, тэдний үзэл сэтгэлгээнд гүн шингэсэн хөгжим байсан нь тодорхой байдаг.

Харамсалтай нь өнөөдөр ийм биш байна. Энэ ямар учиртай вэ? Цаг хугацааны шалгуурыг даасангүй юү? Дуурьсах чанар нь гологдов уу? Урлах, бүтээх хүн нь үгүй болов уу? Тоглодог амилуулдаг хүн нь үгүй болов уу? Монгол хүн хуурын аялгуугаар үгээр тоочишгүй олон зүйлийг мэдэрдэг. Энэ аялгуунд шанаган хуурын хөг өнгө дутсаар л байгаа, энэ нь монгол ертөнцтэй биднийг холбодог нэгэн сэжим тасраатай байна гэсэн үг. Тасарсан сэжмийг холбох юмсан. Музейд нойрсогч шанаган хуурыг сэрээх юмсан...

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zovre lioptor
zovre lioptor
2021-07-26 04:00

I do not even know how I ended up right here, however I believed this put up used to be good. I do not recognise who you might be however certainly you are going to a well-known blogger in the event you aren't already 😉 Cheers!

Холбоотой мэдээ

Back to top button