ДЭЛХИЙНийгмийн

Аз жаргалтай гэр бүлийн таван нууц

“Манай гэр бүл бол хамгийн аз жаргалтай нь” гэж итгэл төгс хэлж чаддаг гэр бүлүүдийн хувьд ямар нийтлэг зүйл байгааг эрдэмтэд судлан тогтоожээ. Аз жаргалтай гэр бүлийн хос хоорондоо танилцан, дурлалцаж, нэг гэр бүл болдог.

Хүн болгон л танилцаж, дурлаж, гэрлэдэг боловч, хүн бүр аз жаргалтай гэр бүлийг зохиож чаддаггүй. Зарим нь салж сарнин, зарим нь салахгүй ч гэлээ аз жаргалгүйгээр он жилүүдийг өнгөрөөсөөр л байдаг.

АНУ-ын Канзасын Их Сургуулийн эрдэмтэн профессорууд, сэтгэл зүйчид олон жилийн турш аз жаргалтай байсан гэр бүлүүдийг судалсны үндсэн дээр доорх дүгнэлтүүдийг хийжээ.

НЭГДҮГЭЭР НУУЦ

Оройн хоол

Хамгийн аз жаргалтай гэр бүл хэмээн өөрсдийгөө тооцож явдаг гэр бүлийн баримталдаг нэгдүгээр дүрэм бол оройн хоолыг нэг ширээнд тойрч суугаад хамтдаа идэх. Ширээ нь харин дугуй юм уу зууван хэлбэртэй байвал гэр бүлийн гишүүдийн хооронд үүсэх харилцааг илүү халуун дотно болгож өгдөг ажээ. Ийнхүү ширээгээ тойрон суухдаа тэд өөрт нь тухайн өдөр тохиолдсон хөгжилтэй зүйл, ажил нь ямар байсан, ямар хэцүү асуудал тулгарсан гэх мэтээр өөр өөрт тохиолдсон зүйлээ нээлттэй ярилцаж суух боломж нээгддэг гэжээ. Харин ийнхүү ярилцах үедээ зурагтаа, гар утсаа унтраасан байх шаардлагатай гэнэ шүү. Бас бодох л зүйл. Учир нь, зурагт, гар утас харилцан ярианд анхаарлаа төвлөрүүлэхэд саад болдог ажээ. Хэрвээ гэр бүлийн гишүүнд ямар нэгэн асуудал тулгарсан бол түүний талаар хамтдаа ярилцаж, аливаа шийдэлд хүрэх гэж эрмэлзэнэ. Гэр бүл бол сэтгэл зүйн хувьд “эмчилгээний бичил групп” хэмээн Германы сэтгэл судлаач Берт Хеллингер нэгэнтээ хэлсэн байдаг. Энэ бол маш их нөөц бололцоотой хэрнээ бас хүчирхэг бөгөөд нандин сайхан “групп” юм.    

ХОЁРДУГААР НУУЦ

Ажил эрхлэлт

Гэр бүлийн бүх гишүүд өөрийн гэсэн ажил албатай, дур сонирхолтой зүйл, хоббитой байна гэдэг нь гэр бүлийг аз жаргалтай байлгах бас нэгэн нууц юм байна. Эхнэр, нөхөр хоёр гэхэд өөр, өөрийн гэсэн орлого олдог эх үүсвэртэй байх нь чухал. Гэхдээ олж байгаа орлогын хэмжээ үүнд төдийлөн хамааралгүй байдаг гэнэ.

Угаасаа гэр бүлийн аз жаргалтай байдалд санхүүгийн байдал төдийлөн хамаарахгүй, ерөнхийдөө нэг нь нэгнийхээ “санхүүгийн эрхшээлд” бүрэн ороогүй байх нь харин чухал юм байна. Хамгийн гол нь хүмүүсийн хоорондын харьцаа, нэг нэгийнхээ сонирхолд хүндэтгэлтэй хандах, нэг нэгэнтэйгээ сэтгэл санаагаа хуваалцах хүсэлтэй байх зэрэг асуудал байдаг гэнэ. Хөрөнгө мөнгөөр хоорондоо холбогдсон гэр бүлүүдийн хувьд “мөнгө дуусвал “хайр” ч дуусна” гэсэн бичигдээгүй дүрэм үйлчилдэг байна.

ГУРАВДУГААР НУУЦ

Ганцаардах боломж

Аз жаргалтай гэр бүл хэчнээн жижигхэн байшин, гэрт амьдардаг байлаа ч, гишүүн болгонд өөрийн гэсэн хувийн орон зайг бүрдүүлж өгсөн байдаг. Хүмүүст ганцаараа суугаад юм бодох, эсхүл өөрийнхөө дуртай зүйлийг хийх, хувийн юмсаа хадгалдаг найдвартай газартай байх гээд хувийн орон зай байнга хэрэгтэй байдаг.

Гэр бүлийн хамгийн жижигхэн гишүүнд ч гэсэн энэ орон зай маш чухал байдаг гэнэ. Айл гэрийн эрчүүд ганцаараа хэсэг хугацаанд байх их дуртай байдаг гэнэ шүү. Дээр үед эрчүүд галын дөлийг ширтэн суух дуртай байсан бол орчин үеийн эрчүүдийн хувьд автомат угаалгын машиныг ажиллаж байхад нь ширтээд суух дуртай болсон гэнэ /хэ хэ хэ/. Ташрамд хэлэхэд, зурагтын дэлгэц “гөлрөх объект” болж чаддаггүй, учир нь “мөнхийн” зүйлсийн тухай бодоход логик сэтгэлгээг хариуцдаг тархины зүүн тал унтарсан байх ёстой юм байна.

ДӨРӨВДҮГЭЭР НУУЦ

Хатуу дүрэмгүй байх

Аз жаргалтай хэмээн өөрсдийгөө тооцдог айл гэрт тогтсон хатуу дүрэм, хүн болгонд оногдсон үүрэг хариуцлага гэж хөдөлшгүй зоосон зүйл байдаггүй. Ерөнхийдөө аз жаргалгүй гэр бүлд харилцаа хэдий чинээ муу байна, төдий чинээ олон дүрэм, хоригууд нэг нэгэндээ тавьсан байдаг ажээ. Хэрэв гэр бүлийн гишүүдийн харилцааны үндэс нь итгэл, дотно хөнгөн харьцаа, нэг нэгийгээ жинхэнэ байгаагаар нь “оригоор” нь хайрлахад оршдог ба гэр бүл аяндаа л аз жаргалтай болдог юм байна.

Ямар ч сэдвээр гэрийнхэнтэйгээ чөлөөтэй харьцаж чаддаг, бас хамгийн гол нь Та гэртээ бушуухан харихыг боддог бол танай гэр бүл “аз жаргалтай” гэсэн үг.

ТАВДУГААР НУУЦ

Хуримын бөгжөө зүүдэг

Эхнэр, нөхөр хоёр хуримын бөгжөө байнга зүүдэг бол тэр гэр бүл аз жаргалтай байдаг гэсэн дүгнэлтийг судлаачид хийсэн байна. Ийм гэр бүлд өсөж торнисон хүүхэд эрүүл чийрэг, хөгжил сайтай байдаг бөгөөд үр хүүхдэд нь янз бүрийн азгүйтэл, эвгүй зүйл тохиолдох нь харьцангуй бага байдаг аж. Харин хуримын бөгжөө зүүдэггүй хосууд гэр бүлийн харилцаа холбоондоо бүрэн сэтгэл ханамжтай байж чаддаггүй байгааг илтгэдэг байна.

Тэд өөрийн үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарладаггүй, хүүхдэдээ бүрэн дүүрэн анхаарал хандуулдаггүй байх нь элбэг гэжээ. Хүүхэд энэ бүхнийг мэдэрдэг болохоор дүрсгүйтэх, аав ээжийнхээ үгнээс зөрж зөрүүдлэх зэрэг зан авир гаргаж нэг ёсондоо “өшөөгөө авдаг” байна. Ийм гэр бүлд өсөж, торнисон хүүхэд хичээл сурлага муутай, уур уцаар ихтэй, өвдөмтгий болох магадлал өндөр ажээ.

Бие биенээ хайрлан хүндэлж, аз жаргалтай гэр бүлийг бүтээцгээе!

(Эх сурвалж: sokrsokr.net)

О.АНАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button