ДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГ

Ханхүү Харри түүний гэргий Меган Маркл нар “Netflix”-ийн продюсероор ажиллана

Ханхүү Харри ба Меган Маркл нар өнгөрсөн жилийн намар “Netflix”-тэй хамтран хэд хэдэн төслүүд дээр хамтран ажиллах болсноо олон нийтэд албан ёсоор зарласан билээ. Хосууд “Netflix”-тэй урт хугацааны гэрээ байгуулсан юм.

Энэ ажлынхаа хүрээнд өдгөө 39 настай гүнгийн ахайтан Меган Маркл албан ёсоор “Netflix”-д хүүхэлдэйн шинэ цуврал киноны төсөлд гүйцэтгэх продюсероор ажиллах болсноо (2021.07.14) мэдэгдлээ. Меган энэ тухайгаа түүний нөхөр 36 настай Ханхүү Харритай хамтдаа төлөөлж удирддаг “Archewell Productions” компанийнхаа интернет хуудсанд нийтэлжээ.

Тэрээр шинэ төслийнхөө нэрийг аль хэдийнэ бодож олсон ба “Pearl” (монголоор: “Сувд”) хэмээн нэрлэжээ. Гэр бүлийн гишүүн бүрт зориулан гаргах тус хүүхэлдэйн цуврал киноны гол дүр нь 12 настай “Pearl” гэх баатарлаг охины адал явдалт амьдралын түүхийг өгүүлэх юм байна.

Жаахан охин аль багаасаа өөрийн хүч чадлаа харуулахад суралцан, түүхэн дэх нөлөө бүхий эмэгтэйчүүдийн ололт амжилтуудаас амьдралынхаа эрч хүч, урам зоригийг авдаг тухай үйл явдал ар араасаа өрнөх аж.
Төсөл дээр Меган Марклтай хамт Дэвид Ферниш (“The Rocketman”), Оскарын шагналт Дэн Коган, Каролайн Сопер, Лиз Гарбус болон Аманда Рында хэмээх алдартнууд хамтран продюсероор ажиллахаар болжээ.
“Дэлхийн хэмжээний хүчирхэг “Netflix” платформ бидний “Archewell Productions” болон манай гайхалтай продюсерийн багтай хамтран ажиллаж биширмээр мундаг эмэгтэйчүүдийг алдаршуулсан энэхүү шинэ хүүхэлдэйн киног та бүхэнд хүргэх гэж байгаадаа туйлын баяртай байна. Дэвид Ферниш бид хоёр энэхүү онцгой төслийг олон нийтэд зарлахыг маш их хүсч байсан бөгөөд өнөөдөр үүнийг хийж чадаж байгаадаа баяртай байна”, – хэмээн Меган Маркл ярьсан юм.

Энэхүү төсөл нь Меганд зөвхөн уран бүтээлчээр өөрийгөө танин мэдэх боломжийг нээхээс гадна олон сая америк долларын ашиг авчрах аж. “Таймс” сонинд мэдээлснээр, салбарын хүмүүсийн хэлснээр “Netflix”-тэй хийсэн гэрээгээр Меган эхний жилд 1,85-3,7 сая америк долларын урьдчилгаа авах ба харин төсөл шоу нь цацагдаж гарсны хэмжээгээр ашиг орлого нь бүр ихээр нэмэгдэнэ гэжээ.

Хааны мэргэжилтнүүд Маркл энэ бүхнийг “PR”-ийн төлөө “Netflix”-тэй хамтран ажиллахаар болсон хэмээн дүгнэсэн байна. Тодруулбал, хааны гэр бүлийн шинжээч Даниэла Элзер хэлэхдээ, хоёр дахь хүүхдээ төрүүлээд удаагүй байгаа Харри, Меган нарын хувьд “маркетингийн заль мэхт эргүүлэгнээс хасагдахгүй тулд” тэд хөрөнгө оруулалт авах “чадвартай” нэгэн гэдгээ батлахын тулд үүнийг хийж байна. Тиймээс л Меган продюсероор “ажилд орсон”, – хэмээн Меганг “гутаасан байна”.

Харамсалтай нь, хосуудын “PR” хийх болсон нь сүүлийн үед дэгдээд байгаа “сенсаци”-тай холбоотой гэгдэх болсон. Энэ оны гуравдугаар сард тэд Опра Уинфри (Oprah Winfrey)-гийн ярилцлагын нэвтрүүлэгт зочноор уригдан оролцож, язгууртны өдөр тутмын ахуй амьдрал, хааны гэр бүлийн уур амьсгал, гэрлэлтийнхээ талаар гээд маш өргөн сэдвийн хүрээнд илэн далангүй чөлөөтэй яриа дэлгэсэн нь Дэлхий дахинаа дуулиан шуугиан тариад авсан билээ. Тус ярилцлагаас үүдэн Ханхүү Харри, Меган нар Хатан хааны гэр бүлээс тусдаа амьдрах болж, улмаар Хааны гэр бүлийн санхүүжилтээс хүртэл хасагдаж, ах дүү хамаатнуудтайгаа урьдын адил сайн харилцаатай байх найдвараа алдах дээрээ тулаад байгаа.

Ингээд хосуудын хувьд мөнгө санхүү босгох чадвар нь ерөнхийдөө сайн “PR” бий болгох явдал болсон гэхэд хилсдэхгүй. Тиймээс олон нийт тэднийг сонирхох сонирхол нь буурч эсхүл олон нийтэд “ядаргаатай” санагдаж эхлэвэл хосуудын “үнэ цэнэ” рейтинг нь огцом буурах магадлалтай болоод байгаа.
Одоогоор Ханхүү Харри, ах Уильямтайтай “муудсан” байгаа. Гэсэн ч, тэд Ханхүү Харриг нас барсан эх Диана гүнжийн дурсгалд зориулсан хөшөөний нээлтийн үеэр эх орондоо буцаж ирэх үеэр ах дүүс “эвлэрэх”-ээр шийдсэн гэсэн яриа дэгдээд байна.
Ханхүү Харри, Меган Маркл нарын дундын “Archewell Productions” компани баримтат кино, олон ангит кино, уран сайхны кино, шоу нэвтрүүлэг, хүүхдийн нэвтрүүлэг бэлтгэн гаргахаар төлөвлөж байгаа аж. Энэ талаар “Netflix”-ийн гүйцэтгэх захирал Рид Хастингс есдүгээр сард “CNBC” сувгийн “Squawk Box” сувгаар дамжуулан Меган, Харри нар “Ирэх жил хамгийн сэтгэл татам, хамгийн их үзэгчдийг байлдан дагуулсан бүтээлүүдийг гаргах болно”, – хэмээн урьдчилан хэлж байсан юм.

Үүний зэрэгцээ, “Archewell Productions” компани “Netflix” нар хамтран “Heart of Invictus” (“Ялагдашгүй зүрх сэтгэл”) нэртэй анхны баримтат киноны цувралыг гаргахаар бэлтгэж байгаа юм.
Тус бүтээл нь ирэх 2022 онд Нидерланд улсын Гааг хотноо зохион байгуулагдах “Invictus Games” тэмцээнд оролцох бэлтгэл хийж буй тамирчдад зориулсан бүтээл.
Тэмцээнийг анх Ханхүү Харри 2014 онд санаачилсан бөгөөд зэвсэгт хүчинд зүтгэж байхдаа бэртэл гэмтэл авсан цэргийн алба хаагчид, ахмад дайчдын дунд зохиогддог спортод хэрхэн хүчээ сорьж, авхаалж самбаагаа дайчилдаг болохыг илтгэсэн Паралимпийн наадмын нэгэн тэмцээн уралдаан юм. Энэ тэмцээнд оролцох нь хөгжлийн бэрхшээлтэй болсон цэрэг дайчдад урам зориг өгөх, тэдний амьдралын идэвхийг нь дээшлүүлэхэд чиглэгджээ. Тэмцээнийг жил бүр уламжлан болгон зохион байгуулсаар иржээ. Харри баримтат бүтээлээрээ дамжуулан сангийнхаа үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой ажээ.

Боловсруулсан О.АНАР
(Эх сурвалжууд: wikipedia; okmagazine; spletnik.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button