Хятад улс АНУ-ын хоригийг зөрчиж Иранаас их хэмжээний газрын тос импортлоно


Хятад улс Ираны газрын тосны экспортод тавьсан АНУ-ын хоригийн эсрэг шийдвэр гаргасан нь дэлхийн газрын тосны зах зээл дэх эргэлзээтэй байдлыг гүнзгийрүүлж байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэд хэдэн улсыг Иранаас газрын тос худалдан авах хоригоос чөлөөлсөн шийдвэрээ цуцлана хэмээн мэдэгдсэнийг Бээжин шүүмжилжээ. Хятад болон Энэтхэг улс нь Ираны газрын тос импортлогч хамгийн том орнуудын нэг юм. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ген Шуан хэлэхдээ “Хятадын тал АНУ-ын гаргасан хоригийн шийдвэрийг хэт явцуу гэж харж, тэдний энэ “урт гартай эрх мэдэл”-ийн эсрэг байр суурьтай байна. Бидний Ирантай хийж буй хамтын ажиллагаа ил тод, нээлттэй, хууль ёсны дагуу болж байгаа учраас үүнд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй” гэв. Хятад болон бусад долоон улсын хоригоос чөлөөлөгдсөн хугацаа ирэх тавдугаар сарын 2-нд дуусгавар болно. Трампын сүүлд гаргасан энэ шийдвэрийг зөвхөн Хятад улс ч шүүмжлээгүй. Туркийн гадаад хэргийн сайд Мевлут Кавусоглу “Хэт явцуу энэ хориг хөрш орнуудын харилцаанд нөлөөлж байгаад дургүйцэж байна” хэмээн жиргэсэн юм.

Шинжээчдийн үзэж байгаагаар Хятад болон Турк улс уг хоригоос үүдэж хамгийн том сөрөг үр дагаварыг амсах боломжтой гэжээ.
-АНУ ШИЙДВЭРИЙГ НЬ ДАГААГҮЙ УЛС ОРНУУДАД ЗӨРҮҮЛЭЭД ХОРИГ ТАВИНА ГЭВ-
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Тавдугаар сард зарим улсыг хоригоос чөлөөлсөн хугацаа дуусгавар болсны дараа эдгээр улс Иранаас газрын тос импортлосоор байвал хохирол амсана. Өөрөөр хэлбэл хэрвээ энэ шийдвэрийг дагахгүй бол эдгээр улс орнуудад хориг тавих болно” хэмээн мэдэгджээ. Гэсэн хэдий ч шинжээчдийн хэлж буйгаар Хятад улс Иранаас газрын тос импортлохоо зогсоохгүй гэв.
АНУ-ын мэдэгдлийн дараа Энэтхэг улсаас ямар нэг хариу үйлдэл үзүүлээгүй юм. Гэхдээ өмнө нь Энэтхэгийн Засгийн газраас ямар нэг улсын тавьсан хоригийг дагахгүй, зөвхөн НҮБ-ын шийдвэрийг дагахаа мэдэгдэж байсан билээ.
Иран улс нь Саудын Араб болон Иракийн дараа орох Өмнөд Азийн газрын тосны зах зээлийн гуравдагч том ханган нийлүүлэгч.
Вашингтоны гаргасан шийдвэрийн дараа Америкийн газрын тосны ханш 3 хувиар өсчээ. Мөн брэнт газрын тосны ханш 3.4 хувиар өсч нэг баррель нь 74 ам.доллар хүрсэн нь арваннэгдүгээр сараас хойш өссөн анхны үзүүлэлт. Энэхүү өсөлт цаашид үргэлжлэх хандлагатай байгаа нь газрын тосны үндсэн ханган нийлүүлэгч Венесуэл болон Ливийн асуудал шийдэгдээгүй байгаатай холбоотой юм.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.