НийгмийнСПОРТ

ТАНИЛЦ: Өнөөдөр спортын аль төрөлд Монголоос хэн, хэн олимпод өрсөлдөх вэ

“Токио-2020” олимпын наадамд Монгол Улсын тамирчид хоёр дахь өдрөө өрсөлдөж байна. Спортын 10 төрөлд 43 тамирчнаа сойсон энэ удаагийн олимпын наадамд өчигдөр байт харвааны тамирчин Б.Урантунгалаг, Б.Отгонболд нар цэц сорьсон. Өнөөдөр манай тамирчдаас спортын ямар төрөлд хэн, хэн өрсөлдөхийг сонирхуулъя.

Олимпын наадамд багийн спортын төрлөөр анх удаа өрсөлдөж буй Монголын сагсан бөмбөгчид өнөөдөр хоёр тоглолт хийнэ. Манай багийнхан олимпын анхны тоглолтоо 16.30 минутад Италитай, 20.00 цагт АНУ-ын шигшээ багтай өрсөлдөнө.

Гавьяат дасгалжуулагч С.Тулгын удирдлагад Монголын багийн бүрэлдэхүүнд Б.Солонго, Э.Чимэддолгор, М.Цэрэнлхам, О.Хулан нар багтсан юм.

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг нар барилдана.

B хэсгийг тэргүүлсэн М.Уранцэцэг эхний тойрогт гоц мөргөсөн. Улмаар хоёрдугаар тойрогт Германы Катарина Менз, Чилийн Варгас Лэй нарын ялсантай нь өрсөлдөнө.

Харин Д.Амартүвшин эхний тойрогт Голландын жүдоч Торнике Цикадоятай барилдана. Голланд жүдоч 24 настай. Жүдогийн тэмцээний хэсгийн барилдаан 10.00, медалийн төлөөх барилдаан 16.00 цагт эхэлнэ. Жүдогийн төрөлд монголчууд өнөөдөр олимпын аваргаа өлгийдөх, медаль хүртэх магадлал тун өндөр.

Монгол Улс олимпын наадамд анх удаа өрсөлдөж буй өөр нэг төрөл нь ширээний теннис. Энэ удаагийн олимпийн наадамд анхдагч болж буй тамирчид бол Энхбатын Лхагвасүрэн, Батмөнхийн Болор-Эрдэнэ нар.

Улсын дөрөв, дээд лигийн гурван удаагийн аварга Э.Лхагвасүрэн эхний тойрогт АНУ-ын Кумартай өрсөлдөнө.

ЭНХБАТЫН ЛХАГВАСҮРЭН

Төрсөн он: 1988.08.10

Амжилт:

– D зэрэглэлийн ДАШТ-ий III байр,

– Е зэрэглэлийн ДАШТ-ий I байр,

– Азийн наадмын шилдэг 16,

– Оюутны Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт

– Улсын дөрвөн удаагийн аварга /ганцаарчилсан төрлөөр/,

– Дээд лигийн гурван удаагийн аварга.

Харин Токиогийн олимпод оролцож буй Монголын хамгийн залуу тамирчин, улсын аварга Б.Болор-Эрдэнэ Тунисийн теннисчин Гарситай хүч сорино. Ширээний теннисний тэмцээн 08.00 цагт эхэлнэ.

БАТМӨНХИЙН БОЛОР-ЭРДЭНЭ

Төрсөн он 2002.11.12

Амжилт:

– Азийн зүүн бүсийн АШТ-ий мөнгө,

– Улаанбаатар опен олон улсын тэмцээний аварга,

– Монгол туургатан олон улсын тэмцээний алт, мөнгө,

– Улсын аваргын алт, мөнгө, хүрэл медальтай.

Боксын төрөлд ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга Э.Цэндбаатар эхний тоглолтоо Кенийн тамирчинтай хийнэ. Тэрбээр 10.00 цагт өрсөлдөнө.

Хоёр дахь олимпдоо оролцож буй Э.Цэндбаатар Риогийн олимпод хүрэл медалийн төлөөх тоглолтод ялагдан, V байрт шалгарсан юм.

Өнөөдөр буудлагын эрэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд Э.Даваахүү, эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн дасгалд О.Есүгэн нар цэц сорино.

Буудлагын тэмцээн 07.30 минутад эхэлнэ.

Өнөөдөр Монголын багийн тэмцээний салхийг хагалсан Б.Урантунгалаг, Б.Отгонболд нар өнөөдөр холимог хосын төрөлд цэц сорино. Байт харвааны тэмцээн 08.30 минутад эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button