БАЙР СУУРЬ: Олимпийн дэвжээнд гарахад эрүүл мэнд, сэтгэл зүй гээд бүхнээрээ бэлэн байсан
“Токио-2020” олимпийн наадмын сагсан бөмбөгийн 3х3 төрөлд Гавьяат дасгалжуулагч С.Тулгын удирдлагад Монголын багийн бүрэлдэхүүнд Б.Солонго, Э.Чимэддолгор, М.Цэрэнлхам, О.Хулан нар өрсөлдөнө.
Монголоос зургаан тамирчин Токиог зорьсон ч дүрмийн дагуу дөрвийг нь сонгон, Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ нарыг хассан юм. Улмаар хасагдсан тамирчид өөрсдийн цахим хуудсаар дамжуулан байр сууриа илэрхийллээ.
-Д.ГАНЗУЛ: ОЛИМПИЙН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОХООР БҮХ ЗҮЙЛЭЭ ЗОРИУЛАН, ЗАРИМ ЗҮЙЛСЭЭ ЗОЛИОСЛОН БЭЛТГЭЛЭЭ ХИЙСЭН-
"Анх удаагаа олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож байгаа багийнхандаа томоос том амжилтыг хүсье. Тамирчин хүн болгон бэртэл гэмтлээс хол байхыг хичээдэг. Миний хувьд олимпын бэлтгэлийн явцад хэд хэдэн бэртэл авч, цаг тухай бүрт нь эмчлүүлж ирсэн. Эмчилгээтэй үедээ, бэлтгэлдээ оролцох боломжгүй үедээ очиж багийнхантайгаа байнга хамт байдаг байсан. Багийнхныхаа нэгэн адил би энэ олимпын наадамд амжилттай оролцохоор бүх зүйлээ зориулан, бие сэтгэлээ 100% дайчлан, зарим зүйлсээ золиослон бэлтгэлээ хийж ирсэн. Бэртэл гэмтэлтэй, үнэхээр ур чадвар байхгүй байсан бол эртхэн дүү нартаа зайгаа тавиад өгөх байсан юм.
Олон жил энэ спортоор хичээллэж ирснийх олимпын наадамд оролцохыг чин сэтгэлээсээ хүсч, өнөөдрийг хүртэл хичээж ирсэн. Миний бие олимпын талбайд тоглоход бэртэл гэмтэлгүй, бие сэтгэл зүрхээрээ бэлэн байсан. Эмэгтэй сагсан бөмбөгийн мэргэжлийн анхны клубыг үүсгэн байгуулж, бүх цаг үед итгэлтэйгээр дэмжиж, өнөөдрийн олимпын наадамд Монгол Улс оролцох боломжийг нээж өгсөн бүх ивээн тэтгэгчиддээ талархлаа илэрхийлье. Мөн багийнхандаа өндрөөс өндөр амжилт хүсье. Дүү нар минь зориг зүрхтэй, дайчин тоглоорой” гэв.
-Б.БОЛОР-ЭРДЭНЭ: ОЛИМПИЙН ДЭВЖЭЭНД ГАРАХАД БИ ЭРҮҮЛ МЭНД, СЭТГЭЛ ЗҮЙ ГЭХ МЭТ БҮХИЙ Л ЗҮЙЛЭЭРЭЭ БЭЛЭН БАЙСАН-
"Анх удаагаа олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож байгаа багийнхандаа томоос том амжилтыг хүсье. Сэтгэл зүрхээрээ та нартайгаа хамт шүү. Зурагтаа үзээд дэмжээд сууна аа. Олимпын том дэвжээнээс бэргэлгүй чаддаг бүхнээ гаргаарай. Баяр хөөр, жаргал зовлон бүх л цаг хугацаанд хамтдаа байсан та нарыгаа амжилт гаргана гэж хамгийн ихээр итгэж байна. Мөн 3х3 сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлж, анхны эмэгтэй мэргэжлийн "UB Amazons” клубыг үүсгэн байгуулж, бэлтгэл сургуулилт хийх боломжийг бүрдүүлж, өдийг хүртэлх ялагдал бүхэнтэй минь хамт байж итгэлээ алдалгүй үргэлж дэмжсэн болохоор энэ том амжилтыг гаргахад чухал нөлөө үзүүлсэн ивээн тэтгэгч нартаа чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье.
Миний хувьд олимпын шигшээ багт дуудагдсан эхний өдрөөсөө эхлэн бэлтгэлдээ 100% оролцож хүч хөдөлмөр, сэтгэл зүрх, өөртөө байгаа бүхнээ бүрэн зориулсан гэж бодож байна. Өндөр ачаалалтай бэлтгэл, сэтгэл зүйн уналт, хэцүү бүхнийг даваад гарсан өөрөөрөө бага ч гэсэн бахархсан. Олимпын бэлтгэл дуусахаас өмнө хамраа гэмтээсэн боловч цаг алдалгүй эмчлүүлж, нүүрний хамгаалалтын баг хийлгэн, тоглох боломжийг бүрэн хангасан. Энэ хүртэлх хугацаанд хийсэн бэлтгэлжилт, өөрийн ур чадвар, хуримтлуулсан туршлага, арга барилаа олимпын дэвжээнд гаргахад би эрүүл мэнд, сэтгэл зүй гэх мэт бүхий л зүйлээрээ бэлэн байсан” гэв.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.