ДЭЛХИЙМэдээУЛС ТӨР

АНУ, ОХУ, БНХАУ-ын зөрчилдөөнөөс үүдэж, дэлхийн гуравдугаар дайн дэгдэх үү

Үнэмшиж мэдэхгүй эрин зуунаас айхыг үл мэдэх эрин зуун бий болдог”

Чех Улсын цэргийн тагнуулын алба хүн төрөлхтний өмнө Дэлхийн III дайн дэгдэхэд бэлэн болчихоод байгаа талаар анхааруулсан мэдээллийг тагнуулын албаны вэб хуудсанд нийтэлснийг оросын мэдээллийн агентлаг онцолжээ.

Дэлхийн III дайн АНУ, ОХУ болон БНХАУ гэсэн Дэлхийн гурван агуу гүрнүүдийн хооронд үүссэн зөрчилдөөн, өрсөлдөөний улмаас үүдэлтэйгээр дэгдэнэ хэмээн таамаглал дэвшүүлжээ.

Үүнтэй зэрэгцээд, хүн төрөлхтөн яг энэ цаг мөчид тун чиг “эмзэг”, яг л юу юугүй хагарах гэж байгаа нимгэхээн “хальсан бөмбөлөг” мэт болоод байгаа гэж нийтлэлд дурьджээ.

Ийм зүйрлэлийг Дэлхийн тив болгонд л эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, үймээн самуун дэгдээд эхэлсэнтэй холбон тайлбарлажээ. Тиймээс их тулааны өмнөх, хувьсгалын өмнөх үе шат аль хэдийнээ эхлэчихжээ гэдгийг нотлох мэт.

Орчин үед техник технологийн дэвшил асар хурдацтай явагдаж, нисгэгчгүй дрон, гэрийн үйлчлэгч робот гээд хүн төрөлхтнийг яахын аргагүй шинэ эрин рүү хөтөлж эхэллээ. Шинэ эрин бүхэнд ямар нэгэн золиос заавал гардаг жамтай. 

“Хэрэв хүн гэгч “ухамсарт” амьтан хийсэн үйлдлийнхээ ямар сөрөг үр дагавартай болохыг зөгнөн тааж, үнэлэх боломжгүй болчихвол алдаатай заавар зөвлөгөө, тушаал шийдвэрүүд нь эргээд өөрсдийгөө хөнөөх тийм үйл явц руу хүргэнэ” – гэж шинжээчид дүгнэж байна.

Чехийн тагнуулын байгууллагын тайланд дурьдсанаар дэвшилтэт шинэ техник технологийг зүй бусаар, буруугаар ашиглах нь тун ноцтой аюул, бүр үхэл мөхөл рүү хөтлөнө гэжээ.

Сири, Уулын Карабах гэх зэрэг сөргөлдөөн бол зөвхөн тухайн улсын дотоодын асуудал бус “тогооноосоо хальж”, Дэлхий дахиныг хамарч эхэлснийг бид мэднэ. Тухайлбал, Уулын Карабахад явуулсан цэргийн үйл ажиллагааны үеэр иргэний нисгэгчгүй агаарын төхөөрөмж буюу “dron”-оор дайралт хийж, кибер халдлага үйлдсэн гэх зэргээс дүгнээд үзвэл жирийн хүний хэрэгцээнд ашиглагддаг энгийн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар цэрэг дайны ажиллагааг хянаж, аллага үйлдэхэд хялбар болсныг тод сануулсан “бодит сургамж” болсон. Үүнийг цэргийн шинжээч, мэргэжилтнүүд анхааралдаа авч, басхүү болгоомжилж эхэллээ.

АНУ, ОХУ болон БНХАУ гэх Дэлхийн гурван том гүрний хоорондын өрсөлдөөн улам л хурцдаж байгаа нь дайн дэгдэх хамгийн гол шалтгаан байж болзошгүй талаар цэргийн шинжээчид дахин дахин анхааруулж байна.

Үүнээс гадна, олон улсын эрх зүйн институтуудын хүч нөлөө сулран доройтож, олон нийтийн оюун санааг “удирдах” гэсэн оролдлого ихэсч байгаа нь Дэлхий “хямрах” шалтгааны нэг болж байгаа аж.

Тайланд дурьдснаар, үүссэн асуудал болон зөрчилдөөнийг Дэлхийн улс орнууд энхийн замаар хэлэлцээрийн ширээний ард суугаад шийддэг цаг үе аажим аажмаар алга болж, Дэлхий дахинд тогтсон байсан дэг жаяг үнэхээр эргэлзээ төрүүлэх болоод байгааг дурьджээ.

Та бүхэн санаж байгаа байх. Өнгөрсөн оны аравдугаар сард  БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын өмнөд хэсэгт орших Гуандун муж дахь цэргийн баазаар айлчлах үеэрээ тэнгисийн явган цэргийн дайчдад дайнд бэлэн байхыг уриалж байсан.

Бас нэг зүйлийг сануулахад, энэ оны нэгдүгээр сард Хятад улс зэвсгийн үйлдвэрлэл, борлуулалтаараа АНУ-ын дараа хоёрдугаарт хүч түрэн орж ирэн, манай хойд хөрш ОХУ-ыг гүйцэж түрүүлсэн гэсэн статистик тооцоо ч хүртэл гарсан.

Мөн өнгөрсөн 2020 оны есдүгээр сард АНУ-ын Пентагонаас Хятадын Ардын Чөлөөлөх Арми нь хөлөг онгоц үйлдвэрлэл, дунд тусгалын далавчит ба баллистик пуужин, агаараас хамгаалах нэгдсэн систем гэсэн батлан хамгаалахын үндсэн гурван чиглэлээр АНУ-ын армийг “ардаа орхисон” талаар ч мэдээлж байв.

ОХУ-ын Е.М.Примаковийн нэрэмжит Шинжлэх Ухааны Академийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны үндэсний судалгааны хүрээлэнгийн ерөнхийлөгч Александр Динкин хэлэхдээ, Америк болон Хятадын хоорондын сөргөлдөөн бол коронавируст цар тахлын дараах дэлхийн хамгийн том мөргөлдөөн болох нь тодорхой гэлээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ, “Орос, Хятадын харилцаанд улс төрийн хүч чадлын хувьд “хатуу хязгаар бий”. Тиймээс, энэ нь ОХУ-д АНУ, БНХАУ гэсэн хоёр том гүрний асуудлыг “тэнцвэржүүлэгч” гүрний үүрэг гүйцэтгэх боломжийг олгоно” гэсэн юм.

Өмнө нь, Америкийн “The National Interest” цэргийн сэтгүүлээс ОХУ болон НАТО-г оюун ухааны дайнд оролцох боломжийн талаар дурьдаж байсан.

Тус сэтгүүл нь цэргийн шинжээчдийн дүгнэлт, таамгуудыг нийтэлдэг бөгөөд хэрэв урт хугацааны цэрэг дайны ажиллагаа боллоо гэж бодоход Хойд Атлантын холбоотон улсуудад ашигтайгаар эргэнэ гэсэн дүгнэлтүүдийг шинжээчид хийжээ.Харин нөгөөтэйгүүр, Орос улс Балтийн орнууд руу дайрлаа гэж бодоход үүнд НАТО Москвагийн эсрэг сөрж зогсох боломжгүй гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. хулмасууд яс хаях даа сайн л даа х####х ойродын хооронд яс хаяаад манжид монголыг өгсөн

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button