Энтертайнмент

Цэцгийн зурхай

Цэцэг бүхэнд хүмүүс бидэн шиг өөрийн гэсэн онцлог, өвөрмөц шинж чанар агуулагдаж байдаг байна. Энэхүү онцлогийг нь эртний Друидчууд болон Волх овгийнхон судалж, энэ талаар тодорхой мэдлэгтэй байсан ажээ.

Тиймээс бүгдээрээ энэхүү “баглаа цэцэг”-ийн оньсого мэт гайхамшигт ертөнцөөр хамтдаа аялцгаая.

Хүн – бол энэ хорвоо дээрх хамгийн сайхан “цэцэг” билээ.

Зурхайн цэцгээ та тооны энгийн арифметик аргаар бодож олно. Үүний тулд та өөрийн төрсөн он, сар, өдрийнхөө тоонуудыг хооронд нь нэмж, нийлбэрийг нь л мэдэхэд хангалттай. Хэрвээ төрсөн огнооны тань нийлбэр 9-өөс дээш буюу хоёр оронтой тоо гарвал уг тоог дахин хооронд нь нэмж нэг оронд шилжүүлэн бодно.

Ингэснээр хариу нь 1-9 хүртэлх тооны аль нэг нь гарна гэсэн үг. Жишээн дээр авч үзье. Та 1983 оны 4 дүгээр сарын 23-нд төрсөн бол 1+9+8+3+4+2+3=30=3+0=3 гарна үг. Өөрөөр хэлбэл таны хувийн дугаар 3 гэсэн үг. Ингээд дугаар бүрт тохирох цэцгэн зурхайг уншаад өөрийн “цэцэг”-ийн зурхайн шинж чанар, онцлогийг мэдэж аваарай.

1. Сарнай

Яг “сарнай” цэцэг шиг хурц өргөс мэт таны зан чанар тань бусдыг айлгаж тун магадгүй. Тиймээс бусад хүн таныг санамсаргүй харгис, “хатгамтгай”, увайгүй хүн мэтээр буруугаар ойлгож тун болзошгүй. Үнэн чанартаа бол таны итгэл найдварыг тань нэгэнт олсон хүнд та жинхэнэ тансаг нандин, эмзэг зөөлөн, ялдам сайхан сарнайн дэлбээ мэт ханддаг хүн билээ.

Танд зөвлөхөд: Сарнай эрт нахиалдаг тул “цагаасаа эрт насанд хүрсний” билэг тэмдэг гэж үзэх нь бий. Тиймээс ч та аль бага байхаасаа л үеийнхээсээ арай эрт ухаан сууж, төлөвшин насанд хүрсэн байдаг байх. Та гэртээ юм уу эсвэл ажил дээрээ аль болохоор байнга шинэхэн сарнайн баглаа байлгаж байхыг хичээгээрэй. Энэ нь таныг муу зүйлээс хамгаална.

2. Хумсан цэцэг

Хумсан цэцэг – гоёмсог гал шаргал өнгөтэй, бяцхан дэлбээтэй, эмчилгээний ховор мөн чанартай эмийн ургамал юм. Энэ бяцхан цэцэг сэтгэл санааг тань өргөж, хөгжил баясал, тайвшралыг авчирдаг. Хумсан цэцэг нь дандаа нар дагаж гилжийн ургадаг учраас “нарны сүйт бүсгүй” хэмээн нэрлэгддэг. Яг үүний нэгэн адилаар та амьдралын эдрээтэй урт замыг өөрийн заяаны сайхан ханьтайгаа цаг үргэлж хамтдаа байж, юу ч тохиолдсон толгой дээгүүр бардам алхаж явахдаа дуртай. Та яг хэрэгтэй үед хумсан цэцгийн дэлбээ мэтээр өөрт буй ховор мөн чанараа ил гаргах чадалтай нэгэн.

Танд зөвлөхөд: Та өөрийнхөө заяаны цэцгийг ямагт биедээ ойр авч явахыг бодоорой. Энэ нь таныг бусдын хууран мэхлэлт, атаа жөтөөнөөс авран хамгаалж, хамгийн чухал зүйл болох өөрийн тань гэр бүлийн хардалт сэрдэлт, харамын тань сэтгэлийг бага ч болов намжаахад тус нэмэр болно.

3. Цахилдаг

Цахилдаг нь тогтвортой, ижил хэмжээс бүхий гурван талт цэцэг юм. Голын гурван дэлбээ нь тэнгэр өөд дээш тэмүүлсэн, эгц дээш ургасан байдаг. Харин гаднах 3-н дэлбээ нь гурван тийш дэлбийж, тэгш хэмтэй унжсан байдаг. Үнэн хэрэгтээ “3” гэсэн тооны зохицол ганц цэцэг бол цахилдаг бөгөөд хүмүүсийн хоорондын харилцааны билэг тэмдэг болж өгдөг. Тэгээд ч цэцгийн хэлээр цахилдагийг (“Good news”) “сайн мэдээ” гэж нэрлэдэг нь ч ортой.

Танд зөвлөхөд: Хэрвээ та байнга олон нийттэй харилцдаг ажил эрхлэдэг бол та ажлын өрөөндөө эсвэл орон гэртээ өндөр, нарийхан хэлбэртэй тунгалаг шил юм уу болор саванд байнга 3 ширхэг цахилдаг хийж байлгаарай. Энэ нь таны ажил төрөл амжилттай байхад тань тус болно шүү. Амжилт хүсье!

4. Хонхлой цэцэг

Хонхлой цэцэг бол хавар хамгийн эрт дэлбээгээ нээдэг цэцгүүдийн нэг юм. Хонхлой цэцэг нь нарийн мэдрэмжтэй эрчүүдийг бусдаас ялгарах гоц ялдам тансаг үнэрээрээ өөртөө татдаг гэсэн домогтой бөгөөд жижигхэн хонх мэт хэлбэртэй цагаан өнгийн “хөөрхөн” цэцэг юм. Энэ нь 4 тооны эзний билэгдэл цэцэг бөгөөд энэхүү тооны ордонд мэндэлсэн бүсгүй та ямагт өөрийгөө сайтар шинжиж, шалгасан хүмүүсээр хүрээлүүлэх дуртай хүн бололтой.

Танд зөвлөхөд: Хонхлой цэцэг нь бүтэн жилийн турш биш хэсэгхэн хугацаанд ургадаг тул бүсгүй та өглөө болгон хонхлойн үнэртэй тансаг бэлдмэлээр өөрийгөө арчиж байгаарай. Энэ нь таныг мөрөөдлийнхөө жинэхэн эрийг олж авахад тань туслах бөгөөд улмаар таны өрсөлдөгч бүх л дайсан, хорон муу санаат, атаа жөтөөч хүмүүсийг ялан дийлэхэд тань үнэнч туслагч байх болно. Хонхлой цэцгүүд ээ, зөвхөн урагшаа!

5. Мэлрэг цэцэг

Мэлрэг цэцгийг гал халуун дурлалт хосуудын билэг тэмдэг гэж үздэг. Үнэндээ мэлрэг цэцэг бусад бүх цэцэгнээс илүү сэтгэлд гүн нэвтрэн шингэсэн, хурц өнгөтэй, тод бөгөөд содон үнэртэйгээрээ онцлогтой. Мэлрэг цэцэг нь таван дэлбээтэй бөгөөд 5-ын тоо нь бусад билэгдэл дотроос секс, хүсэл тачаалыг хамгийн ихээр билэгдсэн байдаг.

Танд зөвлөхөд: Тавын тооны эзэн бүсгүй та гэр орон, өрөө тасалгаандаа бяцхан саванд мэлрэг тарих хэрэгтэй бөгөөд мэлрэгийн үнэр агуулсан тансаг үнэртэн буюу сүрчиг түрхэж байх хэрэгтэй. Энэ нь ямар ч саад тотгорыг даван туулахад тусалдаг. Хайр дурлалд ямагт ялан дийлэх нь танд юу юунаас илүү таалагддаг биз. Тиймээс ялалтын төлөө.

6. Алтанзул цэцэг

Зургаагийн тооны эзний цэцэг бол гоолиг гоёмсог алтан зул цэцэг юм. Эртний домогт гардагаар бол алтанзул нь нэгэн үзэсгэлэнт бүсгүйд ухаангүй дурласан ч хайр сэтгэл нь эцэстээ бүтэлгүйтсэн залуу хархүүгийн цус болон нулимснаас үндэслэн ургасан гэж өгүүлдэг. Хэрвээ та төгс биш юм аа гэхэд тогтвортой, хослол төгөлдөр аз жаргалтай сайн сайхан амьдралыг хүсэж мөрөөддөг бол таны хувийн цэцэг үүнд тань тусална шүү. Алтанзул нь мэдрэмжтэй, бие биендээ харилцан хайрлаж дурласан, цөхөршгүй бүхнийг хамтдаа даван туулах агуу үнэнч хайр сэтгэлийн билэгдэл гэж тооцогддог.

Танд зөвлөхөд: Хэрвээ танд алтанзул цэцгийн бяцхан цэцэрлэгт хүрээлэн байхгүй бол түүний нүдэнд үл үзэгдэх тэр гайхамшигт мэдрэмжийг байнга мэдэрч байхыг хүсч байвал цонхон доороо тусгай сагс юм уу модон сав хийгээд түүндээ алтанзул цэцгийг тариарай. Үр дүнг нь л хүлээх үлдлээ. 

7. Цахирмаа цэцэг

Үзэсгэлэн төгс цахирмаа цэцэг бол сэтгэлийн төгс байдал, хослол төгөлдөр бүхний билэгдэл юм. Эр, эм хоёр хүйсийг нэгэн зэрэг төлөөлж чаддаг цэцэг бөгөөд үр жимс, үр удмын илэрхийлэл гэж тооцогддог. Эрт цагт эмэгтэй, эрэгтэй хүний үргүйдлээс сэргийлэхийн тулд цахирмаа цэцэгний боловсорч гүйцсэн үрийг нь иддэг, хоол хүнсэндээ хэрэглэдэг байсан гэх түүхийн баримт бичгүүдэд байдаг ажээ.

Танд зөвлөхөд: Долоогийн тооны эзэн бол бүрэн бүтэн байдал, сэтгэл санааны ариун нандин байдлыг эрхэмлэгч байдаг. Тиймээс долоогийн тооны эзэн бүсгүй та дур сонирхлынхоо журмаар ч болтугай цахирмаа цэцгийг гэртээ тарих хэрэгтэй шүү. Түүний гайхам ялдам үнэр, түүгээр дамжин илрэх үл үзэгдэгч эрч хүч, энерги нь таны сэтгэл санааны төгс төгөлдөр байдлыг тань хангахад тусална. Төгс төгөлдөр бүхнийг мэдэрье!

8. Шиваантиг цэцэг

Хризантема буюу шиваантиг цэцэг нь амьдралын баяр баясгалан, гэгээн саруул өнгө, эрүүл мэнд, урт удаан наслахын билэгдэл цэцэг юм. Түүний дэлбээг хүний бие махбодид шингэсэн хорт муу бодис, муу энергийг гадагшлуулан зайлуулахад хэрэглэдэг бөгөөд үнэрээр анагаах эмчилгээний төрөлд өргөн ашигладаг.

Танд зөвлөхөд: Та амьдралд хүн хүнээс илүүтэйгээр шунан дурлаж хайрладаг бөгөөд хязгааргүйн билэгдэл болсон наймын тооны эзний хувьд шиваантиг цэцгийн гайхам сайхан үнэрийг мэдэрч байхын тулд та дэргэдээ тунгалаг саванд энэхүү шиваантиг цэцгийн баглааг байнга тавьж байгаарай.

9. Цикламен цэцэг

Эртний Ромын нэрт эрдэмтэн Плиний хүмүүст зөвлөхдөө гэрийнхээ эргэн тойронд Цикламен буюу дүрс хувирсан тасалгааны цахирмаа цэцэг ургуулан тавьж байхыг хэлж байж. Учир нь энэ цэцэг хүний хар, цагаан хэл амнаас сэргийлэн хамгаалж байдаг гэж үздэг байна. Харин эртний Грекийн хамгийн эртний, алдартай ургамал судлаач Теофрастын үзэж байснаар бол Цикламен цэцэг нь эрэгтэй, эмэгтэй ямар ч хүний сэрэл мэдрэмжийг сайжруулдаг учир орныхоо дэргэд ийм баглаа цэцэг тавьж байхыг зөвлөдөг байсан гэнэ.

Танд зөвлөхөд: Есийн тооны эзэн бол гайхалтай мэдрэмжтэй, зөн билэгтэй хүмүүс байдаг аж. Тиймээс танд байгалиас заяасан энэхүү онцгой хишгийг улам хурцалж байхын тулд та өөрийнхөө тооны цэцэгний өнгө үзэмж, үнэр болон гайхамшигт “ид шид”-ийг ямагт мэдэрч байхыг хичээгээрэй.

(Эх сурвалж: yoki.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button