НийгмийнСурвалжилга, НийтлэлЭнтертайнмент

ЯПОН ДАХЬ МОНГОЛЧУУД 05 | “Япон дэг - Монгол бэр”

Шимомүрасан Японоос гаруутаа Сибирийн холбооны тойрог дахь Улаан-Үдийг зорин галт тэргээр довтолгоно. Японы хурдан галт тэрэгтэй харьцуулахад тав тух, үйлчилгээ, хурдны хувьд базаахгүй ч адал явдалд дуртай нэгэнд харин эсрэгээрээ таатай. Ялангуяа үүргэвчээ үүрээд дэлхийгээр аялах дуртай Шимомүрасанд зовлон биш. 1990 оны эх гэхээр Орос-Монголыг холбосон галт тэрэг одоогийнхоос илүү “хатуу” байсан нь лавтай. Бээжингээс хурдалсан галт тэрэг хятадын орчин үеийн хотыг ардаа орхин хөдөөний тариачдын сууц болох шавар байшин, тариалангийн талбай жирэлзэн өнгөрөх их газраар дайраад Орос маягийн байшин барилгатай Улаанбаатар хотод хүрэв. Шимомүрасанд эгэл даруухан энэ хотод бууж үзэх хүсэл төрлөө. Адал явдалд дурлагч хүнд Улаанбаатарт үдлээд буцах нь татгалзахын аргагүй боломж. Олон жил шинжлэх ухааны чиглэлд толгой гашилган байж, Физикч мэргэжил эзэмшсэн энэ Япон залуу Монгол хэл мэдэхгүй, Монголын талаар нарийн төсөөлөл үгүй ч Улаанбаатар өртөөнөө анх удаа хөл тавих нь тэр.

Өндөр дэг жаяг, ёс суртахуун, алхам тутамд мөрдөх мөрдлөгүүд, өндөр барилга, хээнцэр сайхан сүм дугана, цэмцийтэл цэвэрлэсэн нов ногоон цэцэрлэгт хүрээлэнгүүдтэй өөрийн улстай харьцуулахад хөгжил бага боловч түүнээс илүү эв эгэл амьдрал, амь нэгтэй халуун дотно хүмүүс, жилийн дөрвөн улиралтай ширүүн уур амьсгалд торох юмгүй дасан зохицох тэдний ахуйд илүү татагдах шиг болно.

Шимомүрасан Улаанбаатарт хоёр, гурав хоноглох нь тодорхой болсон тул зочид буудал хайхаар өртөөний зүг алхлаа. “Guide book”-ээс хэдэн Монгол үг хазгай муруй ч болов дуудаж сурсан нь “Сайн байна уу, зочид буудал хаана байдаг юм бэ” гэсэн хоёр өгүүлбэр байв. Буруу зөрүү хэлэх асуултанд нь төвөгшөөлгүй хариулаад өгчих хүн хайн, эргэн тойрноо ажвал нүдэнд дулаахан нэг эмээ холгүйхэн сууж харагдлаа. Дэргэд нь очоод өнөөх хоёр өгүүлбэрээ ч хэлсэн юмгүй, шууд л эмээ рүү номоо сарвайв. Эмээ нүдээ гурвалжилж нэг, дөрвөлжилж нэг номыг харснаа Шимомүрсан руу гараараа даллах шиг болоод нэг газар руу үг дуугүй, ум хумгүй л дагуулаад алхаж эхэллээ. “Ашгүй нэг зочид буудлын бараа харах нь ээ...”

Алхаад л байлаа, алхаад л байлаа. Тэгснээ зочид буудал гэмээргүй, гаднах төрх байдлыг нь ажвал сургууль соёлын газар гэмээр хуучны барилга руу яваад орчихов. Үүдэнд нь суугаа жижүүр ч тэр хоёрыг тоосонгүй. “Хөөх, хичээл орж байгаа сургууль руу гадны хүн шууд оруулчихлаа шүү дээ” гэж гайхширч дуусаагүй байтал эмээ бүр анги ангийн хаалгыг татаж, шагайгаад эхлэх нь тэр. Японд ийм зүйлийг харах бараг л боломжгүй билээ. Эмээ эхнээс нь бүх ангийн хаалгыг татаж явсаар ашгүй нэг зөв газраа ирэх шиг зогсознов. Хаалгаар шагайн ганц хоёр үг хэлснээ эргэж хараад Шимомүрасан руу “одоохон” гэх шиг толгой дохилоо. Төд удалгүй ангиас нэг эмэгтэй хүүхэд гараад ирэв. Охин Шимомүрасан руу харж, хэсэг сонсож байснаа нүдээ хэд хэд эргэлдүүлээд буцаад орчихов. Юу болоод байгааг төдийлөн ойлгож төвдөхгүй хэвээр л... Ангийн хаалга ахиад л нээгдэж дахиад нэг эмэгтэй гарч ирлээ. Харин энэ удаа гарч ирсэн бүсгүйгээс яагаад ч юм гэрэл цацарч байх нь тэр. Алмайрч орхисон Шимомүрасан өөрийн эрхгүй тэр бүсгүйн үзэсгэлэн гоод татагдах мэт, ойлгомжгүй жигтэй мэдрэмжүүдэд эзлэгдэв. Япон эр зочид буудал хайж яваагаа учирлахаар үгээ нэг нэгээр нь зөөн, аяар зөөлөн, аль болох ойлгомжтой хэлэх гэж хичээвэл тэр бүсгүй урдаас нь эгээ л Япон хүн шиг хүндэтгэл дүүрэн үг яриагаар угтан ярив. Залуу тэгээд л шууд дурлачихав.

ТЭР БҮСГҮЙ

...Хандаа аавынхаа ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан гадаад хэлийг сонирхон суралцах боллоо. Аав нь “Гадаадын мэргэжилтэнд үйлчлэх газар”-т ажилладаг тул үргэлж л гадаад улсын иргэдтэй харилцаа холбоотой. Гэр нь яг л Улаанбаатарын төвд, 50 мянгатын байранд тул албан ажлаар Монголд ирсэн гадаадынхантай хамт өссөн гэж хэлж болохоор. Сургуульд орсны дараа нүүсэн байр нь мөн л гадныхан олноор амьдардаг байр байв. Хөрш айл нь ЖАЙКА-ийн шугамаар ирсэн Япон бүсгүй бөгөөд түүнтэй яг л эх хэлээрээ ярьж буй мэтээр ойлголцох хүсэл бяцхан охин тээнэ. Энэ олон давхцалуудаас Хандаа Япон хэл сурахаар шийдэж, Багшийн сургуульд элсэн орлоо. Тухайн үед Япон хэлний багш ч ховор, хааяадаа бүр хичээл орох багш олдохгүй, ангидаа бие даан хичээлээ давтаж суугаад харих үе ч бишгүй таарна. Гэхдээ суръя гэсэн хүнд энэ шалтаг бишээ. Сургуульдаа сууриа тавиулсан охин ЖАЙКА-ийн Япон бүсгүйтэй ойр зуурхан ярилцаж эхлэв, удалгүй GTB нэртэй жуулчны компанид хөтөч хийж хэлний дөртэй болоод авлаа. Сургуулиа төгсөөд шууд л их сургуульд япон хэл заах болов. Япон хэл нь төгс биш ч жуулчидтай явахдаа, хүүхдүүдэд хичээл заахдаа ч өөрөө хамт суралцсаар байв.

Ийм л нэг хичээлийн өдөр хаалгаар нь өнөөх эмээ шагайсан хэрэг.

Эмээ охиныхоо нэрийг хэлээд “Уулзаж болох уу, багшаа” гэлээ. Оюутан охин хаалгаар гарснаа төд удалгүй буцаж ирээд “Багшаа, нэг япон хүн юм асуугаад байна. Та яриад өгөөч” гээд ичингүйрэн Хандаа руу инээмсэглэв. Гараад очвол эмээ, нэг Япон хүнтэй хамт зогсож байна. Эмээ хөөрхий, энэ залууг Япон хэл мэддэг хүнтэй л уулзуулаад өгчих санаатай, ач охиноо зорин иржээ. Хандаагийн багшилдаг сургууль Улаанбаатар өртөөний хойхонтоо, Төмөр замын сургууль орчимд байдаг тул өртөөнөөс нааш алхахад холгүй. Япон хэл дөнгөж сурч эхэлсэн ач охин нь Шимомүрасангийн яриаг ойлгоогүй тул багшаасаа тусламж авахаар анги руу эргэн оржээ. Ингэж л алс холын Япон орны залуу Шимомүрасан тэр бүсгүйтэй эртний ч юмуу, энэ насны ч юмуу хувь ерөөлөөр учирлаа.

“МОТЭЛ”

Хичээл дууслаа. Хаалганы завсраар хэдхэн минутын өмнө танилцсан мөнөөх Япон залуу хүлээж суугаа нь Хандаад харагдав. Угаас таних мэдэх хүнгүй, хэл усыг нь мэдэхгүй Шимомүрасан, Япон жуулчдад хөтөч хийж дадсан Хандаа хоёр бие биедээ аргагүй тус хүргэх хүмүүс болж таарлаа. “Та хоёр гуравхан хонох юм бол манай нэг өрөөнд байж болно шүү.” гэж хэлэхэд япон залуу ихэд талархав.

....Аав ээждээ учир байдлыг хэлээд, өрөөгөө янзалж дууссаны дараа Шимомүрасанг орууллаа. Өглөө босоход нь Хандаа нэг аяга кофе, маслотой шарсан талх нэгийг өндөгтэй “поднос” дээр тавиад өрөөнд нь хүргэж өгнө. Өөрөө түүнийгээ “Манай мотэлийн үйлчилгээ” гэж хошигнон, аав ээждээ ярина. Ийм үйлчилгээ үзүүлж, гэрээр хонуулсныхаа төлөө өдөртөө 5 доллар авав. 1990 оны эхээр 5 доллар гэдэг шаггүй их мөнгө. Шимомүрасан мөнөөх гэрэл цацруулдаг бүсгүйнхээ гараас өглөөний цай авахдаа баахан догдолж, баярлалаа, баярлалаа, баярлалаа гэсээр бөхөлзөж тонголзсоор гаргана. Харин Хандаа аав ээжтэйгээ сүүтэй цай, талхаа идэн энгийн сайхан цайлна. Зочиндоо өглөөний тусгай үйлчилгээ үзүүлж байгаа гурав сэтгэл тэнэгэр, инээлдэн суух нь жаргалтай.

Тэгэсхийгээд Хандаа хичээлээ заахаар гэрээс гарч явна. Энэ үед Шимомүрасан ч гэрээс гарч Улаанбаатар орчмоор ойр зуур явж, төөрчихгүйхэн гэртээ ирэх гэж хичээнэ. Хандаагийн аав ээж хоёр насаараа л гадаад хүмүүстэй харилцаад сурчихсан улс тул биеэ барьж, түүнийг элдэв байдалд оруулахгүй. Эсрэгээрээ Хандаагийн ээж бүр санаачилгыг гартаа авч, хэл ойлголцохгүй ч Шимомүрасанг дагуулаад баахан гадуур явна, Гандан хүртэл оруулж үзүүлсэн байв. “Хүн л болсон хойно гар хөлөөрөө ч болов дохиод ойлголцоно шүү дээ” гээд тэд хэзээний найзууд шиг инээлдэнэ. Өдөржин хамт гадуур явсан хоёр орой нь Хандааг ирэхэд л нэг орчуулуулга хийлгэн байж бүрэн бүтэн ярилцана.

Ингэсээр гурав хоног өнгөрлөө. Шимомүрасан Улаанбаатар өртөөнөөс Улаан-Үд орох галт тэргэнд суун Монгол орныг, нууцхан дурласан бүсгүйгээ, хэдхэн хоносон ч сэтгэлд дэндүү ойр санагдах болсон энэ хотыг орхин одлоо...

УРИЛГАГҮЙ ЗОЧИН

Хаалганы түгжээ дуугарч анир чимээгүй байдлыг эвдэв. Толгой дээгүүр нь нарны гэрэл туссан аз жаргалтай залуухан хос хоёр ачаа бараагаа өргөж ядан хаалгаар орж ирлээ. Шимомүрасан “Тадаима” (би ирлээ. сурв) гэж гэр дотор байгаа хүмүүст “дуу өгвөл” хариу өгсөнгүй. Хүнгүй байгаа бололтой. Гутлаа тайлаад дотогш орлоо. Гэтэл үгүй шүү. Шимомүрасангийн аав том өрөөндөө, япон маягийн жижигхэн ширээний ард гэрийн эзэн байртай тухтайхан завилан сууж харагдана. “Сайн уу?” гэж мэндэлснээс өөр бусдаар ахиж юу ч дуугарсангүй. Хандаа руу эгцэлж ч харсангүй.. Ээж нь гал тогооны өрөөнд байгаа бололтой, аяга шаазан харшуулна. Гэвч нэг ч үг дуугарч, царайгаа ч харуулсангүй удаж цөхөв.

“Хөөх, Монгол хүн холоос хүү нь бүтэн жил яваад, гэртээ ирвэл хаалгаар орж ирүүт нь л “Өө миний хүү ирэв үү” гэж угтаад духыг нь үнэрлэх байсан даа” гэж Хандаа төсөөлөн бодов. Ихэд санагалзсан дүртэй биш юмаа гэхэд энүүхэндэх дэлгүүр яваад ирсэн юм шиг л аав, ээж нь үл тооно. Монголчууд шиг “Хүн ирлээ, цайгаа барь, талх боорцогоо тавь” гэдэггүй аж. Хандаа хааш очиж яахаа мэдэхгүй дэмий түгдчин зогсоно. Орж ирүүтээ л хичээнгүйлэн, хүндэтгэлтэйгээр мэндэлсэн ч халуун дулаан уур амьсгал бүрдсэнгүй.. Эгээ л хий үзэгдэл мэт хачин мэдрэмж төрөхөд нь Шимомүрасан сая нэг “За ийшээ суугаарай” гэж амьд гэдгийг нь сануулах шиг болов. Залуу бүсгүй дурлалт залуугийнхаа заасан суудалд сууж болох үгүйгээ ч мэдэхгүй, айж сандарсан байлаа.

Энэ үед ээж гал тогооны өрөөнөөс орж ирлээ. Тэгснээ л Хандаагийн мэдэх Япон хэлээс арай өөр, өвөрмөц аялагаар тэр эмэгтэй урсгаж эхлэв. “Чи энэ хүнийг яах гэж дагуулж ирээ вэ, би чамайг ганцаараа ир гэж хэлсэн. Монгол гэж ямар улс юм, би соёлыг нь мэдэхгүй, би гадны хүн хүлээж авахгүй” гэх үгс орж гаран, орж гаран ойлгогдоно. Японы Киотогийн аялга нэлээд өөр учраас Хандаагийн мэддэг Япон хэл энд “юу ч биш” болж хувирлаа. Гэвч одоо хэр нь мартагдахгүй, тийм өр зүрх сийчим үгсийг тэгэхэд сонссон учир анх удаа Хандаа “Япон хэл мэддэггүй байсан ч болоосой” гэж чин сэтгэлээсээ аминчлан хүссэн билээ.

КИОТОГИЙН ХАДАМ

Киото 1000 гаруй жил Япон улсын нийслэл байсан түүхтэй. 1000 жилийн өмнөх яг тэр ахуй, хүн хоорондын харилцаа, уламжлал, соёл нь алхам тутамд нэвт шувт ханхалдаг гэж хэлж болохоор. Олон зуун жилийн түүхтэй сүм дугана, дэлхийн өвд бүртгэгдсэн гайхамшигууд, өдөр тутамдаа үндэсний хувцасаа өмсөх ард иргэд, гудамжаар алхах гэйша нар гээд Японы уламжлалт биет болон биет бус соёлууд энд бий. Дэлхийн II дайны үед АНУ Япон улсад агаарын цохилт үзүүлж байхдаа ч Киотогийн хэдэн мянган жилийн түүхтэй өв соёлд халдалгүй, энх тайван үлдээсэн гэлцдэг. Японы олон үеийн хаад энэ нутагт амьдарч байсан учир эзэн хаантай нэг нутагт амьдардаг ард иргэд ч өөрсдийгөө өв соёлоо тээгчид гэж үзэн бахархах, нэг ёсондоо элитүүд хэмээн өөрсдийгөө өргөмжлөх нь бий. Киотогийн хүмүүс Токиогийнхныг дэндүү замбараагүй, соёлгүй, уламжлалаа мартсан гэж шүүмжилнэ. Эсрэгээрээ Токиогийнхон Киотогийн хүмүүсийг Японы хуучны үзэл баримтлал нэвт шингэсэн, дэндүү хатуу, хүйтэн хөндий хүмүүс гэх нь ч бий. Киото дотроо Фүшими хот бол ялангуяа бүр ч хуучинсаг үзэлтэй хүмүүстэй гэдгээрээ алдартай. Гадаадын иргэн байтугай Токиогийнхонтой ураг төрөл барилдахад ч таагүй ханддаг гэлцэнэ. Яг л тэр хүмүүстэй нь Хандаа учирчээ. Анх удаа уулзахад л гадны хүн гэсэн байдлаар хандаж ирсэн хадам ээжийн хатуу ширүүн ёс жаягт дасахад хэцүү мэт санагдана, Хандааг хааш нь ч хөдөлж чадахгүй болтол нь хүлчих шиг болов. Хайртай гэж бие биедээ хэлсэн хоёр залуухан, дэвэргэн сэтгэлтэй хос хамтдаа байя гэж сэтгэл шулуудан хөтлөлцсөн ч цаашдынх нь замд юу тохиохыг хараахан төсөөлж амжаагүй байж.

МОНГОЛД НЭГ ЖИЛ

Шимомүрасан Улаан-Үдэд төлөвлөсөн ажлаа амжуулсныхаа дараа Монгол буцахаар шийдлээ. Энэ удаа тэр Монголд бүр нэгээс хоёр жил болох хүсэлтэй байгаагаа Хандаа бүсгүйд илэрхийлж, тун удалгүй 13 дугаар хороололд өөрийн гэсэн байр түрээслэн суув. Энэ үед хоёр залуу бие биедээ халдаж, хайр дурлалын үг хэлэхгүй, анд нөхрийн харилцаагаар хүндэтгэн хандана. Шимомүрасан өнөөх л сониуч зангаараа Монголчуудын тухай илүү ихийг мэдэхийг хүсэж, нүүдэлчин байсан ардын сэтгэлийн гүний гүнд юу нуугдаж байгааг хайна.

Гэхдээ амьдарч байгаагаас л хойш хоол унд, байр сууц, унаа тэрэгний зардалд аргагүйдэж Шимомүрасан ажил хийх хэрэгтэй боллоо. Физикч мэргэжилтэй, Монгол хэлгүй Япон хүнд ажил олдоно гэдэг тун бэрх ээ. Ийм үед нь Хандаа ахиад л тус хүргэж, Багшийн их сургуульд Япон хэлний багш найзтайгаа хэлэлцэж тохирсноор Шимомүрасан Япон хэлний багш болох нь тэр. Угийн хөдөлгөөнтэй, сэргэлэн Шимомүрасан хэсэгхэн хугацааны дараа гэхэд л хүүхдүүдийн аав ээжтэй нь танилцан нөхөрлөж, Япон хэл нэмэлтээр зааж өгснийхөө төлбөрт эргүүлэн орос хэл, монгол хэл зэргийг гэрээрээ заалган суралцаж эхлэв. Нэг мэдэхэд л Шимомүрасан “Учиртай гурван толгой” романыг уншиж дуусгаад, Хандаатай Япон хэлээс илүүтэй Монгол хэлээр ярьдаг болсон байлаа.

Удалгүй Хандаагийн ээжийн бие базаахгүй өдрүүд эхлэв. Хэл усгүй, хэнийг ч танихгүй ганц залуу анх ирэхэд нь эхийн сэтгэлээр хандаж, гараас нь хөтлөөд гадуур дагуулж явсан хүн нь хэвтэрт орсныг сонсоод Шимомүрасан ойр ойрхон эргэж тойрно. Тэр өдөр Шимомүрасан хөдөө гарах болж, Хандаагийн ааваас дулаахан дээлийг нь зээлэхээр тэднийхээр ороод гарав. Гэрт хэсэг азнаж, аав ээжтэй нь ойр зуур яриа өрнүүлж байгаад гарахаар үүд рүү дөхлөө. Хандаа үдэж өгөхөөр араас нь ирэв. Хаалганы хажууханд Шимомүрасан хэсэг аниргүй зогслоо. Тэгснээ гэнэт л “Хандаа, би чамд хайртай” гэж хэлчихээд бушуухан гүйгээд гарчих нь тэр.

Хандаа шууд л ээжийнхээ өрөө рүү гүйлээ. Замдаа “Үгүй, би буруу дуулаагүй байгаа даа. Япон хэлийг нь буруу сонсчихсон юм болов уу, зөв үү, буруу юу” гэж өөрөөсөө асууна. Хандаа ээжийнхээ орны дэргэд борхирч суугаад “Ээжээ, энэ Япон хүн сая надад хайртай гэж хэлэх шиг боллоо” гэж нүдээ бүлтийлгэн хэлэв. “Миний охинд хань болох л хүн бол гадаад, дотоод гэж ялгалгүй сонгоорой” гэж ээж нь хэзээний л мэдчихсэн шиг нам дуугаар, тайвуухан хариуллаа. Шимомүрасангийн гэнэтийн үг, ээжийнх нь тайван байдал Хандаагийн гайхшралыг төрүүлнэ. Үүдний дэргэд аавынх нь дээлийг барьчихсан зогсоо Шимомүрасан, түүний “Би чамд хайртай” гэж хэлж байгаа дүр зураг байн байн толгойд нь орж ирэн, догдолно. Тэр шөнө нойр нь хүрсэнгүй.

Энэ өдрөөс хэдхэн хоногийн дараа Хандаагийн ээж бурхны оронд буцаж, буяны номонд мөнхөрлөө. Айлын бага хүүхэд болохоор эрх танхи өссөн Хандаад ээжгүй орчлонгийн тэнгэр газар хөмөрчих шиг. Ертөнц дээр орь ганцаар үлдчихсэн мэт, уушиг цээж нь хоосон хөндийгөөр “дүүрэв”. Ямар их ганцаардана вэ....

...бурхан зүг залсан эхийн хөргийн урд Хандаа сууж байв. Хаалга онгойж гаднаас Шимомүрасан орж ирлээ. Даанч харамсалтай мэдээ дуулуутаа яарч сандран ирсэн нь энэ байв. Шимомүрасан бурхан болооч ээжийн зургийн өмнө сөхөрч суугаад эгээ л төрсөн хүү нь мэт гашуудан уйлна. Хандаа байтугай гэр дотор байгаа бүх л хүн гайхан харж, шивэр авир хийлдэнэ. Ямар ч удаан, яасан ч их уйлав Шимомүрасан. Буяны ажилд ирсэн хүмүүс түүнийг энэ айлын хүү л гэж бодохоор байв. “Япон хүмүүсийг хүйтэн сэтгэлтэй гэж ярьдаг шүү дээ. Энэ хүн харин сайхан сэтгэлтэй байж магадгүй юм байна” гэсэн бодол Хандаагийн толгойд зурсхийв. Тэр өдөр Шимомүрасан ээжийн “газар” руу явж шорооны ажил хийхээс эхлээд, буян номын бүх ажилд аав, ахынх нь хамт гар бие оролцлоо. Харь элгийн, харь орны ийм нэг залуу юунаас ч цэрвэж, сэжиглэлгүй бүгдэд оролцон, ажил явдал тавтай сайхан болж өнгөрөв.

Орчлонд орь ганцаараа үлдчихсэн мэт ганьхирч байх энэ үед Хандаад Шимомүрасан хамгийн их хань болж байлаа. Залуус ингэж л бие биетэйгээ илүү ойр болж, удалгүй үерхэж нөхөрлөх болов. Шимомүрасангийн “Хайртай” гэж хэлсэн тэр үгийг ээждээ дамжуулж хэлсэндээ Хандаа ихэд баярлана. Охиныхоо ирээдүйн хань ижлийг нь харж, мэдсэн дээ гэж бодоход дотор нь бага ч атугай онгойно.

Шимомүрасан Хандааг Япон авч явж, аав ээжтэйгээ танилцуулна гэдгээ ч хэллээ. Бие биедээ хайртай хос залуус хөтлөлцөөд шинэ амьдрал эхлүүлнэ гэж шийдсэн нь тэр. Хандаагийн аав ч гадаад хүн гэж дургүйцсэнгүй. “Миний охин энэ тэнгэрт нисэж байгаа шувуу шиг л эрх чөлөөтэй амьдраарай” гэж Малала охины аав охиндоо хэлдэг шиг өөрийнхөө, дураар амьдраарай гэж зоригжуулан, итгэв.

Шимомүрасан Киото дахь гэр рүүгээ “утас цохилоо”. Утасны цаанаас “Монгол хүнтэй суулгахгүй. Ганцаараа л буцаж ирээрэй” гэж хэлээд тасалчихав...

КИОТОГИЙН ГЭРТ ӨНГӨРҮҮЛСЭН 10 ӨДӨР

Холоос ирсэн улсыг арай л хөөж гаргасангүй. Ил цагаан дуугүй сууцгааж байснаа ашгүй бид өрөөндөө орж хувцас хунараа солихоор болов. Оройн хоолны цаг болоход ахин тэдэнтэй нэг ширээнд сууж нүүрэлдэх нь тун тоогүй. Гэвч яалтай. Ширээ тойрон суух үед хадмууд Хандаад илт дургүйлхэж буйгаа илэрхийлэхгүй ч эвгүй асуултуудаар зиндаархана. Киотогийн соёл, үзэсгэлэнт байгалиас илүү сайхан газар үгүй гэж тэд бодно. “Монгол гэж хаана байдаг, тэгээд ямар соёлтой, байшин гэж байдаг уу, ер нь машин байгаа юу” гэх зэргээр асууна. “Монгол улс маань нүүдлийн соёл иргэншилтэй ч хот суурин газартай, хөгжил цэцэглэлт ид өрнөж буй, үйлдвэр хоршоотой, хот газрын соёл танай эндэхтэй яг адил, хөдөө газар нь ийм байдаг” гээд Хандаа тайлбарлана. Гэвч тэд таниж мэдэхээсээ илүүтэй, дургүйлхэж буйгаа илэрхийлэхдээ л асуулт тавьж буй нь илт.

Аав бол аливааг тунгааж боддог, ярихаас илүүтэй үе үе хоолойгоо засангаа сонсож суух нь элбэг. Их сайн хүн гэж Хандаа дотроо өмөөрнө. Ээж нь эсрэгээрээ. Үгэн сумаар үргэлж шархлуулж байх нь хэцүү. Гэвч залуу хос өөрсдийн гэсэн орон байр олж гартлаа 10 өдөр Киотогийн гэрт үлдэхээс өөр замгүй. Энэ хооронд Хандаа гэртээ ээжийнхээ угаалга цэвэрлэгээ, хоол ундны ажлуудад туслахаар очино. Дэргэд нь очиж зогсохоос ч зүрхшээх боловч уртаа амьсгаа аваад өрөөнөөсөө гарна. “Танд яаж туслах вэ” гэвэл тоож ч харахгүй “Зүгээр, зүгээр, зүгээр” гэж төвөгшөөнгүй хариулна. Угаасан хувцас хатааж байхад нь гүйгээд очихоор “Зүгээр, зүгээр, зүгээр” л гэнэ. Гэхдээ “зүгээр” гэдэг нь бас ч яг зүгээр гэсэн үг биш болохыг хожим нь Хандаа мэдлээ. Шимомүрасанд ээж нь “Олон хүний хоол хийх хэцүү, өөр соёлтой хүмүүст юу хэлж, яаж ярихаа мэдэхгүй, тайван амьдарч чадахгүй байна” гэж хэлж байхыг нь сонсчихов. Үнэн, үнэн. Настай хүн ядарч, стрессдэж байгаадаа гэж Хандаа бас л өмөөрөнгүй бодож, өөрийгөө буруутгана.

Нэг өдөр Шимомүрасан байр, ажлаа хайхаар бас л гараад явлаа. Түүнийг гараад явахад л байх суух газар олдохгүй, цаг хугацаа яг зогсчихно. Дур мэдээд цэвэрлэгээ хийе гэвч хүрч болох, болохгүй эд зүйлд нь хүрч дургүйг нь хүргэвэл яана гэсэн айдас цээжийг нь балбана. Харин Шимомүрасанг гэртээ ирсний дараа мөнөөх цаг ёстой хоржоонтойгоор хурдан эргэлдэнэ. Тэр орой Шимомүрасанд ээж нь нэг л бухимдангуй хандаад л, уурлаад байгааг Хандаа анзаарлаа. Бодоод байхад ээж нь өдөржингөө л Хандаад таагүй хандсан санагдана. Юу буруу хийснээ бодоод олсонгүй. Шимомүрасан өрөөндөө орсныхоо дараа Хандаад “Ариун цэврийн өрөөний углаашаа гарахдаа бэлдээд тавьж байхыг хичээгээрэй” гэж эелдэгээр тайлбарлан хэлэв. Толгойнд ёнк хийтэл ариун цэврийн өрөөний хоёр углааш төсөөлөгдөв. Гарахдаа тайлсан тэр чигт нь үлдээчихсэн гэдгээ санаж, өөрийгөө баахан буруутгалаа. Ай, ахиад л алдаа гаргачихлаа.

Япон айлууд ихэвчлэн ариун цэврийн өрөөндөө тусдаа гэрийн углааш бэлдэж тавина. Ариун цэврийн өрөөний шал янз бүрийн бактеритэй байх магадлалтай гэж үзэн тэр углааштайгаа гэр дотор алхах нь бүдүүлэг. Энэ углаашийг гарахдаа тайлж тавиад, эргүүлж харуулан нийлүүлээд, дараагийн хүн орж ирээд шууд өмсөхөд бэлдэж тавих учиртай. Энэ ажлыг Хандаа мартжээ. Тиймээс л ээж өдөржин бухимдаж явсан байх нь...

Дараа нэг өдөр мөн л ариун цэврийн өрөөтэй холбоотой асуудал гарав. Ээж Хандааг дуудаад ариун цэврийн өрөөний суултуурын тагийг хаахын оронд онгорхой орхиж байхыг сануулав. Агаарт нян бактери нь дэгдэхээс зайлсхийж хаах ёстой биш үү гэж гайхангуй асуувал “Эрэгтэй хүн ариун цэврийн өрөөнд ороод шууд хэрэглэхэд бид бэлдэж өгч, тагийг нээлттэй үлдээх ёстой” гэлээ. Эдний гэрийн соёл уу, Киотогийн соёл уу бүү мэд. Дэлхийн соёлоос яг эсрэгээрээ энэ хандлагыг Хандаа зөвхөн хадмынхаа гэрт л ийн үзсэн билээ.

Дөрөв, тав хоног өнгөрч хадмууд ойр зуур гарах үедээ Хандаад гэрийн түлхүүр үлдээхээс өөр аргагүйд хүрлээ. Ээж шулуухан л “Би Хандаад нэг түлхүүрээ өгмөөр л байна. Гэхдээ би энэ хүнийг сайн мэдэхгүй байж өөрийнхөө хувийн эд зүйлийг энэ хүнд даатгаж үлдээж чадахгүй юмсан” гэж хөмсөг зангидав. Тэгснээ хүүгээ бодоод өгч байгаагаа мэдрүүлэн түлхүүрээ атгуулав. Өгөхгүй биш өгнө, гэхдээ ингэж хэлж өгнө. Тэдний ерөнхий хандлага, харилцаа ерөөсөө л дээрх харилцан яриа шиг л өрнөнө. Хоёр иртэй хутга шиг, үгээр хэлэхийн аргагүй харилцаан дунд Хандаа тэвчсээр л...

Япон эмэгтэйчүүд өдөржингөө л усаар асар их юм угааж цэвэрлэнэ. Чимээгүйхэн үрээд л, арчаад л, гойжуулаад л байна. Эсвэл эвхэж, цэвэрлэж, цэгцэлж л сууна. Ялангуяа энэ хадам ээж бүр ихийг угааж цэвэрлэнэ. Эдний байранд ус гойжих чимээ тасрахгүй. Хадам ээжийн гар дандаа л усанд дүрээстэй байдаг шиг Хандаад санагдана. Нэг аяга угаах гэж бараг л 2-3 минут зарцуулна. Монгол хүн юм болохоор тэгж их ус гойжуулахаар яс нь хавталзаад харж ч чадахгүй, хадам ээж л биш бол бушуухан очоод хаачихмаар санагдана.

Тэр гэрийн эрчүүд гэрийн ажилд огт оролцохгүй. Үнэхээр хуруугаа ч хөдөлгөхгүй. Эр нөхөр нь гэр бүлээ хөрөнгө мөнгөөр таслахгүй байх үүрэгтэй, Шимомүрасан болон түүний дүү хүү гээд гурван эр яг л энэ гэрийн хаан шиг, харин хадам ээж цор ганц зарц шиг нь л санагдана. Ээж нь угааж цэвэрлэх, хоол унд хийхээс гадна дэлгүүр рүү ганцаараа яваад тор тор дүүрэн хүнсний барааг хоёр гараараа дүүрэнг бариад, дааж ядан орж ирнэ. “Хөөрхий настай хүн шүү дээ” гэж Хандаа сэтгэл нь өмрөвч, Хандаагаар туслуулахыг огтхон ч зөвшөөрөхгүй. Өөдөөс нь эгцэлж ч харахгүй. Өөрөө л бүх юмаа хийнэ. Гэхдээ хүнийг хэлэлтгүй, хожим нь Хандаа өөрөө ээж болоод нэг мэдэхэд л хадам ээжийнхээ оронд ирчихсэн, яг л түүний хийдгийг хийчихсэн зогсож байхдаа аргагүй л япон эхнэрийн гэрийн ажлыг ойлгож мэдрэх болсон юм.

Ийм л айлд зөвшөөрөлгүй орж ирсэн зочин байв, Хандаа. “Хүлээж авахгүй гээд байхад нь дураараа, урилгагүй орж ирээд суучихсан хүн нь би болохоор тэднийг нэг талаас огтхон ч буруутгах аргагүй” гэж Хандаа бүсгүй Киотогийн аав ээжийнхээ тухай өгүүлсэн билээ.

ЯПОН, ШАНХАЙ, ХОНГКОНГОД АМЬДАРСАН ЖИЛҮҮД

Хадмынхаас гарсны дараа тэдэнтэй бараг л холбоо тасрав. Тэд угаас Хандааг хүлээж аваагүй тул ер нь харьцахгүй. Хааяа нэг Шимомүрасантай утсаар холбогдож мэнд мэдэхээс цаашгүй. Залуус Японд хэсэгхэн хугацаанд амьдарч байснаа Шимомүрасангийн шинэ ажлын шугамаар Шанхайд амьдрахаар болж, их нүүдэл хийлээ. Тэндээ залуус бүл нэмж, дөрвүүл болов. Хандаад эх орныхоо хажууханд байгаа мэдрэмж нь илүү ойр дотно санагдана. Хятад улс Монголтой залгаа болохоор ахуй амьдрал, хүмүүсийн ааш аяг ч ойролцоо санагдана. Айл саахалт болсон Хятад эмээ орж ирээд хоолны махаа янзалж, хөлдөөхийг хүртэл заагаад өгчихөж байгаа нь нэг л дотно. Хадмын хүйтэвтэр уур амьсгалаас ийм элгэмсэг уур амьсгалд ирсэн Хандаа нэг цээж дүүртэл амьсгаллаа. Шанхайд хөгшчүүл өглөө босоод л хөгжмөө чанга тавиад хийн дасгалаа хийнэ. Японд өглөө чанга хөгжим тавьбал хууль бус учраас хүмүүс нь шууд л гомдол гаргана. Шанхай хүмүүс үдэш болоход унтлаганы хувцастайгаа жаал алхаж, зугаална. Хүүхдүүд шуугилдан тоглож наадна.

Ийнхүү Шанхайд гурван жил амьдраад Япондоо ахин ирж гурван жил болов. Удалгүй ахиад л нөхрийн ажлын шугамаар Хонгконг руу нүүж тэндээ таван жил боллоо. Хүүхдүүдээ Хонгконгод олон улсын сургуульд сургаж хэл усыг нь дээшлүүлэн, англи хэлтэй болгож өглөө. Хонгконгийн нарийнхан харандаа шиг шовх өндөр өндөр барилгуудын нэгд Шимомүрасангийнх амьдарна. Хүүхдүүдийн сургууль хол учраас өглөө 05:30 цаг гэхэд сургуулийн автобус гэрийн урд ирж зогсоно. Хандаа жаахан үрсийнхээ гараас хөтлөөд 47 давхраас доош цахилгаан шат хүнгэнүүлэн бууна. Охин, хүү хоёрынхоо гараас хөтлөөд алхах тэр мөчүүд ямар их дурсамж үлдээгээ вэ? Жаахан булбарай гар нь Хандаагийн гарт атгуулж багтдаг байснаа бага багаар томорч байгаа нь мэдрэгдэж, цаг хугацааны тухай их зүйлийг 47 давхраас буух тэрхэн агшинд бодуулна. Сүүлдээ нөгөө булбарай зөөлөн гар нь ээжийнхээ гарт багтахаа больж эхлэхэд хүүхдүүд нь биеэ даан том хүн болж байгааг мэдрэхдээ баярлах басхүү хөнгөн гунигт цээж хөндүүрлэх нь зовиуртай.

Энэ таван жилийн дараа Япондоо эргэн ирлээ. Хүүхдүүд англи хэлээр илүү сайн ярих боловч Япон хэлэндээ тийм ч сайн байсангүй. Том охин Хонгконгд сурч, дунд хүү Англид сурахаар эх орноосоо мордов. Одоо харин Шимомүрасан, Хандаа хоёртой хамт зургаан настай, яг л Япон хүмүүжлээр өсөн торниж буй бага хүү Санаа үлдлээ. Хоёр том нь анх төрсөн цагаасаа л гадаадад өсөж, гадаад сургуульд явсан учир бодол санаа нь илүү нээлттэй санагддаг байлаа. Харин тэдний бага хүү Японд төрж өсөж байгаа тул япон хүмүүжлээр өсгөхөөр шийджээ. Япон хүүхдийн суурь хүмүүжил боловсрол зурагт номоор тавигддаг. .Хүүхэд очиж тоглох газарт тоглоомоос гадна заавал зурагт ном өрөөстэй байдаг. Айлд очиход хүүхдийн тоглоом хаа байна, яг тэнд заавал зурагт номын бяцхан булан байдаг. Ингэж хүүхдүүд зурагт номыг “ном” гэхээсээ илүүтэй өдөр бүр тоглоом шигээ бодож, хуудас бүрийг нь эргүүлэн үздэг билээ. Япон ээжүүд хүүхдүүддээ зурагт ном уншиж өгч байгаа бол ердийн үзэгдэл.

САНАА ХҮҮ, ХАНДАА ХОЁР ЗУРАГТ НОМЫН ЕРТӨНЦӨӨР...

Хандаа энэ хугацаанд “Японы Зурагт ном Боловсролын академи”-ийн анхны Зурагт номын Монгол мэргэжилтэн багш боллоо. Түүнтэй зурагт номын талаар ярилцав.

-Зурагт номоор Япон улс хүүхдүүддээ хэрхэн хүмүүжүүлдэг юм бэ?

-Хүүхдийг эрүүл өсгөе гэвэл эрүүл тэжээллэг хоол өгдөг. Харин тархи сэтгэлийг зөв хөгжүүлье гэвэл зурагт ном уншиж өгөх нь зайлшгүй чухал юм. 0-6 насыг Япончууд хүний хөгжлийн суурь тавигддаг нас гэж үздэг. Энэ насанд хүний тархиний 90% хөгждөг байна. Тиймээс ид эрчимтэй хөгжиж буй тархи ямар ч зүйлийг хүлээн авах чадвартай болдог. Энэ насныханд зурагт ном л хамгийн тохиромжтой. Яагаад гэвэл зурагт номын үлгэр, яриа нь түүндээ тохирсон зурагтай байдаг. Үлгэрийг сонсоод хүүхдийн зүүн тархи идэвхжиж байдаг бол зургийг хараад баруун тархи эрчимтэй ажилладаг. Ингэж тархи дээд цэгтээ тултал ажиллаж хөгжиж байдаг. Үүнийг Япончууд олж харж хүүхдээ хүмүүжүүлэх суурь боловсрол болгож чаджээ.

Японд зурагт номоор хүүхдийг хөгжүүлэх нөхцлийг сайн бүрдүүлсэн байдаг. Цэцэрлэг бүр зурагт номын цагтай, багш байнга сонирхолтой зурагт ном уншиж өгнө. Хүүхдүүд номоо сонгоод гэртээ унших боломжтой. Ээж аав нар төвөгшөөх юмгүй ёс юм шиг уншиж өгдөг. Номын санд зурагт номын булан ажиллана. Хүүхдүүд чөлөөтэй уншиж зээлж авах боломжийг хангасан байна. Ээж хүн гэрийн их ажлын хажуугаар хүүхэдтэйгээ байнга тоглохоор ядардаг шүү дээ. Түүнийхээ оронд зурагт ном хамтдаа уншихааар ээж, хүүхэд хоёулангийнх нь хувьд хөгжилдөх цаг болдог.

Япон улс 120 гаруй сая хүн амтай, түүний дотор янз бүрийн хэрэг төвөг гарна, элдэв хүмүүс ч мэдээж байлгүй яах вэ. Гэхдээ нийт массынх нь суурь мундаг тавигддагийн нэг нууц зүрагт номд байдаг.

-Та хүүхдүүдэд өөрийнхөө “Зурагт ном” фэйсбүүк хуудсаар дамжуулаад зурагт ном уншиж өгдөг шүү дээ. Энэ номыг ер нь хүүхдэдээ хэрхэн уншиж өгөх ёстой вэ?

- Тэдэнд “Номоо унш” гэж хэлээд ганцааранг нь битгий орхиорой. Амьд харилцаа үүсгэж хамт уншиж, ярилцах нь чухал. Ингэж ярилцаж уншсаны үр дүнд тархи сэтгэл хөгждөг. Хүүхэд таны асуултанд хариулахгүй байсан ч болно, тэд тархиндаа бодож л байдаг. Энэ сургалт хичээл биш гэдгийг ээж аавууд сайн ойлгож, дадал суух хүртэл тэвчээртэй хүлээгээрэй. Номынхоо текстийг дуржигнуулан уншиж өгөх биш, удаанаар зөөлнөөр, ярилцангаа унших нь чухал юм шүү. Монгол хүүхэд бүрийг зурагт номоор хүмүүжүүлж, уншлагын цагтай болгохсон гэж бодох юм.

Бид хоёр номын сангаас номоо зээлж уншдаг. 1 удаа 15 ш зурагт ном 14 хоногийн хугацаатай зэлж авна. Өдөр бүр л тоглож наадаад л уншиж өгдөг. Өөдөөс чинь хараад томоотой сууж сонсох албагүй. Бага насны хүүхдийн анхаарал төвлөрөх хугацаа 5 минут орчим л байдаг. Ном уншиж өгөөд л байх тусам анхаарлаа төвлөрүүлж сонсож сурдаг.

Зурагт номтой ойр өссөн хүүхэд сургуульд ороход асуудал гардаггүй. Яагаад гэвэл хүүхэд үгийн баялаг сантай, сэтгэн бодох, төсөөлөн бодох, хийсвэр сэтгэлгээ нь хөгжчихсөн байдаг учраас хичээлдээ сайн суралцдаг. Мөн найз нөхөдтэйгээ яаж харилцах,бусдыг яаж хайрлаж хүндлэхийг тэр зурагт номоос олоод сурчихсан байдаг тул санаа зовох зүйл байхгүй гэж ойлгож болно.

-Зурагт ном зөвхөн хүүхдүүдийн тархинд бус өндөр настануудын тархинд ч чухал үр нөлөөтэй байгаа тухай та дурьдаж байсан. Юу гэсэн үг юм бэ?

-Зурагт номын академид сурж байхад тэндэхийн багш нар "Zoom” дээр групп нээж ажиллуулдаг байв. Тэр группт 50-80 насны хүмүүс хүртэл бий. Хүн нас өндөр болж ажил хийж чадахгүй гэртээ суух үед нийгмээс тасардаг. Утга уран зохиол бичдэг хүмүүсийн хувьд “жаргах үе” нь ирдэг байх. Гэтэл бүх хүн тийм биш шүү дээ, "хаягдсан амьтан” шиг суух хүмүүс ч бий. Ийм хүмүүс нийгмийн харилцаанд оролцохоо болиод ирэхэд тархи нь агшиж эхэлдэг. Үүнээс тэднийг яаж хамгаалах вэ гэвэл буцаад зурагт ном руугаа ордог.

“Zoom”-ээр зурагт номыг настай хүмүүст уншиж сонсгодог зурагт номын зохиолч багш байдаг. Хөгшчүүл тэр номон дээр юу гарсан тухай яг л хүүхдүүд шиг ярьдаг. Тухайлбал, “Улаан малгайт” үлгэр дээр гэхэд л улаан малгайт охин яагаад заавал улаан малгайтай байсан юм бэ? Та юу гэж бодож байна гээд л асуулт хариулт өрнүүлдэг. Настанууд бодоод өөр өөрсдийн бодлыг хэлнэ. Тэнд зөв буруу гэж байхгүй, хүүхдүүдийн хариултад ч мөн адил зөв буруу гэж үгүй. Ингэж настай иргэдийнхээ тархийг мартах төрлийн алцегимир гэх мэт өвчнөөс хамгаалж байгаа юм. Үнэхээр сонирхолтой. Үүнийг л Монголд дэлгэрүүлэх юмсан гэж бас боддог доо.

ГОРЬДЛОГО - ГАЛТ ТЭРГЭН ДЭХ ГОМДОЛ

Бага хүү Санааг төрсөнөөс нь хойш Киотогийн өвөө эмээтэй нь уулзуулах юмсан гэж дотроо бодсоор л явлаа. Угаас "харъя үзье" ч гэдэггүй учир хүндрэл учруулахаас эмээнэ. Одоо ч Хандааг хүлээн зөвшөөрөөгүй хэвээрээ юу эсвэл энэ айлын онцлог байдал уу, ач нартайгаа ч тийм ойр дотно биш. Баяр ёслолоор ач нартаа бэлэг сэлт явуулах нь бүү хэл, утас нь цохих нь ч ховор учир ийм харилцаанд аль хэдийнээ дасаж, юу ч хүлээж харахаа больсон байлаа. Энэ бүрд Хандаа “Хөөх ямар сонирхолтой юм бэ, ийм ёс заншилтай хүмүүс байдаг юм байна” гэж хөндлөнгийн хүн шиг хүлээн авахаас биш “хөөх би ёстой ийм хадмуудтай учирчихлаа, ямар азгүй юм бэ” гэж гомдож, цөхрөх нь ховор.

Ховор гэхийн учир нь нэг удаа...

Хандаа Японд ирснээсээ хойш төрсөн ахтайгаа хамтарч байгуулсан нийгэмлэгийн хүрээнд Осакад хуралд оролцох болов. Осака Киото хоёр маш ойрхон, мөн Фүшими буюу хадмуудынх нь амьдардаг хотоор галт тэрэг нь яг дайрч өнгөрнө. Тун сайхан тохиол учир Хандаа ээж рүүгээ утас цохив. “Нэгэнт тийшээ ойртож байгаа юм чинь шинэ ач хүүг нь эмээ өвөөд нь үзүүлчихье, ачаа харчихвал жаахан ч гэсэн баярлаж, зөөлрөх ч юм билүү” гэсэн горьдлого дотроо тээнэ. Ээж нь утас авлаа. Хандаа эмээнгүйгээр “Ээжээ би их ойрхон байгаа юм, хүүтэйгээ хамт очиж болох уу” гэлээ. Зөвшөөрсөнгүй. Утас тасарлаа...

Тэгэхэд Хандаа хурлынхаа үеэр тэвчилгүй баахан уйлжээ. Хөөрхий, бүсгүй хүн гэж үргэлжид сэтгэл зүрхэнд нь гэгээн хүсэл, горьдлого найдварын орон зай байж л байдаг.

Мэдсээр байж л өөрийгөө ахин шархлуулах боломжийг бусдад олгодог, тийм. Монгол хүн байсан бол зөвшөөрсөн ч, эс зөвшөөрсөн ч гэрт нь гүйгээд л очих байсан даа гэж бодоход сэтгэл нь урагдана. Гэлээ гэхдээ энэ түүний өөрийнх нь сонгосон зам, өөрөө л зөвшөөрөөгүй байхад нь анх гэрт нь орсон. Тиймээс нөхөртөө аав ээжийг нь хэлж гомдоллох, тэднийг буруутгаж муулах учиргүй гэдгийг Хандаа дотроо хамгийн сайн ойлгож мэдэрч байв. Гэвч сэтгэл гэдэг гүний гүндээ горьдлого нууж, гомдол тээж л явдаг ажээ.

Тэр өдөр хурлын дараа бүсгүй хүүгээ тэврээд галт тэргэндээ суулаа. Фүшимид, хүүгийнхээ өвөө эмээгийн гэрт очих өртөөн дээр галт тэрэг зогсоход зүрх нь эгээ л хэнхдэг цээжнээсээ гарчих шиг түчигнэнэ. Галт тэрэг хаалгаа хаах хүртэл нь буугаад гүйчихмээр байвч, “болохгүй” гэсэн ээжийнх нь ганцхан үг хоёр хөлийг нь ямар ч хөдөлгөөнгүй тушчхаад урагш нэг ч гишгүүлсэнгүй. Амьдралын хатуу хөтүүг огт ойлгож мэдэхгүй, “цагаахан” харцтай хүүдээ атаархах ч шиг болсноо энгэртээ нэг сайн тэврээд өвөө, эмээд нь гомдож “сүүлийн удаа” нэг уйллаа.

ЯПОН ГЭРИЙН ЭЗЭГТЭЙ

Япон айлын эзэгтэй байна гэдэг амаргүй. Хэдийгээр Шимомүрасан ихэд орчин үеийн сэтгэлгээтэй Япон хүн боловч суурь хүмүүжил нь огт өөрчлөгдөхгүй. Хандаа Шимомүрасан хоёрын зөрчил заримдаа үүнээс эхэлнэ. Суурь хүмүүжлийн ялгаа. Нүүх болоход хумсын чинээ хууларсан байсан ч ханын цаасыг бүхлээр нь солих гэж Шимомүрасан зүтгэнэ. Хандаа харин тэр л баганынх нь обойг хуулж аваад өөрөө цэвэрхэн засчих юм болов уу гэж хүлээнэ. Гэтэл дараагийн хүнд цэвэрхэн хүлээлгэж өгнө гээд, ханын цаас солих бүхэл бүтэн баг хүртэл дуудчихав. Тэд ирээд сая гаруй төгрөгөөр ханын цаасыг бүхлээр нь солих боллоо. Хумсын чинээ хууларсан цаасны төлөө баахан мөнгө зарлагадав, Монгол хүн байсан бол... гэсэн бодол Хандаад бодогдоно. Гэвч хүүхэд наснаас нь яс тас суулгасан ийм хүмүүжилтэй Япон хүний гэргий болсон хойно, түүнийг дагахаас өөр замгүй. Тэгэвч Шимомүрасан бас тэтгэвэрт бушуухан гараад Монгол явж малчин болъё гэж Хандааг ятгах нь сонихон...

Японд эмэгтэйчүүдтэй танилцаад “What is your job?” (Таны ажил юу вэ) гэж асуувал “Housewife” (Гэрийн эзэгтэй) гэсэн хариулт сонсох нь элбэг. Гэртээ хүүхдээ хараад суудаг гэж хариулах нь ховор.

“Хүүхдээ хараад гэртээ байгаа эмэгтэйчүүдийг “Хийх юмгүй, ажилгүй гэртээ суудаг” гэж Монголчууд их ярьдаг шүү дээ. Миний хувьд тэр ангилалд ордог хүн. Би хүүгээ өсгөнгөө гэртээ өөрийн уран бүтээлийн ажлаа хийдэг. Номын орчуулга, зурагт номоо бичээд л, өөрөө өөртөө аз жаргалтай, ашиг орлого их олдоггүй ч хүүхдүүдийн төлөөх ажилдаа дуртай. Анх Монгол сэтгэлгээгээрээ л ажилгүй гэртээ суудаг, гэрийн авгай болох нь гэж гутарч явсан үе бий. Монголоос найз утасдаад л “Өө Хандаа, чи ажилгүй хүүхдээ харсан хэвээрээ л байна уу хө” гэж асууна.

Монголд анкет бөглөхөд ажил, албан тушаал гэсэн хэсэгт гэртээ хүүхдээ хардаг эмэгтэй “ажилгүй” гэсэн хэсгийг дугуйлдаг. Гэтэл Японд “гэрийн эзэгтэй” гэж бөглөдөг. Энэ хоёрын хооронд асар их ялгаа бий шүү дээ. Гэрийн эзэгтэйг ажилгүй гэж бичих ёс зүй, сэтгэлгээ Япон улсад байхгүй. Асар их ялгаа шүү, асар их. Нэг анкет дээр зүгээр л "гэрийн эзэгтэй гэж сайхан үг бичүүлэхдээ ч гол нь биш. Гэрийн эзэн ар гэртээ санаа зовох юмгүй ажлаа сайн хийж улс орноо хөгжүүлэхэд эхнэр хүн ар гэрийн амгалан тайван орчныг бүрдүүлдэг. Япон улсын иргэнийг хүмүүжүүлж, хөгжүүлж хүүхдээ өсгөж байгаа ээжид нөхрийн компаниас эрүүл мэндийн даатгал болон өндөр насны тэтгэвэрийн системд оруулж өгдөг.

ТҮҮНИЙ НЭГ ӨДӨР

Хадам ээж маань намайг жинхэнэ япон бэр болгож хурцалж өгсөн хүн. Хэдий ойр дотно биш ч миний сайхан ханийг ухаантай сайн хүн болгож өсгөсөнд баярладаг. Тийм хатуу хүнээс ийм зөөлөн хүүхэд төрдөгөө.. гэж хааяа дотроо инээдэг дээ.

Ханна Шимомүра

Хятадад амьдарч байгаад Шимомүрасангийнх гэр бүлээрээ Киотогийн аав ээжийндээ түр зочилж ирлээ. Хандаа 40 нас өнгөрөөд ахин нэг хүүхэд төрүүлсэн болохоор жаахан ядруухан. Шөнөжин нялх нь уйлж, хөхөө хөхөж хоносон тул өглөө ядраад, Шимомүрасанг явахад нь гаргаж өгч чадсангүй. Хадам хөгшин үүнийг хараад “Нөхөр нь гарч байхад хэвтэж байдаг, нөхрийгөө гаргаж өгдөггүй ямар том толгойтой эхнэр вэ” гэж Хандааг зэмлэв. Нээрэн л “Хүүхэдтэй болохоор...” гэж өөртөө шалтаг гаргаж, өөрийгөө өмөөрч хэвтсэн нь үнэн шүү гэж Хандаа өөрийнхөө бурууг дотроо хүлээн зөвшөөрч, сул талаа цаашид засахаар өөртөө амалж байв.

Тиймээс өглөө нөхөртэйгөө хамт босож, гэрээсээ үдэж өгөхийг ихэд чухалчилна. Шимомүрасан өглөө 05 цаг гэхэд босоод 06:50 гэхэд гараад явчихдаг болохоор тэр хэрээрээ эрт босох шаардлагатай. Нөхөр өглөө босоод өөрийнхөө авч явах бэнтог бэлддэг тул эхнэрт ихээхэн тус болно. Харин эхнэр босоод хүүхдийнхээ бэнтог бэлдэж, өглөөнийхөө цайг базаана. “Хоол цай гэдэг тархи ажиллахад хамгийн чухал үүрэгтэй зүйлсийн нэг учраас хүүхдэдээ балансыг нь сайн бодож, сайн хооллохыг хичээнэ. Хагас бүтэнсайнын амралтын өдрүүдэд би өглөө босож Япон маягийн өглөөний цай бэлдэнэ. Ийм өглөөний цай чинь оройн хоол шиг л ширээ дүүрэн юм бэлддэг онцлогтой” гэж тэр хэлэв.

Нөхрөө ажилд нь үдэж, хүүгээ цэцэрлэг рүү нь гаргаж өгсний дараа өдөр болгон хийдэг угаалга цэвэрлэгээний ажил руу ханцуй шамлан орно. Япон эзэгтэй бүр өдөр тутамд яг энэ ажлыг хийнэ. Цэвэр орчинд суувал сэтгэл санаа тогтвортой, төвлөрч чаддаг. "Тоос шороо үзэж чадахгүй, өдөр бүр бөхөлзөж тонголзсоор гэрээ цэвэрхэн байлгаж хэвшсэн” гэж бүсгүй ярив. “Энэ зуршил хүүхдүүдэд маань ч нөлөөлж, одоо хоёр том маань өөр өөрсдийн байгаа газарт надаас ч илүү цэвэрч нямбай дадалтай амьдардаг. Тэд хувцас хунараа зөв цэгцтэй эвхэхдээ бүр өнгө өнгөөр нь ялгаж, арзгар хайрцаглан өрдөг. Цэвэр орчинд байна гэдэг эрүүл байна гэсэн үг” гэлээ. Эзэгтэй өглөөд 30 минут, заримдаа их цэвэрлэгээнд 01:30 цагийг гэрээ цэвэрлэхэд заавал зарцуулна.

Үүний дараа заавал ном орчуулах эсвэл яруу найраг сонсож, ном уншихад цаг гаргана. Заавал шүү. Эзэгтэй тархиа агшихаас тунчиг айна. Хүний нүүр царай нас ахихын хэрээр өөрчлөгдөж, үрчийж, агших нь жам учир айхгүй. Харин тархи агшина гэдэг юутай гунигтай. Ингэж ном уншиж, орчуулж суугаагүй өдрөө эзэгтэй “Энэ өдөр юу ч хийсэнгүй, нэг өдрөө алдлаа” гэж өөрийгөө зэмэлнэ.

Ингээд өдрийн хоолоо яг 12 цагт иднэ. Япон хүмүүсийн хувьд цаг баримтлал гэдэг нарийн болохыг сануулах мэт хүү нь ээждээ цагийн хуваарийг нямбай барихыг чухалчлан захина. Эзэгтэй 12:10 гээд хоолоо идэхээр суувал 12 цагт хоолоо идсэнд тооцно. Гэтэл яг Япон хүмүүжлээр хүмүүжиж буй бага хүү нь “Ээжээ 12 цаг 02 минут 40 секунд болчихсон байна шүү, хоол оройтлоо” гэж сануулна. Өглөө хүүгээ босгохдоо эзэгтэй “За миний хүү босоорой, зургаан цаг өнгөрч байна шүү” гэж хэлэхэд “Ээжээ яг 06 цаг хэдэн минут хэдэн секунд болж байгаа юм бэ, та яагаад хэлэхгүй байна аа” гэж шаардангуй шүүмжилнэ. Японд төрж, өсөж байгаа хүүхэд секундээр тооцож амьдардаг гэдгийг Санаа хүү ээждээ батлан харуулна.

“13 цагаас хойш дасгал хөдөлгөөн хийж удаан суусан алжаалаа тайлна. Удалгүй хүүхэд хичээлээсээ ирж таарна. Зурагт үзэхээс илүүтэй хамтдаа зурагт номоо үзнэ, тоглоно. Тогломооргүй ядарч байсан ч тоглож, үүргээ биелүүлнэ, ядарч унатлаа тоглоно. Заримдаа хүнсэндээ гарна. Найз нөхөдтэйгөө уулзах, гадуур ажил амжуулах үеүд ч мэдээж бий. Нөхрөө ирэхээс өмнө оройн хоолоо бэлдэж 19 цагаас өмнө оройн хоолоо идэж дуусгасан байна. Хоолны дараа ахиад л хүүдээ цаг гаргаж хамт тоглоно, дараа нь заавал усандаа орж, захиануудад хариу бичиж, и-мэйлээ уншин, маргаашийнхаа бэлтгэлийг хийнэ. Ингээд 09 цаг гэхэд бүгд орондоо орцгооно. Хүүхэд унтсаны дараа би эргэж босоод заавал 30 минут ном уншина. Энэ нь миний хувьд оройн дасгал болдог” гэж эзэгтэй ярилаа....

Түүний нэг өдөр ийн өнгөрнө. Нийтлэлийнхээ гол дүрийн бүсгүйг Киото руу нүүхээс нэг хоногийн өмнө бид Сайтама дүүргийн нэгэн дуу шуугиантай боловч, тав тухтай кафед гурван цаг саатаж ийн ярилцсан билээ.

Биднийг уулзах үед...

Тэдний түүх дуусаагүй үргэлжилж байгаа тул жаргалтай, эсвэл гунигтай төгсгөл бичиж дуусгалгүй энд хүрээд өндөрлүүлэв. Магадгүй бидний хувьд нийтлэлийн хоёр дахь хэсэг үргэлжлэн гарахыг ч таамаглах аргагүй. Бүсгүйн Киото дахь өнөөгийн амьдрал, Япон айлын Монгол бэрийн түүх үргэлжилж мэднэ.

Саяхан Шимомүра Ханнасан Монгол руу зурагт ном цуглуулан илгээх хандив санаачлан, цугларсан номуудыг өөрөө сууж орчуулан илгээв. Японы Зурагт номын Академийн тэргүүн хатагтай Хамашима Ёшикагийн "Зурагт номоор хүүхдийн тархийг хөгжүүлэх нь” гэсэн номын эрхийг авч, эх хэл рүүгээ хөрвүүлэн удахгүй уншигчдад хүргэхэд бэлэн болоод байна. Түүний ийм л завгүй өдрүүдэд нь бид уг нийтлэлийг гаргахаар шамдан суусан юм. Харин Шимомүрасан хэзээнийхээрээ л сэргэлэн цовоо, спортлог, эрүүл чийрэг залуу байх ч үсэнд нь хаа нэгхэн буурал сорлон байгаа нь харагдана. Одоо тэд Япон дахь амьдралаа эхлүүлсэн газраа яг дахин очлоо. "Сайн байна уу, сайхан Киото минь....”

Гэрэл зургийг Шимомүра Ханнасангийн фэйсбүүкээс авч ашиглав. Киотод нүүж очсоны дараа 900 гаруй жилийн түүхтэй Бёодин сүмээр зочилсон нь...

Нийтлэлийн эзэнтэй холбогдож, Зурагт номын талаар мэдээлэл авахыг хүсвэл Зурагт ном фэйсбүүк пэйжийг дагаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-02 09:18

Ямар гоё гэгээлэг нийтлэл бэ. Сайхан нийтлэл уншлаа баярл�##�аа.

Зочин
Зочин
2021-08-02 09:32

Ер бусын холбоогоор холбогдож учирсан хоёр юм байна шүү дээ

Сэргэлэн
Сэргэлэн
2021-08-02 12:47

Хөөх Мундаг бүсгүй бна. Бас мундаг хөдөлмөрч, зөв хүмүүс. Япон соёл агуу юмаа. Баярл�##�аа.

Зочин
Зочин
2021-08-02 15:11

Japan eej aav alban yosoor xuleej avna gedeg ix tom soyol baix aa. Ene bol sonin yum. Yamartaa ch xyyxduudtei bolj amidarsan baina.

Зочин
Зочин
2021-08-02 22:04

Надад бол япон хүнтэй суухыг монгол эрчүүд, эмэгтэйчүүдэд ури�##�сан зориудын / захи�##�гат гэх үү, төлбөрт ч гэх үү/ бичвэр санагдлаа

Зочин
Зочин
2021-08-03 05:44

Gai l bna sh dee Hadam eh ni yarshig l bna Mongol hyyhnyyd zorigtoi ooriinhooroo bai

Зочин
Зочин
2021-08-03 07:02

Тун хэцүү амьдарчээ...монголдоо бол хөл нь хөдөөрүү гар нь гадагшаа дэндүш сайхан амьдр�##� дааа

зочин
зочин
2021-08-03 19:40

юугаа хийх вэ монгол орон монгол хүн шиг сайхан газар сайхан хүн байхгүй дээ

Зочин
Зочин
2021-08-04 09:23

Дэндүү их давчидмаар амьдарчээ. Яасан муухай хадамтай юм бэ?

ina
ina
2021-08-06 03:19

Minii Amerik hadmuud ch hajuud ni yostoi humuus uym bn daa. Yamar aihtar hatuu hadmuud taaraa vee? gehdee yamar surhii hatuujiltai huleetstei emegtei ve? Uuriinhuu hadmuudiig bodson chin guij ochood unsmeer sanagdchihlaa. Evii dee ejii aavaas mini yalgaagui hunii nutag gunii hoshuund aaviin mini oreond aav eejiin mini orond eej bolson 2 saihan buurai bii dee

Баяа
Баяа
2021-08-07 09:38

Үнэхээр та�##�агдлаа.

Martbayar
Martbayar
2023-04-22 20:20

Сайхан нийтлэл бн шүү Япон зан заншил хэцүү юм бн

Зочин
Зочин
2023-04-28 11:12

Дараа дараагийн нийтлэлийг хүлээж байна

Холбоотой мэдээ

Back to top button