ДЭЛХИЙ

Европын цахилгаан барааны хог хаягдлуудад Африк иргэд хордож буйг эрдэмтэд нотолжээ

Европоос Гана руу хууль бус замаар тээвэрлэдэг цахилгаан барааны хог хаягдлуудаас дэлхий дээрх хамгийн хортой химийн нэгдлүүд ялгардаг. Улмаар тус буурай орны хүнс тэжээлийн хэлхээ бохирдоход хүрч байгааг гадны хэвлэлүүд онцолж байна.

Ганын нийслэл Аккра хотын хүрээлэн буй орчны үнэлгээ, шинжилгээ хийдэг эрдэмтэд сүүлийн жилүүдэд олон тооны судалгаа явуулах болоод байгаа. Ядуусын хороололд амь зуудаг иргэд амьжиргаагаа залгуулахын тулд мөнөөх цахилгаан барааны хог хаягдлуудыг эвдэлж, хэсэг хэсгээр нь салган зардаг. Гэвч тэгэх үед хаягдлуудаас диоксин, полихлорт бифенил тэргүүтэй химийн онц аюултай хийнүүд ялгарч байдаг ажээ. Тэнд метал дахин боловсруулах жижиг үйлдвэрүүд олноор үйл ажиллагаа явуулдаг учир түүхий эд тушааж хоногийн хоолоо олдог нийгмийн давхаргынхан цөөнгүй хувийг эзэлдэг байна.

Агбогблоши хэмээх нэгэн ядуусын хороололд эрдэмтэд хоёр хэсэг болон ажиллаж, тэнд өсч томорч буй тахианы өндгүүдэд шинжилгээ хийж үзсэн нь чих дэлдийлгэм үр дүнг харуулсан байна. Энэ хороололд цахилгаан барааны хог хаягдлаас зэс утсыг нь ялгаж аван худалдаж амь зуудаг 80 мянган хүн бий. Тэдгээр хүмүүс хороололдоо тэжээсэн тахианаас гарсан нэг ширхэг өндгийг идэхэд Европын хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөс тогтоосон диоксины хэмжээг 220 дахин хэтрүүлэн авч байдаг аж. Мөн бусад олон тооны хүнд металууд өөр өөр концентрацитайгаар өндөгнөөс илэрсэн боловч диоксин хэмжээнээсээ үл хамаарч асар их хор нөлөөг хүний эрүүл мэндэд үзүүлдэг гэдгийг эрдэмтэд хэлжээ.

Өндөгний судалгаа “Европоос Африкын орнууд руу хортой хог хаягдал тээвэрлэх тухай” журамд заагдсан хоёр талын эрх ашиг, үүрэг хариуцлагын асуудлыг сөхөж харахад хүргэж буй. Журмыг хянан зохицуулах төв Шведийн Стогкольм хотод оршдог. Цахилгаан барааны хог хаягдлаас ялгарсан хорт хийнд эрүүл мэндээрээ хохирч байгаа улсуудын жагсаалтыг Гана түүчээлж, Танзани, Нигери удаална.

“Basel Action Network” хэмээх ашгийн бус, буяны байгууллага ядуу буурай орнууд дахь технологийн гаралтай хог хаягдлын асуудалд мониторинг хийдэг. Энэ үйл ажиллагааныхаа дагуу тэд Гана улсын Агбогблоши дүүрэгт ажиллаж, 220 дахин их диоксинтой өндөг олж илрүүлсэн нь энэ.

Африкын ард иргэдийн талд зогсч буй дэлхийн нэр бүхий орнуудын эрдэмтэд, нийгмийн идэвхитнүүд энэ явдал дээр хатуу байр суурьтай байна. Тэд эдгээр хог хаягдлуудыг аюулгүй, хоргүй байдлаар задалж устгадаг бүтцийг бий болгохыг шаардаж буй. Дэд бүтцээр шууд тээвэрлэн оруулж ирээд Африкын орнуудад хаядаг нь эцсийн зогсоол болдог гэдгийг тэд хэвлэлүүдэд мэдээлжээ.

Ганын хүрээлэн буй орчны аюулгүйн зөвлөлийн дарга Сам Аду-Куми, “Гана тэргүүтэй буурай орнууд руу зөөвөрлөдөг технологийн хог хаягдлаа Европ эргэж харах хэрэгтэй. Хүний биед үхлийн аюултай олон тооны хортой химийн нэгдлүүд энд агуулагдаж байдгийг тэд мэдэхгүй байна гэж үгүй. Манай хүрээлэн буй орчин, ард иргэдийн эрүүл мэнд үүнээс болж өдрөөс өдөрт доройтсоор байна” гэж хэлсэн байна.

Харин дээрх туршилт судалгааг хариуцаж ажилласан эрдэмтэн Жиндрих Петрлих, “Диоксинууд маш бага хэмжээтэй байсан ч хангалттай хор нөлөө үзүүлдэг нэгдэл. Эндэхийн хоол хүнсэнд хэдэн арван пиктрограм диоксин агуулагдаж байна. Цахилгаан хэрэгслүүдийн хог хаягдлаас ялгардаг энэ мэт хортой хийнүүд сүүлдээ хүмүүсийн хоол хүнсийг хордуулж, цаашлаад амь насанд нь заналхийлж эхэлсэн” хэмээн TheGuardian сэтгүүлд ярилцлага өгчээ.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button