Путин: Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах эхний алхмаа хийх хэрэгтэй


Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Путины урилгаар Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун тус улсад айлчилсан билээ. Ким Жон Уны АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн тодорхой үр дүнгүй уулзалтын дараа хийж буй томоохон айлчлал гэдэг утгаараа түүний энэ удаагийн айлчлал олон улсын анхаарлыг татаж буй юм. Учир нь Хойд Солонгосын Вашингтонтой тодорхой ойлголцолд хүрэх гүүр нь ОХУ байж болно хэмээн үзэж буй талаар олон улсын ажиглагчид цохон тэмдэглэжээ.
Тэдний уулзалтын талаар Оросын ТАСС агентлаг шууд дамжуулсныг орчуулан хүргэж байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Хойд Солонгосын удирдагчтай уулзаж буй энэхүү уулзалтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр “Бидний зүгээс энэ уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун байна гэж итгэж байна. Ким Жон Ун удирдагч нээлттэй, сонирхолтой хүн төдийгүй, бүхий л асуудалд чөлөөтэй сайн ярилцлагч байлаа” хэмээн онцолсон юм.

Мөн Путины илэрхийлсэн нэг чухал байр суурь бол Солонгосын Хойгийн асуудлыг хүчээр шийдвэрлэхийг болих хэрэгтэй гэдгийг цохож хэлсэн явдал байлаа. Тэрбээр “Солонгосын Хойгийн асуудлыг шийдвэрлэх боломж бий. Оролцогч бүх талууд биенийхээ сонирхлыг хүндэтгэн үзэх шаардлагатай. Пхьенян, Вашингтон хоёр энэ асуудлыг 2005 онд шийдвэрлэх боломжтой байсан ч Америкийн талаас Солонгосын Хойгийн асуудлаарх гэрээ хэлэлцээртээ нэмэлт заалтууд оруулсан нь Хойд Солонгосыг гарахад хүргэсэн. Хэрвээ бид “нэг алхам урагш, хоёр алхам хойш” гэсэн байдлаар аашилсаар байвал хүссэн үр дүндээ хүрч чадахгүй. Харин хамтдаа алхам алхмаар бие биенийхээ ашиг сонирхлыг хүндэтгэн урагшилвал эцэст нь хүрч чадна. Солонгосын Хойгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхэд яаж хамтрах, одоогийн нөхцөл байдлыг сайжруулахад бид цаашид ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдэг арга замыг тодорхой болгоход та бүгд хувь нэмрээ оруулна гэж найдаж байна. Мөн Өмнөд, Хойд Солонгосын хэлэлцээг урагшлуулах, цаашлаад Хойд Солонгос болон АНУ-ын харилцааг хэвийн болгоход ОХУ дэмжлэг үзүүлэх болно. Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөөс татгалзахаар бол улсынхаа бүрэн эрхт байдлыг хадгалан хамгаалахад баталгаа гаргаж өгөх нэмэлт заалтууд шаардлагатай. Хойд Солонгосын зүгээс Цөмийн хөтөлбөрөөс татгалзах эхний алхмыг хийж, итгэл бий болгох хэрэгтэй. Цөмийн хөтөлбөрөөс татгалзана гэдэг нь Хойд Солонгос зэвсэглэлээс татгалзахыг л хэлж буй юм. ОХУ-ын хувьд үй олноор устгах зэвсэг дэлгэрүүлэхийн эсрэг байр суурьтай байсаар ирсэн. Тийм ч учраас НҮБ-ын зарим алхмуудтай санал нэгддэг” гэв.
Путин энэхүү уулзалтынхаа үр дүнгийн талаар АНУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдтэй нээлттэй ярилцана гэдгээ онцолжээ. Учир нь ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өнөөдөр БНХАУ-ын төрийн тэргүүнтэй Бээжинд уулзах юм.

Путин, Ким нарын уулзалтын талаар болоод, уулзалтаас гарсан хэлцлийн талаар Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны зүгээс АНУ-д мэдэгдэхийг хүсч байгаагаа мөн илэрхийлжээ.
Уулзалтын үеэр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Путинд тусгайлан зориулж хийлгэсэн сэлэм бэлэглэсэн бөгөөд “Энэ сэлэм хүч чадлыг бэлгэдэж буй бөгөөд миний болоод манай ард түмний таныг дэмждэг сэтгэл шингэсэн” хэмээн хэлсэн юм. Мөн тэрбээр хоёр орны хамтын нөхөрсөг харилцаа урт хугацаанд үргэлжлээсэй хэмээн хүсч байгаагаа тодотгож байлаа.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх энэхүү уулзалтын төгсгөлд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар найрсагаар тэврэлдэж, Ким Жон Уныг машин хүртэл нь үдэн гаргаж өгсөн юм.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.