Б.Болортуяагийн нөхөр: Ханийгаа барилдах үед гэрт байсан хүмүүсийг гаргаад зурагтаар үзэнгээ хамт барилдсан

“Токио-2020” олимпод амжилттай оролцож, Монголынхоо нэрийг дуурсгасан манай тамирчдын сүүлч яг одоо эх орондоо ирж байна. Тэднийг гэр бүл, дотнын хүмүүс нь болоод хэвлэл мэдээллийнхэн онгоцны буудалд хүлээж байна.
Энэ үеэр 53 кг-ын жинд барилдаж, хүрэл медаль хүртсэн Б.Болортуяагийн нөхрийн сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр хэлэхдээ,
“Би бас барилддаг. Бэлтгэл хийх, жин хасах гээд бүх талаар нь ханийгаа дэмжлэг. Ардаас нь ч урдаас нь ч бүх талаас нь тулж тулгуур нь болохыг хичээдэг юм. Жин хасахад нь хамт хасаад, хоол идэхгүй гэвэл цуг идэхгүй өнжих үе бий. Бэртэл авсан тамирчин сэтгэлээр их унадаг. Тэр үед нь зоригжуулж эдгэнэ, зүгээр ээ гээд л хэлдэг. Хурдан зүгээр болчихно оо гээд хэлэхэд л сэтгэлээрээ сэргээд ирнэ. Бид хоёулаа барилддаг учраас тамирчны сэтгэл зүйг бүх талаар нь ойлгож чаддаг юм.
Ханийгаа хүрэл медаль авна гэдэгт бат итгэлтэй байсан. Гэхдээ барилдааны явцад сандарсандаа гэрт байсан хүмүүсийг гаргаж байгаад зурагтаа ганцаараа үзэнгээ хамт барилдсан. Хань маань медаль аваад хамгийн түрүүнд над руу ярьсан. Тэр үед давчихлаа гээд баярлаад, ганцаараа орилоод байж байхад утас дуугарсан. Цээж хөндүүр оргиод хоолой зангирч байсныг санаж байна. Хүн төрөлхтний их наадмын дэвжээн дээр миний хань зогсож байна гэхээр бахархсан. Бахархахаас илүү зүйл юу байдаг тэр зүйлийг л хэлмээр байна” гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.