НийгмийнНИЙГЭМ

Д.Сумъяабазар: Бизнес хийх гэж буй иргэдээ дэмжих ёстой болохоос хааж боох, торгох ёсгүй

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ наймдугаар сарын 3-нд болсон НОК-ын хуралдаанаар “Алтан намар” төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг зохион байгуулах үүргийг холбогдох албаныханд өгсөн билээ. Уг шийдвэрийн хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн есөн дүүргийн нийт 24 байршилд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар төлөвлөж, эхнээсээ үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Гэсэн ч, Баянгол Дүүргийн 1000 машины зогсоолд “Улаанбаатар Төмөр Зам” /УБТЗ/ ХНН-ээс тодорхой хариу өгөөгүйн улмаас хугацаа алдаж, ногоочдыг бухимдуулсан. Иймээс өнөөдөр /2021.08.16/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаны хүмүүс тус байршилд ажиллаж, иргэд, ногоочидтой уулзлаа.

1000 машины зогсоол дээр ногоо худалдаалах 160 гаруй лангуу байгуулснаас орох хэсгийн лангуунууд эзэнтэй болсон тул ногоочид бусад сул байршлыг голж шилэн, хоорондоо булаацалдсанаар тэдний дунд ийнхүү маргаан дэгдсэн аж.

Хотын дарга уг асуудлыг яаралтай шийдэж, ашигтай байрлалыг нэг хүнд дангаар нь олгохгүй байх, ногоочид, худалдаачдыг дэмжиж, ашигтай байрлалыг тэгш хуваарлах зохицуулалт хийхийг холбогдох албаныханд  үүрэг болгов. Түүнчлэн тэрбээр 1000 машины зогсоолын талбайд хавар, намартаа ногоо худалдаалдаг, бусад үед худалдаачид ашигладаг байх ёстой хэмээн байр сууриа илэрхийлэв.

Худалдан авагч иргэдийн зүгээс орц, гарцыг тусгаарлан шийдэх, ногооны лангуунуудыг дугаарлах, ногоо тээвэрлэн орж ирсэн машинуудыг эргэн гаргах, зогсоолыг шийдвэрлэх санал гаргасан агаад иргэдийн тусгасан санал, санаачилгуудыг хэрэгжүүлэн ажиллах хэрэгтэйг Хотын дарга холбогдох албаныханд мөн анхааруулав.

Мөн, Нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хот бол бизнес эрхлэгч нартаа ээлтэй байх ёстой. Худалдаа наймаа, бизнес хийх гэж буй иргэдээ дэмжих ёстой болохоос хааж боох, торгож шийтгэх ёсгүй. Төрийн захиргааны алба хаагчид үүнийг хатуу ойлгож, хүнд сурталгүй, дарамтгүй, авлигагүй байж, бүх талын туслалцаа дэмжлэгийг иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх хэрэгтэй. “Ковид” гээд аж ахуйн нэгж, иргэд туйлдаж, хүнд байдалтай байгаа энэ цаг үед бид аль болох тэднийг дэмжих хэрэгтэй байна” хэмээв.

Түүнчлэн Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар /НМХГ/-аас Стандарт, Хэмжил Зүйн Газартай хамтран, жин хэмжүүрийг баталгаажуулах, хүнсний ногоонд нь үнэгүй шинжилгээ хийн, баталгаажуулж байгаа бөгөөд ямар нэгэн байдлаар торгууль, шийтгэл тавихгүй байгаагаа мэдэгдлээ. Үүний зэрэгцээ, худалдаа эрхлэгчдээс түрээсийн төлбөр мөнгө авахгүй, зөвхөн хог, цэвэрлэгээний мөнгө авахаар зохицуулалт хийжээ.

(Эх сурвалж: ulaanbaatar.mn)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button