ДАТАГРАФИКСурвалжилга, НийтлэлЭДИЙН ЗАСАГ

ИНФОГРАФИК: 10 их наядын балгаар банкууд хожиж, инфляц “галзуурна”

Инфляц улсын дүнгээр энэ оны хоёрдугаар сард 2.6 хувь байсан. Харин долдугаар сард 7.4 болж, 2.8 дахин өссөн байна. Үүнд шатахууны үнийн нэмэгдэл голчлон нөлөөлсөн гэж үзэх хэсэг бий. Гэхдээ 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд нэмэгдүүлсэн мөнгөний нийлүүлэлт инфляцыг өсгөхөд гол нөлөө үзүүлжээ.

-ДӨРӨВДҮГЭЭР САРД МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 2 ИХ НАЯДААР НЭМЭГДЖЭЭ-

Засгийн газраас санаачилсан 10 их наядын хөтөлбөр энэ оны дөрөвдүгээр сард хэрэгжиж эхэлсэн. Үүнээс хойш одоог хүртэл ажлын байрыг дэмжих тэргүүтэй, бага хүүтэй хэд хэдэн зээл олгогдож байна. 3 хувийн хүүтэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэр нь арилжааны банкнуудын Монголбанканд байршуулсан ТБҮЦ хэлбэртэй хөрөнгө юм. Энэ тухай сүүлд дурдана. Ямартай ч Сангийн сайд “Мөнгө хэвлэхгүй” гэж онцолсон, гэхдээ ТБҮЦ-ыг зээлийн санхүүжилт болгож хөдөлгөснөөр /тэдний тайлбарлаж буйгаар/ мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэн.

Статистик харвал, энэ оны хоёрдугаар сард М2 мөнгөний нийлүүлэлт 24.6 их наяд төгрөг байжээ. Харин дөрөвдүгээр сард буюу хөтөлбөр хэрэгжиж эхэлсний дараа 26.7 их наяд болж, 2 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байгаа юм. Энэ тоо буурахгүй хадгалагдсаар, долдугаар сарын мөнгөний нийлүүлэлт 27 их наядад хүрчээ.

-МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ДАГАЖ ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС ӨСЖЭЭ-

Харин үүнийг дагаад Хэрэглээний үнийн индекс тасралтгүй өссөөр байгаа юм. Доорх инфографикаас харвал өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний ХҮИ дөрөвдүгээр сараас эхлэн өсөж эхэлжээ.

Error

Тайлбар: Өмнөх оны мөн үетэй харьцуулсан сар бүрийн утга, өсөлтийн хувиар

Энэ бол шатахууны үнэ нэмэгдэхээс өмнө болсон явдал. Ингээд нийт дүндээ инфляц ч өссөн байна. Гол нь ирээдүйн чиг хандлагыг аваад үзэхэд, ХҮИ өссөөр, инфляц чангарсаар байхаар харагдаж байгаа юм.

Эдийн засагч Б.Лхагважав манай сайтад өгсөн ярилцлагадаа “Огцом мөнгөний нийлүүлэлтээс шалтгаалсан мөнгөний уналт 9-11 сарын дараа гардаг. Одоо барилгын материал, орон сууцны үнэ 30 хувь өссөн нь энэ процесс эхэлснийг харуулж байна” хэмээн бататгасан юм.

Нөгөө талд мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэнээс хожиж болох боломжийг түрүүлж олж харсан хүмүүс, зах зээл дээрх бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр, ихээр худалдан авч, нөөцөлдөг. Өөрөөр хэлбэл, хямд байгаа дээр нь ихээр худалдаж авч, “дараад”, хомсдолд оруулж, эрэлт нэмэгдсэн үед нь үнээ нэмж худалдах так тик гэсэн үг юм. Энэ ч ХҮИ өсөхөд үлэмж нөлөөлнө.

Иймд ирэх намар, цаашлаад өвлөөс төгрөгийн үнэ цэн улам унах прогнозыг хийж болно.

-МӨНГӨ ХЭВЛЭСЭН ҮҮ: ТБҮЦ-НЫ СТАТИСТИК ЗОГСЖЭЭ-

Түүнчлэн зээлийн санхүүжилт болгож хөдөлгөснөөр багассан байх ёстой ТБҮЦ эсрэгээрээ нэмэгдсэн нь “Мөнгө хэвлэсэн юм биш үү?” гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Засгийн газраас хараат бус эдийн засагчдын хувьд, Монголбанкийг дөрөвдүгээр сард мөнгө хэвлэсэн гэдэгт итгэлтэй байна.

Тухайлбал, 10 их наядын хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө, гуравдугаар сарын 5-ны байдлаар 4 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 8.2 их наяд байжээ. Харин тавдугаар сарын 3-нд 9.6 их наяд болж нэмэгдсэн байгаа юм. Сонирхолтой нь, энэ цаг хугацаанаас хойших арилжааны мэдээлэл дахин шинэчлэгдээгүй байна.

Уг нь ТБҮЦ-ыг хөдөлгөж, зээлийн санхүүжилт болгосон бол энэ тоо бараг хоёр дахин буусан байх ёстой.

-ХӨТӨЛБӨРӨӨР АРИЛЖААНЫ БАНКНУУД ХОЖЖЭЭ-

Нөгөөтэйгүүр арилжааны банкнуудын зээлийн хүү 9-10 хувь. Үүнийг 3 хувь болгож, ажлын байрыг дэмжих зээл гаргаж эхэлсэн. Энэ санхүүжилтийг ТБҮЦ-ыг хөдөлгөж, босгоно гэж Сангийн сайд тайлбарласан. Харин үлдэгдэл 6 хувийн хүүгийн татаасыг цэвэр төр төлж байгаа юм. Өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн мөнгөөр.

Тэгэхээр 10 их наядын хөтөлбөрийн үрээр арилжааны банкнууд чанаргүй зээлээ 3 хувийн зээлд хувиргаж, төрөөр төлүүлж авах боложтой болсон.  Мөн шинээр 3 хувийн хүүтэй зээл гаргаж, ийм цаг үед эрсдэл хүлээхээс татгалзаж, хөрөнгөө Монголбанканд хөрөнгөө ТБҮЦ хэлбэрээр байршуулсан нь илүү ашигтай. ТБҮЦ-ны хүү 6 хувь билээ. Хэрэв ингэвэл энэ нь урт хугацаандаа Монголбанканд ч ашигтай тусна.

Түүнчлэн яг хөрсөн дээр 3 хувийн зээл шинээр авсан ААН маш бага, олдохгүй байгаа тухай олон нийт шүүмжилсээр ирсэн. Гэхдээ Засгийн газрын зүгээс статистик тоо зарласаар байгаа.

10 их наядын хөтөлбөр хэрэгжиж эхлэхийн өмнөхөн Засгийн газраас арилжааны банкнуудын удирдлагуудтай томоохон уулзалт хийсэн байдаг.

Ямар ч байсан эцсийн нийт дүндээ 10 их наядын хөтөлбөрөөр Монголбанк, арилжааны банкнууд л хожжээ. Үүнийг статистик харуулж, нотолж байна. Харин иргэдэд өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, төгрөгийн үнэ цэнийн уналт буюу инфляцын "галзуурал” л хүртэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button