ДЭЛХИЙ

ВВС: Уул уурхайн эсрэг тэмцэж, цоохор ирвэсийг хамгаалсан МОНГОЛ ЭМЭГТЭЙ

Нэгэн Монгол бүсгүй цоохор ирвэсүүдийн амьдардаг онцгой бүс нутгийг уул уурхайн компаниудаас хамгаалж, тэдний үйл ажиллагааг зогсоож чаджээ. Энэ зүтгэлийнхээ төлөө тэр байгаль орчны нэр хүндтэй шагналаар шагнагдав.

Агваанцэрэнгийн Баяржаргал нь Өмнөговь аймаг дахь 37 уул уурхайн олборлолтын гэрээг хүчингүй болгож, тухайн бүс нутгийг улсын тусгай хамгаалалтад авахыг Засгийн газарт санал болгож, ятгаж чадсан эмэгтэй. Тэр “2019 оны Голдманы байгаль орчны шагнал” хүртсэн зургаан хүний нэгээр тодроод байна. “Голдманы байгаль орчны шагнал” бол байгаль орчны хамгаалагч идэвхтнүүдэд олгодог дэлхийн хамгийн том шагнал юм.

/Түүний талаарх нэвтрүүлгийн яриаг хамтатган буулгав/

А.Баяржаргал: Би цоохор ирвэсийг дөнгөж танин мэдэж байхдаа энэ амьтан маш гайхалтай нууцлаг амьтан гэдгийг олж мэдсэн. Мөн энэ амьтанд маш олон аюул занал учирч байгааг олж харсан.

“ВВС: Агваанцэрэнгийн Баяржаргал нь Монголын өмнөд хэсгээр амьдарч буй 1000 орчим тоо толгой цоохор ирвэсийг хамгаалахад өөрийн амьдралаа зориулж буй нэгэн. Тост, тосон бумбын нуруунууд бол цөөнгүй ирвэс нутагладаг газар.”

А.Баяржаргал:  Тост, тосон бумбын нуруу нь цоохор ирвэсийн хувьд олз идшийн төрөл элбэгтэйгээрээ өвөрмөц газар нутаг.

“ВВС: Нутгийн малчид малаа хамгаалахын тулд цоохор ирвэсийг ангуучилдаг байв. Тиймээс Баяржаргал нэгэн ухаалаг санаачлага гаргасан нь малчдын дэмжлэгийг олж авч чаджээ.”


            А.Баяржаргал:  Бид малын даатгал санал болгосон бөгөөд нутгийн малчид үүнийг хүлээн авч малаа даатгуулж, даатгалын мөнгөөр нь тэдэнд зориулсан сан бий болгосон. Нутгийн малчид хохирлоо сангаас барагдуулж эхэлсний дараагаар тэдний хандлага өөрчлөгдөж эхэлсэн төдийгүй цоохор ирвэсийг дайсан гэж харахаа больсон юм.

“ВВС: Гэвч Монголын хурдацтай хөгжиж буй уул уурхай шинэ аюул болон хувирав”

А.Баяржаргал:  Бид уул уурхайн учруулж буй аюулын тухай олж мэдсэн. Энэ мэдээллээ нутгийн иргэдтэй хуваалцаж, тэдний газрыг уурхайн олборлолтын лиценз болгож өгч байгааг тэдэнд хэлэв. Ингэснээр цоохор ирвэсийн амьдрах орчин байхгүй болно гэдгийг ч ойлгуулсан. Бид нутгийн иргэдтэй итгэлийн харилцаа үүсгэж бий болгож чадсан учир тэд маш хурдан санал нэгдэж, нэг байр суурьтай болцгоож байлаа.

“ВВС: Тэр 2009 онд уул уурхайн олборлолтыг зогсоож, цоохор ирвэс амьдрах боломжтой том хэмжээний дархан цаазат газар бий болгох кампанит ажлаа эхлүүлжээ”


               А.Баяржаргал:  Уг кампанит ажлын үеэр олон асуудлууд тулгарч байсан. Эндээс хамгийн түрүүнд сонссон зүйл минь “Монголын эдийн засаг маш хүнд нөхцөлд байна. Цоохор ирвэс хэнд хамаатай юм” гэх үгс.

“ВВС: Гэхдээ нутгийн иргэд улс төрчдөд шахалт үзүүлэхэд туслаж байв”

А.Баяржаргал:  Тухайн цаг үед бүх зүйл давхацсан. Улс төрчид дараагийн сонгуульдаа бэлдэж маш идэвхтэй байсан үе. Тиймээс магадгүй улс төрчид иргэдийн дэмжлэг авч болохуйц зүйлийг дэмжих нь тэдэнд чухал байсан биз.

“ВВС: 2016 онд Тост, Тосон бумбын нурууг төрийн тусгай хамгаалалтад авахыг зөвшөөрч, хоёр жилийн дараанаас тухайн бүс нутаг дахь бүх уурхайн лицензийг цуцалсан. Одоо тэр энэ зүтгэлээрээ 2019 оны Голдманы байгаль орчны шагнал хүртэж байна.”

А.Баяржаргал:  Тост, Тосон бумбын нурууг хамгаалалтад авсныг сонссоны дараа бид зорилгодоо хүрч чадлаа гэж тухайн үед бодож байв. Гэвч төд удалгүй энэ бол зүгээр эхлэл юм гэдгийг ойлгосон. Би цаашид энэ газар нутгийг иргэд өөрсдөө зохицуулж чадах үндэсний паркийн системийг бий болгохыг хүсэж байна.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button