Нийгмийн

Гэрээс нь 500 мянган ам.доллар олдсон гэх С.Ганбатыг суллаж, хэргийг нь нууцалж байна

Өнгөрсөн долдугаар сарын 05-нд Тагнуулын байгууллагаас бригадын генерал С.Ганбатыг баривчилж, 461-р ангид хорьсон. Улмаар гэрээс нь 500 мянган ам.доллар, 50 орчим бууны төрлийн галт зэвсэг, төрийн нууцад хамааралтай байж болох зарим материалууд, тагнаж чагнах зориулалт бүхий төрийн данстай төхөөрөмжүүд хурааж авсан гэх мэдээлэл тухайн үед цацагдаж байв.

Ингээд энэ явдлаас хойш ТЕГ-аас ч энэ талаар албан ёсны мэдээлэл өгсөн зүйлгүй, шалгаж буй нэрийдлээр өдий хүрэв. Мэдээлэл авахаар ТЕГ-тай холбогдоход “Прокурорын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэх хуулийн заалтаар далайлгасан нууцлаг хариулт өгч буй юм.

-С.ГАНБАТЫГ ЯЛЛАХ ХАНГАЛТТАЙ НОТЛОХ БАРИМТ ОЛДООГҮЙ ЮУ-

Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар С.Ганбат аль хэдийн шоронгоос гарчээ. Өөрөөр хэлбэл олон нийт түүнийг 461-т хоригдож буй гэж бодож байтал аль хэдийн наран гарчихсан яваа аж. Гэхдээ батлан даалтаар гарав уу, бүр суллав уу.

Уг нь хуулиараа хойшлуулшгүйгээр 24 цагийн дотор сэжиглэн баривчилсан этгээдийг 48 цагийн хугацаа дуусахаас өмнө үргэлжлүүлэн хорих уу, суллах уу гэдгийг шийдэх ёстой. Тодруулбал, прокуророос яллагдагчаар татах эсэхийг шийдүүлэхээр шүүхэд хандах ёстой. Шүүгч прокурорын хүсэлтийг хянаад үргэлжлүүлэн хорих уу, суллах уу гэдгийг шийддэг.

Гэтэл С.Ганбатын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг прокуророос шүүхэд гаргаагүй, С.Ганбатад холбогдох цагдан хорионы шүүх хурал болоогүй гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Тэгэхээр С.Ганбатыг шүүгчийн захирамжгүйгээр сулласан болж таарч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар ингэх боломжтой аж. Хуулиас харахад мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч болох зохицуулалт байна.

Тодруулбал, 48 цагийн дотор баривчлагдаж байгаа этгээдийг 48 цаг дуусч, сэжиглэгдэж байгаа хүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын шийдвэр, цагдан хорих шүүхийн шийдвэр ирээгүй бол баривчлах байрны дарга мөрдөгч, прокурор, шүүгчид мэдэгдэж, түүнийг суллахаар хуульд заажээ.

Ийнхүү прокуророос С.Ганбатыг үргэлжлүүлэн яллагдагчаар татах хүсэлт шүүхээс гаргаагүйгээс харахад түүнийг яллах хангалттай нотлох баримт байгаагүй байсан байж болзошгүй байна. Тэгэхээр С.Ганбатыг батлан даалтад гарсан гэж үзэхээс илүү гэм буруугүй гэж үзэж сулласан байх магадлалтай байна гэсэн үг.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар ТЕГ-аас эл хэргийн талаар тун удахгүй олон нийтэд мэдээлэл өгөх сурагтай. Гэхдээ хэзээ гэдэг нь тодорхойгүй байна.

-С.ГАНБАТ ГЭЖ ХЭН БЭ-

Хууль хүчнийхэн дундаа “Сийлээ Ганбат” нэрээрээ нэлээд алдартай нэгэн юм. Тэрбээр 1990 онд Эрүүгийн цагдаагийн газарт Туслах төлөөлөгчийн статусаар ажлын гараагаа эхэлж, тус газрын дарга болтлоо дэвшин ажилласан намтартай.

Нэгэн үес оффшор дансны асуудалтай нэр холбогдож явсан С.Ганбат Хонконг дахь Ерөнхий консулын газарт зөвлөх консулаар ажиллаж байсан аж. АТГ-ын даргаас Х.Энхжаргалыг чөлөөлөхөд түүний оронд томилох магадлалтай хүмүүс дунд С.Ганбат нэрлэгдэж байв. Түүнд Генерал цол хэргэм өгөх асуудал хөшигний ард удтал хүлээгдэж, өнгөрөгч хавар тэмдгээ хүлээж авсан юм.

С.Ганбат нь ХОМ-тээ жилд 33 сая төгрөгийн орлоготой, зуслан, орон сууц, автограш тус бүр нэг ширхэг эзэмшдэг, хоёр автомашинтай, “Их эрчит Хурд” ХХК-д эзэмшлийн хувьтай, өр зээлгүй гэж мэдүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-27 08:51

Сийлээгээс хуулийнхан айгаад ш�##�гахгүй ээ

Зочин
Зочин
2021-08-27 12:17

galzuu Fortuna Batbayr n hud

иргэн
иргэн
2021-08-29 19:46

Сийлээгийн Ганбатын хэрэг замхрах байх. Өөр цагдаа байсан бол �##�ь хэдийн ажлаас х�##�ж, мөрдөнд байгаа.

Холбоотой мэдээ

Back to top button