Нийгмийн

П.Уужимжаргал: Дүүг маань зурагтаар үзнэ гээд нутаг усаараа хүлээсэн ч шууд дамжуулаагүй

Энэ сарын 24-ны өдөр Паралимпын нээлт болов. Хүн төрөлхтний эл наадамд монголын 11 тамирчин улсаа төлөөлөн оролцож буй. Жүдо бөхийн төрөлд Н.Алтанцэцэг амжилттай оролцож тавдугаар байрт шалгарсан зэрэг томоохон амжилтуудыг эхнээсээ үзүүлж байгаа билээ. Харин хөнгөн атлетикийн 100 метрийн гүйлтийн төрөлд оролцож байгаа П.Энхманлай энэ лхагва гарагт хурд хүчээ сорих юм. Түүний амжилтыг хүлээж, догдлон суугаа гэр бүлээс нь буюу эгч П.Уужимжаргалтай ярилцлаа. Түүнийг хадлан дээрээ очиж, сүлжээтэй золгох үеэр цөөн хором ярьж амжсан юм.

П.Уужимжаргал нь Олон улсын хэмжээний мастер, тэргэнцэртэй гүйлтийн тамирчин П.Энхманлайн эгч бөгөөд Хэнтий аймгийн Биндэр сумын төвөөс 30 км зайд Улаанхужир гэх газар амьдарч, аж төрдөг гэнэ.

Тэрбээр дүүгээ нүсэр их хөдөлмөрлөж, гэр орноосоо хол хичээллэж зүтгэсээр хүн төрөлхтний энэ том наадамд оролцож байгаад баярлан, бахархал дүүрэн яриагаа эхлэв.

П.Энхманлайн бага насны тухай ярихдаа, хичээнгүй, юм юманд эвлэгхэн хүү байсан. Манай Онон гол гүүргүй байсан юм. Тэр үед трактор унаад л нутгийн иргэдээ гол гатлуулж өгнө. Их тусархаг, цовоо зантай. Дүү маань морь сайн унадаг. Багадаа морио унаад бухал өвс чирээд давхидаг байсан юм. Тэр дүр нь одоо ч нүдэнд тодрон харагдаж байна. Дүү маань хөдөө өсөж торнисон учраас Монгол ахуй, зан заншил хийгээд ёс жаягаа сайн мэддэг юм. Тиймдээ ч төлөвшил сайтай байдаг гэж боддог.



ОЛОН ЖИЛИЙН ӨМНӨ ДҮҮ МААНЬ ОЛИМПОД ОРОХ ЗОРИЛГОТОЙ ГЭЖ ХЭЛСЭН

Спорт хүнийг хүмүүжүүлдэг гэдэг их үнэн юм билээ. Дүү маань угийн л төлөвшил сайтай байсан. Гэхдээ энэ спортоор хичээллээд илүү нээлттэй, хамт олонч зантай болсон юм уу даа гэж хараад байгаа.

Анх 2010 онд “Дүү нь гар утас засварын сургалтад суухаар хот орно” гэж хэлээд явахдаа энэ төрлийн спорт байдгийг мэдэж, хүнтэй холбоо тогтоож эргэлт буцалтгүй хөнгөн атлетик гэх хөнгөн нэртэй хүнд, хүч шаардсан спортод орсон юм. Тэгээд удалгүй “Эгч ээ дүү нь 2020 оны олимпод орох зорилго тавьсан” гээд хэлж байсан юм. Харин одоо дүү маань зорилгодоо хүрч “Токио-2020” наадамдаа орж байна. Багадаа хичээл сургуульд явж чадаагүй. Өөрөө л ном дэвтэр эргүүлж уншиж, бичиж сурсан. Олимпод орох зорилгоо биелүүлчихсэн одоо сурах талаар төлөвлөж байгаа гэсэн.

Дүү маань хоёр багштай. Тэднийг нь н.Батдорж болон н.Төмөр гэдэг. Сурсан бүхний нь цаана багш нар байгаа. Хэцүү цаг үед нь хүч өгч, түшиж тулаад, дүүд маань ихийг сургаж байгаад баярлаж, сэтгэл дүүрч явна.



Хүн хүнээрээ бахархах чинь үнэхээр сайхан юм байна. Ялангуяа миний төрсөн дүү эгчдээ бахархал болж байна гэж бодохоор бүр ч сайхан юм аа.

Бид ихэвчлэн сүлжээгүй байдаг учраас бэр дүүтэйгээ ярьж л сургийг нь сонсож байгаа. Сүүлд эхнэртэйгээ ярихдаа “Олимп хотхонд байрлаж байна. Сониноос хань нь Японы сонин дээр гарсан” гэж хэлсэн гэнэ лээ.



ШУУД ДАМЖУУЛАЛТ ХИЙГЭЭГҮЙГ НЬ БОДОХООР Л ХӨНДҮҮР ОРГИЖ, ГОМДООД БАЙХ ЮМ

Өнгөрсөн долоо хоногт паралимпын нээлтээр дүүгээ гарна гээд их хүлээж догдолсон. Суваг солиод л байсан. Гэвч нэг ч сувгаар гараагүй. Сүүлдээ гайхаад аав, ээжийгээ аваад өндөр уулын оройд очиж сүлжээтэй золгож, интернет орсон юм. Гэсэн чинь нэг хүн гурван секундийн нээлтийн үеийн бичлэг оруулсан байсан. Гэхдээ тэр дунд дүү маань харагдаагүй. Сүүлдээ нээлтэд нь орж чадаагүй юм болов уу гээд гайхаад л үлдлээ. Дүүг маань үзнэ гэж би ганцаараа догдлоогүй. Энэ нутаг усныхан бүгд л хүлээж, асууж сурагласан. Даанч шууд дамжуулж үзүүлээгүй.

Яагаад ингэж алаг үзэж хандаад байгааг ойлгохгүй байна. Эрүүл саруул хүмүүс нь хичээгээд ч орж чаддаггүй хүн төрөлхтний энэ том наадамд тэд маань эх орноо төлөөлөөд явж байгаа шүү дээ. Саяхан болж өндөрлөсөн олимпын наадмыг дийлэнх сувгууд шууд дамжуулж, манай улсад хараахан хөгжөөгүй төрлүүдийг хүртэл үзүүлж байсан. Харин паралимпын тамирчдын уралдаан, тулаануудыг үзүүлэхгүй байна. Энэ сэдвээр ярихаар л хөндүүр оргиод, гомдоод байх юм.



Дүү мань есдүгээр сарын 01-ний өдөр уралдана. Тэр үеэр шууд дамжуулж үзүүлж өгөөсэй гээд залбираад л байна. Ямар сувгаар гарах, яах ийхийг мэдэхгүй байгаа. Ганцхан дүүгээ ч биш бусдыг нь ч бас үзмээр байгаа. Гэхдээ болохгүй юм шиг байна. Наанадаж дүүгээ паралимпод ганцхан удаа ч болов уралдахыг нь үзэх юм сан гэж их бодож байна.

П.Энхманлай машинаа гар удирдлагатай болгож янзлаад хөдөөнөөс гэрийнхнээ ирэхээр хот үзүүлж, шинэ соргог зүйлстэй танилцуулдаг гэнэ. Энэ талаар түүний эгч хэлэхдээ, Биднийг хот орохоор өглөө эрт бэлтгэлдээ гардаг. Гэхдээ өдөр нь цаг гаргаж энд тэрүүгээр газар үзүүлж их давхина. Очих болгонд л юм авч өгөөд, хот үзүүлнэ гээд л “Хүннү молл”, “Зоо парк” гээд л шинэ шинэ газруудаар дагуулж их явдаг тухай ярилаа.


ОЛОН ЖИЛИЙН ӨМНӨ ГАДААД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХАНДИВЛАСАН ТЭРГЭНЦРЭЭРЭЭ УРАЛДАЖ БАЙГАА

Гүйлтийн хэрэгслүүд нь их үнэтэй байдаг. Олон жилийн өмнө Америкт амьдардаг Монголчууд мөнгө цуглуулаад Япон улсад үйлдвэрлэсэн уралдааны зориулалттай тэргэнцэр хандивлаж байсан. Тэргэнцрийг нь маш цөөхөн улсад үйлдвэрлэдэг. Их үнэтэй юм билээ. Тухайн үед 10 гаруй сая төгрөг гэж байсан. Монгол улсаас хэрэгсэл, хэрэгцээ талаас нь нэг их тусалж дэмждэггүй. Гэхдээ паралимпын наадамд явахад дүүд маань санхүүгийн бэрхшээл нэг их тулгараагүй. Аймаг орон нутгийн зөвлөлөөс дэмжиж байна. Улсаас маань ивээн тэтгэж байна гээд л их баяртай ярьж байсан.


Тэрбээр ярианыхаа төгсгөлд “Бүх сэтгэл зүрхээ бэлтгэлдээ зориулж, тууштай байж чадсан дүүг маань нутгийн уул ус нь харж, түшиж байгаа. Ээж, аав, ах, эгч нутаг ус гээд олон түмнийхээ бахархал болж хүндэл хүртэж байгааг нь харахад сэтгэл их өег байна. Дүүдээ амжилт хүсье” гэлээ.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-08-30 08:51

Хөөрхий энэ хэдэн Монгол тамирчдаа анхаараачээ. Зурагт мурагтаар ч гаргахгүй юм хөөрхий

Зочин
Зочин
2021-08-30 09:13

ugaasaa mglchuud iim yalgavarlagch balair sh de..ghdee shantralgui medal avah boltugai...amjilt husej bna..

Зочин
Зочин
2021-08-30 09:24

Зурагтаар гарах гарахгүй нь яах вэ.Хамгийн гол нь амжилт гаргаад ирээрэй гэж ерөөе.Тэгвэл зурагтаар хүссэн эс хүссэн гараад л байна шүү дээ

Зочин
Зочин
2021-08-30 22:51

mundag yumaa baharhaj bn

Дорж
Дорж
2021-08-31 10:59

Энэ бол Олимп биш. Лимп гэдгийг ойлгох ёстой. Манайхан олимптой зүйрлэж бодоод байна. Гэвч хэзээ нэгэн цагт олимптой зүйрлэх цаг үе дэлхийн хүн төрлөхтөнд ирэх байх. Лимп нь олимпын даг�##�дах хэсэг болоод удаагүй байна. Жаахан тэвчээртэй хүлээх хэрэгтэй. Манай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс Лимпэд оролцож амжилт гаргаж байгаа нь сайхан хэрэг. Тэдэндээ амжилт хүсэе!

Холбоотой мэдээ

Back to top button