ЭДИЙН ЗАСАГ

ЧИЛИЙН ТУРШЛАГА: Ард түмэндээ ихийг “хормойлно”

Цар тахал дагасан олон бэрхшээл биднийг нөмөрсөн ч энэ хугацаанд зэсийн үнэ өндөр дүндээ хадгалагдсаар ирлээ. Хамгийн сүүлийн ханшаар тонн тутам нь 9.4 мянган ам.доллар байна. Энэ хавар 10 мянга давсан ч удаатай. 10 жилийн өмнө үүнийг гурав хуваасантай тэнцэх ханшаар бид “Эрдэнэт”, “Оюу толгой”-н зэсээ худалддаг байсан.

Гэхдээ тэр үед ч бас эдийн засаг сайн байсангүй. Хөрөнгө оруулагчдыг “галзууруулж” байгаад огцом шоконд орсон он жилүүд тэнд бий. Харин өнөөдөр мөн цар тахлын араас босож тэнцэж байгаа ч зэсийн үнэ өндөр байгаа нь тэр үеийнхээс яриангүй том ялгаа. Гэвч энэ алтан үеийг эрх баригчид ашиглаж, зөв менежмент хийх ямар ч оролдлого хийсэнгүй. “Рио Тинто”-той хэлэлцээр хийж байгааг эс тооцвол шүү дээ.

НӨӨЦ САНД 20 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ХУРИМТЛАГДААД БАЙНА

Нэг үгээр зүгээр л худалдаж, зараад байх уу хуримтлуулж, хөрөнгө оруулалт болгох уу гэдэг асуулт юм. Дэлхийд зэсийн экспортоор тэргүүлэгч Чили улсын хамгийн гялтайх туршлага нь тэр буюу сан байгуулсан явдал. Зэсээ баруун солгойгүй ухаж, хил давуулан наймаалцаж байв ч орлогоо нийгмийн хөгжил, бүтээн байгуулалт руу хуримтлуулсан.

Нөгөө талаар зэсийн үнэ таамаглаж болдоггүй онцлогтой. Шинжээчид ойрын нэг жилдээ өсөлт хадгалагдана хэмээж буй ч 10, 20 жил энэ янзаараа “шааригдана” гэж байхгүй. Тийм ч учраас зэсийн үнэ огцом унахад, эсвэл импортлогч орон хэрэглээгээ багасгахад бид том цохилтод гэнэтхэн өртөх эрсдэлтэй.

Ийм ч учраас чиличүүдээс судлах хамгийн гол туршлага бол “Эдийн засаг, нийгмийг тогтворжуулах сан” юм. Энэ бол нөөцийн сан. Зэсийн үнэ өсөлттэй байх үес Чилийн Засгийн газар энэ шугамаар орж ирсэн ашгийнхаа 1 хувийг уг сан руу хийдэг. Өнөөдрийн байдлаар 20 тэрбум гаруй ам.доллар энэ санд нь хуримтлагджээ.

ЧИЛИ БА ЗЭСИЙН МЕНЕЖМЕНТ

Чили улс зэсийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх болсон хэд хэдэн онцлог бий. Түүний нэг нь мэдээж байгалийн өгөгдөл буюу зэсийн нөөц ихтэй газар нутагт оршиж буй “аз” нь. Хоёрдугаарт, төрийн болон хувийн хэвшлийн менежментийг хэдэн зэрэг хослуулсан нь. Өөрөөр хэлбэл наашаа гэсэн ганцыг дагаж намираагүй, бүхэл дэлхийн түвшинд хөрөнгө оруулагчдыг нэгэн зэрэг татаж чадсан.

Чилид 100 хувь төрийн эзэмшилтэй зэсийн орд байна. Энэ бол “Коделко”, 1955 оноос хойш зэс олборлож байна. 2019 оны байдлаар жилийн орлого нь 12.5 тэрбум ам.долларт хүрсэн. Хөрөнгө оруулагчидтай хэчнээн дайтлаа ч тэд “Коделко”-тойгоо.

Төрийн өмчит гэхээр хамгийн явж өгдөггүй нэг орд нь байх гэж олон нийт ойлгож магадгүй. Гэтэл “Коделко”-гийн мэдэлд нийт долоон зэсийн орд байх бөгөөд ерөөс дэлхийн зэсийн үйлдвэрлэлийн бараг 10 хувийг дангаараа хангадаг байна.

1976 онд Сальвадор Альендэ хэмээх социалист ерөнхийлөгч анх зэсийн уурхайнуудаа төрд авсан хүн. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалт татах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэлгүй, мунаг бодлогоор дайрсан учир Чилийн эдийн засаг энэ үес унасан аж. Харин дараа нь Пиночётын үед, АНУ-ын Чикагогийн их сургуулийн эрдэмтдийн багаас зөвлөгөө авсны үндсэн дээр хэд хэдэн хууль, концесс шинээр баталж, төрийн өмчөө гадаадын хөрөнгө оруулалтаар босгож ирэх тогтвортой хууль эрх зүйн орчинтой болсон.

Цаашлаад “Эскондида” байна. Энэ ордыг “Минера Эскондида” компани эзэмшдэг бөгөөд уг компанийн 30 хувийг “Рио Тинто”, 12 хувийг Японы “Жапан Эскондида”, үлдсэн хувийг нь Чилийн “BHP Billiton” компани эзэмшдэг. Гаднын хоёр хөрөнгө оруулагчтай гэсэн үг. Араас нь “Колло Хуанси”, “Лос Брончес” гээд явж өгнө. Бүгд нэгээс дээш тооны гаднын хөрөнгө оруулагчдаар төслөө удирдуулдаг онцлогтой.

ЧИЛИ РОЯЛТИ ТАТВАРАА НЭМЭХЭЭР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Харин 2007 онд Чилийн Засгийн газар “Эдийн засаг, нийгмийг тогтворжуулах сан”-г байгуулжээ. Уг санд зэсийн экспортоос орж ирсэн цэвэр ашгаас хуримтлуулдаг тухай дээр дурдсан. Хамгийн эн тэргүүний зорилго нь эрсдэлээс хамгаалах. Зэсийн үнэ нэг центээр унахад л 120 сая ам.доллар алддаг гэх тооцоо байна. Иймд хүнд үед төсвийн алдагдлаа нөхөх зорилготой аж. Түүнчлэн үнэт цаас гаргах хэлбэрээр нийгмийн олон бүтээн байгуулалтад хөрөнгө оруулдаг. Цаашлаад нийгмийн халамжийг ч санхүүжүүлдэг байна.

Уг сангийн дор мөн “Тэтгэврийн сан” байдаг бөгөөд иргэдийнхээ нийгмийн даатгалыг ч зэсээс олсон ашгаараа баталгаажуулдаг гэсэн үг юм.

Чилийн хувьд цаг үе амаргүй туслаа. Саяхан хийгдсэн судалгаагаар “Коделко” компанийн зэсийн нөөцийн 40 хувь нь эрсдэлд орсон гэх мэдээлэл цацагдсан. Түүнчлэн Чилид ядуурал улам бүр газар авч байгаа тул роялти татвараа үлэмж нэмэгдүүлж, орлогоо нийгмийн халамж руу хуваарилах асуудлыг ярилцаж байна. Нөгөө Пиночетийн үеийн хуульдаа эргэж өөрчлөлт оруулах асуудал гэсэн үг юм.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ

Харин бид “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрдөө буцааж авсан нь нэг том давуу тал болсон гэлтэй. Хүнд үед ийм хэмжээний орлогыг төсөвт хуримтлуулж чадаж буй нь томоохон улс төрийн шийдвэрийн үр. Харин “Оюу толгой”-н гэрээг тухайн үед Ашигт малтмалын тухай хуульдаа өөрчлөлт оруулж, татвараа багасган барин зурсан ч өнөөдөр сайжруулах асуудлыг ярьж буй нь нэг талдаа авууштай. Чилийн жишгээр гаднын хөрөнгө оруулагчидтай чөлөөт хэлцэлд ордог, ард түмний эрх ашгаа сөргүүлэн тавьж чаддаг байх нь асар чухал менежмент юм.

Харин ирээдүйд үнэ цэнээ улам алдах “Эрдэнэс Таван толгой”-г үргэлж “сааж”, бүтээн байгуулалтууд руу хамаг орлогыг нь зарцуулж байхын оронд “Эрдэнэт”, “Оюу толгой” хоёрт ашигтай менежмент хийх хэрэгтэй байна. Зэсийн үнэ өсөж, дэлхийн зах зээл дээр Монгол торойн харагдаж буй энэ үест долоон уулын цаадхыг харж ажиллах нь нэн чухал юм. Учир нь ирээдүйд зэсийн хэрэглээ улам өсөн нэмэгдэхээр байгааг судлаачид онцлон тэмдэглэсээр байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button