
2021.08.31-ний мягмар гарагт Америкийн Луизиана, Миссисипи мужуудын өмнөд хэсэгт хэт халуун болох талаар АНУ-ын Үндэсний Цаг Уурын Газраас анхаарууллаа гэж “Си-Эн-Эн” /CNN/ агентлаг мэдээлэв.
Хоёр мужийн өмнөд хэсэгт +40 градус хүртэл халах төлөвтэй байна. Хоёр сая орчим хүн хэт халууны бүсэд амьдарч байгаа аж. Хар салхины улмаас гэр орноосоо дүрвэсэн иргэдийг хэсэг хугацаанд гэртээ буцаж очихгүй байхыг эрх баригчид уриалжээ.
Эрх баригчид ням гараг /2021.08.29/-ийн орой АНУ-д болсон “Ида” хар салхины үр дагаврыг арилгахаар ажиллаж байна. Луизиана мужид болсон хар салхины улмаас сая орчим хүн гэрэл цахилгаангүй болсон. Зарим газарт тог цахилгааны шугам сүлжээг нэг сарын дотор сэргээх боломжгүй гэж эрх баригчид мэдэгдлээ.
Одоогийн байдлаар хар салхины улмаас дөрвөн хүн нас барсан тухай мэдээлэл байгаа ч энэ тоо цаашид нэмэгдэж магадгүй талаар эрх баригчид удаа дараа мэдээлсээр байна. Гамшигт өртсөн бүсэд эрэл хайгуулын аврах багууд ажиллаж байгаа боловч Луизиана мужийн цагдаа нар даваа гарагт хэлэхдээ, гамшигт өртсөн бүсэд хүрч ажиллах боломж хомс байгаа гэв. Нурангин дор хэдэн хүн байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа ажээ.
Дөрөвдүгээр түвшний “Ида” хар салхи ням гараг /2021.08.29/-ийн орой Луизиана болон хөрш мужуудыг дайран өнгөрсөн. Хар салхины улмаас их хэмжээний хохирол амссан ба Миссисипи голын урсгал хүртэл өөрчлөгдсөн байна.
Түүнчлэн, Теннесси, Огайо мужуудад ч үерийн аюул нүүрлэж болзошгүй талаар цаг уурчид анхаарууллаа.
(Эх сурвалж: Interfax)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.