ВИДЕО КОНТЕНТНийгмийнСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Шинэ сурагчийн нэг өдөр

Гэр хорооллын гудамжнаа есдүгээр сарын 1-ний өглөө иржээ. Нохдын хуцах дуунаас өөр анир чимээгүй ч хашаа болгоны цаана буй айлуудын цонх гэрэлтэй, яндангаас нь цагаан утаа суунаглана. Энэ гэрэлтэй цонх бүхний цаана сургуульдаа, цэцэрлэгтээ явна, найзуудтайгаа уулзана, шинэ хувцас өмсөнө гэж догдолсон багачууд буй.

Тэдний нэг болох Чинбатын Маргадтай уулзаж, адал явдал дүүрэн нэгэн өдрийнх нь гэрч болохоор зорьж явна. Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны …гудам. Өглөөний 07:30 цаг.

Охины аав Б.Чинбат хувиараа бизнес эрхэлдэг, ээж Г.Алтанцоож СБД-ийн өрхийн эмнэлэгт ажилладаг. Тэд хоёр охинтой. Том нь Ч.Маргад. Харин бага нь хоёр настай. Биднийг дотогш ороход Ч.Маргад охин хэдийнээ босож, сурагчийн дүрэмт хувцсаа өмсөн, үсээ хоёр хуваан боожээ. Цүнхээ ч үүрч. Сургуулийн сурагч болно гэсэн бодол шөнийн нойрыг нь хулжаажээ. Тэрбээр “Ээж эрт унт гэсэн болохоор л эрт орондоо орсон. Өглөө сургуульд явна гээд баярласан. Шөнө нойр хүрээгүй” хэмээж байлаа. Нэгдүгээр ангийн хичээл 08:30 цагаас эхэлнэ гэсэн тул бид яаравчилж, Нийслэлийн СБД-ийн 71 дүгээр сургууль руу хөдөллөө.

Машинаас буугаад сургууль руу алхаж явах замд Ч.Маргад “Гутал томдоод, сугарах гээд байна” гэх нь тэр. Охины ээж инээмсэглэн “Айн, таарч байна гээд байсан шүү дээ” хэмээв.  Тэрбээр үргэлжлүүлэн “Гараа сайн ариутгаж, хүүхдүүдийн идэж байгаа юмнаас идэж болохгүй шүү” хэмээн охиндоо захиж байлаа. Ийн алхаж явах замдаа тэрбээр цэцгийн баглаа боолгож амжив.

Бичлэгийг энд дарж үзээрэй

Сургуулийн гадна дүрэмт хувцсаар жигдэрч, өнгө, өнгийн цүнх, гутал өмссөн багачууд ээж, аавтайгаа зогсож байлаа. Сурагчдын халууныг ангийн багш нар нь үзэж, бүртгэлжүүлнэ. Эцэг, эхчүүд, сурагчид авсан цэцгийн баглаа, шоколадны цуглуулгаа багшдаа өгч, хамтдаа дурсгалын зургаа татуулна. Ч.Маргад охин ч ээжийнхээ боолгосон баглаа цэцгийг багшдаа бэлэглэлээ. Зургаа татуулж, багшдаа бэлгээ өгсөн нэгдүгээр ангийн сурагчид бүлэг, бүлгээрээ эгнээ болов. Ч.Маргад охин 1в гэсэн жижиг модон самбар барьж, хамгийн урд зогсоно.

“Есөн сарын нэгэн

 Эрдэм номын баярын өдөр

Есөн сарын нэгэн

Сурагч бидний баяр даа

Есөн сарын нэгэн

Эрдмийн далайд аялах гараа

Есөн сарын нэгэн

Анги дэвших ёслолын өглөө...” хэмээх дуу эгшиглэж, анги удирдсан багш нар сурагчдыг нэг эгнээнд оруулан сургууль руу дагуулан орлоо.

Ч.МАРГАДЫН ААВ, ЭЭЖ: ӨӨРӨӨ СУРГУУЛЬД ОРОХ ГЭЖ БАЙГАА ЮМ ШИГ ДОГДЛОЛОО

Ч.Маргад охиныг сургууль руу орсны дараа аав, ээж хоёр нь сэтгэгдлээ хуваалцлаа.

Ч.Маргадын аав Б.Чинбат “Охин маань эмч болно гэж их ярьдаг юм. Мөрөөдлөө биелүүлэхээр сургуульд орлоо. Өөрөө сургуульд орох гэж байгаа юм шиг догдолдог юм байна. Сургуульд орсон анхны өдөр тул бид хоёр тартал нь хүлээж байгаад аваад явна даа. Эхнэр маань ажилтай тул цаашид би ажлынхаа хажуугаар хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд авч байна” хэмээв.

Харин Ч.Маргадын ээж Г.Алтанцоож “Их гоё байна. Манай охин сэргэлэн, цовоо хүүхэд. 35 үсгээ цээжилчихсэн. Өнгөрсөн шөнө “Ээжээ унтаад байгаа юм уу, та. Хичээл орох болчихлоо” гээд ойр, ойрхон сэрсэн.

Цар тахлын үед хүүхдийнхээ эрүүл мэндийг бодоод сургуульд явуулмааргүй  ч юм шиг. Эрдэм номтой хүн болгохын тулд явуулмаар ч юм шиг. Хоёр сонголтын өмнө тулж ирсэн. Тэгээд охиныхоо шийдвэрийг дагасан. Охин маань өөрөө сургуульд явья гэсэн юм. Бид охиндоо “Хоёр цаг тутамд маскаа сольж зүүгээрэй гэж амны уншлага болтол давтаж хэлсэн. Тэгээд цүнхэнд нь нойтон сальфитка, гар ариутгагч, хийж өгөөд бусадтай өөрийнхөө юмыг солилцож болохгүй гэсэн. 5 хоног цахимаар, 5 танхимаар хичээллэх учир гайгүй байх” гэлээ.

АНГИ ДОТОР ЮУ БОЛДОГ ВЭ?

Ч.Маргадын ангийн багшийг Х.Мягмарсүрэн гэдэг аж. Тэрбээр сурагчдыг нэг нэгээр нь суулгаад өөрийгөө танилцууллаа. Х.Мягмарсүрэн багш 71 дүгээр сургуульд тав дахь жилээ ажиллаж байгаа гэнэ. Өмнө нь хувийн сургуульд багшилж байсан бөгөөд хоёр дахь нэгдүгээр ангиа дааж авч байгаа аж. Тэрбээр сурагчидтайгаа ямар яриа өрнүүлснийг сонирхоцгооё.

-Сайн байцгаана уу, хүүхдүүдээ?

-Сайн, та сайн байна уу.

-Яасан хөөрхөн хүүхдүүд вэ. Сургуулийн сурагч болохоор ирсэн ямар байна?

-Гоё байна, үнэхээр гоё байна.

-Өглөө эрт босох ямар байна?

/Хэн ч дуугарсангүй/

-Өглөө эрт босдог уу, та нар?

Нэг сурагч би босдог гэж хэлэв. Түүний араас өөр нэг сурагч би ч бас босдог хэмээв.

-Сургууль дээр маскаа заавал зүүнэ. Яагаад маск зүүгээд байгаа билээ, бид нар?

-Корона. Дельта гарсан.

-Ангид идэх юм огт авчирч болохгүй. Яагаад идэж уух юм авчирч болохгүй юм бол?

-Анги өөрөө идэж уух өгдөг.

-Сурагч хүн яаж суух ёстой юм бол, та нар мэдэх үү. Багшдаа хариулаарай?

-Нэг сурагч би мэднэ. Өвдөг дээрээ гараа тавиад суудаг гэв.

Өөр сурагч дуугараагүй тул тэрбээр сурагчдад хэрхэн зөв суух ёстойг зааж өглөө. Тэрбээр “Хоёр гарынхаа тохойг ширээн дээрээ тавиарай. Нэг гэж хэлээр баруун талынхаа тохойг буулгана. Хоёр гэхээр зүүн гараа буулгана шүү. Нуруугаа цэх байлгаарай” гэлээ. Хүүхдүүд ч багшийн зааж өгснөөр хэд, хэдэн удаа давтав.

Тэрбээр үргэлжлүүлэн хүүхдүүдэд “Цүнхээ ширээн дээр тавьж болохгүй, хажуу талын сандал дээр эсвэл ширээний хажуу талын өлгүүрт өлгөж байгаарай” хэмээн захив. Гэтэл нэгэн сурагч цүнх рүүгээ зааснаа “Багшаа энэ минийх. Өчигдөр авсан юм” гэв.

Үүний дараа багш бүх сурагчдаас хичээлийн хэрэгсэл гэж юу болох, хичээлийн хэрэгсэлд юу, юу ордог болохыг асуув. Гэтэл нэгэн сурагч “Хичээлийн хэрэгсэлгүй бол хичээлээ хийж амжихгүй. Би хичээлээ хийж амжина” гэх нь тэр.

Багш хүүхдүүдээс хичээлийн хэрэгсэлд юу, юу ордог, хэрхэн хэрэглэдгийг зааж өгөхөөр шийдсэн бололтой. Тэрбээр “Цүнхэнд нь байгаа бүх хэрэгслээ ширээн дээр гаргаж тавиарай” хэмээн сурагчдад хэллээ. Сурагчид ч хэлсэн ёсоор гүйцэтгэв. Тэдний цүнхэнд зургийн дэвтэр, бал харандаа, өнгийн цаас, аяга таваг, баримлын шавар, гар ариутгагч, гарын алчуур, гурван өнгийн хос алчуур, амны хаалт, гарын нойтон алчуур цөм байлаа. Зарим нэг сурагчийн цүнхнээс углааш гарч ирэв. Үүнийг харсан нэгэн сурагч “Багшаа би углааш аваагүй шдэ” хэмээв. Багш “Хичээлийн эхний өдөр углаашгүй ирсэн сурагчид маргааш авч ирээрэй. Углааш авч ирэхгүй бол гоё сургууль нь муухай болчихно шүү” гэлээ. Уг харилцан ярианы дараа тэрбээр хичээл хэрэгсэл тус бүрийг өргөж, хэрхэн хэрэглэдгийг нь асуув.

Сурагчид тал, талаас хариулна. Мэдэхгүй дээ ч юм уу, буруу хэлчих вий гэж эмээсэн дээ ч тэр юм уу зарим сурагч таг дуугүй. Цөөн хэдэн сурагч л уралдан хариулна. Багш гарын алчуурыг өргөн “Энэ юу билээ” хэмээн асуухад, нэгэн сурагч “Нусны алчуур” хэмээн андуурах нь тэр. Ийнхүү хичээлийнхээ хэрэгсэлтэй танилцаж дуусаад сурагчид цүнх рүүгээ буцааж хийлээ.

Зарим сурагчид “Багшаа би шээлээ, багшаа ам цангаад байна” хэмээнэ. Багш ам нь цангаж буй хүүгийн аяганд ус хийж өгч, бие засах өрөө рүү хоёр хүүхдийг дагуулж явлаа. Цагийн зүү 09:05 минутыг зааж байлаа. Багшийг ангиас гарсны дараа анир чимээгүй. Хоорондоо юу ч ярьсангүй.

Багш гаднаас орж ирээд үргэлжлүүлэн сурагчдаас зуныхаа амралтаар юу хийсэн тухай асуулаа. Сурагчид “Аавтайгаа загасанд явсан... Бөмбүүлэй эгчтэйгээ цастай ой мод руу явсан... Буйр нуур явсан... Амралтын газар очоод унтсан... Би маникюр явсан. Манай эгч хумс хийгээд сурсан. Би хумсаа будуулсан... Чулуутай голын эрэг дээр очсон. Гэхдээ ус гүн биш байсан... Мэлхий хад явсан” хэмээн хариулцгаана.

Харин Ч.Маргад охин “Урангоогийн үсний найранд явсан. Үсийг нь хайчилсан. Гоё байдаг юм билээ. Ээж маань Урангоод хөгжим өгсөн” хэмээв. Түүнээс үргэлжлүүлэн сургуульд орсон сэтгэгдлийг хуваалцлаа.

-Нэгдүгээр ангид орох ямар байна вэ?

-Гоё байна.

-Хамгийн түрүүнд юу хийж сурмаар байна.

-Балет сурмаар байна.

-Ангид орж ирээд аав, ээжийгээ, дүүгээ санасан уу?

-Санаж байна.

-Багш нь сая юу зааж өгсөн бэ?

-Хичээлийн хэрэгслээ хамгийн гоё өрөөрэй гэсэн. Тэгээд дараа нь шилэн аягатай биш, хуванцар аягатай ирээрэй гэсэн. Бас сайн бие засах хэрэгтэй гэсэн. Нэгдүгээр ангийнхан чинь өмдөндөө шээж болохгүй шүү дээ.

-Сургуульд явахын өмнө аав, ээж нь юу гэж захисан бэ?

-Хүүхэдтэй балаа сольж болохгүй. Бас гараа ариутгаарай гэсэн.

-Яагаад гараа ариутга гэж хэлж байгаа билээ?

-Корона байгаа болохоор.

-Маргад чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Бүжиглэх дуртай.

Ч.Маргад охины анги 44 хүүхэдтэй. Гэвч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хуваагдаж, хоёр ээлжээр хичээллэх юм. Хоёр ээлжээр хичээллэснээр багшид ачаалал Иймд бид үргэлжлүүлэн ангийн багш Х.Мягмарсүрэнгийн байр суурийг сонслоо.

Тэрбээр “Энэ жилийн нэгдүгээр ангийнхан цэцэрлэгээс хоёр жил завсардсан. Тэгэхээр бие засах, зөв суухыг эхнээс нь заана. Ерөөсөө дөрвөн настай хүүхдүүд орж ирж байгаа гэсэн. Тэр утгаараа багшид маш их ачаалал ирнэ. Нэмэлт багш бол зайлшгүй шаардлагатай. Манай сургуулийн тухайд дэмжлэгийн баг гэж гаргасан. Нэгдүгээр ангийн дөрвөн бүлгийн багш нарт биеийн тамир, дуу хөгжмийн багш тусална гэсэн” хэмээв.

Биднийг ийнхүү ярилцаж байх хооронд үдийн цай орж ирлээ. Үдийн цай уухын өмнө сурагчдыг нэг эгнээнд оруулан ангиас бие засах өрөө рүү явуулж, гарыг нь угаалгав. Бүгд гартаа гарын алчуураа барьжээ. Бие засаж, гараа угаачхаад мөн нэг эгнээнд орон, анги руугаа орцгоолоо.

Ангийн багш Х.Мягмарсүрэн нэг удаагийн бээлий өмсөж, сурагчдад үдийн цай тарааж өгөв. Өөрсдийн аяга, тавгаа гарган ууттай жигнэмгүүдээ задлан дотор нь хийн иднэ. Цөөн хэдэн эрэгтэй сурагч л ширээн дээрээ үүрүүлэн идэж байгаа харагдлаа. Сургууль дээр ус уух болон үдийн цайны цагаар л сурагчид маскаа авах юм байна. Зарим сурагч бүр маскаа амнаасаа тайлсангүй. Жигнэмгээсээ ганц хазчихаад, маскаа зүүж байв.

Үдийн цайны цаг дуусаж,  багш хүүхдүүдэд будах материал тарааж өгч будууллаа. Сурагчид өнгө, өнгөөр нь ялган буджээ. Үүний дараа багш сурагчдад “Сурагч боллоо” хэмээх шүлэг зааж өгөв. Хэд, хэдэн удаа давтан чангаар уншуулсны дараа “Гэртээ шүлгээ цээжилж, уран тод уншдаг болоод ирээрэй” хэмээн даалгавар өглөө.

Удалгүй завсарлаж, бяцхан сурагчид маань тарлаа. Аав, ээжүүд нь ч авахаар сургуулийн гадаа иржээ.

Ч.Маргад охин ч сургуулиас гарч ирээд ээждээ өнөөдөр сурсан мэдсэн зүйлээ ний нуугүй ярилцана. Тэд ийнхүү ярилцсаар машин руу алхлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-03 05:33

saihan

Холбоотой мэдээ

Back to top button