ДЭЛХИЙНийгмийн

АНУ: “Ида” хар салхины хохирогчдын тоо 45 болж нэмэгджээ

АНУ-ын зүүн хойд хэсэгт болсон үерийн улмаас амиа алдагсдын тоо 45 болж нэмэгдсэн талаар “Си-Эн-Эн” /CNN/ агентлаг мэдээллээ. Өмнө нь, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 41 хүн нас барсан гэж байсан юм.

Зөвхөн Нью Жерси мужид л гэхэд 23 хүн амиа алдсан байна. Үүний зэрэгцээ, олон хүн сураггүй алга болсон хүмүүсийн жагсаалтад бүртгэгдсэн бөгөөд тэдний тоо өсч магадгүй байна.

Мужийн амбан захирагч Фил Мерфи хэлэхдээ амиа алдсан хүмүүсийн ихэнх нь тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хүмүүс юм байна. Зорчиж явах үеэрээ гэнэт усны урсгалд өртсөн гэж мэдээллээ.

“Бид амиа алдсан хүмүүсийн талаар бүрэн мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. Тэд хэд хэдэн мужид харъяалалтай хүмүүс бөгөөд тэдний ихэнх нь Нью Жерси мужийн төв хэсэг болон хойд хэсгийн оршин суугчид” хэмээн мужийн амбан захирагч хэлэв.

Үерийн аюул “Ида” хар салхи аадар бороо дагуулснаас нүүрлэсэн аж. Өнгөрсөн лхагва гараг /2021.09.01/-т Нью-Йоркт мөн их хэмжээний үер болж, урьдчилсан мэдээллээр хамгийн багадаа 12 хүн нас баржээ. Тус хотод метроны бүх чиглэлд зогсолт хийгээд байна. Хотын дарга Билл де Блазио хэлэхдээ, олон зуун иргэд аврагчид ирэхийг хүлээсэн нөхцөл байдалтай байгаа гэлээ.

Одоо АНУ-ын хэд хэдэн мужид онц байдал зарласан бөгөөд оршин суугчдыг аврах ажиллагаа, сэргээн босголтын ажил ид үргэлжилж байна.

Өчигдөр пүрэв гараг /2021.08.02/-ийн эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Нью-Йорк хотод хүчтэй аадар бороо ороход шөнийн цагаар ажилласан аврагчдад талархал илэрхийлсэн байна.

Холбооны Онцгой Байдлын Ерөнхий Газар гамшигт өртсөн мужуудад Засгийн газраас дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдээд байна.

Одоогийн байдлаар АНУ-д 1,2 сая орчим хүн цахилгаан эрчим хүчгүй болсон бөгөөд тэдний 900 мянга гаруй нь Луизиана мужид байгаа аж.

“Ида” хар салхи энэ долоо хоногийн эхээр Луизиана мужид хүчтэй дэгдэж, үүний дараа тус улсын хойд зүг рүү чиглэлээ өөрчилж, Нью-Йорк, Нью Жерси, Коннектикут мужуудад үерийн аюулыг дагуулсан байна.

(Эх сурвалж: interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button