
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах 24 дэх удаагийн тэмцээн маргааш Токиод эхэлж, 151 орны эрэгтэй 537, эмэгтэй 352 тамирчин өрсөлдөнө. Найман өдөр үргэлжлэн, өдөр бүр эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг жингийн аваргыг тодруулах тэмцээнд манай улсаас 18 жүдоч зодоглоно.
Энэ сарын 25-нд эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48, 26-нд 66, 52, 27-нд 73, 57, 28-нд 81, 63, 29-нд 90, 70, 30-нд 100, -78, 31-нд +100, +78 кг, есдүгээр сарын 1-нд холимог багийн барилдаан болох хуваарьтай. Өнгөрсөн жил монгол тамирчид ДАШТ-ээс гурван хүрэл медаль хүртсэн. Улмаар Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа дэлхийн дэвжээнээс гурван медаль авсан анхны монгол жүдоч болсон юм. Олимпын мөнгө, ДАШТ-ий нэг алт, хошой хүрэл медальт тэрбээр өнөө жил дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхгүй. Өнөө цагийн шилдэг жүдочдын нэг, Д.Сумъяа өөрийнхөө хүсэлтээр тус тэмцээнийг өнжсөн билээ.

Монголын хөнгөн жингийн бөхчүүд дэлхийд алдартай. Тиймээс бид энэ удаа эрэгтэйчүүдийн 60, 73, эмэгтэйчүүдийн 48, 57 кг-ын бөхчүүдийн өрсөлдөөнийг хэрхэн таамаглаж буйгаа сонирхуулъя.
М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нарын хэн нь ялах бол

Эмэгтэйчүүдийн 48 кг-д барилддаг бөхчүүдийн өрсөлдөөн спортын хорхойтнуудын анхаарлыг гойд татаж байгаа нь мэдээж. Хэн нь ч дэлхийн аварга болж мэдэх олон шилдэг тус жинд бий. 48 кг-д 43 орны 50 тамирчин оролцохоор мэдүүлэг өгснөөс Монгол Улс ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг нарыг сойно.
2013 онд ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны эмэгтэй жүдоч болж, хоёр жилийн өмнө үзүүрлэсэн М.Уранцэцэг өнгөрсөн жилийн дутуугаа гүйцээх, ахиулах, эсэх нь олон хүний анхаарлыг татаж байна. Тэрбээр 2018 онд ДАШТ-д зодоглохдоо хүрэл медалийн төлөөх барилдаанд олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Казахстаны нэрийн өмнөөс барилддаг Г.Отгонцэцэгт дийлдсэнийг манай уншигчид сайн мэднэ. Олон жил өгөө аваатай барилдаж буй тэд D хэсэгт багтсан. Хоёр бөх учраагаа ялбал хагас шигшээд хоорондоо хүч сорино. Хэрвээ М.Уранцэцэг зорилгодоо хүрч, дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлбэл ДАШТ-д хоёр дахиа түрүүлсэн Монголын анхны жүдоч болно.
Д.Белодид дэлхийн хошой аварга болж чадах уу

Өнгөрсөн жил Украины тамирчин Д.Белодид 17-хон насандаа ДАШТ-д түрүүлж, шуугиулаад зогсохгүй өрсөлдөөнийг улам нэмсэн. Энэ удаа тэрбээр амжилтаа баталж, дэлхийн хошой аварга болж чадах, эсэхийг спортын хорхойтнууд ихэд сонирхож байна. 48 кг-ын бүх шилдэг түүний замд хөндөлсөх нь мэдээж. Тэднээс одоогоор барилдаж үзээгүй яваа ганцхан хүчтэн нь М.Уранцэцэг. Украин жүдоч, М.Уранцэцэг хоёрын өрсөлдөөнийг тэсэн ядан хүлээж буй спортын хорхойтон олон.
Өнөө жилийн ДАШТ-ий 48 кг-д дэлхийн дөрвөн аварга өрсөлдөнө. Тэднээс дэлхийн чансааг тэргүүлэгч, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Фүна Тонаки А, олимпын дэлхийн аварга, аргентин бөх Паула Парето В, Д.Белодид С, М.Уранцэцэг D хэсгийг тэргүүлнэ.

Манай нөгөө бөх Г.Наранцэцэг сугалаагаар А, В хэсгийн аль нэгт нь хуваарилагдана. Тэгэхээр Азийн наадамд түрүүлсэн Монголын анхны самбоч тэрбээр Фүна Тонаки, Паула Парето, Дистрия Красничи, Милица Николич нарын аль нэгтэй эхний тойрогт учраа таарах нь тодорхой.
Залуу жүдочийн өмнө ирсэн сорилт

Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа өөрийн хүсэлтээр ДАШТ-ийг өнжин, оронд нь залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Л.Энхрийлэнг зодоглуулахаар болсон. Харамсалтай нь, Л.Энхрийлэн бэртэн, дэлхийн дэвжээнд хүч сорих боломжгүй болсон юм. Эмэгтэйчүүдийн 57 кг-д тэдний оронд ТСБТСДС-ийг төгссөн, 18 настай Л.Энх-Отгон өрсөлдөнө. Эл жинд Азербайжаны нэрийн өмнөөс хүч сорьдог М.Ичинхорлоо хүч сорино. Олон улсын тэмцээнд оролцсон төдийлөн туршлагагүй, Монголдоо танигдаагүй Л.Энх-Отгон дэлхийн шилдгүүдтэй хэрхэн өрсөлдөх бол. Цахиур хагалаад шуугиулахыг үгүйсгэх аргагүй. Туршлага дутаад тэмцээнээ эрт дуусгаж ч мэднэ.
Хэн нь ч дэлхийн аварга болж мэдэх, цахиур хагалах магадлалтай олон хүчтэн 57 кг-д бий. Эл жингийн тамирчдыг дэлхийн аварга Ёшида Цүкаса тэргүүлнэ. В хэсгийг олимпын аварга Р.Силва, С хэсгийг ДАШТ-ий хүрэл медальт, Криста Дегүчи нар тэргүүлэн барилдана.
Д.Амартүвшин ДАШТ-д тав дахь удаагаа оролцоно

Монголын жүдо бөхийн түүхэнд хамгийн өндөр амжилт гаргасан жин бол яахын аргагүй эрэгтэйчүүдийн 60 кг. Өнөө жил 62 орны 78 жүдоч зодоглох эл жинд дэлхийн дэд аварга, Гавьяат тамирчин Д.Амартүвшин өрсөлдөнө. 60 кг-д жүдо бөхийн хөгжлөөрөө дэлхийд өнгөлдөг Япон, Бразил, БНСУ, Гүрж, Франц, Казахстан, Узбекистан улс тус бүр хоёр тамирчин илгээв. Д.Амартүвшин өнгөрсөн жилийн Азийн наадмаас хойш Хаагийн гран прид түрүүлж, “World masters”, Парис, Бакугийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртээд байгаа. ДАШТ-д тав дахь удаагаа оролцох түүний барилдах жинг өнгөрсөн жил дэлхийн дэд аварга болсон, ОХУ-ын Роберт Мшвидобазе тэргүүлнэ.
В хэсэгт багтсан олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, Казахстаны Елдос Сметов, ДАШТ-ий хүрэл медальт, Японы Р.Нагаяма нар хагас шигшээд өрсөлдөх магадлал өндөр. D хэсэгт Д.Амартүвшин гавьяатын хамт олон шилдэг багтжээ. Тодруулбал, ДАШТ-ий нэг алт, дөрвөн хүрэл медальт Амиран Папинашвили, олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Узбекистаны Д.Урозбоёв, ДАШТ-ий хошой хүрэл медальт, БНСУ-ын Ким Вон Жин нарын шилдгүүд хүч сорино.
Ц.Цогтбаатар олны хүлээлтийг амжилтаар хариулж чадах уу
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд манай улсаас Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат, “Будапешт-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Ганбаатарын Одбаяр, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, Азийн аварга, ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар нар зодоглоно.

Г.Одбаяр ДАШТ-д гурван удаа оролцохдоо бүгдэд нь медалийн төлөө барилдсан, дэлхийн энтэй хүчтэн. Чансаагаараа долдугаарт эрэмбэлэгдсэн тэрбээр С хэсэгт олимпын алт, хүрэл медальт, Гүржийн Лаша Шавдатуашвилитэй хуваарилагдсан.

Ц.Цогтбаатарыг ДАШТ-ээс медаль хүртээсэй, тэр хэмжээнд хүрсэн гэж дээлийнх захыг олон жил мушгиж байгаа, спортын хорхойтнууд. Тэрбээр А юм уу В хэсэгт хуваарилагдана. А хэсгийг Азербайжаны Рустам Оружов тэргүүлнэ. Ц.Цогтбаатар өнгөрсөн жил ДАШТ-д түүнийг нутгийнх нь дэвжээнд ялсан билээ.
77 орны 93 жүдоч хүч сорих 73 кг-д өнөө жил дэлхийн аварга, Японы Сойчи Хашимото барилдахгүй. Япончууд түүний оронд олимп, дэлхийн аварга Шохэй Оног нутгийнхаа дэвжээнд сойх болсон. Ш.Оно энэ жил олон улсын ганцхан тэмцээнд зодоглосон нь Дюссельдорфын “Их дуулга”. Тус тэмцээнд түрүүлсэн тэрбээр Бүх японы аваргад Масааши Эбинүма, Сойчи Хашимото нарыг ялснаар ДАШТ-д хүч сорих эрх өвөртөлсөн юм.
Б.БУЯНДАЛАЙ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.