Нийгмийн

Н.Алтанцэцэг: Дэвжээнд гарахдаа өрсөлдөгчийнхөө үйлдлийг хардаггүй, мэдрэмжээрээ барилддаг

Токио-2020 Паралимпын наадамд чансаагаараа улсынхаа баг тамирчид дундаа хоёрдугаарт жагссан тамирчин бол Монголын пара жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Нямаагийн Алтанцэцэг юм. Энэ удаагийн Паралимпоос монгол тамирчдынхаа дунд хамгийн ахмад тамирчин байсан бөгөөд эмэгтэй жүдо бөхийн 70 кг жинд хүч үзэв.


Тэрбээр Токио-2020 Паралимпын наадамд анх удаа оролцсон бөгөөд хүрэл медалийн үзүүрээс атгаад алдсан билээ. Ингэснээр шагналт тавдугаар байрт эрэмбэлэгдэж, Монголын тамирчид дундаа Гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн эхлүүлсэн амжилтыг шил даран эгнэв.

Аав, ээжийнхээ бөхийн удмыг залгуулан, тив дэлхийд нэрээ дуудуулж яваа энэ тамирчин Токио-2020 Паралимпын наадамд АНУ-ын бөхийг эхний хэдхэн секундэд цэвэр ялж, хүрэл медалийн төлөө Бразил улсын тамирчинтай тулж, илүүрхэж явсан ч сүүлийн мөчид оноо алдсан юм. Хэдий медаль аваагүй ч өөрийн амжилтаа гололгүй, Би сайн байж чадсан гээд итгэл төгс хэлж байлаа.



Түүний энэ амжилтын ард ээж, гурван үр нь байхын зэрэгцээ эрдмээ өвлүүлэн, арга техник эзэмшүүлсэн багш Б.Нарантуяа, Д.Мөнгөнтуяа нар байсан гэдгийг хэлсэн юм.


ДЭВЖЭЭНД ГАРАХДАА “АЛТАНЦЭЦЭГ ЭЭ ЧИ ХЭНИЙ ОХИН БИЛЭЭ, ҮЗҮҮЛЭЭД ӨГ” ГЭЖ ХЭЛДЭГ

Тэрбээр Би дэвжээн дээр гарахдаа сэтгэл зүйн бэлтгэл сайтай гардаг. Айж эмээж үзээгүй. Алтанцэцэг ээ чи хэний охин билээ, үзүүлээд өг гэж өөртөө хэлээд л хүч, эв, мэдрэмжээ сорьдог. Энэ удаагийн хүрлийн төлөөх барилдаанд Бразилын тамирчин надаас 30 гаруй кг жингээр илүү байсан. Энэ нь мэх хийж, үүрэх зэрэгт маш их энерги шаардаж, барилдахад үүссэн хүндрэлийн нэг.


Харааны чадамжийн хувьд надаас илүү тодоор хардаг буюу B3 гэсэн ангиллын тамирчин байсан. Миний хувьд харааны чадамж B2 буюу 10 хувийн хараатай гэсэн үг. Харин B1 гэдэг ангилал нь огт хараагүй гэсэн утгатай юм. Нүдний шилээ аваад дэвжээн дээр гардаг учраас зай талбай, өрсөлдөгчийнхөө хийх үйлдэл зэргийг хардаггүй. Зөвхөн мэдрэмжээрээ барилдана. Пара жүдочийн хамгийн ихээр хөгжүүлэх ёстой чадвар бол мэдрэмж, баримжаа байдаг. Мэх хийх гэж байгааг, хаа нэг газраас барьц авах зэргийг зүгээр л мэдэрнэ. Пара жүдогийн онцлог нь энэ шүү дээ. Хэдий хүрэл медалийн төлөөх барилдаанд өвдөг шороодсон ч би өөрийн барилдаандаа сэтгэл хангалуун байгаа гэлээ.


Н.Алтанцэцэг хоёр хүү, нэг охинтой. Удам дамжсан барилдах эв хавыг нь түүний ууган хүү өвлөжээ. Хүү маань сумын наадамд үзүүрлэж барилдсан. Энэ зун хүүтэйгээ анх удаа барилдах байсан юм. Өмнө нь бид барилдаан хийж үзээгүй л дээ. Зуны Паралимпын наадамд хүү маань ээжийнхээ бэлтгэл хангагч хийнэ гэж байсан ч Ерөнхий Боловсролын Сургуулиа төгсөхөөр шалгалтдаа бэлдээд хотод ирж чадаагүй. Том хүү маань дүү нараа асарч, ар гэрээ авч үлдсэнд нь ээж нь маш их баярлаж, сэтгэл амар энэ наадамдаа явж чадсан юм шүү. Хүүгийнхээ хариуцлагатай, дүү нартаа элэгтэй занд нь маш их хайртай. Мөн авга эгч нь асарч үлдсэн. Миний арыг даагаад үлдсэн дотнын хүмүүстээ баярлаад ханашгүй гэв.



ПАРАЛИМПЫН НААДМЫГ ДЭЛГЭЦЭЭР ДЭМЖУУЛСАН БОЛ ӨӨРСДИЙН БЭРХШЭЭЛЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, СПОРТООР ОЛОН ХҮН ХИЧЭЭЛЛЭХ БАЙСАН

Монгол улсад Пара жүдо бөхийн үндэсний шигшээ багт нийт зургаан тамирчин байдаг. Үүний тав нь эрэгтэй, ганцхан эмэгтэй тамирчинтай аж. Тэдгээрээс гурав нь эл наадмыг зорьж, шигшээ тамирчдын 50 хувь нь Паралимпод оролцжээ. Монголд пара жүдо төрөлд шигшээгийн эмэгтэй ганцхан тамирчин байдаг нь Н.Алтанцэцэг юм. Тэрбээр эл спортоор харааны бэрхшээлтэй олон дүү нар маань хичээллээсэй гэж боддог тухайгаа бидэнд ярихдаа Паралимпын наадмыг Монгол улсад өргөн дэлгэцээр дамжуулаагүйд зүрхний угаас гомдож, гогдоос үүсээд байгаа тухайгаа ярьж байлаа. Ингэхдээ хүн төрөлхтний энэ том наадамд анх удаа орж байхад шууд дамжуулаагүй гэж өөрийн асуудлаа ярихаас урьтаж маш олон залуусыг асуудлыг хөндөв.

Түүний хэлж байгаагаар энэ удаагийн Паралимпын наадмыг телевизээр дамжуулсан бол ямар ч төрлийн бэрхшээлтэй хүн өөрсдийн бэрхшээлээ хүлээн зөвшөөрч, Би ийм спортоор хичээллэж, өөрийгөө нээх боломжтой юм байна шүү дээ гэдгийг мэдэх, урам, хүч, эхлэл тавигдах байсан юм. Би түүнд л харамсаж байна. Нэг ч гэсэн хүн спортод дурлах ямар сайхныг, мэдэх байлаа. Гэхдээ гомдоод бараг сурч байх шиг байна. Ганцхан Паралимп ч биш пара тамирчид олон тэмцээнд ордог. Тэр бүрийг дамжуулдаггүй. Заримдаа бүр мэдээ ч явдаггүй.


Миний барилдааныг хүүхдүүд маань үзээгүй. Ээж ээ, яаж юугаар үзэх вэ гээд л асууж байсан. Хөдөө байдаг улсууд ямар сүлжээ технологиор хаанаасаа ч үзэх билээ дээ. Ганц хүүхдүүд маань биш, нутаг усныхан маань намайг үзэх гэж их харсан юм билээ. Нутаг усаараа хүлээсэн ч тэр олон хүнд дэлгэцээр дамжуулж үзүүлээгүй. Зөвхөн намайг гэхэд ингэж олон хүн харсан байхад бусад 10 тамирчинг маань мөн л нутаг усныхан, найз, нөхөд, ах дүү гээд бүгд л харуулдсан нь мэдээж гээд шүүрс алдан шогшров.



ПАРИСЫН ПАРАЛИМПООС МЕДАЛЬ ШҮҮРЧ, АРД ТҮМНЭЭ БАЯРЛУУЛНА

Тэрбээр 2022 оны Азийн наадам болон Дэлхийн аваргад оролцож Парис-2024 Паралимын наадамд оролцох эрхээ авахаар мэдрэмжээ сорино. Парисаас би медаль шүүрч эх орондоо ирээд ард түмнээ баярлуулна. Намайг дэмжиж, дэм өгч байсан бүх хүнд талархаж байна. Бэлтгэлдээ хэсэг амраад орно гэж ярьсан юм.


Пара жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Цагаанбаатар, Ууганбаяр, Оюунбат дарга нар маань тэнд биднээс илүү хүчээ зарж, бидний төлөө бүх ажлыг амжуулж, мэдээ сэлт дамжуулж их мэрийсэн. Зогсох завгүй ажиллана гэдгийг харуулж, хамгийн гол нь бусдын төлөө байсанд нь маш их баяярласан гэв.


Паралимпод энэ зэрэгтээ амжилт үзүүлэн оролцоход маш олон хүний хөлс хүч, сэтгэл байлаа. Бид дурдаагүй ч хоол зүйчээр ажиллаж явсан хүмүүс их сайхан тэжээллэг, хүч оруулдаг амттай хоолтой байсан тухай ч ярьсан юм


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button