НийгмийнҮйлдвэрлэгч

ҮЙЛДВЭРЛЭГЧ: Харааны бэрхшээлтэй иргэд "Мазаалай” ариун цэврийн цаасыг хэрхэн хийдэг вэ

"Eguur.mn” сайт "Үйлдвэрлэгч” буландаа хараагүй иргэдийн хийж буй "Мазаалай” ариун цэврийн цаасны үйлдвэрийг онцоллоо.


ТҮҮХ

"Хараагүй иргэдийн хөдөлмөр сургалтын үйлдвэр” 1964 онд "Насанд хүрсэн хараагүйчүүдийн сургууль” нэртэйгээр байгуулагдсан байна. Тухайн үед хараагүй иргэдэд баррель үсэг зааж өгөхийн хажуугаар хүнсний бор уут, гялгар уут хийлгэдэг байжээ. Мөн үйлдвэрлэлээс гадна хуванцар эдлэлүүдийг цэвэрлэдэг байж. Ийнхүү 1990 онтой золгож, түүнээс хойш монгол гэр, цаасан сав баглаа, боодол, оёмол бүтээгдэхүүн, хялгасан мяндсан шүүр хийх болжээ. Харин "Мазаалай” ариун цэврийн цаасыг 2019 оноос хийж эхэлсэн байна.

Анх 20 гаруй хүнтэй ажиллаж эхэлсэн тус үйлдвэрт өдгөө 91 хүн ажиллаж байгаа аж. Тэднээс 23 нь ариун цэврийн цаасны үйлдвэрт, бусад нь оёдол, мужаан, жижиг эдлэл, сав баглаа боодлын үйлдвэрт ажиллана.

"Хараагүй иргэдийн хөдөлмөр сургалтын үйлдвэр”-ийн захирал З.Болдсайханаас ажилчид өөрийн ажиллахыг хүссэн үйлдвэртээ ажиллаж болдог эсэхийг лавлавал,

"Ариун цэврийн цаасны захиалга бага, нөөц бүрдчихсэн тохиолдолд бусад үйлдвэр рүүгээ шилжээд ажиллаж болно. Учир нь ажилд авч буй бүх хүнийг сургалтад суулгаж, шалгалт авдаг. Өөрөөр хэлбэл, ажилд орсон бүх иргэд маань аль ч үйлдвэрт ороод ажиллаж чадна гэсэн үг” хэмээв.

ТҮҮХИЙ ЭДЭЭ ХААНААС АВДАГ ВЭ?

Тэрбээр "Хараагүй иргэдийн хөдөлмөр сургалтын үйлдвэр”-ийн захирлаар 13 жил тасралтгүй ажиллаж байгаа аж. Түүнээс "Мазаалай” ариун цэврийн цаасны түүхий эдийг аль улсаас авдаг тухай асуухад

"Бид түүхий эдээ БНХАУ-аас авдаг. Анх 2019 онд БНХАУ-ын цаасны үйлдвэр дээр очиж, өөрсдийн гараар барьж байж түүхий эдээ сонгож байсан. Бид захиалга өгөхөөр явахдаа дотоодын болон гадаадын маш олон ариун цэврийн цаасыг авч явж, харьцуулсан. Тэгээд "selpak”-н дараа орохоор цаас сонгож, 200 мянган боодол цаас татаж авсан. Анх татаж авсан түүхий эд маань удахгүй дуусах гэж байгаа” гэсэн юм.

МАЗААЛАЙ АРИУН ЦЭВРИЙН ЦААСЫГ ХЭРХЭН ХИЙДЭГ ВЭ?

Цааснаас гадна, цаасны гол, ариун цэврийн цаасны сав баглаа боодол, техникийг БНХАУ-аас авсан аж. Биднийг үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахаар дотогш ороход цагаан өнгийн техник дээр урт цаасыг дэлгэн тавьжээ.

Энэ машин цаасан дээр цэцгийн дүрс хэвлэж, ариун цэврийн цаасны голд ороон гаргаж ирдэг аж.

Ороогдож гарч ирсэн урт цаасыг зүсэгч машин руу хийсний дараа ариун цэврийн цаас зүсэгддэг юм байна.

Зүсэгдэж гарч ирсэн цаасуудыг харааны бэрхшээлтэй иргэд савладаг аж.

Дөрвөөр болон, найман ширхгээр савлах ажлыг сул хараатай хүмүүс хийдэг гэнэ. Харин бүрэн хараагүй хүмүүс хоёр давхарт ариун цэврийн цаасыг нэг, нэгээр нь уутлана.

Дөрөв болон найман ширхгээр савлаж дууссан ариун цэврийн цаасны амыг нь гялгар уутны ам дарагч төхөөрөмжийн тусламжтайгаар хоёр хүн наадаг аж.

Нэг хүн өдөрт тэдэн ширхэг ариун цэврийн цаас савлана гэсэн тоо заадаггүй. Харин савалгаа тус бүр тодорхой үнэлгээтэй гэнэ. Өөрөөр хэлбэл, ажилчид үндсэн цалин дээрээ нэмэгдэл цалин авдаг аж.

ХҮЧИН ЧАДАЛ

  • Техникийн хүчин чадал: Ажлын 8 цаг тасралтгүй ажиллуулбал, 100 мянган цаас гарах боломжтой.
  • Ажилчдын хүчин чадал: Өдөрт 50 мянган ширхэг ариун цэврийн цаасыг савлах хүчин чадалтай.

"МАЗААЛАЙ”-Г ХААНААС ХЭДЭН ТӨГРӨГӨӨР АВАХ БОЛОМЖТОЙ ВЭ?

Тус үйлдвэр нь 2021 оны нэгдүгээр сараас эхлэн улсын төсөвт үйлдвэрийн газар болжээ. Өөрөөр хэлбэл, бүх санхүүжилтийг нь улсаас шийдэж өгч, бүх орлого нь улсын төсөвт орж байгаа гэсэн үг. Тэр утгаараа ариун цэврийн цаасаа зөвхөн төрийн байгууллагын хэрэгцээнд нийлүүлнэ гэсэн заалттай ажиллаж байгаа аж. Уг заалтыг өөрчлөх хүсэлтэй байгаагаа Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд илэрхийлсэн хэмээн Хараагүй иргэдийн хөдөлмөр, сургалтын үйлдвэр”-ийн захирал З.Болдсайхан онцолсон юм.

Тэрбээр "Яг төрийн байгууллагууд манайхаас ариун цэврийн цаасаа авбал хангалттай том зах зээл бий. Одоохондоо тэгж аваагүй л байна. Энэ нь бас биднээс хамаарч буй. Учир нь ихэнх төрийн байгууллагууд том ороолттой ариун цэврийн цаас авдаг. Харин манай шугам хүчин чадал багатай учир тэдгээрийн хэрэглэдэг том ороолттой ариун цэврийн цаасыг үйлдвэрлэж чадахгүй байна. Иймд бид нэн тэргүүнд ороогоод зүсдэг машиныхаа хүчин чадлыг сайжруулахаар судалж байна. Хэчнээн төгрөгийн төсөв, санхүү шаардлагатай нь одоохондоо тодорхойгүй байгаа машиныхаа хүчин чадлыг нэмэх шаардлагатай байгаа” хэмээв.

Одоохондоо хийсэн ариун цэврийн цаасаа цөөн дэлгүүр, зочид буудалд өгч байгаа аж. Мөн хувийн байгууллагуудаас захиалга авч, хүргэж өгдөг гэнэ. Энэ нь зөвхөн төрийн байгууллагын хэрэгцээнд нийлүүлнэ гэсэн заалтаа зөрчиж байгаа ч ажилчдаа ажилтай байлгахын тулд ингэдэг хэмээн З.Болдсайхан захирал тайлбарлав.

Үнэ:

  • Нэг ширхэг нь 800 төгрөг
  • Дөрвөн ширхэгтэй нь 3200 төгрөг
  • Найман ширхэгтэй нь 6400 төгрөгөөр борлуулагддаг.

ӨӨРЧЛӨЛТ

Удахгүй "Мазаалай” ариун цэврийн цаасны үйлдвэрт хэд, хэдэн өөрчлөлтүүд бий болно. Тодруулбал, 2019 онд түүхий эдээ хямд татаж авсан тул ариун цэврийн цаас нэг ширхэг нь 800 төгрөгөөр худалдаалагдаж буй. Харин цар тахалтай холбоотойгоор түүхий эдийн үнэ, тээврийн үнэ өссөн тул шинэ түүхий эд ирсний дараа бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээнд өөрчлөгдөх аж.

Мөн цар тахал хумигдвал тэтгэвэрт гарсан ажилчдынхаа оронд хүн авах юм байна. Түүнчлэн цаашид хуурай салфитка, нойтон салфитка хийхээр төлөвлөж буй гэнэ.

"МАЗААЛАЙ” АРИУН ЦЭВРИЙН ЦААСНЫ ДАВУУ ТАЛ

  • 4 давхар
  • Усанд сайн уусдаг
  • 140 гр
  • 150 таславчтай

Холбогдох утасны дугаар: 96660058

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2021-09-08 20:55

Мэдээгүй юм байна. Энэ цаасыг авч байна аа. Дэлгүүрт зардаг биз дээ

Нараа
Нараа
2022-02-28 14:36

Үйлдвэрлэдэг биш савладаг юм байна

Холбоотой мэдээ

Back to top button