ДЭЛХИЙНийгмийн

ОХУ-ын Онцгой Байдлын сайд нас барсан нь батлагдав

ОХУ-ын Онцгой Байдлын сайд Евгений Зиничев амиа алдсан тухай мэдээлэл өчигдөр орой /2021.09.08/-ноос хойш оросын сайтууд дээр цацагдсан. Сайдыг амиа алдсан эсэх мэдээлэл тодорхой болоогүй байсан юм. Тэгвэл энэ мэдээлэл үнэн болохыг оросын Аюулгүй Байдлын “РБК”-ийн хоёр ч эх сурвалжаас гадна талийгаач Зиничевын хамтрагч батлав.

Мөн, Онцгой Байдлын Яамнаас ч сайд нас барсныг албан ёсоор мэдэгдлээ.

“Онцгой Байдлын сайд Евгений Зиничев Норильскт Хойд туйлын бүсийг онцгой байдлаас хамгаалах хэлтэс хоорондын цэргийн сургуулилтын үеэр албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан болохыг мэдэгдэж байгаад харамсаж байна” хэмээн хэвлэлийн албанаас нь мэдээлэв.

“РБК”-ийн нэг эх сурвалжийн мэдээлснээр, Зиничев хэлтсийн буудлагын сургуулилтын үеэр хадан цохионы ирмэг дээрээс хөл хальтирсан кино зураг авалтын багийн нэг гишүүнийг аврах гэж оролдох үеэрээ амиа алдсан байна.

Онцгой Байдлын Яамны сургуулилтын буудлага хийх үеэр кино зураг авалт хийсэн аж. Киноны багийн нэг ажилтан мөн нас барсан талаар  эх сурвалж мэдээлэв.

Оросын “RT” телевизийн ерөнхий редактор Маргарита Симонян “Телеграм” /Telegram/-даа бичсэнээр, кино зураг авалтын багийнхантай хамтран ажиллаж байсан зураглаач /оператор/ нас барсан тухай нийтэлжээ. Зураглаачийг ус руу унахад нь сайд Зиничев түүнийг аврах гэж оролдсон ч чулуу мөргөсөн аж. Маргарита Симонян зураглаач залуу мөн амиа алдсан болохыг баталсан байна.  

Есдүгээр сарын 8-ны өглөө Онцгой Байдлын Яамны хэвлэлийн албанаас сайд Зиничев Красноярск мужийн Норильск хотноо ажлын айлчлал хийж, тус мужийн захирагч Александр Уссын хамтаар галын шинэ станцын барилгын ажлын явцтай танилцсан талаар мэдээлсэн юм.

Одоо ОХУ-ын Онцгой Байдлын Яамны нэгдүгээр орлогч дарга Александр Чуприян сайдын үүргийг түр гүйцэтгэхээр болсныг яамны эх сурвалж мэдээлэв.

Сайд Евгений Зиничев 55 настай байсан бөгөөд тэрбээр 2018 оны тавдугаар сараас хойш Онцгой Байдлын Яамыг удирдаж, Аюулгүй Байдлын Зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан юм.

1987 оноос хойш Евгений Зиничев хуучнаар ЗХУ-ын КГБ -д алба хааж, Зөвлөлт засаг задран унасны дараа Холбооны Аюулгүй Байдлын Албанд үргэлжлүүлэн ажиллаж байв.

2006-2015 онуудад Зиничев В.Путины хувийн туслахаар мөн ажиллаж байв. 2015 оны зургадугаар сард тэрбээр Калининград мужийн ФСБ буюу Аюулгүй Байдлын албанд хэлтсийн даргын албан тушаалыг хашиж, жилийн дараа үүрэг гүйцэтгэгч болж, мужийн захирагчаар ажиллаж байжээ.

Хоёр сар хагасын дараа тэрбээр ажлаа орхиж, ФСБ-ын дэд даргаар томилогдож байжээ. 2018 оны тавдугаар сард тэрбээр Дмитрий Медведевийн Засгийн газрын бүрэлдэхүүнд мөн ажиллаж байв.

Евгений Зиничев нь Онцгой Байдлын Яамны сайдын хувиар Кемерово хотын “Өвлийн интоор” худалдааны төвд гал гарсны улмаас сайдын албан тушаалаасаа огцорсон Владимир Пучковын оронд томилогдож ажиллаж байсан юм.

(Эх сурвалж: centralasia)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button