Нийгмийн

КЭЙС: Насанд хүрээгүй хүүхдүүд нэгийгээ хутгалсан хэрэг дахин гарлаа

Өсвөр насны хөвгүүд нэгийгээ хутгалж, хүнд гэмтээсэн гэх хэрэг уржигдар /2021.09.09/ Говь-Алтай аймагт гарчээ. Тодруулбал тус аймгийн харъяалалтай 15 настай М нь 16 настай эрэгтэй Ж-г хэд хэдэн удаа хутгалж хүнд гэмтээсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар эл хэрэг гарахаас өмнө хүүхдүүд хоорондоо маргаж, хувийн таарамжгүй харилцаатай байсан байна. Хохирогч хүүг яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд хэвлий болон өгзөг хэсэгтээ хутганы гүн шарх авснаас их хэмжээний цус алдаж, шокын байдалтай хүргэгдсэн аж.

Хэрэгт холбогдсон 15 настай хүүгийн ар гэрт болсон явдлыг дуулгасан бөгөөд цагдаагийн байгууллагаас дуудаж, байцаалт мэдүүлэг авсан гэх мэдээлэл байна.

Хутгалуулсан хүүгийн биеийн байдал хүнд, хэвлийн шарх нь дотор эрхтэнг ноцтой гэмтээсэн байж болзошгүйг эх сурвалж хэллээ. Аймгийн ГБХЗХГ-аас уг хэрэгтэй холбогдуулан ажиллаж эхэлсэн бөгөөд одоогоор ямар нэг тайлбар, мэдээлэл өгөхөөс татгалзав.

Сарын хугацаанд бага, өсвөр насны хүүхдүүд нэгэн рүүгээ хүйтэн зэвсэгтэй халдаж, ноцтой гэмтээсэн гэх хоёр ч кэйс ийнхүү бүртгэгдэж байна. Та бүхэн санаж байвал өнгөрөгч наймдугаар сарын 7-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн байрны автомашины зогсоолд ноцтой хэрэг гарч байсан.

Тодруулбал, 13 настай охин садан төрлийн холбоотой 11 настай хүүд олон удаа хутгалуулж амиа алдсан бол, 7 настай дүү нь хүнд шархтай ГССҮТ-д хүргэгдсэн билээ. Хутгалуулсан хүүгийн бие одоо ч дээрдэж, тэнхэрээгүй байгаа бол бяцхан охин насан өөд болсноос хойш 49 хоног өнгөрөөгүй байна.

Говь-Алтай аймагт болсон хэргийг үйлдсэн хүүхэд хэдийгээр Эрүүгийн хуульд тусгасан 14 насанд хүрсэн ч, 18 нас хүрээгүй учир ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх аж.

6.2 дугаар зүйл.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаар

1.Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

2.Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны хүн энэ хуулийн тусгай ангийн 10.1/Хүнийг алах/, 11.1/Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/, 12.1/Хүчиндэх/, 17.1/Хулгайлах/, 17.2/Дээрэмдэх/, 17.8/Эд хөрөнгө устгах, гэмтээх/, 20.7/Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/, 20.16/Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/, 26.1/Цахим мэдээлэлд хууль бусаар халдах/, 26.2/Цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэх, борлуулах/, 26.3/Хор хөнөөлт программ хангамж бүтээх, ашиглах, тараах/, 29.8/Террор үйлдэх/-т заасан гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

3.Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.

4.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан өсвөр насны хүн сэтгэцийн хөгжлийн хоцрогдлын улмаас өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинж, түүний улмаас учрах хор уршгийг бүрэн хэмжээгээр ухамсарлах чадваргүй бол ял оногдуулахгүй байж болно.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. ийм хүүхдүүд манай ирээдүй гэхээр ямар юм бодогдож байна. Алахгүй байж болно хорих ял яагаад оноож болохгүй вэ

    1. Aluulsan huuhed ni ch yaj doromjilson yum bileedee chi medkusht?? Eswel urid umnu ni ymarch uiliin urtei baisang medkusht. Sain shalga huuhed yu gej hun alhawdee 🙂

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button