УЛС ТӨР

ХЭНТИЙ: Б.Гарамгайбаатар “СУЛДАЖ”, бусад нь “ЖУЛДАЖ”, Ц.Идэрбатын “АЗ ГҮЙЖ” мэдэх тойрог

Аравдугаар сарын 10-нд Хэнтий аймгийн 18 дугаар, СХД-ийн 28 дугаар тойргуудад УИХ-ын нөхөн сонгуулийн санал хураалт явуулна. Энэ удаагийн нөхөн сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт арван нэр дэвшигч, Хэнтийд зургаан нэр дэвшигч өрсөлдөхөөр болоод буй. Манай сайт өчигдөр /2021.09.21/ Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигчдийг хүргэсэн. Өнөөдөр Хэнтийд нэр дэвшигчдийн тухай мэдээллийг багцлан хүргэж байна. Эл тойрогт аймгийн Засаг дарга, паралимпын аварга, сошиал од, сураг ажиггүй шахуу сулдаа ганхсан хүмүүс орж ирсэн аж.

УЛСАД ЖУЛ Ч, АЙМАГТАА УЛ ЗАСАГ НОЁН Ц.ИДЭРБАТ

Ц.Идэрбат намын ах нарынхаа томоохон түлхээсээр нэр дэвшив. Нэгдүгээрт, МАН-ын төв штаб дотор нөхөн сонгуульд ялах магадлалтай хүнээр нэрлэгдсэн гэх. Хоёрдугаарт, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын дэмжлэг, крандалт яалт ч үгүй орсон. Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн гэхээсээ илүү У.Хүрэлсүхийн нөлөө өндөр тойрог дээр Баянмөнх сумын угшилтай залуу гарч ирсэн нь энэ. У.Хүрэлсүх өөрийн сайн дүү Б.Энхбаатарыг явуулж болох байсан ч Ц.Идэрбатыг дэмжив. Учир нь Б.Энхбаатар Ц.Идэрбат нар хөтлөлцөөд Хэнтийгээр явтал нутгийнхан нь Ц.Идэрбатыг л таниад байсан гэх. Л.Оюун-Эрдэнийн дэмжлэгээр сүүлийн хэдэн жил асар хурдтай дээшилж яваа. Н.Ганбямбаас эвтэйхэн Засаг даргын суудлыг нь намдаа олон жил зүтгэгч эл залууд авч өгсөн гээд улс төрд одтой явах замыг нь засаж буй.

Ц.Идэрбатын хувьд улсдаа гэхээсээ илүү намд ажилласан намтар нь урт. Англи хэлний багш, Төрийн удирдлагын менежер мэргэжлээр их сургуулиа дүүргэсэн. Тэрбээр, 2008-2012 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын засаг даргын орлогч, 2016-2020 Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч, 2020 оноос Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж буй юм.  

МАН-Д ХАЯЖ ӨГСӨН С.ЭРДЭНИЙН ЗӨӨЛӨН ЗУУШ Б.ГАРАМГАЙБААТАР

МАН-тай гар барьсан С.Эрдэнийн супер тохироо. Эл тойргийг МАН-ынханд сул хаяж өгч буй гэж хэлж болно. Б.Гарамгайбаатарыг нэр дэвшүүлсэн нь МАН-д ашигтай. “Эзэн Чингис хааны нутагт гурван мандат өгөх ёстой” гэж балайтаж явсан Б.Гарамгайбаатарыг ялахад эрх баригчдад зовлон бага. Замын будлиан, хууль шүүхээр хаалгуулсан асуудал гээд түүнд баалуулах сэдэв асар их. Дээрээс нь Хэнтийнхэн ер залуу насныханд “Алдсан ч өгөөд үзье” гэсэн нэвт сэтгэхүйтэй болчхоод байна. Дарж авахад амархан дүр гэж энэ.

Тэрбээр эрх мэдлээ ашиглан улсаас их хэмжээний мөнгө завшсан гэх хэрэгт холбогдож, АТГ-т гурван жилийн турш шалгагдаж байсан. УИХ-ын гишүүн байхдаа хуучнаар Эдийн засгийн Хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр шалгагдаж байв.

ШИНЭ-ИЙН ДАХИУЛЖ БУЙ ПАРАЛИМПЫН АВАРГА Д.БААТАРЖАВ

ШИНЭ намын дарга нар 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа албан тушаалаар шагнуулаад одоцгоосон. Өдгөө Л.Болд, Ж.Батзандан нарын нам гүмхэн ч арыг нь дааж үлдсэн намын хүмүүс нь нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ илгээж л сууна. Энэ удаагийн нөхөн сонгуульд паралимпын аварга Д.Баатаржавыг дахиулж буй юм. Түүний хувьд өмнө нь 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин өвдөг шороодсон.

Д.Баатаржав 2008 оны Бээжингийн паралимпын наадамд мөн байт харвааны төрлөөр оролцож, Монгол Улсын түүхэнд анх удаа паралимпаас алтан медаль хүртсэн тамирчин. 

ТӨРД АЖИЛЛАЖ БАЙГААГҮЙ Ч НАМЫНХАНДАА ГОЛОГДООГҮЙ НАМЫН ГЕНСЕК А.БАРХҮҮ:

Иргэний Зориг-Ногоон намын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Бархүү. Түүний мөн л анхны сонгууль биш. 2020 оны орон нутгийн сонгуульд НИТХ-д нэрээ зүтгүүлж асан.

Намтарын хувьд ТИС-ийн харъяа Тээврийн сургууль авто инженер, ОХУ-д Екатеринбург хотын Уралын техникийн Их сургууль Барилгын дулаан хангамж, агааржуулалтын инженер, СЭЗДС-ийг Эдийн засагч-санхүүч мэргэжлээр тус тус төгсжээ. Улмаар Энержи констракшн ХК-д Инженер, Хадгаламжийн банк- Эдийн засагч, Монголын банкируудын холбоо Үүсгэн байгуулагч, УЗ-ийн гишүүн, гүйцэтгэх захирал, Уно Рэтиэль ХХК-д захирал, Энхтайван өргөө ТББ УЗ-ийн дарга, “Жи Би 34 СӨХ”-ийн УЗ-ийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан гэх намтартай.

ХУВЬ, ХУВЬСГАЛЫН ОЛИГТОЙ НАМТАР ТҮҮХГҮЙ Ч ХОЁР ДАХИА ДЭВШИГЧ Д.ЧУЛУУНБАТ:

Д.Чулуунбатын хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд 26-р тойрог Баянгол дүүргээс нэр дэвшиж өвдөг шороодож байв. Энэ удаад намаасаа дахин нэр дэвшиж байна. Хаана булан тохой гарахыг анддаггүй гэдэг шиг хаана нэр дэвших тойрог гарна тэнд л намынхаа төлөөллийг явуулж байвал барав аятай намууд өмнө нь нэр дэвшиж байсан хүнээ явуулж байна.

Д.Чулуунбатын хувьд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байхдаа олигтой намтар түүх, хийж бүтээсэн ажил албаа ч олигтой танилцуулаагүй гэх үү дээ. Тухайн үед мэдүүлж байсан 4,8 саяын орлоготой, хандив гуйж асан банкны данснаас өөр энэ гээд хэлчих мэдээлэл харамсалтай нь алга. Энэ жилийн ХОМ-тээ орон сууц, зуслангийн, хашаа байшингүй хэрнэн 300 саяын хадгаламжтай хэмээн мэдүүлсэн байгаа юм.

ӨӨРИЙГӨӨ ГОЛОХГҮЙ БИЕ ДААН ДАХИУЛАГЧ М.ЧИНГИСХААН

Уг М.Баасанжаргал гэх нэрээ албан ёсоор сольж Олноо Чингисхаан нэрээр танигдсан сошиал од эл тойрогт бие даан нэр дэвшиж буй. Ийн нэрээ хүртэл өөрчилж сошиалд янз бүрийн жүжигчилдэг үйлдэл бүрээ олны анхаарлыг татахын тулд тавилттайгаар ингэдэг тухай ярьж байв. Энэ удаагийн сонгууль ч түүний анхных биш. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүрэгт бие даан нэр дэвшиж 671 хүний саналаар 24 дүгээрт бичигдэж байсан билээ. 

Чингисхаан нэрээр гарч ирэхээс өмнө хамтлагт дуулж, реппер явсанаас нь өөрөөр энэ гээд дурдаад байх намтаргүй.

ТӨГСГӨЛИЙН ОРОНД: Нэр дэвшигчдийн тухай бүрт нь дурдахад ийм. Дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй гэж энэ. Спортынхон, сайн дурын уран сайханчид, сошиал од, сураггүй намчид гээд хэн хүссэн нь Монгол төрийн сэнтийд санаархаж сонгуульд нэрээ зүтгүүлж болдог гэлгийн бас нэг жишээ. Жаран чавганц уралдаж нэг нь түрүүлэхийн жамаар юутай ч эдгээр зургаан нэр дэвшигчээс нэг нь Хэнтий нутгийнхны итгэлийг хүлээж, та биднийг төлөөлж УИХ-д гишүүн болж сууна. Энэ гээд хэлчих чансаатайхан нэр дэвшигч Хэнтийд үнэндээ үл олдож. С.Эрдэнийн хаясан Б.Гарамгайбаатар “сулдаж”, бусад нь “жулдаж”, Засаг ноён нь өнгөрсөн ганц жил аятайхан ажилласан бол аз од нь бараг “гийж” мэдэхээр. Бусдаар бол бараг цагаан сонголт өгсөн нь Хэнтий нутгийнханд зөвдөнө дөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Злчин
Злчин
9 сар 22, 2021 10:06

Азаас гадна Идэрбат шиг шат шатны �##�ба хашиж аймаг орон нутагтаа ажиллаж амьдарч байгаа мундаг з�##�ууг дэмжилгүй яахав

Иргэн
Иргэн
9 сар 23, 2021 08:55

Энэ тойрогт дэмжих хүн �##�гаа.АН заав�##� хөгшин хулгайчаа нэр дэвшүүлдэг нь МАН-аа ил цагаан дэмжсэн хэрэг бишүү.Тэр Чингисхаанаа гаргая..Ид шидгүй идээчин уугаачин хулгайчууд бүгд адил .Иймд идэж сураагүй,хулгай хийгээгүйг нь сонгоё.

Холбоотой мэдээ

Back to top button