НийгмийнЯрилцлага

М.Чимгээ: “Улаан бүс”-ийн эмч нараа амттан, гарынхаа хоолоор дайлж, ээлж солигдох бүрд нь гаргаж өгдөг

Улаан бүс” рүү манай багийнхан орох бүрд өглөө нь эрт ирээд ажилчдынхаа хувцас, хэрэгслийг бэлдэж өгдөг. Гарч ирэхэд нь талархал илэрхийлэн, эмнэлгийнхээ үүднээс гаргаж өгөн, амттанаар дайлдаг. Намайг амттанаар дайлахад манайхан их дуртай. “Тийм шоколад, ийм набор идье” гээд бүр захиалдаг болоод байгаа.

Боломж, зав гарвал “Улаан бүс”-д ажиллаж буй багийнхныгаа 10 хоног ажиллахад нь хоёр удаа гарынхаа хоолыг хийж өгдөг. Ажилчид маань миний хийсэн хоолыг идэн, ширээ тойрон инээлдэн суухыг нь харахаар сайхан санагддаг.  

Энэ бол санхүүгийн боломж, бусад зүйлээс үл шалтгаалах зүйл. Сэтгэл л чухал. Мөнгөөр хэмжигдэхгүй, хэмжихийн аргагүй зүйл амьдралд олон бий.  

Ээж маань “Миний охин номын номыг сурчихлаа. Хүний номыг сурах маш чухал” гэж захидаг байж билээ. Бага байхаас минь намайг “Хүний ном”-нд сургасан. Олны, хамт олныхоо төлөө гэсэн сэтгэлтэй, олонтой яваа минь тэгж төлөвшсөний л ач” гээд инээмсэглэх түүнийг Мишигдоржийн Чимгээ гэдэг.

“Улаан бүс”-д 10 хоног ажиллаад ээлжнээс бууж буй ажилчдадаа талархал илэрхийлэн, эмнэлгийнхээ үүднээс гаргаж өгч буй түүний зураг цахим ертөнцөд түгэн, олны талархлыг ихэд хүлээсэн билээ. Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга, Гавьяат эмч М.Чимгээтэй ийн ярилцлаа.

-Сүүлийн үед эмч нарт ажлаасаа халшрах хам шинж дэлхий даяар илэрсээр байгаа. Танай хамт олноос тийм өвчлөл илэрч байна уу?

-Энэ их чухал асуудал. Эмнэлгүүдийн эмч, ажилчдаас тийм хам шинж илэрч байгаа. Үүнээс сэргийлэхийн тулд бид төлөвлөгөөний дагуу олон зүйл хийж байгаа.

Манай эмнэлэгт шинээр орж буй эмч, ажилтан бүхэн “Би байгууллагынхаа нэг хэсэг нь” гэдэг сургалтад хамрагддаг. Тэгснээр байгууллага, хамт олон, өвчтөнөө хүндэлдэг болж, зөв төлөвшдөг. Дараа нь жинхэлдэг.

Манай эмнэлэгт сүүлийн 10 гаруй жил ажилчдынхаа ар гэрийг эрүүлжүүлэх бодлогыг тууштай баримталсаар ирсэн. Ар гэр бол эмнэлгийн байгууллагын хоёр дахь ажилтан нь, тухайн ажилтны ажлыг давхар хийж байдаг. Шөнө дуудагдаад ажилдаа ирэхэд арыг нь даагаад үлддэг. Нэг сувилагч жилд 70 гаруй хоног жижүүрт хонолоо гэхэд төдий хугацаанд ар гэр нь бүхнийг зохицуулж, сэтгэлээ зориулдаг. Бид эмч, ажилчдынхаа ар гэрт жил бүр захиа бичин, урлагийн тоглолт зохион байгуулдаг. Тэгснээр манай хамт олон зүгээр л нэг байгууллагад ажилладаг бус нэг гэр бүл мэт амь нэгтэй болсон.

Өнөө цагт эдийн засаг ямар байгаа билээ. Бид боломжийнхоо хэрээр хамт олноо урамшуулахыг чухалчилдаг. Тэгснээр ажлаас халшрах хам шинжээс урьдчилан сэргийлж, санаа амар, сэтгэл амар ажиллах боломж бүрдэж байгаа.  

Бид сүүлийн 17 жил эмч, ажилчдадаа өглөөний цай өгдөг. Манай хамт олны олонх нь эмэгтэй. Эмэгтэйчүүд бид гэр бүлээ, үр хүүхдээ гэсээр өөрийгөө орхичихдог хүмүүс. Өглөө ундаа уугаад ирдэг хүн хэд билээ. Хамт олноороо өглөөний цай уун, инээж хөхрөөд суух их сайхан.

“Улаан бүс”-т ажиллаж буй баг 10 хоноод солигддог. Эмнэлгийн удирдлагын багийн ахлагчийн хувьд “Улаан бүс” рүү орох бүрд нь уулзан, заавар, зөвлөгөө өгдөг. Яг тэр өглөө нь ажилдаа түрүүлж ирээд, хувцас, хэрэгслийг нь бэлддэг. Ажилдаа ирэхэд нь хамаг юмыг нь бэлдчихсэн угтахаар манай хамт олон их урамшдаг.

Манайд коронавирусийн өвтөнүүдийг эмчлэхээр болж, анхны багийг оруулахад юу болсон гэж санана. Эмч нартаа санаа зовоод, нулимс дусаах нь холгүй байсан. “Улаан бүс” рүү баг орох бүрд нь би тэврээд, амжилт хүсдэг. Гарч ирэхэд нь талархал илэрхийлэн, эмнэлгийнхээ үүднээс гаргаж өгөн, амттанаар дайлдаг. Бүгдийг нь би өөрийнхөө цалингаар авч өгдөг.

Мөнгөөр хэмжигдэхгүй, хэмжихийн аргагүй зүйл амьдралд олон бий. Намайг амттанаар дайлахад манайхан их дуртай. “Тийм шоколад, ийм набор идье” гээд бүр захиалдаг болоод байгаа. Би яг тэрийг нь авч өгөн, урамшуулдаг.

-“Улаан бүс”-д ажиллаж байхад нь гарынхаа хоолыг хийж өгдөг гэж сонссон. Үнэн үү?

-Үнээн. Нэг баг “Улаан бүс”-д 10 хоног ажиллах хугацаанд боломж, зав гарвал гарынхаа хоолыг хоёр удаа хийж өгдөг. Манайхан “Махсаад байна” гэдэг байхгүй юу. Тэгэхээр нь заримдаа цуйван, бүхэл мах чанаад өгдөг. “Улаан бүс”-д ажиллахад их ядарна. Ажилчид маань миний хийсэн хоолыг идэн, ширээ тойрон баяртай суухыг нь харахаар сайхан санагддаг.  

Аав минь тогооч байсан болоод ч тэр үү би хоол хийх дуртай. Хэрвээ эмчийн мэргэжил эзэмшээгүй бол тогооч болох байсан болов уу. Зав гарсан үедээ эмнэлгийнхээ гал тогоо руу гүйж ороод л хамт олондоо хоол хийж өгдөг.

Энэ бол санхүүгийн боломж, бусад зүйлээс үл шалтгаалах зүйл. Сэтгэл л чухал. Тэр хэрээр манай хамт олон амь нэгтэй, амь халуун байдаг.

Ээж минь “Миний охин номын номыг сурчихлаа. Хүний номыг сурах маш чухал” гэж захидаг байж билээ. Бага байхаас минь намайг хүний номонд сургасан. Олны, хамт олныхоо төлөө гэсэн сэтгэлтэй, олонтой яваа минь тэгж төлөвшсөний л ач. Би яагаад ээлжийн амралтаа авдаггүй гэж бодож байна?

-Харин ээ?

-Манай хамт олон надад үргэлж урам өгдөг. Ийм сайхан хамт олонтой хамт ажиллахаар ядарч буйгаа ч умартчихдаг юм. “Тэр ажлыг амжуулчих юм сан. Энийг бүтээчих сэн” гэж явсаар нэг мэдэхэд орой болчихсон байдаг.

Эмчийн ажил сайхандаа сайхан, хэцүүдээ хэцүү. Хүмүүс гэр бүлээрээ баярлаж суухад ажил дээрээ жижүүрлээд хонох үе зөндөө. Шинэ жилээр ажил дээрээ хонож буй эмч юу бодож суудаг бол. Гэр бүлийнхэн нь “Хамт байсан болоосой” гэж бодож л байгаа.

Би сэхээний эмчээр долоон жил ажиллахдаа баярын өдрүүдэд гэртээ байж, гэрийнхэнтэйгээ баярлаж үзээгүй. Нэг удаа Шинэ жилээр гэртээ баярлах нь гээд яг буузаа жигнээд байж байтал гэнэт ажил гараад, эмнэлэг дээр очиж билээ. Хань минь “Баяраа өөр өдөр нөхөж тэмдэглэж байя” гэж билээ. Түүнээс хойш баяр ёслол, гэр бүлийнхнийхээ төрсөн өдрийг хүртэл өөр өдөр нөхөж тэмдэглэдэг болсон. Гэр бүлийнхэн минь намайг үнэхээр ойлгодог, дэмждэгийн хүчинд л өдий зэрэгтэй яваа хүн дээ, би.  

Би долоон хоногт нэг удаа “Улаан бүс” руу орж, өвчтөнүүдийг рентгенд хардаг. Тэгэхээр хамт олон, өвтөнүүд маань их баярладаг. Эмчийн ажил сайхан. Хүнд өвчинтэй иргэнийг эмчлээд, инээсээр гэртээ харихыг нь харах үнэхээр кайфтай. Өчүүхэн зүйлээс ч их урам авдаг юм шүү. Миний санаанаас гардаггүй нэг сайхан дурсамжийн талаар ярьж болох уу?

-Бололгүй яах вэ?

-Нэг удаа нэг өвчтөн намайг дуудав. Очих нь ээ “ Энэ настай асрагчийг өнөө шөнө унтуулаарай. Өдөржин, шөнөжин ажилласаар ядарчихлаа, хөөрхий. Ядаж миний өрөөг битгий цэвэрлэ гээрэй. Би өөрөө цэвэрлэчихье. Надад нэг бээлий үлдээчихээрэй” гэж захиж билээ.

-Эмнэлгийн байгууллага, эмч, ажилчдад тулгамдаж буй гол асуудал юу байна вэ?

-Эмч, эмнэлгийн ажилчид маань үнэхээр сайн ажиллаж байгаа. Одоо тулгамдаж буй нэг асуудал нь эмнэлгийнхний цалин. Олон жил энэ асуудал яригдаж байгаа. Эмнэлгийг бие даасан чадвартай болгох хэрэгтэй. Цагаан халаадтангуудын цалинг хоёр дахин нэмсэн нь хангалттай бус. Дор хаяж 1000 ам.долларын цалин авч байж эмч нар өнөөдөр санхүүдээ санаа зовохгүй ажиллана.

“Өнөөдөр манайд будаа байгаа бил үү. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг яах вэ” гэж санаа зовохгүй ажиллаж байж илүү үр дүн гарна. Бизнес эрхлэгчдэд гарааны бизнесийг нь дэмжих зөв гаргалгаа. Тэгвэл эмч нарын гарааны бизнес нь зөвхөн эмчийн ажил нь. Цалиндаа, ажилдаа сэтгэл хангалуун байлгахгүй бол эмч хүн тэрэгний илжиг биш. Бусадтай л адилхан хүн.

Би 30 гаруй жил эрүүл мэндийн салбарт ажиллаж байна. 20 гаруй жил салбартаа түүчээ болж явна. Амралтын өдрүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийн, айлын нохойнд хөөгдөж явлаа. Би ээлжийн амралтаа авч үзээгүй. Хамт олон маань намайг сайн мэднэ. Тэгэхээр эмч нарын цалинг яаж өсгөх вэ, эрүүл мэндийн салбарыг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг асуулт урган гарна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж буй хувийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарын одоо эзэлж буй гурван хувийг ядахдаа тав болгох чухал. Тэгвэл зөвхөн эмч бус асрагч, сувилагч, харуулаас авхуулаад бүх албан хаагчийн цалин нэмэгдэнэ. Эрүүл мэндийн даатгалын мөнгө хязгаартай. Эмчийн хөдөлмөр бол ундардаг баялаг.

-Монгол Улсад дельта вирус тархан, нөхцөл байдал улам хүндэрсээр байна. Танай эмнэлгийн ачаалал, нөхцөл байдал ямар байна вэ?

-Коронавирусийн халдвар үнэхээр цар тахал юм байна. Манайх 2021 оны гуравдугаар сарын 16-нд НЭМГ-ын харьяа байгууллагуудаас коронавирусийн анхны эмнэлгийг ажиллуулсан. Хэдийгээр ердийн тусламж үйлчилгээний манай эмнэлгийг коронавирусийнх болгон тохижуулсан ч ХӨСҮТ-ийг байгуулахын дайтай ажил өрнөлөө.

Бид гурван блокныхоо нэгийг нь суллан, 180 ортой коронавирусийн эмнэлэг нээсэн. Өнөөдрийн байдлаар манай эмнэлэгт 255 хүн эмчлүүлж байна. Иргэд амьсгалын дутагдалд их орж, уушигны хатгаа болох нь нэмэгдсээр. Одоогоор 3800 орчим хүн эдгэрч, эмнэлгээс гараад байгаа. Орны хүрэлцээ муу. Долдугаар сард болсон том давлагааг үнэхээр мачийж байж давлаа. Наймдугаар сард иргэд хөдөө орон нутаг руу их явсан, аялсан тул халдвар аваад эмчлүүлэх хүний тоо цөөн байлаа.

Эмч, эмнэлгийн ажилчид үнэхээр борви бохисхийх чөлөөгүй ажиллаж байна. Коронавирусийн халдварыг эмчлэхийн зэрэгцээ иргэдэд дархлаажуулалтаас авхуулаад үндсэн тусламж, үйлчилгээг үзүүлсээр байгаа. Коронавирусийн халдварыг эмчлэхэд Засгийн газар, ЭМЯ-ны бодлого, чиглэлээс гадна иргэдийн хандлага, халдвар авсан даруйдаа хүндрүүлэлгүй эмчлүүлэх, халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримтлах чухал.

Өнөөдөр бүх эмнэлэгт ачаалал өндөр байгаа. Манайх л гэхэд 180 ортой мөртлөө 255 хүн эмчилж байна. Боломжтой талбай бүхэнд ор дэлгэсэн. Ор дэлгэх зай, талбай манайд үлдээгүй. Бүх нөөц, боломжоо тултал нь ашиглаж байна. Дотор зургаан эмч ажилладаг, 255 өвчтөнд үнэхээр хүрэлцэхгүй, ачаалалтай байгаа.

Иргэд халдварын эмчилгээг аль болох эрт эхлүүлэх тусмаа үр дүнтэй. “Архи битгий уу, тамхи битгий тат” гэж монголчууддаа захья. Амьдрал хүнд, хэцүү байна гээд архи ууж ер болохгүй. Зарим иргэн архи ууж яваад халдвар хаана, хэзээ авснаа мэдэхгүй, эцэст нь тулгаад эмнэлэгт хэвтэж байна. Амь нас, эрүүл мэндээ тэгж эрсдэлд битгий оруулаарай.

Коронавирус хоёр дахиа туссан, архаг хууч өвчинтэй хүмүүсийн бие үнэхээр хүндэрч байна. Ялангуяа чихрийн шижинтэй хүмүүсийнх. Учир нь цусанд буй глюкоз нян, вирус үржих таатай нөхцлийг бүрдүүлдэг.

Засгийн газар, ЭМЯ-ны бодлого, чиглэл их зөв замаар яваа. Үүнтэй битгий тэмцэлдэж, тэрсэлдээрэй. Зүгээр л дага, биелүүл.

-“Засгийн газар, ЭМЯ-нд тодорхой төлөвлөгөө, бодлого алга. Монголд халдвар тархаагүй байхад баахан сүржигнэж, хөл хорио тогтоосон. Одоо халдвар алдсан үед үргжлүүлэн хөл хориод иргэд, аж ахуйн нэгжүүдийг улам сөхрүүлж байна” гэж шүүмжлэх хүн олон. Үүнтэй та  санал нийлэх үү?

-Хүмүүсийн ийм хандлагыг харчихаад мэргэжлийн хүний хувьд тайлбарлая гэж бодож байлаа. Монголд халдвар тархаагүй байхад хөл хорио тогтоож, урьдчилсан сэргийлсэн нь хамгийн зөв гарц байсан. Үүний үр дүнд жилийн хугацаанд халдвар алдаагүй, өнөөдөр нөхцөл байдал ийм байна. Аж ахуйн нэгжүүд, иргэд өнөөдөр хүнд нөхцөлд байгаа, монголчуудын амьдрал өдрөөс өдөрт туйлдсаар байгаа нь үнэн. Аливаа зүйл хоёр талтай шүү дээ.

Онцлоод хэлэхэд одоо халдвараас сэргийлэх, боломжийн хэмжээнд дарахад хамгийн чухал хүчин зүйлсийн нэг нь гурав дахь тунгаа идэвхитэй хийлгэх.

“Вакцин хийлгэх зөв үү, буруу юу” гэж бодож, алгуурлах цаг одоо биш. Цар тахлаас яаж амь нас, эрүүл мэндээ хамгаалах вэ, урьдчилан сэргийлэх чухал вэ гэдэг л чухал. Вакцинд битгий эргэлз. Засгийн газар бүх төрлийн вакциныг оруулж ирэн, сонгоод хийлгэх боломж иргэдэд олгосон нь том боломж. Гурав дахь тунгаа хийлгэсэн иргэд халдвар авах нь тун ховор байна.

-Иргэд гурав дахь тунгаа хийлгэхдээ ямар вакцин тариулбал зүгээр вэ. Өмнө нь тариулсныгаа давтаж хийлгэвэл үр дүнтэй юү?

-Өөрийг, сольбож хийлгэвэл зүгээр. “Синофарм” вакцин хийлгэсэн иргэд гурав дахь тундаа “АстраЗенека”, “Спутник” юм уу “Пфайзер” тариулбал илүү үр дүнтэй гэсэн судалгаа бий.

-Та түрүүн долдугаар сард халдварын томоохон давлагаа болсон гэсэн. Одоо хичээл сургууль орсон, саяхан олон хүн цугларсан арга хэмжээ боллоо. Үүнээс болж дараагийн давалгаа үүсэх эрсдэл бий болсон уу?

-Гуравдугаар тунгаа идэвхитэй хийлгэн, энэ давалгааг давчихвал коронавирусийн халдварыг амжилттай хумьчих байх. Цаашид коронавирус устахгүй, салхин цэцэг шиг нутагших эрсдэлтэй гэсэн судалгааг гадаадын эрдэмтэд хийсэн.

Өнөө цагт аль болох цөөхөн хүн халдвар авах, хохирол бага амсах чухал. Одоо олныг хамарсан арга хэмжээг аль болох цөөхөн хийх хэрэгтэй. Тодотгоод хэлэхэд, “Цахим үндэстэн” болохоор зорьж буйг би 100 хувь дэмжиж байгаа.

-Өнөө цагт нөхцөл байдал хүндэрсний улмаас коронавирус хөнгөн туссан иргэд гэрээр эмчлүүлж байгаа. Гэрээр өөрийгөө эмчлэх хамгийн зөв арга юу вэ. Та зөвлөгөө өгнө үү?

-Коронавирусийн хөнгөн хувь нь 80 байсан бол дельта вирусийнх 60. Хөнгөн туссан иргэд гэрээр эмчилж болно. Иргэддээ би дараах зөвлөгөөг өгье

-Түргэвчилсэн оношлуураар хариу нь эерэг гарвал заавал PCR шинжилгээ өгөх шаардлагагүй.

-Ердийн хатгаа, томуу туслаа гэхэд хүн хэзээ ч үнэр, амтаа алддаггүй. Тиймээс дээрх шинж тэмдэг илэрвэл коронавирус тусчихлаа гэж итгэ.

-Халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримтлан, гэрийнхээ нэг өрөөнд өөрийгөө тусгаарла.

 -Нойл орох, бусад эд зүйлсэд хүрэхдээ ч бээлий өмс

-Дархлаагаа сайтар сэргээ. Коронавирус анх гарахад ДЭМБ “Халуун, бүлээн ус уугаарай” гэж зөвлөсөн. Халуун ус хүний цусны эргэлтийг сайжруулдаг. Мөн цусыг шингэлдэг.

Эм бол химийн бодис. Химийн бодис ууж бус байгалийн элементээр цусаа шингэлэх боломж бий. Нэг аяга ус хүний эмгэг халууныг нэг градусаар бууруулдаг. Тэгэхээр коронавирусийн энэ цаг үед ус уух хэрэгтэй. Хүйтний ам наашилсан тул одоо усныхаа градусыг жаахан нэмэх хэрэгтэй. Өглөө өлөн элгэн дээрээ 640 мл ус уу. Биеийнхээ жингийн нэг кг тутамд 40 мл гэж тооцоод өдөр ус ууна. Ингэж уувал цусаа шингэн байлгана, дархлаагаа сэргээнэ.

-Коронавирусийн эсрэг олон эм бий. Тэдгээрээс арай дөнгүүр нь “Арбидол”. Тус эмийг нэг аяга усаар даруулж ууна. Тэгэхдээ биеийн жиндээ тааруулж уугаарай. Насанд хүрсэн хүн 600-800, хүүхэд 100 мл-аар өдөрт 3-4 удаа уух стандарт бий.

-“Аспирин 81” юм уу “Аспирин 100”-г уу.

-Витамин С уу.

-“Витамин C уухаар ходоод өвдөөд байна. Яах вэ” гэж хүмүүс их асуудаг. С-гээр баялаг бүтээгдэхүүн хэрэглэ. “Витамин C”-г заавал 1000 мл-аар нэг доор уух шаардлагагүй.

-“Витамин Д” уу. 250-4000 мл хүртэл бий. Монголчуудын 80-90 хувь нь “Витамин Д”-ийн дутагдалтай. Долоо хоногт 4000 мл-аар уухад зүгээр.

-Түрүүлгээ харж хэвт. Ингэж хэвтсэнээр цусны эргэлт сайжирдаг. Сээр нуруутан, хөхтөн амьтдаас хүн л ганцаараа дээшээ харж хэвтдэг. Тиймээс уушгины цусны эргэлтийг сайжруулах маш чухал.

-Ууланд алхаж, фитнесст явж болохгүй.

-Цэвэр агаарт гар, тэгш газар алх. Уушгиндаа ачаалал битгий өг.

-Халдвар аваад эдгэрсэн иргэд гам хэрхэн барих, хэрхвэл коронавирус дахин тусахаас урьдчилан сэргийлэх вэ?

-Коронавирус тусаад эдгэрсэн тул дахиад халдвар авахгүй гэж бодож огт болохгүй. Усаа зөв уу. Ус сайн гээд их хэмжээгээр залгилж уувал уушиг, бөөрөнд ачаалал өгнө. Уушгиндаа битгий ачаалал өг. Ууланд алхаж, фитнесст явж болохгүй. Нэрс ид. Өглөө юм уу өдөр гурван халбага нэрс идчихэд уушиг сайн цэвэрлэгддэг. “Норов 7”, “Мана 4” ууж болно. Мөн хүйтэн хоол идэж болохгүй. Шөлтэй хоол, шөл голдуу хэрэглэх нь тустай.

-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Их ажлынхаа хажуугаар цаг, зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.

-Баярлалаа. Төр засаг, иргэд маань эрүүл мэндийн салбарынхныг дэмжээрэй. Засгийн газар эмч, ажилчдын цалинг нэмэхэд маш сайн дэмжээрэй гэж хүсье.

Үүний сацуу би ярилцлагаараа дамжуулан нэг зүйлийг уриалъя. Эмч, ажилчид маань боломжийнхоо хэрээр иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийхийг уриалж байна. Коронавирусийн эсрэг эмчилгээг маш сайн бэлдэж, зөвлөөд өгөөрэй. Сумын, хорооны эмч нарт бүгдийг даатгаад, нуруун дээр нь үүрүүлж болохгүй. Эмч нар ачаалалтай, хүнд нөхцөлд ажиллаж байгаа нь үнэн. Нөгөө талаар бид бүхэн одоо л бүхнээ дайчлан ажиллах цаг.

Уханий нэг эмч 56 хоног ажиллаад өөд болсон. Улсаас нь “Сайн эмч” гэж онцлоод, талархал илэрхийлсэн байна лээ. Эмч нарыгаа тэгж ажилла гэж байгаа юм биш. Боломж л олдвол коронавирусийн халдварыг дарах, нэг ч гэсэн иргэний амийг аврахын төлөө бүхнээ дайчилъя.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-22 09:32

Эмнэлэг болгон үдэж угтах үйлчилгээ хийдэг гэдгийг мэдсээн. Сайхан санагдсан.

Шүрээ
Шүрээ
2021-09-22 09:34

Яасан мундаг юм бэ?Гарын хоол чинь юү,юунаас илүү шим

Дар
Дар
2021-09-22 09:37

1 л сонгуулийн пиар шиг санагдаад байх юм.Үгүй бол Үнэн л байгаасай

Zochin
Zochin
2021-09-22 09:52

Muu hun idsenee sain hun yvsanaa gedeg baih aa. Ulaan bus geheer hool iduulehgui ulsguj baidag meteer oilguulj irgedees hahuuli avahiig surtalchilaad baigaa ym uu. Zud bolohod nohoi targa##a. Zovlon bolohohod lam targa##a gedeg shig Ubchin tahal delgervel emch nar targa##a gedgiig ilchilj baina daa. Emnelgiin ajilchid ter tusmaa Ulaan bused ajillaj baigaa bol hangalttai l mungu halaasalj baigaa shuu dee. Harin ur dund ni 1000 garan hunii ami nasiig hunuuluu.

Эмч
Эмч
2021-09-22 10:09

Эмч болгон маань ийм сэтгэлээр хүн арддаа ханддаг болчихвол эрүүл мэндийн с�##�бар сэв гээд босоод ирнэ дээ. Баярл�##�аа ❤❤❤

Зочин
Зочин
2021-09-22 11:19

Чимэгээ эмчдээ хамгийн сайн сайхныг хүсье. Энэ цаг үед эмчээс гадна ийм сэтгэл илүү чух�##� болоод байгаа юм даа.

МОНГОЛ ХҮН
МОНГОЛ ХҮН
2021-09-22 11:20

Чимэгээ эмчдээ хамгийн сайн сайхныг хүсье. Энэ цаг үед эмчээс гадна ийм сэтгэл илүү чух�##� болоод байгаа юм даа.

Нэргүй
Нэргүй
2021-09-22 12:46

Та нарын буруугаас болж ко тоы хүнийг ко гү хүн дээр оруулж өвчин х�##�даасан бна.хэлэх газар нь хэлнэ

Уншигч
Уншигч
2021-09-22 12:52

Танд амжилт хүсье, улам олон хүн эмчилээрэй

Зочин
Зочин
2021-09-22 13:57

iim mundag setgeltei hvmvvs olon boloosoi ????????

Холбоотой мэдээ

Back to top button