ДЭЛХИЙ

Брунейн чулуугаар цохиж хөнөөдөг ялын эргэн тойронд

Бруней улс өнгөрсөн сард хоорондоо бэлгийн харьцаанд орсон ижил хүйстэн эрчүүдийг чулуугаар цохиж хөнөөдөг цаазын ялыг хуульчлан мөрдүүлэхээр зарласан. Энэ нь дэлхий дахинд томоохон дуулиан дагуулж, 21-р зууны иргэний нийгэмд үйлчилж буй хамгийн эртний бүдүүлэг шинжтэй, хүнлэг бус хуулиудын тоонд дээгүүр жагсах болсон юм.

Харин бямба гарагт тус улсын захирагч Султан Хассанал Болкиа энэхүү хуулийн хэрэгжих хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж буйгаа зарлаж, зүйл заалтанд нэмэлт өөрчлөлт оруулна гэх тайлбар хийлээ. Дэлхийн нэр нөлөө бүхий уран бүтээлч, хүний эрхийн тэмцэгч нарын зогсолтгүй идэвхитэй эсэргүүцэл, бойкотт түүнийг харгис цаазын хуулиа эргэж харахад хүргэсэн байж болзошгүй.

Тодруулбал, Холливудын жүжигчин Жорж Клуни, ток шоуны хөтлөгч Эллен деЖенерис нар Брунейн олон улсад хувь эзэмшдэг люкс зочид буудлуудыг бойкотт хийж, үйлчлүүлэхгүй байхыг дэлхий нийтэд уриалж байсан юм.

Султан Хассанал өнгөрсөн сард Шариа буюу Исламын шашны хуулийн үзэл санааг шинээр тайлбарлаж, олон нийтэд нээлттэй яриа хийжээ. Тэрбээр, уг хуулийн зүйл заалтыг буруугаар ойлгосон, дэвэргэсэн маш их асуудлууд гарч байгаа хэмээн ярьсан аж. Энэ явдал удирдагч нь хуулийнхаа зүйл заалтын тухай дэлгэрэнгүй тайлбар хийсэн тус улсын түүхэндэх анхны тохиолдол болов. Бруней улс энгийн болон Исламын шашны хуулийг хослуулан мөрддөг.

Ижил хүйстний харилцаа энэ оронд угаас хууль бусад тооцогддог байсан бөгөөд мөнхүү хууль батлагдахын өмнө ижил хүйстнүүд 10 хүртэлх жил шоронд хоригдох ял сонсдог байжээ. Брунейд 420 мянган Муслимчууд амьдардаг, энэ нь тус орны хүн амын гуравны хоёрыг бүрдүүлнэ.

-ИСЛАМЫН ХУУЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД-

Тус улс Исламын шашны хуулийг 2014 оноос анхлан мөрдөхөөр болсон байдаг. Хуулийн хэрэгжилтийн эхэн үед гэмт хэрэгтнүүд зөвхөн шоронд хоригдох, торгууль төлөх ялтай байсан. Харин энэ оны дөрөвдүгээр сарын 3-нд уг хууль хэрэгжилтийн хоёрдугаар шатандаа шилжиж, өөрчлөлтүүд оруулсны дотор гэмт этгээдийн гар хурууг тастах, чулуугаар цохиж хөнөөх зэрэг багтсан юм. Ингэж хуулийн хүлээх хариуцлага шийтгэлийг аажим хүндрүүлэн нэмж байгааг судлаачид хэлж байгаа билээ. Тэрхүү нэмэлт өөрчлөлтүүдээс дурьдвал:

-Садар самуун явдал, хүчингийн хэрэг, бэлгийн гаж үйлдэл, дээрэм тонуул, гэгээнтэн Мухаммедийг доромжлох зэрэг гэмт хэргийг үйлдсэн этгээд ялын дээд хэмжээ буюу цаазын ял сонсоно.

-Лесби бэлгийн харилцаанд орсон хүмүүсийг гэмт хэрэгтэнд тооцож 40 удаа төмөр саваагаар ороолгож, 10 жил шоронд хорино.

-Хулгай хийсэн хэрэгтний нэг гарыг тастана.

Ийнхүү Бруней улсад нэвтэрсэн Исламын хууль таван жилийн дотор зүйл заалтаа аажим өөрчлөн хүндрүүлж, харгис шийтгэлүүдийг хүлээлгэх болсон нь дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлыг ихээхэн татаж байна.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button