
АНУ-ын Ерөнхийлөг Жо Байден, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нар уур амьсгалын хямралыг даван туулах, дэлхийн хүн амны эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, ардчилал, хүний эрхийг дэмжих асуудлаар ярилцсан байна.
Хоёр орны тэргүүн өчигдөр мягмар гараг /2021.09.21/-т АНУ-ын нийслэл Вашингтон хотноо уулзаж ярилцлаа. Тэд Афганистан болон Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн нөхцөл байдлын талаар бас ярилцсан байна. Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлэв.
“Ерөнхийлөгч Байден, Ерөнхий сайд Жонсон нар уур амьсгалын хямралыг шийдвэрлэх арга хэмжээний талаар зөвшилцөлд хүрэх, Дэлхийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, ардчилал, хүний эрхийг дэмжих, бүх улс орны хувьд илүү хүртээмжтэй эдийн засгийн ирээдүйг хангах зэрэг Дэлхий нийтийн өмнө тулгамдсан гол сорилтуудын талаар хамтын ажиллагаагаа дүгнэсэн” гэж баримт бичигт дурьджээ.
Удирдагчид Афганистаны шинээр байгуулагдсан Засгийн газрын одоогийн үйл ажиллагаанаас гадна Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн хөгжил зэрэгт Европын холбоотон улс, ялангуяа НАТО, Европын Холбооны зүгээс оруулах үүргийн талаар ярилцжээ.
Австрали, Их Британи, АНУ есдүгээр сарын 16-нд Энэтхэг-Номхон далайн бүс рүү чиглэсэн аюулгүй байдал, шинэ түншлэлийн талаар зарласан юм. Хэлэлцээрийн хүрээнд Австрали, ялангуяа Америк, Британийн технологийг ашиглан хамгийн багадаа найман цөмийн шумбагч онгоц зохион бүтээхээр төлөвлөсөн гэдгээ ч зарлав. Энэ төслийн хүрээнд эхний ээлжийн цөмийн шумбагч онгоцыг 2036 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа аж. Мөн, зэвсэгт хүчнээ Америкийн далавчит пуужингаар дахин тоноглохоор тохиролцжээ.
(Эх сурвалж: Tass)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.