Нийгмийн

Б.Баяртүшиг: Хүүгийнхээ эмчилгээний зардлыг олохын төлөө хүний хөл үнсэхэд ч бэлэн байна

Одоогоос нэг жил, найман сарын өмнө нэгэн аав эмнэлгийн коридорт “Тэнгэрээс хүнд өгч болох хамгийн сор бэлгийг гурав дахь удаагаа хүртлээ” хэмээн баярын нулимсаа мэлмэрүүлж байжээ. Тэр эхнэртэйгээ арван жилийн сурагч байхаасаа л хослон гүйсээр 17 дахь жилдээ ханилсан аж.

Түүнийг уншигч та бараг л мэднэ байх аа. Буйдангаас унаж, тархи нь 70 хувь үхэжсэн Б.Мөнхбаяр хүүгийн аав юм. Цахим орчинд давлагаа үүсгэж, үрийнхээ төлөө өдөр шөнөгүй хандив хүсэж буй энгийн нэг банкир мэргэжилтэй залуу.


-ЭХНЭР БИД ХОЁР СЭТГЭЛЭЭ ЧАНГАЛААД, ХҮҮГИЙНХЭЭ ТӨЛӨӨ БҮХНИЙГ ХИЙЕ ГЭЖ АМЛАСАН-

Тэр “Аав болно гэдэг тэнгэрээс, бурхнаас, хаанаас ч бай хүнд ирж болох дааж давшгүй том бэлэг. Би хүүхдэд их хайртай л даа. Найзууд маань хүүхдээ жаахан зандрахад л тэднийг загнаж, болохгүй гээд учирлачихдаг. Нялх амьтдыг айлгачих вий гэж өмгөөлнө. Найзуудынхаа хүүхдүүдтэй бас өөрийн гурван үртэйгээ цаг гаргаж тоглох их дуртай. Гэвч одоохондоо боломжгүй байгаа. Учир нь миний бага хүү өдөр хоног, өвдөлт бүртэйгээ тэмцэж эмнэлгийн орон дээр хэвтэж байна. Эхнэр бид хоёр хүүгийнхээ төлөө бүхнийг хийнэ гэж бие биендээ амласан. Эхэндээ ч бид уйлалдаад л байдаг байсан. Харин сүүлдээ сэтгэлээ чангалж, уйлахгүйг хичээж байгаа” гэж ярина.


Хүний тархины үхжилт гэдэг цаг минутаар хэмжигдэн, амийг нь тасалдаг айхавтар гэмтэл. Яг энэ гэмтлийг тархиныхаа 70 хувьд авсан Б.Мөнхбаяр хүү өдөр өдрөөр бие нь сайжирч байгаа нь ус уух хувьтайг, хүнд үеэ даваад гарчихна гэдгээ илтгээд л байх шиг.


-ХҮҮ МААНЬ БАРАГ Л АМЬСГАЛ ХУРААГААД ЭМНЭЛЭГТ ОЧСОН...-

Мөнхбаяр хүү эмнэлэгт очихдоо бараг л амьсгал хураачхаад очсон тухай Баяртүшиг ярив. Харин тэдэнд алтан гарт эмч нар амжиж эмчилгээ хийсний ачаар сэргэж байгаа хэмээн ярьсан юм.

Хүүгийн аав “Оновчтой оношлон яаралтай тусламж үзүүлсэн БЗД-ийн Нэгдсэн эмнэлгийн эмч болон хагалгаа хийсэн ГССҮТ-ийн хагалгааны тасгийн н.Пүрэвдорж, н.Гантогтох, н.Эрдэнэ, н.Энхтүвшин эмч нарт талархаад баршгүй. Хүү минь бараг амьсгал хураадгийн наана очиход амь оруулаад өдий болголоо. ЭХЭМҮТ-ийн Сэхээн амьдруулах болон Тархи мэдрэлийн тасгийн гурван эмчтэй нийтээд нийт найман эмч хүүд минь амь бэлэглээд байна. Тэд бол бурхны элч” хэмээн баярлан ярив.


Б.Баяртүшигийн хэлснээр, хүүгийнх нь залгих рефлекс сайжирч, өдөрт хоёр хоол идэж, түүнийгээ гадагшлуулдаг болсон байна. Бас толгойгоо хоёр тийш бага зэрэг хөдөлгөж байгаа. Эмч нар тархины 70 хувийн үхжилтэй хүн ингэх бараг боломжгүй. Гайхамшиг л болоод байна гэцгээж байгаа аж. Тиймээс бидний горьдлого тасрахгүй хандив цуглуулж гадагшаа яаралтай эмчлүүлэхийг зорьж байна гэж тэр өгүүллээ.


ЭМЧИЛГЭЭНИЙ НИЙТ ЗАРДАЛ 900 САЯ ТӨГРӨГ, ОДООГООР 100 САЯ НЬ БҮРДСЭН

Цаашлаад, “Эмчилгээний нийт зардал 900 сая төгрөг гэсэн. Одоогийн байдлаар 100 сая нь босчихсон. Бид ирэх долоо хоногийн сүүлээр гадаадын оронд эмчлүүлэхээр цаг алдалгүй л явахыг хичээж байгаа.

Өдий наслахдаа би хүнтэй муудаж, хүнд буруу санаж үзээгүй. Түнийхээ шагналаар олон сайхан хүнээр хүрээлүүлсэн юм байна. Хүүг маань эмчлүүлэхээр миний найзууд болон ойр дотнын хүмүүс нэгдээд хандив өрнүүлж байгаа. Бараг 100 гаруй залуус групп чат нээгээд хүүд минь тусалж байна. Тэд бүгдээрээ чиний хүү гэхгүйгээр “Хүүгээ босгоно оо” гээд л яг өөрийн хүү шигээ ханддаг. Бид бүгдийн хүү болчихсон.


Бид ирэх долоо хоногийн сүүлээр эмчилгээндээ явах төлөвлөгөөтэй байгаа. Манай хандив цуглуулж байгаа хэд санаа зоволтгүй дээ, цаг алдалгүй эмчилгээгээ эхлүүлж бай. Бид машин тэргүүдээ зараад ч болов үлдсэн зардлаа гүйцээнэ, ардах асуудалдаа битгий зов гэсэн” тухай ярихаас гадна хүүгийнхээ эмчилгээний зардлыг бүрдүүлэхийн төлөө өөрийн машинаа 500 хүний дунд сугалаа явуулах болсноо хэлэв.

Тэрбээр би хүүгийнхээ эмчилгээний зардлыг олохын төлөө бүхнийг хийнэ хэмээн ярихдаа “Хүүгийнхээ төлөө эхнэртээ бас өөртөө амласан амлалтдаа хүрч бүхнийг хийх болно. Хэн нэгэн ирээд мөнгө өгье, хөл үнс гэсэн ч хүүгийнхээ төлөө үнсэхэд бэлэн байна” хэмээнэ.


-ХҮҮГЭЭ ГЭМТСЭНЭЭС ХОЙШ 74 ДЭХ ӨДРӨӨ ЭМНЭЛГИЙН ГАДАА МАШИНТАЙГАА ХОНОГЛОЖ БАЙНА-

Тэр хүүгээ бэртсэнээс хойш өнөөдөртэй /өчигдөр/ нийлээд 74 дэх өдрөө машиндаа хонож байна. Дундуур нь нэг удаа хоёр хүүхэдтэйгээ очиж хоногложээ. Тэр "Аавыгаа их санасан байна лээ. Зүүгдээд л. Шөнө хоёр талд гараад унтсан. Унтахынхаа өмнө дүү маань хэзээ ирэх юм бэ, санаад байна гэж хэлсэн. Ах, эгч нар нь тав болон найман настай жаахнаараа. Олон өдөр ээж, аавтайгаа унтсангүй. Эмээ, авга хоёр нь халамжилж байгаа л даа. Дүүгээ асуухаар нь гадаад улсад авч яваад эрүүл болгоод аваад ирнэ гэхээр баярлаад байгаа. Дүү нь бяртай, биендээ баймгүй хүчтэй бас том гартай болохоор бөх болгоно гэж ярьдаг юм” гэж хуучлав.


-ХҮҮХДҮҮДЭЭ АГААРТ Л ГАРГАЖ БАЙГААРАЙ-

Бидний цөөн хором ярилцлагын төгсгөлд Б.Баяртүшиг "Залуу аав, ээжүүд туршлага дутдаг байж мэднэ. Гэхдээ цаг үе нь ч хэцүү байна. Тиймээс хүүхдийн бэртэл гэмтэл агаар дутагдлаас л их болдог юм байна гэдгийг маш сайн ойлголоо. Агаар дутагдал хүүхдийн ясыг сийрэгжүүлж, судасны ханыг нарийсгадаг юм билээ. Ингэснээр хүүхэд бүх л төрлийн өвчлөл бэртэл гэмтэлд маш ойр болчихдог. Хэдий цар тахлын халдвартай цаг үе хүнд, хэцүү байгаа ч хүүхдүүдээ өдөрт 30 минут, нэг цаг ч болов агаарт тоглуулж байгаарай. Бас гэртээ байгаа тохиолдолд зүгээр нэг бүдрээд уначихлаа, ойччихлоо гэх биш маш их анхаарал хандуулаасай гэж бусад аав, ээжүүддээ энэ ташрамд хэлмээр байна.


Монголын ард түмэн минь үнэхээр сайхан сэтгэлтэй тусч түмэн юм. Олны танил эрхмүүд бидэнд иргэдийг уриалж, хандив өргөж, их тусалж байна. Хаана л хүн тусална гэсэн тэр газарт нь гүйж очоод, эхнэр хүүхдэдээ хэрэгтэй зүйлийг нь бэлдээд орой эмнэлгийнхээ гадна очиж байгаа. Та бүхэн сайхан сэтгэл гаргаж манай гэр бүлийн аз жаргал болсон бяцхан хүүд минь амьдрал бэлэглэж хандивын аянд нэгдээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна” гэж тэмдэглэсэн юм.


  • ХАНДИВЫН ДАНС:
  • Хаан банк: 5005616268 Б.Баяртүшиг /аав/
  • Худалдаа хөгжлийн банк: 450027194 Б.Баяртүшиг /аав/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Mundag
Mundag
2021-09-23 09:12

yamar mundag aav be

Өр өвдөгч
Өр өвдөгч
2021-09-23 10:00

Анх сонсоод нулимс гарсан шүү..

Az jargal
Az jargal
2021-09-23 11:36

Udahgui buh yum saihan bolnoo.Itgeltei huchtei baigaarai.

Хандив
Хандив
2021-09-23 11:37

Бага ч хандив өгөв 11 сургуулийн сурагч

Холбоотой мэдээ

Back to top button