УЛС ТӨР

ХӨШИГНИЙ АРД: Хөгжлийн банкийг зориуд ЧАДАМЖГҮЙ болгох тактик “хэрэгжчихэв” үү

-СҮҮЛИЙН ГУРВАН ЖИЛД ТАВАН ЗАХИРАЛ СОЛЬСОН БАЙГУУЛЛАГА-

Сүүлийн гурван жилээр авч үзэхэд, Хөгжлийн банкийг Б.Батбаяр, Г.Амартүвшин, Ч.Энхбат, Н.Мөнхсүх, Н.Мандуул гэсэн нийт ТАВАН Гүйцэтгэх захирал ээлжлэн удирджээ. Тусдаа Хөгжлийн банкны тухай хуулиар зохицуулагдаж, ЗГХЭГ-аас Сангийн яамны мэдэл рүү шилжсэн эл байгууллагаас улс төрчдийн нөлөөлөл огт салсангүй.

Тухайлахад, Б.Батбаярын үед М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарын хүмүүс зонхилж байсан бол Г.Амартүвшин очсоноор Хас банкны гаралтай хүмүүс үүрлэж, дараа нь Н.Мөнхсүх захирал нь Сангийн яамнаас Ч.Хүрэлбаатарын хүрээллийг нүүлгэж ирсэн түүхтэй. Харин эдүгээ Сангийн сайд Б.Жавхлангийн нөлөөллөөр түүний ойр тойрныхон нэлээд очжээ.

Эдүгээ эл байгууллагыг зөвхөн экспорт, импортыг орлох хэмжээний том төслүүдийг санхүүжүүлдэг хөрөнгө оруулалтын хэлбэрээр хөгжүүлж, экзим банк болгохоор бэлтгэлийг нь хангаж байна. Үүнтэй зэрэгцэн Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөхгүй яваа байгууллагуудын асуудал анхаарал татаж буй.

Тэгвэл яг хөшигний ард сайдаас сайд дамжин шидэгдэж буй Хөгжлийн банкан дээр сүүлийн жилүүдэд ямар процессууд өрнөв. Энэ нь юу руу хөтлөв. Ирээдүйд ямар эрсдэл учирч болох вэ агуулгын хүрээнд доорх нюансуудыг бэлтгэв.

Нэг. ЗЭЭЛЭЭ ТӨЛДӨГГҮЙ ЗЭЭЛДЭГЧДИЙН АСУУДАЛ ЮУ ӨГҮҮЛЭВ

Хөгжлийн банкнаас Ц.Гарамжав, М.Билэгт, Ажнай Б.Бат-Эрдэнэ, “сахал” Д.Эрдэнэбилэг, Н.Номтойбаяр, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, Капиталын Б.Ундармаа, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Г.Амартүвшин нарын хамтрал гэхчлэн улс төрд өндөр нөлөө бүхий эрхмүүд өөрсдийн хэрэгжүүлж буй томоохон төслүүдэд зээл авсан нь нууц биш. Мөнхүү бизнесийн хүрээний томоохон төслүүд ч үлэмж их хувийг эзэлдэг.

Эдгээрээс МАК, Монполимет зэрэг тодорхой хэмжээнд үр өгөөжөө өгсөн төслүүд бий. Нөгөө талд бүр төлөлтөө хийдэггүй, хар жагсаалтад орсон зээлдэгчид ч байна. Авсан мөнгөө угаачихсан шинжтэй нь ч үлэмж их. Ерөөс бизнесийн салбарынханд Хөгжлийн банкнаас зээл авах нь асар хүнд тул эдний ТУЗ-ийн гишүүд, захирлууд баахан үнэд орсон “түхгэр” улсууд болсон нь ч үнэн билээ. Мэдээж энэ хэрээр далд авлига цэцэглэсэн.

Хөгжлийн банкнаас 2016 оноос өмнө авсан зээлээ төлдөггүй ТОСК тэргүүтэй найдваргүй зээлдэгчидтэйгээ шүүхдэж, сүүлийн жилүүдэд ер нь хатуухан аргаар үзэлцэж буй. Хэт хатуудсан нь ч бий. Засгийн газраас зээлийн үндсэн төлөлт, хүүгийн төлөлтийг хойшлуулах шийдвэр гаргасан ч харьяа банк нь үүнийг барьсангүй. Ингэснээр зээлээ төлдөггүй, шийдчихсэн ААН-үүдийн жагсаалт улам зузаарч, тэр хэрээр банкны нөхцөл байдал ихээхэн хүндэрчээ.

Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк зээлдэгчдээ сошиал, олон нийттэй хамтарч “агнадаг”, зах зээл дээрх нэр хүндийг нь унагадаг. Цаашлаад гадаад орчинд ч түлж иддэг шинэ дадалтай болсон. Нөгөө талд “Хөгжлийн банкнаас зээл гаргасан л бол төлөхгүй” гэдэг нэг товьёог зээлдэгчид дунд нэвт явсан нь ихээхэн зарчимгүй агуулга билээ.

Хоёр. БАНКИЙГ ЗОРИУД ЧАДАМЖГҮЙ БОЛГОХ, БАРЬЦААЛБАРУУДЫГ ҮНЭГҮЙДҮҮЛЭХ ТАКТИК ХЭРЭГЖИВ ҮҮ

Яг логик хөөгөөд харахаар, Хөгжлийн банк сүүлийн жилүүдэд хөмөрсөн тогооны доторх шиг битүү газар болсон. Ялангуяа Ч.Хүрэлбаатар сайдын үед томилогдсон Н.Мөнхсүх захирлын үед. Өөрийнхөө зургийг хэвлэлд гаргахыг хүртэл хорьдог байсан эл эмэгтэй Хөгжлийн банкны арилжааны банкууд дээрх чөлөөт үлдэгдлийг Төв банк руу татсан.

Банкууд дээр эргэлдүүлж олдог байсан ахуйн зардлын мөнгийг нь хүртэл ингэж тас цохьчихсон нь ихээхэн хачирхалтай. Мөнхүү энэ хугацаанд зээл гаргалт асар их багасаж, Хөгжлийн банк өмнөх зээлдэгчдээ чангалж суудаг газар болсон гэгддэг. Дэлхий дахинд ковидын нөлөөгөөр мөнгөний эргэлт саарч, зээлийн төлөлтүүд бөөн асуудалд орсон эргүүлгээс мэдээж Хөгжлийн банкны зээлдэгчид зугтах аргагүй байв.

Эдүгээ зээл нь эрсдэлд орсон байгууллагууд 1-3 жилийн дараа ямар байдалд орох вэ. Барьцаагаа хураалгах. Тэгвэл яг энэ үед ямар хүмүүс мөнгөтэй байгаа вэ. У.Хүрэлсүх, Х.Баттулга гэхчлэн төрийн томчуудыг дагаж байсан цөөн хэдэн хүмүүс төрийн айлгах тактикаар дамжуулж ихээхэн мөнгөжсөн. Өөрөөр хэлбэр угаах, өөрчлөх шаардлагаай мөнгүүд өнөөдөр гудсан доогуур нэлээд бий гэсэн үг. Эл мөнгө Хөгжлийн банк тэргүүтэй газруудаас зээл авсан, хөрөнгөө барьцаалж алдах эрсдэлтэй хүмүүс дээр хүчээр очих уу гэсэн асуумж, хардлага байна.

Яг ийм байдлыг цэнхэр ягаан тасалбар түрүүлж түүсэн шиг сийрэг толгойтнууд урьдчилж хараад, Хөгжлийн банкийг зориуд чадамжгүй байдал руу хөтөлсөн үү. Баялгийн дахин хуваарлилт дээр дотоодын бийлэгчүүл үзэхийн тулд томоохон зээлдэгчдийг аргагүйдүүлсээр байгаа юу. Томоохон ААН-үүд барьцаагаа алдахад хэн хэн хожих вэ зэрэг хачин ээдрээтэй асуудлууд үүссээр байна.

Үүнд Хөгжлийн банкийг зургаан сараас жил гаруй хугацаанд удирдаж тоглодог улстөрчдийн гар хөлүүд ихээхэн өндөр үүрэгтэй оролцов.

Гурав. Б.ЖАВХЛАН САЙД ХӨГЖЛИЙН БАНКИЙГ 10 ЗАХИРАЛ, 15 ХЭЛТЭСТЭЙ БОЛГОЖ ДАНХАЙЛГАЖЭЭ. УЧИР НЬ ЮУ БАЙВ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цагтаа ЗГХЭГ-ын дарга байхдаа гэнэтхэн Хөгжлийн банкийг Ч.Хүрэлбаатар сайдад бэлэглэчихэж байв. Гэтэл эдүгээ ЭКЗИМ болгох чиглэлд нь тухайлан анхаарч, томилгоон дээр Б.Жавхлан сайдтай нэлээд санал нэгтэй байгаа гэх. Ер нь бол, олон улсын жишгээр экзим болгочиход буруудах зүйлгүй. Гэхдээ яагаад ийм чадамжгүй, сул, баахан тоглогдчихсон үед нь экзим болгохоор шийдсэн нь хачирхал төрүүлнэ.

Экзим банк болгох бэлтгэлийн хүрээнд Хөгжлийн банк эдүгээ 10 захиралтай болжээ. Шинээр томилогдсон залуухан захирлууд нь тусдаа өрөөнд суумаар байдаг. Гэтэл 1-5 орчим хүнтэйгээр 15 хэлтэс үүсгэчихсэн учир өрөө тасалгаа нь хүрэлцэхгүйд хүрээд байгаа аж. Түүнчлэн Ч.Хүрэлбаатар сайдын үед татан буугдсан хоёр охин компанийг нь сэргээх ажил ч үндсэндээ жигдэрсэн гэх. Өмнөх сайд нараас арай авууштай нь, Б.Жавхлан банканд ажиллаж байсан туршлагатай хүмүүс ажилд авах "добра” өгчээ.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Манай сайд нар ерөөс сүүлийн хэдэн жилийн туршид ТӨХК-иуд, төрийн хамааралтай банкууд дээрээ хүчтэй нөлөөлөл үүсгэхэд ихээхэн анхаарах болсон. Учир нь, тэнд төсвийн бус асар их мөнгө эргэлддэг. Яамны нөлөөллийг бэхжүүлснээр сайдын атганд томилгоо, томоохон санхүүжүүлэлтүүд нь ороод ирдэг. Ийм жишиг Хөгжлийн банкан дээр давтагдлаа.

Улсын томоохон төслүүдийг санхүүжүүлж, тэднийг хөмрөөд уначихгүй, хүн шиг зарчимтайгаар зээлээ төлөөд явахад нь анхаарч, хянаж байх учиртай байгууллага өөрөө татан буугдах эсвэл шинэчлэхээс аргагүйд хүртлээ урууджээ. Энэ бол улстөрчдийн нөлөө үлэмж их байгаагийн илрэл. Мөнхүү сийрэг толгойтнууд Хөгжлийн банк, тэдний зээлдэгчдээр эвтэйхэн тоглож, ирээдүйн идшээ бэлдээд байгаа гэх логик нэвт үнэртэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 23, 2021 08:33

Зориуд хэвлэлээр зээл төлдөггүй компаниудыг бичүүлээд байгаа нь ирээдүйд дээрэм хийх бэлтгэл шүү

Уншигч
Уншигч
9 сар 23, 2021 08:58

Аймаар юм аа. Энэ том мафиуд чинь ингээд 5, 6 жилээр идэж уухаа төлөвлөдөг юм байна

Зочин
Зочин
9 сар 23, 2021 09:27

Зээлээ төл өөр асууд�##� байхгүйшт. Бид зээлээ төлөөгүй улс төрчид хувааж авах гээд байна гэсэн утгатай л нийтлэл байнашт. ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨ. ЧАДКУ БОЛ БАРЬЦААЛУУЛСАН ХӨРӨНГӨӨ ХУРААЛГА. Өөр асууд�##� байхгүй. ЗЭЭЛДЭГЧЭЭ ЧАНГАЛЖ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛ ГЭЖ ШААРДАХ НЬ ЗӨВ

Томилгоо
Томилгоо
9 сар 23, 2021 10:01

Хүрэлбаатарын тэр хачин эмэгтэй бүр шизо бхйсан. Одоо жавхлан хүмүүсээ томилж дээ

Zochin
Zochin
9 сар 24, 2021 07:34

Zeeliig n' tulyyleech. Khariutslaga tootsooch. Khulgaich gishyydiig n' ergyylenbtataach. Khuuchin tsagt sankhyygiin tailand uchyykhen tudii zuruu garakhad l nyabi n' shuud shoron yavdag bsan shyy.

Зочин
Зочин
9 сар 27, 2021 23:26

yag l uneng bichsen bn!!

Холбоотой мэдээ

Back to top button