Сурвалжилга, Нийтлэл

Мянга, мянган шувууны амийг “Петро чайна дачин тамсаг”-аас ХАМГААЛААЧ, Н.Уртнасан сайд аа

Өндөр хүчдэлийн шонгууд. Зориулалтын материалаар бүрж, хамгаалаагүй. Тийм болохоор дээр нь суусан шувуу тэр дороо хүчдэлд цохиулж, амь тасарна. Үлийн цагаан оготно үржсэн тал нутаг аж. Махчин шувууд ан хийхээр дээгүүр нисэлдэх үедээ заавал мөнөөх шонгуудын нэг дээр сууж таарна. Үхнэ.

Энэ бол “Петро чайна дачин тамсаг” газрын тос олборлох үйлдвэрийн үйл ажиллагаа явуулдаг асар том талбай.  Эрдэмтэд тэндхийн 7 км хүрэхгүй цахилгааны шугам дагуу найман зүйлийн 161 шувуу үрэгдсэн байхыг тоолж, баримтжуулсан байна.


-МЭНЭНГИЙН ТАЛД ЭНДСЭН “УЛЗ”, ЦИНХАЙД ХҮРЧ ӨВӨЛЖСӨН “ЧУХ”-

2019 он. Монголын шувуу хамгаалах төвийн судлаачид судалгааны ажлын хүрээнд идлэг шонхрын хоёр ангаахайд сансрын дамжуулагч зүүжээ. Тэд Дорнод аймгийн Дашбалбар сум, Улз голын эрэг дэх бургасанд мэндэлсэн. Нэгийг нь “Улз, нөгөөг нь “Чух” гэж нэрийдэв. “Улз”, “Чух” хоёр наймдугаар сарын эхээр нүүдэлд гарчээ.

Гэтэл “Улз” сураг тасрав. Байршил заагчийн мэдээгээр, шонхор нэг газраа нэжгээд өдөр хөдөлсөнгүй өнжжээ.

Судлаачид очиж үзвэл, тэр “Петро чайна дачин тамсаг”-ийн олборлолт явуулдаг 19-р талбайд, өндөр хүчдэлд цохиулан эндсэн байв. Ер эргэн тойронд нь ингэж эндсэн цөөнгүй шувуудын сэг зэм харагдаж байх. Эндээс эрдэмтдийн толгойд Мэнэнгийн тал дахь “Махчин шувуудын оршуулгын газар”-т ирчихэв үү дээ гэх бодол эрхгүй төрж, өр нь өмтөрчээ.

"Улз” эндсэн байгаа нь.

Тэд тухайн жил хэмжилт хийж, зураг сэлт аван баримт цуглуулсан байна. Энэ тухайгаа газрын тосны үйлдвэрт ч, төрийн байгууллагуудад ч албан бичгээр хандсан. Шувууд үхсээр. “Петро чайна дачин тамсаг” хөдөлсөнгүй.

Харин “Чух” үржлийн нутгаасаа баруун зүг хөдөлж Хэнтийн уулархаг нутгаар дамжин нисэж, Завхан аймагт хүрээд, тэндээсээ 2,000 гаруй км нисэн Төвөдийн Лхаст очсон гэнэ. Цаашлаад Хятадын Цинхай аймгийн нутагт ирж, таван сар өвөлжжээ. Энэ хүртэл 4500 км замыг туулсан байна. “Чух” энэ жилээс үржилд орж магадгүй.


-7 КМ-Т 161, 300 КМ-Т 6890 ШУВУУ-

“Улз”-ыг “Петро чайна дачин тамсаг”-ийн өндөр хүчдэлийн шонд эндсэн байхыг үзсэн эрдэмтэд ноднин зун тийш жолоо мушгижээ. 2020 оны зургадугаар сард, Вангийн цагаан ууланд судалгаа хийгээд буцахдаа тэд 19-р талбайгаар дайрав.

Гэтэл зам дагуух 339 өндөр хүчдэлийн шонг шалгахад найман зүйлийн 161 шувуу эндсэн байжээ. Тэдний дотор 126 шилийн сар, 24 идлэг шонхор, хоёр начин шонхор, хоёр хээрийн бүргэд зэрэг багтсан байна. Энд бүс нутгийн хэмжээнд төдийгүй дэлхийд ховордож буй зүйлийн (Идлэг шонхор, хээрийн бүргэд) 26 шувуу байсан нь харамсалтай.

Шон хооронд ойролцоогоор 50 метрийн зайтай. Шалгасан шонгууд 6.7 км урт зам  дагуу байрлаж. Энэ бол баримт. Тэд зургийг нь авч, баталгаажуулж аваад тэндээс хөдөлжээ.

Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд байхдаа “Петро чайна дачин тамсаг”-ийн төлөөлөлтэй уулзаж байж. Энэ үйл явдлын тухай хэвлэлийн мэдээг сөхвөл, тус үйлдвэр Чойбалсан хотоос “Тосон уул-19” талбай хүртэл 188 км, Тосон уулаас “Тамсаг-21” талбай хүртэл 93 км өндөр хүчдэлийн шугам татсан гэж бичжээ.

Гэхдээ дээрх нь шувууд хүчдэлд цохиулдаггүй, дамжуулах шугамууд. Харин яг үйлдвэрийн талбайд байрлуулсан хүчдэлийн шонгууд хэдэн км үргэлжилдэг, хэдэн ширхэг байдаг нь ил биш. “Петро чайна дачин тамсаг” энэ мэдээллээ гаргаж өгдөггүйн дээр дэргэд нь очиж тоолохоос өөр аргагүй байгаа юм.


-ҮЛИЙН ЦАГААН ОГОТНО ҮРЖИЖ, МАХЧИН ШУВУУД НУТАГЛАХ НӨХЦӨЛ ҮҮСЖЭЭ

Өөр бас бус зүйл бий. Тухайлбал, энэ нутагт шувуудад зориулсан хиймэл үүр ихээр зассан байдаг аж. Идлэг шонхрын тухайд өөрөө үүр засдаггүй амьтан. Тиймээс эл хиймэл үүр тэдний үржлийг дэмжинэ. Гэвч шувуудын амь насанд халтай дэд бүтэц бүхий нутагт үржлийг дэмжих биш, тоо толгойг нь хязгаарлах бодлого барих учиртайг эрдэмтэд онцолж байна.

Төсөөлөөд үзэхэд, хиймэл үүрэнд төрсөн ангаахай нисэж сурна. Тэдэнд тулах цэг хэрэгтэй. Элчилгүй хээр талд өндөр хүчдэлийн түмэн шон арзайлдана, түүн дээр сууна. Насанд хүрсэн төдийгүй дөнгөж нисэж сурахаар үүрнээсээ өндийсөн ангаахайнууд ч ингэж эндэх боломжтой.

За, дараагийн нэг онцлох зүйл нь үлийн цагаан оготно. Уг нь энэ Хялганат хээрийн бүс нутагт үлийн цагаан оготно тархах учиргүй гэнэ. Амьдрах нөхцөл нь биш, их ургамалтай. Гэвч энд тэндгүй олборлолт явагдаж, том том цооног түчигнэсэн эл нутаг хөрсний доройтолд оржээ.

“Петро чайна дачин тамсаг” 2005 оноос хойш энд газрын тос олборлож байна. Энэ хугацаанд ургамалжилт багасаж, газар талхлагджээ. Хээр тал гэж хэлэхийн аргагүй шороо боссон талбай болж хувирчээ. Иймд үлийн цагаан оготно тэргүүтэй мэрэгчид үржих таатай нөхцөл үүссэн байна.

Харин үлийн цагаан оготно бол махчин шувуудын хоол. Идшээ дагаад энд идлэг шонхор тэргүүтэй шувууд амьдрах болсон. Энэ тал нутаг. Уул, хадгүй. Тиймд тэдний идшээ дээрээс харуулдах ганц “харуулын цамхаг” нь...өндөр хүчдэлийн шонгууд.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Наймдугаар сараас махчин шувуудын намрын нүүдэл эхэлнэ. Энд дахиад олон мянган шувууд эндэнэ. Ямар арга хэмжээ авах вэ. “Петро чайна дачин тамсаг”-аас хохирлын нөхөн төлбөр төлүүлбэл хэдэн тэрбум давна. Идлэг шонхрын экологи-эдийн засгийн үнэлгээ 8 сая төгрөг. Зөвшөөрөлгүйгээр агнасан бол хоёр дахин үржүүлж, 16 саяар торгодог. Тэгвэл эл кэйс дээр хэрхэн хариуцлага тооцох вэ?

Өндөр хүчдэлийн шонд шувууд ихээр үхэж, үрэгддэгийг эрдэмтэд тогтоож, үүнээс хойш шонгуудыг зориулалтын материалаар бүрэх төсөл хэрэгжиж байгаа юм. Гэхдээ мэдээж улсад харьяалагдах шонгуудыг. Уг төсөлд Хэнтий, Дорноговь, Дундговь, Дорнод, Сүхбаатар аймгууд хэдий нь хамрагдаад эхэлжээ.

Харин “Петро чайна дачин тамсаг” хувийн, тэр дундаа БНХАУ-ын шууд хөрөнгө оруулалттай үйлдвэр. Олборлосон тос нь урагшаа гардаг. Хятад эзэдтэй. Тэд хариуцлагын үүднээс өөрсдөө өндөр хүчдэлийн шонгуудаа бүрэх ёстой.

Энэ зун шинээр батлагдсан стандартын дагуу, шинээр хийгдэх өндөр хүчдэлийн шонгууд бүрэгдсэн байх ёстой болоод байгаа юм.

Шувуу хамгаалах төвийн эрдэмтэд БОАЖЯ руу хоёр удаа албан тоот хүргүүлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд уг асуудалд өндөр ач холбогдол өгч ажиллаж байгаа гэх.  Яамнаас “Петро чайна дачин тамсаг”-ийн ирэх жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд шон бүрэх асуудлыг тусгах үүрэг өгсөн ба энэ асуудал хэрхэн хэрэгжихийг харах үлдсэн байна. Тэгэхгүй өнгөрвөл дахиад мянга, мянган шувууд Мэнэнгийн талд эндэх нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-25 12:24

Хөөрхий шонхорууд минь яасан бол ?

Зочин
Зочин
2021-09-25 12:25

Байг�##�ь орчин, эрчим хүчний сайд 2 анхаарлаа хандуулах !

Зочин
Зочин
2021-09-26 14:42

Өндөр хүчдэл явж байгаа газар болгонд ийм байдаг, шувуу үргээгч гээд нэг юм шонгуудад тавидаг, нэг их нэмэргүй.

Xxx
Xxx
2021-09-28 16:15

Uhsen shuvuu zardag bol urysnasan ih bayjih bhaa nugel ten hun yagaad dorvitoi ajillahgui bnaa medleg chadvar bnuu ene hund hamgiin muu baigali orchni said shuu chi

Зочин
Зочин
2021-09-28 22:30

Ямар аймаар хүүхэн бэ

Зочин
Зочин
2021-09-28 22:31

Ямар аймаар хүүхэн бэ. Энэ бүхний ард их ноо байгаадаа

Back to top button