НИЙГЭМ

ХАРИЛЦАН БАЙР СУУРЬ: Иргэдийн мэдэх эрхийг хамгаалсан сэтгүүлчдийн шаардлагыг хүлээж авлаа

Сэтгүүлчид төрийн ордонд хөл хориогүй нэвтэрч, мэдээлэл түгээхийг шаардаж, эсэргүүцлээ илэрхийллээ. Арслантай гинжнээс үнэмлэхүүдээ зүүж, хэвлэн нийтлэх, мэдээлэх эрх чөлөө олгохыг шаардав.

Энэ үеэр сэтгүүлч Ч.Лодойсамбуу, Н.Өнөрцэцэг тэргүүтэй сэтгүүлчид байр сууриа илэрхийлж, Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газарт шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ.


Ч.ЛОДОЙСАМБУУ: БИД ХҮНИЙ МУУ ҮЗЭХ ГЭЖ АЖИЛЛАДАГГҮЙ

Сэтгүүлч Ч.Лодойсамбуу: Бид гишүүдийн байр суурийг сонсох шаардлага байгаа. Бид хүний мууг үзэх гэж ажилладаггүй. Олон нийт сонгосон гишүүд нь хаана юу хийгээд яваад байгааг, юу бодож, төлөвлөж байгааг мэдэхийг хүсэж байгаа. Хэлэх үүрэгтэй. Тиймээс УИХ-ын гишүүд хүний эрх, би ярих шаардлагагүй гэж бодож байгаа бол уучлаарай. Ард түмнийг төлөөлж байж үүргээ сайн бодоорой. Өрөөнөөсөө гарч ирэхээс айдаг, сэтгүүлчид мэдээлэл өгдөггүй байдлаа боль оо” хэмээв.


Н.ӨНӨРЦЭЦЭГ: ТӨРИЙН ОРДОН ШОРОН БОЛСОН

Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг: “Өнөөдөр  парламентын  сэтгүүлчид нэгдээд УИХ-ын Тамгын газар, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газарт шаардлага хүргүүлж байна. Төрийн ордонд ажиллах сэтгүүлчдийн мөрдөх журам гэж байдаг. Тэр журам дахь хэвлэлийн эрх чөлөөг зөрчсөн заалтуудыг эргэж хараач ээ гэж шаардлага хүргүүлж байна. Олон нийт хэвлэлээс их зүйл хүлээж, шаарддаг. Гэвч бид ажлаа хийгээгүйдээ биш, биднийг ажиллах боломжоор хангаж өгөхгүй хоёр жил болж байна. Өөрөөр хэлбэл, биднийг Төрийн ордонд оруулаад хоёр давхарт нь хоттой хонь шиг хашчихдаг. Сэтгүүлч ариун цэврийн өрөө орох гэхээр төрийн хамгаалалтын ажилтан дагаад явж байдаг.

Цаашаа Төрийн ордон руу нэвтрэхдээ уулзах УИХ-ын гишүүнийхээ нэрийг хэлж ороод өөр гишүүнтэй уулзах боломжгүй байдаг. Үндсэндээ төрийн ордон шорон болсон. Иргэдийн мэдэх эрхийг огт хангагдахгүй байгаа. Бид цар тахлын нөхцөл байдлыг ойлгоод чимээгүй олон сар хүлээлээ. Одоо намрын чуулганаар их чухал асуудал яригдана. Тиймээс бид иргэдийн мэдэх эрхийн төлөө Төрийн ордонд чөлөөтэй нэвтэрмээр байна. Төрийн ордны хоёр давхарт таван сэтгүүлч явахаар коронавирус тарна гэх үндэслэлээр биднийг хашиж болохгүй. Өөрсдөө талбай дүүрэн хүн цуглуулж тоглолт хийдэг мөртлөө Төрийн ордонд сэтгүүлчдийн хөлийг хорьж байна. Бид дарга нарын захиалсан дууг дуулдаг утсан хүүхэлдэйнүүд биш. Бид олон нийтийг мэдээллээр хангах үүрэгтэй. Тиймээс эрх баригчдаас хэвлэлийн эрх чөлөөгөө нэхэж байна. Бид Төрийн ордон руу чөлөөтэй нэвтэрч, УИХ-ын гишүүд сайд нараас асуух асуултаа асуумаар байна. Эрх баригчид хоёр жил өөрсдийнхөө дууг л дууллаа”


Т.ОЮУМАА: БИДНИЙ ШААРДЛАГЫГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БОЛ УИХ-ЫН ГИШҮҮД БОЛОН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛИЙН ХУРЛЫГ ШУУД ДАМЖУУЛАХГҮЙ

Товч.мн сайтын сэтгүүлч Т.Оюумаа“Коронавирусээр далимдуулж Төрийн ордон сэтгүүлчдэд хоёр жил хаалттай болсон. Энэ нь олон нийтийн мэдэх эрхийг ноцтой зөрчиж байна. Бидний шаардлагыг хүлээж авахгүй бол УИХ-ын гишүүд болон Засгийн газрын хэвлэлийн хурлыг шууд дамжуулахгүй. Энэ зөвхөн сэтгүүлчдийн асуудал биш. Төрийн ордон сэтгүүлчдэд хаалттай байна гэдэг нь ард түмэнд хаалттай байгаа нэг хэлбэр. Тэгэхээр УИХ, Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах алба алба, Төрийн ордны хамгаалалтын алба энэ асуудлыг анхаарч, Төрийн ордны үйл ажиллагааг хаалттай байлгахаа зогсоогооч ээ”


Ч.ДОРЖБАТ: УИХ-ЫН ГИШҮҮД, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД БИШ, ТӨРИЙН БУСАД БАЙГУУЛЛАГУУД Ч СЭТГҮҮЛЧДЭД ХААЛТТАЙ БОЛСОН

TV5 телевизийн сэтгүүлч Ч.ДоржбатУИХ-ын гишүүн, сайд сэтгүүлчийн нэрийг Төрийн ордны хамгаалалтын албанд нэр өгсөн үед л яриа өгдөг. Энэ байдлыг эсэргүүцэж байна. УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд биш, Төрийн бусад байгууллагууд ч сэтгүүлчдэд хаалттай болсон. Мэдээлэл авах гэхээр “Манай дотоод асуудал, оруулахгүй. Дарга хүнтэй уулзахгүй. Та гадаа үүдэнд дуудаад уулзчих” гэдэг. Энэ байдлыг эсэргүүцэж байна.


Тэгвэл Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас холбогдох дарга нар нь Сүхбаатарын талбайд гарч ирж шаардлагыг хүлээж авлаа.

-АСУУДЛЫГ ОЙЛГОЖ БАЙНА. ЖУРМЫГ ШИНЭЧЛЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ, ЯАРАЛТАЙ ХАРИУ ӨГНӨ-

Энэ үеэр Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Т.Ганзул “Одоо УИХ-ын даргын баталсан түр журмаар зохицуулж байна. Мэдээж бид олон удаагийн уулзалтууд дотооддоо хийж, энэ журмыг хэхрхэн өөрчилж болох талаар ярьсан.

Холбогдох албан тушаалтнуудад нь энэ мэдэгдлийг хүргээд хариуг нь хурдан хүргэнэ. Намрын чуулганаас өмнө шийдвэрлүүлэхийг хичээнэ” гэлээ.

УИХын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга С.Батбаатар хэлэхдээ “Хоёр жилийн хугацаанд сэтгүүлчид хүрээ хязгаартай ажиллаж байсанд миний хувьд сэтгэл зовниж байсан. Тиймээс түр журмаа өөрчлөх бодолтой байна. Хэвлэлийн алба хариуцаж байгаа хүний хувьд сэтгүүлчдээ ажиллах боломжоор хангах юмсан гэсэн бодолтой байна. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын хэвлэлийн албадын дарга нар уулзаж байгаад гарч ирлээ. Холбогдох байгууллагуудад та бүхний шаардлагыг хүргүүлнэ. Маргаашнаас эхлээд хамтарсан ажлын хэсэг байгуулъя. Тиймээс ажил хэрэгч байдлаар богино хугацаанд асуудлаа яриад, журмаа хамтарч гаргах саналтай байна” гэв.

СУРВАЛЖИЛСАН: П.УРНАА, Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Төрийн ордонд сэтгүүлч нэртэй улстөржсөн, рекетчингүүдийг оруулах нь буруу. Дээр нь УИХ-ын чуулган телевизийн тусгай сувагтай байхад сэтгүүлч хэрэггүй. хэвлэлийн бага хур####, ярилцлага гээд олон хэлбэр байна. Сэтгүүлч ухаантай юм бол ордноор хов жив хайгаад явж байхын оронд хот хөдөөгүүр х####уун цэг дээр ажиллах ёстой юм

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button