АМЬДРАЛЫН НОМ | Доржийн Болортуяа: Европын харанхуй, хүйтэн өвөл монгол ахуйтай тууж, өгүүллэг уншмаар санагддаг болчихсон

Ном хэмээх зүйл амьдралынх нь салшгүй хэсэг болсон хүмүүс байдаг. Ийм хүмүүс иргэншсэн нийгмийн чухал эд эс болох номын соёлыг өөрөөсөө эхлүүлдэг гэдгээ тэр бүр анзаардаггүй. Ямар салбарт ажилладаг, ямар хүсэл эрмэлзлэлтэйгээсээ үл хамааран өнгөрсөн үед бүтээсэн оюуны өвийг ямагт хүндэлж, өөртөө нээхийг эрмэлздэгээрээ идэвхтэй уншигч хүмүүс нийгмийн оюун санааны гол хөдөлгүүр, өнгөрсөн болоод ирээдүй цагийн холбогчид байдаг. Чухам ийм холбогчдыг Эгүүр.мн сайт “Амьдралын ном” буландаа урьж байна.
Бид энэ удаа орчуулагч Доржийн Болортуяаг урилаа. Номын соёлтой, идэвхтэй уншигч хүмүүсийг уулзуулж, өнөөдрийн бие хүнийг нь бүтээлцсэн бүтээл туурвилын тухай ярилцах “Амьдралын ном” булан танд долоо хоног бүр өртөөчлөн хүрэх юм.
БИЧЛЭГИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.
-Таны амьдралд хамгийн хүчтэй нөлөөлсөн, “Амьдралын ном”-оо нэрлэ гэвэл ямар номыг нэрлэх вэ?
-Миний амьдралд хамгийн чухал нөлөө үзүүлсэн ном энэ гээд нэрлэхэд жаахан хэцүү байна. Учир нь хар багаас одоог хүртэл нөлөөлж байгаа ном байхгүй. Амьдралын мөчлөг бүрд уншихад өндөр сэтгэгдэл төрүүлж, олон дахин уншиж байсан, ой тойноос гардаггүй юм бол их бий. Бага насандаа уншиж байсан номнуудаас хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн номуудаа нэрлэе.
1970-оны сүүлээр ном харьцангуй бага байсан. Улаанбаатарын айлууд олон номтой байсан байх. Харин сумын төв, аймгийн төвийн айлууд цөөн номтой, хүүхдүүд нь тэдгээрийгээ л “хүлхэж” уншдаг байлаа. Заримдаа хоорондоо дамжуулж уншдаг байлаа. Манайд тэр үед байсан номнуудын нэг бол “Ардын уран зохиолын дээж бичиг” гээд хатуу хавтастай, даавуун гадартай ном байлаа. Энэ номноос “Эрийн сайн хан харангуй” тууль, “Гэсэр”-ийн тууж, Ертөнцийн гурав, оньсого, хууч яриа, домог гээд ардын аман зохиолуудыг уншиж байсан. Яагаад ч юм энэ номыг л унших их дуртай байсан. Дахин, дахин уншдаг байсан. Мөн “Лусын дагина” үлгэрийг уншиж, уйлдаг байсан. Би ер нь их үлгэр уншиж өссөн. Норвеги ардын үлгэр, Камбож ардын үлгэр, Татар ардын үлгэр гээд орон орны үлгэр уншдаг байсан. Үлгэр унших дуртай болохоор мөнгөө цуглуулж байгаад шинэ үлгэрийн ном авч уншдаг хүүхэд байсан. Ер нь бол монгол ардын үлгэр болон үндэстэн үндэстний үлгэрүүд, ардын аман зохиолууд 1-5 дугаар анги хүртэл их нөлөөлсөн. Мөн орос зохиолчдын өгүүллэгүүдийг сурах бичигнээсээ олж уншиж, хүмүүжсэн. Ер нь одоо ингээд бодоход орос, монгол зохиолчдын өгүүллэг, туужад их дуртай байсан.
Миний хамгийн дуртай, өнөөг хүртэл сэтгэлд тод үлдсэн тууж бол Д.Намсрайн “Гандирсын хотын Хандармаа минь”. Энэ туужийг би олон удаа уншсан. Мөн С.Эрдэнийн “Холбоо гурван тууж”, Д.Батбаярын “Цахилж яваа гөрөөс”-ийг их уншсан. Түүнээс гадна манай гэрт байсан “Монголын шилдэг тууж”, “Монголын шилдэг өгүүллэг” “Монголын шилдэг жүжиг” эмхэтгэлийг уншиж байсан. Маш сонирхолтой. Надад гүн сэтгэгдэл төрүүлж байсан. Түүнээс хойш 7-8 дугаар ангид ороод уншсан гайхалтай, гүн сэтгэгдэл төрүүлж байсан роман бол Чингиз Айтматовын “Цаазын тавцан”, “Зуун жилээс ч урт өдөр”. Мөн “Анне Франкийн өдрийн тэмдэглэл”-ийг уншаад гүн сэтгэгдэл төрж байсан. Би эдгээр номноос авах юмаа авсан. Яг чухам аль нь хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэнийг хэлэхэд хэцүү байна. Багад уншиж байсан эдгээр номууд надад нөлөөлж, хувь хүн бүрэлдэн тогтоход минь нөлөөлсөн. Харин одоо сэтгэлд ойр, өнөөгийн амьдралыг харах өнцөгийг минь өөрчилж байгаа номуудыг бий. Тэдгээр ном бол дан ганц уран зохиолын ном биш. Жишээлбэл, намайг гайхашруулсан зохиолуудын нэг бол Д.Оюунчимэгийн “Оройн ганц мод” роман. Сарын өмнө уншсан “Амьсгал агаар болохуйд” гээд АНУ-ын эмчийн бичсэн дурсамж ном. Амьдралын тухай, оршихуйн тухай энэхүү номыг 36-хан настай залуу зургаан сарын дотор үхэлтэй өрсөлдөж бичсэн. Энэ номыг хүн болгон тэр тусмаа Анагаахын сургуульд сурч буй оюутнууд, уй гашууг туулж буй хүмүүс уншаад үзээсэй гэж хүсэх байна. Энэ ном бол сүүлийн 10 жил уншсан номуудаас маш гүн сэтгэгдэл төрүүлсэн ном. Мөн Б.Догмидын “Оосор бүчгүй орчлон”, БНХАУ-ын Ха жин зохиолчийн “Хүлээлт” роман, Стефан цвейгийн “Шатрын тууж”, Д.Батбаяр гуайн “Бүтээхүйн зүй тогтол”, “Сайхныг бүтээхүйн нууц”, Ой судлаач Герман хүний бичсэн “Моддын нууцлаг амьдрал”, Итало Кальвиногийн "Үл үзэгдэгч хотууд”, Л.Өлзийтөгсийн “Хотын үлгэрүүд”, Өөрийнхөө орчуулсан Унгарын алдарт зохиолч Агота Кристофын “Том дэвтэр”, “Нотолгоо”, “Гурав дахь худал”, “Бичиг үсэггүй хүн” роман, Маргерит Дюрасын “Амраг” номыг нэрлэх байна.
Би ер нь ном уншчихаад цуглуулж овоолдоггүй. Хүнд өгөх ч юм уу зарах дуртай. Энэ номнуудыг бол хэзээ ч хүнд өгч, зарахгүй. Унших болгонд шинэ мэдрэмж төрүүлдэг.
-Амьдралд тань хүчтэй нөлөөлсөн эдгээр номтой хэзээ, хэрхэн танилцаж байсан бэ?
-Дахин, дахин уншиж, мөлжсөн дээрх номууд маань нэгдүгээрт гэрт маань байсан. Хоёрдугаарт, зургадугаар ангидаа сумын сургуулиас Багануур дүүрэгт шилжиж ирэхэд нагац эгч маань монгол хэл уран зохиолын багш байсан. Мэргэжлийнх нь дагуу тэдний гэр баялаг номын сантай байсан. Тэдгээрээс авч уншиж байгаад сүүлдээ өөрийнхөө мөнгөөр худалдаж авч уншдаг байлаа. Тухайн үед чинь хүүхдүүд нэгэндээ ном нэг их бэлэглэдэгггүй байсан болохоор ангийнхантайгаа номоо сольж уншина. Заримдаа бүр гуйж уншдаг байсан. Ер нь бол мөнгөтэй хүүхэд байсан. Ном авах бол асуудал байгаагүй.
Ер нь сумын төвд байхдаа би мөнгөө сүрхий цуглуулж чаддаг хүүхэд байсан. Гурав, дөрөвдүгээр анги хүртлээ мөнгөө цуглуулахаараа аймар их будгийн харандаа худалдаж авдаг. Жаахан том болоод үлгэрийн ном худалдаж авдаг болсон:
-Эдгээр ном таны оюун санааны амьдралд юу өгсөн бэ?
-Би малын захад бүр хөдөө өсөөгүй. Суурин газар өссөн. Зун л хөдөө эмээ рүүгээ очиж, монгол ахуйтай ойр байдаг байсан. “Монголын шилдэг өгүүллэг” номонд багтсан өгүүллэгт хөдөөний малчин айлын амьдрал гардаг. Тэрч утгаараа уншсан номнуудаараа дамжуулаад монгол ахуй дотно санагддаг болсон. Зун гадаадын уран зохиол уншиж, орчуулж байгаад Европынн харанхуй, хүйтэн өвөл монгол ахуйтай тууж, өгүүллэг уншмаар санагддаг болчихсон байна лээ. Тэгээд дээр үеийн эмхтгэлүүд маань надад байхгүй учир Г.Аюурзана зохиолчийн эмхэтгэсэн “Монголын шилдэг тууж”, “Монголын шилдэг өгүүллэг” хэмээх улаан номуудыг уншиж байна. Мөн Б.Догмид гуайн “Оосор бүчгүй орчлон” өгүүллэгийн номыг уншиж байна. Энэ бол миний хамгийн дуртай, хайртай ном. Дахин дахин нээж унших дуртай ном. Тэрч утгаараа өвөл энэ номоо дэлгээд уншина. Б.Догмид гуай бол миний сэтгэлд ойр хамгийн сайн зохиолч. Мөн өвөл С.Эрдэнийн “Холбоо гурван тууж” болон өгүүллэгүүдийг уншдаг заншилтай болчихоод байна. Эдгээр өгүүллэгүүд хувь хүний бүрэлдэн тогтох, ертөнцийг үзэх үзэлд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх. Өнгөрсөн өвөл настай малчин өвгөний хүүрнэл, амьдрал гарч байгаа өгүүллэг унших хоббитой болчихсон байсан. Яахав эмгэнтэйг уншиж болох ч манай ихэнх зохиолчид маань эрэгтэй байдаг учир хүүрнэгч нь өвгөн байдаг юм билээ.
-Амьдралын номоосоо хүмүүст уншуулчих юмсан гэж боддог хэсгээс эшлээч?
-Зарим номыг нь хүүхэд байхдаа уншиж байсан болохоор эшлэнэ гэхээр хэцүү байна. Өөрийнхөө орчуулсан “Бичиг үсэггүй хүн” номноос сэтгэлд үлдсэн хэсгээс эшлэмээр санагдаж байна. Энэ ном бол намтарчилсан эсээний ном. Би Монголоос хол гадаадад амьдарч байна. Эх хэлнээсээ хол, цөөн тооны хүнтэй харьцаад амьдарч байна. Тэгэхээр эх хэл чухал болж байгаа юм. Энэ номынхоо нээлтэн дээр “Төрлөх хэл ба дайсны хэл” гэсэн гарчигийг л чангаар уншсан. Унших болгонд уйлаад байдаг. Тиймдээ ч энэ хэсгээс эшлэе.
“Хожим би 21 настайдаа хувь заяаны эрхээр Швейцарийн нэгэн тосгонд ирээд таньж мэдэхгүй Франц хэлтэй нүүр туллаа. Энд л тус хэлийг эзэмших насан туршийн ярвигтай бөгөөд дуусашгүй, аян эхэлсэн юм. Би Францаар 30 гаруй жил ярьж, 20 гаруй жил бичиж байгаа ч энэ хэлийг мэдэхгүй хэвээрээ л байна. Алдаагүй ярьж чадахгүй. Бичихдээ ч толь бичигтэй байнга нөхөрлөхгүй л бол хүчин мөхөстөнө. Иймд би Франц хэлийг ч бас дайсны хэл гэж үздэг. Ийн нэрийдэх өөр нэг шалтгаан бол энэ хэл миний эх хэлийг минь хөнөөж буйтай холбоотой”. Гадаад амьдарч байгаа хүмүүс энэ номыг заавал уншаасай гэж хүсэх байна.
Хүн гадаад амьдраад өөр хэл сурахаар эх хэлэндээ мууддаг. Тийм учраас би ном орчуулж байна. Монгол зохиолчдынхоо бүтээлийг Монголоос нааш нь их зардал төлж, тээвэрлэж авчируулдаг. Тэгж л эх хэлээ зүлгэж, сайжруулдаг.
-Энэ булан цааш өртөөчлөн үргэлжлэх юм. Та дараагийн зочныг урина уу. Яагаад урих болсон шалтгаанаа хэлбэл манай уншигчдад илүү сонирхолтой байх?
-Гурван эмэгтэйг урьмаар санагдаж байна. Японд амьдардаг Энэрэлийг урьмаар байна. “Ээнээгийн тэмдэглэл” пэйж хуудас хөтөлдөг. Маш их ном уншдаг. Зөвхөн уран зохиолын ном гэж явцуурахгүйгээр хувь хүний хөгжил, шинжлэх ухаан, уран зохиолын ном уншдаг. Ганц Монголоор биш япон хэлээр уншиж, тэмдэглэл хөтөлдөг. Өөрийн гэсэн фенүүдтэй. Би номын тэмдэглэлүүдийг нь унших дуртай. Тэгэхээр би Энэрлийг энэ буланд урьвал уншигчдад сонирхолтой болов уу гэж бодож байна.
ӨМНӨХ КОНТЕНТ: Батсайханы Сувддулам:

Энд дарж уншаарай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сүүлд орчуулсан Амраг ном уншсан. Та�##�агдсан шүү
3 цув�##�ыг уншсан гоё. Агота кристоф